”Гацалт” үргэлжлэв
УИХ дахь хоёр намын бүлэг өнгөрсөн долоо хоногт тулгамдсан асуудлаа ярилцсан ч эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр тохиролцож чадсангүй. Мажоритари давамгайлсан 48:28 тогтолцоогоор сонгууль явуулахдаа “Намын нэрээр санал авах 28 хүнийг яаж сонгох вэ. Пропорциональ дээр нэр дэвших 48-аасаа хэрхэн шилжүүлэх вэ” гэдэг дээр саналаа хэлсэн ч аль, алинд нь таалагдаагүй юм. Тэд өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн удаа хуралдаж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Үүнээс “Хуулиа шинэчлэн батлахаар хичээж байна” гэсэн дүгнэлт хийж болохоор байсан.
Мөн АН, МАН-ын бүлгийн дарга нар “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт /өнгөрсөн/ батална” гэлцэж байсан билээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Манай намын бүлгийн зүгээс тавьсан босго тавих саналыг АН хүлээж авахаар болсон. Тодруулбал, 48 мандатаасаа 28 руу шилжүүлэхдээ тухайн тойрогтоо хэдэн хувийн санал авснаар нь босго тавина. Иргэдээс “25 хувийн санал авсан хүнийг шууд сонгогдсонд тооцно” гэсэн. АН-ынхан “25 хувийг 30 болгоё” гэлээ” гэж мэдээлсэн. Харин үүний дараа АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “МАН-аас тавьсан саналуудыг хүлээж авахад хэцүү байна” гэсэн нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гацаанд орсныг нотолсон билээ. Ийнхүү “гацалт” өнгөрсөн долоо хоногт ч үргэлжлэв. “УИХ-ын 2012 оны сонгуулийг хуучин хуулиар явуулах сонирхол хоёр намын бүлэгт бий” гэж хэлэх хүн цөөнгүй байв. Хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэхгүй, гишүүдийн идэвх сул байсан зэрэг нь үүнийг баталсан гэж хэлж болно. Гишүүдийн энэхүү үйлдлээс болж чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа ч тасалдсан. Энэ долоо хоногт хуулийг батлах боломжтой хугацаа дуусгавар болно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Япон улсыг зорихоосоо өмнө Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахад бэлэн болгохыг гишүүдэд даалгасан гэнэ билээ. Харин гишүүд даргынхаа даалгаврыг хэр сайн биелүүлэх бол.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
Улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлын нэг нь ардчилсан хувьсгалын 21 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн явдал байлаа. Гэхдээ ойг тэмдэглэх явцад он цагийн хувьд эргэлзээтэй асуудал байгаа нь харагдаж байсан юм. АН-ын удирдлагуудын хувьд “Ардчилал 21 нас хүрлээ” гэлцэж байсан бол тус намын МоАХ фракцийнхан “Ардчилсан хувьсгалын 22 жилийн ой болон хүний эрхийн өдрийг тохиолдуулан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө” гэсэн зар тараах жишээтэй. Ямартай ч тэдэнд Монголын ард түмэнд ардчилсан хувьсгалыг чухам хэзээ эхлүүлсэн юм бэ гэдэгт бодитой хариулт өгөх шаардлага тулгарсан нь харагдаж байна. Дашрамд дурьдахад, АН-ынхан ойн хүрээнд баярын хурал, концерт, “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг зохион байгуулж “Ардчилсан хувьсгал ба Ардчиллын түүх” номын баяр хийсэн юм. Улмаар өнгөрсөн бямба гарагт ойн хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулснаар баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
ХЭН, ХЭЗЭЭ УУЧЛАЛТ ГУЙХ ВЭ
Өнгөрсөн долоо хоногийн хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гадаадад айлчлахаар эх орноосоо мордсон. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд эх орондоо ирээд байна. Харин Ерөнхийлөгчийг эзгүй байх үеэр түүнтэй холбоотой нэгэн зүйл хэлэлцсэн нь “Долоодугаар сарын 1”-ний хэрэгтэй холбоотойгоор ард түмнээсээ уучлалт гуйх тухай байв. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг хэлэлцээд “Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгах нь зөв” гэсэн шийдвэрт хүрсэн юм. Үүний дараа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Гэсэн ч зарим гишүүн “Хуулийн байгууллагынхан хэн буруутай болохыг тогтоогоогүй байхад буруутай этгээдийн өмнөөс төр уучлал гуйх шаардлагагүй. Хууль эрх зүйн үндэслэлгүй” гэж маргасан. Ингээд санал хураахад 39 гишүүнээс 24 нь тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзсан юм. Бүр төсөл боловсруулсан Х.Тэмүүжин гишүүн рүү “Дуртайгаараа чи уучлалт гуйхгүй юу” гэж хэлэх хүн ч гарав. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар нэлээн бухимдаж МАН-ын бүлгийн гишүүдэд хандан “Таван хүний амь нас хохироочихоод уучлалт гуйж чадахгүй байна уу, алуурчидаа” гэсэн юм. Гэхдээ санал хураах үеэр 20 хүрэхгүй гишүүн байсан. Нэг ёсондоо гишүүд заншил ёсоор хүний өмнөөс кноп дарсан гэсэн үг. Тиймээс З.Энхболд гишүүн энэхүү санал хураалтыг хүчингүй болсонд тооцуулж, дахин санал хураах санал гаргана гэнэ билээ. Мөн Х.Тэмүүжин гишүүн энэ долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар мэдээлнэ гэсэн юм. Тиймээс энэ долоо хоногт “Хэн, хэзээ уучлалт гуйх вэ” гэдгийг дахин хэлэлцэх нь.
Т.Урангэрэл
“Улс төрийн тойм” сонин
URL: