Нүдээ олоогүй хишиг
Төрөөс эх орны хишиг болгож иргэн бүрт cap болгон 21 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэснээ дуулгаж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс сарын дундуур мөнгөө авах бололцоотойг зарлав.
Олон улсын байгууллага, эдийн засагч, судлаач, олон нийт бүгд л бэлэн мөнгө тараахын хор уршгийг хоолойгоо сөөтөл хэлсэн боловч төр тас зөрж, шийдвэртээ үнэнч байж чадлаа. Ингэснээр тэд улсын баялаг нийгэмд тэгш хүртээгдэж, иргэн бүр баяжих үүд нээгдэж байгааг онцлон тэмдэглэж байна. Харамсалтай нь хэчнээн их мөнгө тараасан ч нийслэлчүүдээс баяр баясгаланг олж харж чадахгүй байна. Ялангуяа, өвлийн хүйтэн өдрүүдэд нийслэлчүүдийн царайнд нэг л ёозгүй дур төрх тодрох нь улам нэмэгдэж, хөгшин хөвөө ялгалгүй хүн бүрийн амнаас гашуун утааг харааж зүхсэн үгс унах болж. Арга ч үгүй юм.
Эрхэм баян эрүүл мэнд гэсэн ухаант ардын үг бий. Хүн эрүүл л байж чадахгүй бол халаасаа хэчнээн түнтийлгээд аз жаргалыг мэдрэхгүй гэсэн үг. Бүр цаашлаад торнин өсч буй үр хүүхдийнх нь эрүүл мэнд гашуун хар утаанд сүйтгэгдэхийн харах эцэг эх, эмээ өвөө баян байж чадна гэж үү. Мэдээж үгүй. Тэгэхээр төрөөс олгож хувь хишиг нүдээ хэр онож байгааг бодож үзэх хэрэгтэй болжээ.
Болдогсон бол…
Заримдаа ингэж уулга алдмаар санагдах юм. Үнэхээр болдогсон бол төрийг тас намжирдаж бэлнээр цацсан мөнгө цаас болж хувирдагийг сануулаад түүнийг нь хураан авч гашуун утааг сарниулахад зарцуулчих юмсан. Ингэвэл Монголын ирээдүй болсон олон мянган хүүхдэд ямар их буян болох бол. Уг нь ч болдогсон бол хэмээн мөрөөдөөд суух зүйл биш л дээ. Зөвхөн багахан санаачилга, зохион байгуулалт, бас сэтгэл байвал биелэлээ олох зүйл юм. Өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бэлнээр тараавал тэртээ тэргүй цаас болж хувирах эх орны хишгээ хандивлаач, нийслэлээс гашуун утааг үлдэн хөөе гэвэл олон эцэг, эх гар өргөн дэмжих нь дамжиггүй.
Мөн нийслэлийн иргэн хэмээн овоглогдож яваагийн хувьд хотын утааг бууруулахад иргэн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах учиртайг үүнд дурьдах нь зүйтэй. Энэ үед нийслэлийн иргэн гэдгээ ухамсарладаг, бас үр хүүхэд, өөрийн эрүүл мэндээ боддог хүн бүр эх орны хишгийг цааш нь түлхэж чадна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь хишгээ хандивлах юм. Уг санаачилгыг нийслэлийн удирдлагууд уухайн тас шүүрэн авч, хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Жил бүр агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө хүрэлцэхгүйн зовлон тоочиж суудаг тэдний мөрөөдөл үүгээр биелэх юм л даа.
Дулааны тавдугаар эх үүсвэртэй болох уу
Агаарын бохирдлыг бууруулахаар боловсруулсан ч санхүүжилтгүйн улмаас тоосонд дарагдан хэвтэх олон төсөл хөтөлбөр бий. Үүний нэг нь дулааны тавдугаар эх үүсвэр барих асуудал юм. Нийслэлийн станцууд ачааллаа дийлэхээ болилоо хэмээн түгшүүр зарлаж эхлэх үеэс л уг асуудал яригдсан боловч биелэлээ олсон нь үгүй. Олон жил ч өнгөрсөн байна. Санхүүжилт дээр очоод л хамаг юм гацаж орхисоор өдийг хүрэв. Агаарын бохирдлоос салах хэтийн төлөвлөгөө бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Гэтэл дулааны шинэ эх үүсвэргүй бол хэдэн зуун орон сууц босголоо ч түүнийг дулаанаар хангах асуудал нам зогсоно.
Тэгэхээр дулааны шинэ эх үүсвэр барих асуудал агаарын бохирдлыг бууруулах хэтийн төлөвлөгөөнд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй. Ойрын таван жилийн дотор хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдэд дурьдсанаар дулааны тавдугаар эх үүсвэрийг барихад 300 орчим сая ам.доллар шаардлагатай юм байна. Энэ нь хүн бүрт тараах хувь хишгийн тал хувийг эзлэж байна. 1.1 сая хүн амтай нийслэлчүүд энэ жилийн хувь хишгээсээ татгалзахад л будаг нь ханхалсан дулааны тавдугаар эх үүсвэртэй болно доо. Зөвхөн үүгээр ч зогсохгүй цахилгаан станц барих компаниудын үйл ажиллагааг дэмжих, олон хүнийг ажлын байраар хангах зэрэг бололцоо бүрдэнэ. Мөн хотын төвтэй ойр гэр хорооллыг дулааны шугаманд холбох ажлыг эрчимжүүлэх бололцоотой.
Тухайлбал, Гандангийн айлууд 1-2 сая төгрөг гаргаад л гэр гэртээ дулааны шугам татах боломжтой аж. Ингээд бодохоор давхар давхар хөрөнгө оруулалтууд орж ирэх юм. Дуслыг хураавал далай гэдэг. Үүнтэй адил иргэн бүрт тарааж буй мөнгө хувь хүндээ дусал төдий боловч түүнийг нэгтгэн зарцуулбал асар үнэтэй баялаг бүтээж болно.
Г.Батзориг http://niigmiintoli.mn/
URL: