“Давхар дээл”-тэй дараагийн сайд хэн бэ?

527-15052646063ot91hejrd3k2f5f1kh4n73vnq_bУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэг ажлаас чөлөөллөө. Энэ салбарын дараагийн сайдаар хэнийг томилох тухай яриа Ж.Бат-Эрдэнийг өргөдлөө өгөхтэй зэрэгцээд өрнөсөн.

Намрын чуулган эхэлсэн энэ долоо хоногт бүүр ч хүчтэй яригдаж байна. ЗТХ-ийн сайдыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газарт нэр оруулдаг.   У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимдаа бүхэлдээ “давхар дээл”-тэй сайд нараас бүрдсэн.  Энэ удаад сайдаар томилогдох эрхэм ч мөн л “давхар дээл”-тэй байхаар  яригдаж байна.  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  парламентаас дэмжлэг авахын тулд сайд нараа ч УИХ дахь МАН-ын бүлгээс томилох улс  төрийн нөхцөл үүсээд байгаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг 32:33-аараа талцан,  Төрийн ордон дахь албан өрөөндөө сэм хуйвалдан, гүйлдэж байна.

ЗТХ-ын сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дамба-Очир, Ё.Баатарбилэг, Б.Ганболд , Б.Энх-Амгалан  гээд гишүүдийн нэрс яригдаж байна.  Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд УИХ дахь намын бүлгийн 33-ын талаасаа танхимдаа авахыг зорьж байгаа. Учир нь 33-ын бүлгээс гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөж, тус намын парламент дахь фракц хүч тэнцсэн байгаа.

Ямартай ч сүүлийн үед яригдаж  байгаа хувилбараас УИХ дахь 32-ын бүлгээс Ё.Баатарбилэгийн, 33-ын бүлгээс Б.Энх-Амгалан гишүүнийг нэрийг ЗТХ-ийн сайд нэрийг оруулахаар яригдсан байна.  Сайдад нэр дэвшигчээ МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ. МАН-ын Удирдах зөвлөлд намын даргын гэхээсээ хотын фракц  хүч түрдэг.  Тиймээс сайдад нэр дэвшүүлэх асуудал УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохиролцооноос хамаарч, шийдвэрлэгдэх болоод байгаа.

Саяхан нийслэлийн МАН-ын хорооны бага хурал болж, нийслэлийн МАН-ын даргаа сонгосон. Хотын фракц нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад дэвшүүлэн, томилох тохироотой байсан ч заалнаас нэр дэвшсэн УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазарт цөөн хүний саналаар ялагдсан.  Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хороог шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ шинэчлэлд нийслэлийн Засаг даргыг  өөрчлөх асуудал багтаж байгаа. Тиймээс энэ удаад сайдын томилгооны асуудалд хотын фракцын зүгээс Ерөнхий сайдтай нийслэлийн Засаг даргаар С.Батболдыг  үргэлжлүүлэн ажиллуулах тохироог хийх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Дээр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг.  Ерөнхийлөгчийн зүгээс сайдад нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарч УИХ-д өргөн барьдаг дэгтэй. Гэхдээ  Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд сайдад нэр дэвшүүлэх эрхэм дээр ач холбогдол өгөхөөс гадна зөрүүлээд Засгийн газрын зарим гишүүдэд, тэр дундаа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцох асуудлыг  тавих магадлалтай.

Ийнхүү сайдад нэр дэвшүүлэх томилгоо эрх баригчдыг  дотоодод нь толхилцуулж байна.

Н.Энхлэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих