ШАЛГАГДАХ БАС НЭГЭН ЭЛЧИН САЙД

Үндэсний аудитын газар АСЕМ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийсэн тайлангаа танилцуулаад байгаа. Энэ хүрээнд АСЕМ-ын зардлаас завшсан 17 албан тушаалтныг хуулийн байгууллагад шалгуулахаар өгч байгаагаа мэдээлсэн юм. Тэдний нэг нь Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн ажээ. Түүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа өөрийн туслах Г.Учралт, ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал байсан Г.Амартүвшин нарын хамт томилолт нэрээр АСЕМ-ын зардлаас завшсан гэж үзжээ. Аудитын тайланд дурдсанаар “АСЕМ”-ын БАА-ны 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт 1,957.5 сая төгрөг зарцуулснаас 507.3 сая төгрөгийг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулжээ. Үүнээс Гадаад харилцааны сайд, ажилтнууд “АСЕМ”-ын үйл ажиллагаатай холбогдолгүй гадаад томилолтын зардалд зарцуулсан 263.9 сая төгрөгийн зарцуулалтыг нотлох баримттай тулган шалгахад дараахь зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Гадаад харилцааны асан Л.Пүрэвсүрэн, сайдын туслах Г.Учралт нар нь 2015 оны есдүгээр сарын 09-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа сайдын зочид буудлын зардлыг нэг хоногт 5,000.0 ам доллар, туслахын зочид буудлын зардлыг нэг хоногт 200-400 ам.доллараар тооцон гарсан бөгөөд гүйцэтгэлээр сайдын зочид буудалд нэг хоногт 1,500.0 ам.доллараар тооцон сайдад 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөгөөр илүү олгосон, туслахын зочид буудлын зардлыг нэг хоногт 240 ам.доллар, харилцаа холбооны зардалд 200 ам.доллар, нийт 600 ам.доллар буюу 1.2 сая төгрөгөөр илүү олгосон, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нарын 2016 оны хоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардлыг Л.Пүрэвсүрэнд 4.0 сая, Г.Амартүвшинд 2.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн олгосон байна.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдэг Үндэсний аудитын газрын мэдээллээр бол ийн бас нэгэн Элчин сайд хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь ээ. Өмнө нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчих сайд С.Баяр, Швед улсад суух Элчин сайд М.Энхсайхан нарыг шалгаж байсан билээ.

                                                                                                                           А.Болдбаатар

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих