“Энержи Ресурс” экспортын нүүрсний хамгийн өндөр ханшийг тогтоов
“Энержи Ресурс” компани буюу “Mongolian Mining Corporation” өчигдөр /2018.08.14/ 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.
2018 оны эхний хагаст тус компани нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор БНХАУ-д экспортолсон байна.
Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувийн өсөлт байна.
Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, Шэньхуа группын Өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тухайлбал Ганцмодны боомтоос тонн баяжуулсан нүүрсийг 140.8 ам.доллараар борлуулсан бол эцсийн хэрэглэгчдэд 176.3 ам.долларын үнэ хүргэж борлуулжээ. Одоогоор энэ нь Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр ханш болж байна.
URL: