Ч.Даваабаяр: “Болор үзэг” сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг хүндтэй шагналын нэг байх болно
Радио телевизийн салбар тодорхой стандарттай, нэгдсэн бодлоготой байж, боловсон хүчнийг бэлтгэхдээ зөвхөн оюутны ширээний сургалт явуулах бус ажил дээр мэргэшүүлж байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл Монголын сэтгүүлзүйн салбарт өөрчлөлт шинэчлэлт, дэвшил оруулах зорилготой “Монголын Радио Телевизийн Академи” төрийн бус байгууллага байгуулагдсан. Тус академид Монголын радио телевизүүд нэгдээд зогсохгүй хэвлэл мэдээллийн бусад байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлзүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулиуд нэгдсэн. Тус академи төсөлт хөтөлбөрүүд, сургалт семинар зэрэг олон ажлуудынхаа эхлэлийг тавьж, Монголын хэвлэл мэдээллийн нэгдсэн шинэ жилийг “Болор үзэг” нэрийн дор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ингээд тус арга хэмжээний талаар тодруулахаар ажлын хэсгийн дарга, Монголын Радио Телевизийн Академийн Гүйцэтгэх захирал, ETV телевизийн Ерөнхий захирал Ч.Даваабаяртай уулзлаа.
Юуны өмнө цагаа олсон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа та бүхэнд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Баярлалаа. “Монголын Радио Телевизийн Академи”-ийг үүсгэн байгуулагчид, гишүүдийн санаачилгаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэсэн, хүндтэй арга хэмжээг зохион байгуулж, энэ ажлыг шинэ жилтэй уялдуулахаар ажлаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ажлын хэсэг байгуулагдаад, бэлтгэл ажил 70 орчим хувьтай явж байна. Аливаа зүйлийн эхлэлийг тавихад амар биш болохоор бага зэргийн бэрхшээл тохиолдож байгаа ч, эцсийн зорилго нь тодорхой учраас бүх зүйл төлөвлөсний дагуу явагдаж, эцсийн дүнд зорилго маань биелэх нь ойлгомжтой.
Дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн ямар нэгэн холбоо, ТББ байдаг уу?
Анх 1946 онд АНУ-ын Радио телевизийн холбооноос санаачилж байгуулагдсан Радио, телевиз, цахим сэтгүүлзүйн холбоо /Radio Television Digital news Association/ бий. Энэ байгууллага Англи, Япон, Канад, Турк зэрэг 30 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, 501 байгууллагын гишүүнчлэлтэй 65 жилийн түүхтэй дэлхийн хэмжээний том холбоо юм. Радио, телевиз, цахим сэтгүүлзүйн хөгжил нь сэтгүүл зүйн хараат бус байдал, хууль эрх зүйн асуудал, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, эрх үүргийн чиглэлийг тодорхойлох нь энэ байгууллагын хамгийн гол зорилго юм. “Монголын Радио, Телевизийн Академи” энэ байгууллагад элсэж, гэрээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг шинэ он гарсан даруйд хийж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээрээ Монголын сэтгүүлзүйн хөгжилд том түлхэц болно гэж бид найдаж байна.
“Болор үзэг” нэр болон бэлгэдлийн тухай тайлбарлавал?
Энэхүү арга хэмжээний гол утга учир нэрэндээ байгаа гэж хэлж болно. Манай Академийн хамт олон сэтгүүлч хүний гол зэвсэг болсон үзгийг бэлгэдсэн цом хийлгэх нь зүйтэй гэж ярилцаад зураг дизайныг нь гарган, БНХАУ-ын Шанхай хотод хийлгэж байна. Их үзэмжтэй, сайхан цом болж байгаа. “Болор үзэг” гэж нэрлэсний хувьд эрт дээр үеэс болор чулууг цэвэр ариун бодол санаа, эгэл даруу, тогтвортой байдлын бэлгэ тэмдэг гэж бэлгэдэж ирсэн түүхтэй. Яруу найрагч, зохиолчид хүртэл гэгээн ариун бүхнийг болортой зүйрлүүлж байдаг шүү дээ. Нөгөө талаараа шинэ жилийн баяраар бүх зүйл л болор мэт гялалзаж байдаг гээд их олон утга учиртай. Академийн маань цаашдын ирээдүй болор шиг тунгалаг байх эхлэлийг тавьж байгаа гэж бид их бэлгэшээж байгаа. ”Үзгээр хорвоог зурна, Үгээр ухааныг сийлнэ” уриатай “Болор үзэг” сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг хүндтэй шагналын нэг байх болно гэдэгт итгэж байна. Дашрамд дурьдахад “Монголын Радио Телевизийн Академи” ДЭЭД ШАГНАЛ-тай болж байгаа бөгөөд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” буюу 2012 оны 5 дугаар сарын гурванд анхны шагналаа гардуулна.
