Ардчилсан намынхан алаагүй баавгайн арьсыг хуваагаад завгүй
2012 оны сонгуульд өөрсдийгөө ялна гэж зарлаад байсан АН-ынхан дараагийн намын дарга, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг цусгүй тулааныг эхлүүлж, алаагүй баавгайн арьсыг хуваагаад завгүй байцгаана.
Ялангуяа УИХ-ын гишүүн З.Энхболдын санаачилгаар байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын толгойлдог МоАХ-ныхон нэгдээд Алтангадас фракцийн эсрэг баруун солгойгүй дайралт хийж, Н.Алтанхуягийг гарах гарцгүй болгохоор буланд шахах оролдлогыг хийцгээж байна.
УИХ-ын гишүүн З.Энхболдын хувьд өмнөх ҮЗХ-ны хурлаар намын даргын суудлын төлөө өрсөлдөөд өвдөг шороодож байсан. АН дотроо цэвэрхэн нэртэй, тэр ч утгаараа намдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер хэмээгддэг тэрбээр хамтарсан Засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
АН-ын даргынхаа үйл ажиллагаанд тааламжгүй ханддагаа илэрхийлж, ҮЗХ-ны хурлаар нэрээ дэвшүүлсэн ч бас л явсангүй.
Харин өдгөө УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хэвлэлээр өөрийгөө намын дарга гэж хэлэх нь холгүй зарлаж, УИХ-ын гишүүн З.Энхболдын үйлдлийг давтах болов.
Гэтэл нийгэм ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын эл үйлдлийг өөгшүүлж эхэллээ. Ямартаа л өөрийнхөө эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаа коммунистуудын өвөрт орчихсон янхан мэтээр баруун солгойгүй доромжилж эхлэх вэ дээ.
Энэ тухай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өөрийн эзэмшлийн сониндоо “76:5 буюу хамтарсан Засгийн газарт өтлөхөөр шийдсэн Н.Алтанхуяг дарга” хэмээн онцлон шүүмжлүүлсэн байв.
Уг нийтлэлд “Ардчилсан нам эрийн цээнд хүрч, төр барихуйц нам болж чадсан. Хамтарсан Засгийн газарт гурван жил тогтвортой ажиллаж, төрийн бодлого тодорхойлоход оролцож байна. Дараагийн удаа АН дангаараа төр барих ёстой” хэмээн салан тусгаарлалтаа олон нийтэд дэндүү ил тодоор зарлажээ.
Түүгээр ч зогсохгүй АН эрийн цээнд хүрч, ард түмний итгэл даахаар болсон эсэхийг ирэх сонгууль л шүүх ёстой гэж үг дайхаа ч мартсангүй.
Энэ утгаараа АН-ынхан ирэх сонгуульд ямар ч байсан ялна гэдэг бат итгэлтэй байх шиг. Гэхдээ л АН ирэх сонгуульд МАН-тай хамтрахаар болж, бүр дөрвөн жилийн гэрээ байгуулчихсан гэдэг мессэж тараагаад ч хагарсан, цуурснаа эвээр үзэх гэж учир зүйгээ олж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг.
Ийнхүү АН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцэж, 2012 оны сонгуульд ялах нь тодорхой боллоо гэж алаагүй баавгайн арьсыг энд тэндээс нь зулгааж, нийгэмд онцгойрох гэж оролдох боллоо.
Харин АН-ын томчуудын тэмцэлдээн жирийн гишүүдийн хувьд үнэхээр өрөвдөлтэй, арга ядсан харагдах нь ойлгомжтой. Тийм ч болохоор хэд хоногийн өмнө манай сонины ¹ 234 дугаарт АН-ын ҮЗХ-ны гишүүн Т.Бат-Эрдэнэ дотоод хагаралдаанаа харж тэвчилгүй “амбицаа дар” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг удирдлагууддаа дайж билээ. Тэр энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй биз.
Харамсалтай нь “Жингийн цуваа явдгаараа явж, жингэр нохой хуцдагаараа хуцна” гэдэг шиг намын гишүүдийн үзэл бодол, байр суурь алаагүй баавгайн арьсыг зулгаалцаж байгаа нөхдөд түй ч падлий алга бололтой.
Тэгвэл АН-ын гишүүдийг өвөртөлж чадсан МАН иймэрхүү амбицыг дарах тал дээрээ тун чадварлаг. Намын зохион байгуулалтаас эхлээд диктатур чангатайн адилаар иймэрхүү үзэгдэл гарахад тун яаралтай арга хэмжээ аваад нам дарж чаддагаараа АН-аас давуу байж ирсэн. Арга ч үгүй, 90 жилийн түүхтэй нам хойно, энэ зэргийн дотоодын самууныг дарах чадвар байж л таарна. Харин 20 настай АН-ханд толгойлогчоо егүүтгэхээс өөр ойлгомжгүй байдлаас мултрах арга одоохондоо алга бололтой.
URL: