Т.Нармандах: Охид маань амь нэгтэй байж аливаа зүйлийг хийхдээ харилцан зөвлөлддөг
Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр Н.Энхшүрийн ээж Т.НАРМАНДАХТАЙ ярилцлаа. Өвөрмонголын Хөх хотод докторын зэрэг хамгаалахаар сурдаг түүнтэй сургууль руугаа явахаас нь өмнө уулзсан юм.
-Та Өвөрмонголд ямар мэргэжлээр докторын зэрэг хамгаалж байна вэ?
-Би хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Дунд болон дээд сургуульд мэргэжлээрээ багшилж байгаад сүүлийн хэдэн жил Өвөрмонголын Хөх хотод докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Ирэх жил сургуулиа төгсөнө. Харин манай хоёр охин Бээжингийн их сургуульд сурч байгаа.
-Охид тань багаасаа уран нугаралтаар хичээллэсэн гэсэн. Та зөвлөсөн үү, эсвэл тэд сонирхлоороо сурсан уу?
-Охид маань таван настайгаасаа Банзрагч багшийн уран нугаралтын дугуйланд явж эхэлсэн. Дараа нь Эрдэнэцэцэг, Батаа, Энхцэцэг зэрэг циркийн багш нараараа нугаралт, даавууны номер заалгаж сурсан.
-Таныг ажилтай үед тэдэнд хэн санаа тавьдаг байсан бэ?
-Олон төрлийн дугуйланд эмээ, өвөө нь хүргэж өгч, авдаг байсан. Уран нугаралт, бүжиг, уртын дуу, морин хуур, хулсан хуур зэргийг сурч, ардын язгуур урлагаа сурталчлах тоглолт, арга хэмжээ, тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцдог байсан. Мөнхшүр, Энхшүр хоёр маань долоодугаар ангидаа тайлан тоглолтоо хийж байлаа. Тэдний сурч боловсроход эмээ, өвөөгийнх нь тус маш их байдаг.
-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Тэд хэнийг дуурайгаад урлагийн авьяастай болсон юм бэ?
-Манайд урлагийн хүн байхгүй. Охид маань аливаа зүйлийг маш амархан сурдаг. Тиймээс сурах хүслийг нь дэмжиж, дуртай дугуйланд нь явуулдаг байсан. Тэд зурах дуртай. Зураг зурахыг ямар ч багшаар заалгаагүй.
-Охидынхоо боловсролд их анхаардаг та суурь мэдлэгийг нь аль сургуульд эзэмшүүлсэн бэ?
-Охид маань анх “Сант” дунд сургуульд гурван жил сураад дараа нь “Хүслийн өргөө” дунд сургуульд сурч 12 дугаар ангиа төгссөн. Математик, англи хэл, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай эдгээр сургуульд сурснаар ачаалал даах чадвартай болж, аливаа зүйлийг цаг тухайд нь хийж сурсан гэж боддог.
-Н.Мөнхшүр, Н.Энхшүр аливаа зүйлийг дандаа хамт хийж байгаа харагддаг. Үнэхээр ижил зүйл сонирхох юм уу. Эгч нь дүүдээ зөвлөдөг юм болов уу?
-Манай хоёрын хүсэл, сонирхол адилхан байдаг. Хоёулаа бүх зүйлийг хамтдаа хийдэг болохоор бие биендээ их дэмтэй, урам зоригтой байдаг. Тэд хийж байгаа зүйлээ харилцан зөвлөж, нэг нэгэндээ тусалдаг амь нэгтэй ихрүүд дээ.
-Охид тань Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар багштай анх хэрхэн танилцсан бэ. Ой тогтоолтын спортоор хичээллэнэ гэхэд нь та хэрхэн хүлээн авч байв?
-2016 онд 12 дугаар ангиа төгсөх жилээ Х.Хатанбаатар багшийн тав хоногийн сургалтад суугаад дараа нь тамирчин бэлтгэх нэг сарын сургалтад ой тогтоолтын Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан багш нь заасан. Охид маань анх ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнхийн оролцсон “Супер тархи” тэмцээнийг телевизээр үзээд энэ спортоор хичээллэхийг хүссэн. Ингэж тэдний ой тогтоолтын спортоор хичээллэх суурь нь тавигдсан юм.
-Сургалтад хамрагдаад нэг их удалгүй анхны тэмцээндээ орсон гэдэг ?
-Тийм ээ. Сургалтад суусны дараа удалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд амжилттай оролцож, нэлээн хэдэн медалийн эзэн болсон. Зургаан сарын дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард Сингапурт болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнхшүр маань өсвөрийн дэлхийн аварга болж, Энхшүр эхний тавд шалгарч байв. Тэр үед охидоороо маш их бахархсан.
