Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авчээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус алба нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 2013 оноос хойш “Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жил тутам гаргаж ирсэн.
Хэвлэлийн бага хуралд СТБАА-ын дарга Б.Ганбат, Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл, Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Нөөцийн удирдлага зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын захирал Б.Ариунаа, Хадгаламжийн даатгалын корпорацийн Судалгаа эрсдэлийн үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Баасандулам нар оролцож мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
СТБЗ-ийн Ажлын алба нь Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох газруудтай хамтран ажиллаж, тайлан мэдээллийг хүлээн авч, тус тайлангийн эхний 10 дугаарыг боловсруулж, олон нийтийн хүртээл болгосон. Харин энэ удаа Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран “МУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-гийн 11 дэх дугаарыг эрхлэн гаргасан ба үүнээс хойш тус тайланг олон нийтийн хүртээлд хүргэх үүднээс улирал бүр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийж байхаар боллоо.
Тус тайланд хадгаламжийн даатгалын талаарх дэд бүлэг болон СТБЗ-ийн Ажлын албанаас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-ны талаар тусгасан нь өмнөх дугааруудаас онцлог байв.
Тайлан дахь мэдээллээс онцолбол, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эерэг нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээлтээс өндөр гарсныг дурьджээ.
Тодруулбал, 2018 оны 6 дугаар сард ОУВС-ийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг дүгнэж, улмаар 26.2 сая зээлжих тусгай эрх (SDR) буюу 36.9 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 131.0 сая зээлжих тусгай эрх буюу 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авч, энэ хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөцийг өсгөх боломж бүрдэж байна.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой банкны салбарын активын чанарын үнэлгээ (АЧҮ)-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гадаадын хөндлөнгийн аудитын компаниар амжилттай гүйцэтгүүллээ. Цаашид ОУВС-ийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.
Монгол банк
URL: