Дулааны харьцуулал

32282


Бэсүд Лханаагийн Мөнхтөр: /хэлбичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч/

Бээжингийн их сургуулийн профессор Дулаан 2017 онд “Уламжлал ба харьцуулал” утга зохиолын судлалын хоёр боть номоо уншигч олон, судлаачид, оюутнуудын  оюуны алган дээр тавьсан. Энэ хоёр боть ном нь  утга зохиол судлалд өөрийн байр сууриа эзэлсэн, судалгааны хувьд  их төлөв харьцуулан жиших аргад тулгуурласан бүтээл гэдэг нь уншиж эхлэхээс дуусах хүртэл  ил мэдээжийн харагдаж байна. Дулааны энэхүү  бүтээлийн доорд дэвтэрт нийтэлсэн зарим  зохиолын жишээн дээр энэхүү өгүүллийг бичлээ. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээлд хийсэн харьцуулсан судалгааг онцолж байна. Эрдэмтэн Дулаан  Д.Нацагдоржийн зохиолыг  Өвөрмонгол болон Монгол улсад  хэрхэн  хэвлэн нийтэлж, ном бүтээл болгон гаргасныг харьцуулан шинжилжээ. Энэ шинжилгээ нь  зөвхөн харьуулан тоочих биш,  аль нь ямар  онцлогтой,  алдаа гажуудал нь хаанаа байгааг тодруулан нарийвчилжээ. Тухайлбал  түүний зохиолууд  амьд ахуйд нь  түүвэр болон хэвлэгдэж байгаагүй ч 1935 онд  эрүүл мэндийн сэдэв бүхий  хэдэн зохиол нь ардын эрүүлийг хамгаалах яамнаас 10 жилийнхээ ойгоор  түүвэрлэн гаргаснаас өөр  хэвлэгдсэн зүйлгүй байсан. Үүнээс хойш  1945, 1946, 1955, 1961, 1996, 2006 онд гарсан зохиолуудын түүврийг   харьцуулан  ажигласан байх юм.  Энэ ажиглалтын явцдаа тэрээр  Нацагдоржийн зохиолыг уйгаржин болон криллээр  хэвлүүлсэн эхүүдийг тулган үзэж  алдаа эндэгдлийг  засах,   сонгодог монгол хэлний хэв намбыг  хадгалах,  зээллэг үг буюу  герман, орос, хятад зэрэг үгсэд  тайлбар зүүлт хийлгэх  зэрэг хэдэн дүгнэлт гаргажээ. Ялангуяа Өвөрмонголд  1955 онд анх удаа хэвлэгдсэн эхээс олон удаа ямар нэг нэмэлт, засвар хийлгүй дахин дахин хуулж хэвлэснийг шүүмжлэн үзсэн байна. Энэ бол Дулааны Д.Нацагдоржийн  зохиолын эмхтгэлүүдийн тухайд хийсэн харьцуулал ажээ.

Энэ бүлэгтээ Дашдоржийн Нацагдоржийн зарим нэг зохиолыг ул суурьтай задлан  ажигласан юм. Тухайлбал “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе” буюу “Уул усны охин” гэх хоёр өгүүллийг нэг зохиол уу, эсвэл хоёр зохиол уу гэдгийг  харьцуулан судалсан нь үнэхээр сонирхол татсан харьцуулал байлаа. Зохиогч энэхүү хоёр зохиолыг эх бичвэрийн талаас нь,  орон цагийн талаас нь, үйл явдлын талаас нь,  зохиомжийн талаас нь харьцуулсан. Ингэсний сүүлд энэ хоёр   бичвэр бол бие даасан хоёр зохиол гэдгийг нотлохыг зорьжээ. Ингэхдээ  нэг нь  найрууллын, нэг нь  уран сайхны өгүүллэгийн  аястай бас ч нэг нь нөгөөгөөс урган гарсан байх үндэслэл байгааг цухас дурджээ. Өөрөөр хэлбэл Д.Нацагдоржийн амьдралд тохиолдсон уйтгар гуниг түүнээсээ ангижрахын дундах  үйл явдлаас  үүдэлтэйг харуулжээ. “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн  үе” нь эхнэр Пагамдуламаас салах үетэй,  “Уул усны охин”  нь Нина болон “Уул усны охин”-ы хамааралтай сэдэв сонгосныг  эх бичвэрээс нь ажиглан харьцуулжээ.
Судлаач Дулаан Дашдоржийн Нацагдоржийн бас нэг зохиолыг  харьцуулжээ. Энэ зохиол бол  “Цагаан сар ба хар нулимс”.   Энэхүү өгүүлэг нь монгол хүн бүрийн уншсан  сонгодог  өгүүллэгийн нэг юм. Монголчууд одоо ч энэ зохиолын уран сайхан дүрслэлийг нэгэндээ  хэлж, тохуу тоглоом хийх, мөн ч харьцуулан жиших нь түгээмэл.  Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг зүйрлэл нь  хүн бүхний аманд шүлэг шиг цээжлэгдсэн “афоризм” болжээ. Тэгвэл Дулаан энэ зохиолын  сэдэвт илүү анхаарч, Дашдоржийн Нацагдоржтой нэгэн үед амьдарч байсан алдарт зохиолч С.Буянэмэхийн  ижил сэдэвт зохиолтой  сэдэв дүрслэлийн талаар нь харьцуулжээ. Энэ харьцуулал үнэхээр  шинэ өнцөг шинэ судлагдхуун болж чаджээ. Нэг талаас  шинэ нийгмийн тогтолцоо, уламжлалт монгол заншил хоёрын зөрөө, хэрхэн уламжлах талаар  шүүмжлэлт санаа дэвшүүлсэн ухуулгын чанартай энэ хоёр  зохиол нь  уран сайхны  онцлог чадамж дүрслэлийн хувьд ялгаа зөрөө ихтэй байгааг харьцуулжээ. Нэг нь уран сайхны нөгөө ухуулгын шинж нь давамгайлсан гэдгийг олж харжээ.  Уран сайхны шинж давамгай нь сонгодог зохиол болж, ухуулгын шинжтэй нь цаг үеийн зохиол болсныг харьцуулжээ.

Дулааны харьцуулал

Дулааны харьцуулал

Судлаач Дулааны Д.Нацагдоржийн  зохиолд хийсэн харьцуулсан судалгааны нэг нь “Учиртай гурван толгой”  дуулалт жүжиг юм. Энэ дуулалт жүжгийг Дундад улсын театрын тайзнаа хятадын уламжлалт жүжгийн аясаар  ши жүжиг болгон хэрхэн найруулан тавьсныг  харьцуулжээ. “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг хэрхэн Ши жүжиг болгон найруулсан арга,  хэрхэн хоёр улсын соёлын харилцаа хөгжсөн,  үзэгч, шүүмжлэгч, судлаачдын байр суурийг  тов тодорхой жишээ баримтаар харьцуулсан байна. Хятадын Ши жүжгийн алдарт зохиолч хэрхэн  дуулалт жүжгийг  Ши жүжиг болгон хувиргасан  туршлага аргыг  жишээ баримт дурдатгалд тулгуурлан нотолж  харьцуулжээ. Адил төстэй тал болон ялгаатай талыг оновчтой олж  харсан нь энэхүү Ши жүжиг  дундад улсын театрын тайзнаа  амилахад хүрчээ. Монгол хувцас засал,  түүндээ зохицсон зан уламжлалыг Ши жүжгийн тухайд нэлээд анхаарсан нь дурсамж яриа болон  бусад  зан дадгалуудаар баримтжсан байна.
Энэ  Ши жүжиг үзэгч олны хүртээл болсны дараа   уран бүтээлийн маргаан дэгдсэн, үнэлэлт дүгнэлт өгсөн зэрэг олон  иш баримтыг энэ зохиолдоо  бичсэн нь  “Учиртай гурван толгой”  дуулалт жүжгийн судлалд төдийгүй,  Нацагдорж судлалд   үнэхээр үнэлж баршгүй хувь нэмэр юм.
Дулааны харьцуулал  сэдвийн доор  илтгэж буй энэ бичил өгүүллээ түүний  Нацагдорж судлалд оруулж буй хувь нэмрийг  товойлгоход чиглүүллээ. Тэрээр энэ хэдэн ажиглалтаа  зохиолчийн  нэг өгүүллэгийн  харьцууллаас хоёр зохиолчийн  зохиолын харьцуулал, хоёр улс гүрний зохиол бүтээлийн харьцууллаар   гүнзгийрүүлжээ.
Дулааны харьцуулал нь эх бичвэр, бодит зохиол, дурсамж, иш баримт  зэрэг судалгааны бүхий л төрлийг чадварлаг ашгласан болохоор судалгааны  материал болох үүднээсээ чухал юм. Харьцуулал бол шинжлэх ухааны нотолгооны  бодитой шалгуур болдог онцлогтой. Харьуулах нь  нотлохын үлгэр жишээ буюу.

URL:

Сэтгэгдэл бичих