-Тэмцээний бэлтгэлээ хийхийн тулд Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр гэртээ орчноо бүрдүүлдэг байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Ой тогтоолтын спорт тамирчнаас анхаарлаа маш сайн төвлөрүүлэхийг шаарддаг. Ой тогтоолтын төрлүүдээс олон багц хөзөр цээжлэх нь хамгийн хэцүү төрөл. Учир нь, нэг цаг цээжлээд хоёр цаг санаж бичдэг. Тэднийг бэлтгэл хийж байхад гэрт дуу чимээ гаргаж болохгүй, анхаарлыг нь сарниулж болохгүй учраас бид аль болох чимээгүй байхыг хичээдэг.
-Та охидынхоо тэмцээнд оролцох зардлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Ер нь тэмцээний зардал мөнгөө өөрсдөө л гаргадаг. Өнгөрсөн оны дэлхийн аваргын тэмцээнд оролцоход Х.Хатанбаатар багштай Монголын оюун ухааны академийн хамт олон дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ зун наймдугаар сард БНСУ-д болсон ой тогтоолтын тэмцээний зардлыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 100 хувь даасан. Эдгээр дэмжиж тусалсан байгууллага, хамт олонд баярлаж байгаагаа дашрамд нь хэлье.
-Оросын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт охид тань оролцсон. Та үзэгчдийн суудлаас үзсэн ч тэднээс дутахааргүй сандарч харагдсан. Тухайн үед охиддоо юу гэж захисан бэ?
-Би одоо хүртэл тэр шоуг бүрэн гүйцэт үзэж чадаагүй л байна. Интернэтэд шоуны 10 минутын бичлэгийг л тавьсан байна лээ. Надад тухайн үед хамгийн хэцүү санагдсан нь 600 цэцгэн дундаас нэгнийх нь байр солигдсоныг олох байлаа. Тэр үед би олдог болов уу, яадаг бол гээд түгшиж суусан.
-Нэвтрүүлэгт оролцохын өмнө 1200 сарнай хэрхэн байрлуулсныг цээжилнэ гэж мэдээгүй байсан байх?
- Москвад очсоны дараа 1200 сарнай цээжилнэ гэдгийг мэдсэн.
-Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёрт “Манай улсын нэр дээр тэмцээнд оролцооч, манайд ирж сураач” гэсэн санал тавьдаг уу?
-Телевизийн шоунд оролцох санал их ирдэг. Хятадын ССТV-гээс гурван ч удаа шоу нэвтрүүлгийн санал тавьсан. Хүүхдүүд маань Бээжингийн их сургуульд сурч байгаа бөгөөд чөлөө авсан ч оноог нь хасдаг учраас шоу нэвтрүүлэгт ороогүй.
-100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннес”-ийн номд бичигдсэн. Тухайн үед та тэдэнтэй хамт явсан уу?
-Хамт байсан. Тэр тэмцээн охидын хувьд маш хүнд шалгуур болсон. Индонезын тэмцээнд гурав хоног орчихоод шууд Шенжений тэмцээнд оролцсон учраас маш их ядарсан. Зургаан өдөр тэмцээнд орж, тасралтгүй юм цээжлэх тийм ч амар байгаагүй.
-Охид нь хол сурдаг болохоор танд санаа зовох асуудал бишгүй л тулгардаг байх. Тэдний хоол унднаас эхлээд зохицуулах зүйл олон байдаг болов уу?
-Тийм шүү. Гэртээ байвал шөлтэй хоол ч болов хийж өгөх юмсан гэж бодогдох үе бий. “Хүний нутагт өвдөхгүй байх нь чухал шүү. Хичээл ном, бэлтгэл, амралтаа зөв зохицуулаарай” гэж захидаг.
-Бээжингийн их сургуульд Н.Мөнхшүр тэтгэлгээр сурдаг. Н.Энхшүр хувийн зардлаар сурч байгаа юу?
-Мөнхшүр маань Хятадын Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Энхшүрийн хувьд, хувийн зардлаар сурч байгаа бөгөөд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болж, батламж гардуулсан.
-Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр ямар гадаад хэл мэдэх вэ. Хэрхэн сурсан бэ?
-Хоёр охин маань хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Хүслийн өргөө” дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн Күнзийн танхимд сурсан. Мөн англи хэлний сургалтад сурч байсан. Олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход англи хэл зайлшгүй хэрэг болдог. Одоо өөрсдөө бие даан англи хэл судалж байгаа.
-Тэдний насны охид гял цял зүйлд дуртай байдаг. Харин Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр их энгийн зүйл сонирхдог юм шиг санагдсан?
-Тийм. Үеийнх нь охид будаг шунханд дуртай байдаг. Харин манай охид нэг их будаж, гоёж гоодоод байдаггүй. Хүнд боловсрол, мэдлэг хамгаас чухал гэдгийг ойлгосон. Мундаг, мэдлэгтэй багш нараараа бахархаж, тэдэн шиг болохыг хүсдэг.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
gaihamshita imundag ohig..ulam ih amjilt gargaarai