“Болор үзэг” цомыг мэдээж оны шилдгүүд авах болов уу? Ямар номинациуд байгаа вэ?
Тэгэлгүй яахав. Зүгээр нэг хэвлэл мэдээллийн байгууллагын шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд биш, хэвлэл мэдээллийн байгууллага бүрээс оны шилдгүүдийг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа. Шилдэг телевизийн нэвтрүүлэгч, Тэргүүний Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Шилдэг радио дуу хоолой, Гоц нийтлэл, Онцлох сэтгүүл, Шилдэг сайт, Фото зураг, Шилдэг сэтгүүлч гэх найман номинацийн эздийг тодруулах юм. Мөн энэ үеэр Монголын Радио Телевизийн Академиас хэвлэл мэдээллийн ажилтнууд дунд 10 сая төгрөгийн шагналын сантай “Мэргэжлийн сэтгүүлзүйн төлөө” асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны эзнийг тодруулна. Энэ уралдаан нь Телевизийн шилдэг бүтээл, Радиогийн шилдэг бүтээл, Сэтгүүл зүйн шүүмж судалгаа зэргээр тус бүр гурван байр эзлүүлэх бөгөөд 2011.10.15-наас 2011.12.15-ныг дуустал материал хүлээн авч байна. Монголын сэтгүүлзүйд үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү шагналын санг ивээн тэтгэж буй байгууллагуудад нийт хэвлэл мэдээллийнхнийхээ өмнөөс талархал илэрхийлье.
“Болор үзэг” шагнал нүдээ олсон шагнал болно гэж ойлгож болох нь. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?
Манай академи олон улсын сэтгүүлзүйн холбоод шагналаа хэрхэн олгодгийг багагүй судалж үзсэний эцэст энэ жишгээр шагналаа олгох нь илүү шударга болно гэж үзсэн. Нөгөө талаар сэтгүүлзүйн салбарт тэргүүлж яваа, бусаддаа үлгэр жишээ болсон ажлуудыг эхлүүлж, хэрэгжүүлж буй байгууллага, сэтгүүлчийг олж гаргахын тулд эрэн сурвалжлах ажлыг хамтран зохион байгуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийх болно. “Болор үзэг” шагналыг мэргэжлийн экспертүүд дүгнэж эцэст нь академи баталгаажуулан, тухайн номинациар шагнал авсан байгууллага, сэтгүүлчдийн материалаар цуврал нэвтрүүлэг хийж олны хүртээл болгох юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?
Ерөнхий зохион байгуулагч нь мэдээж “Монголын Радио Телевизийн Академи” байх болно. Хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Радио Телевиз, Хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо ТВ9, C1, ETV, ТВ8, Монголын суваг телевизүүдийн холбоо, Монголын Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Монголын ФМ радионуудын нэгдсэн холбоо, Вэб сайтын холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага байгаа. Оролцогч байгууллагуудын хувьд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцохоо мэдэгдээд байна. ЗЦГ-ын Олон нийттэй харилцах алба хүртэл оролцох саналаа өгсөн болохоор цар хүрээ илүү өргөн болохыг харуулж байгаа болов уу.
“Болор үзэг” арга хэмжээ хэзээ, хаана болох вэ?
“Болор үзэг” наадам маань Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд 12 дугаар сарын 24-ний 18.00 цагт болно. Эцэст нь хэлэхэд энэ ажил маань хэдийгээр баярын үйл ажиллагаа мэт харагдавч, нөгөө талаар Монголын Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэж, хөгжлийг нь шинэ түвшинд хүргэх зорилготой байгуулагдсан “Монголын Радио Телевизийн Академи”-ийн сэтгүүлзүйн хөгжилд оруулах олон чухал ажлын эхлэл болж байгаа юм. Ингээд ирж байгаа шинэ он та бүхэнд баяр жаргал, сайн сайхныг авч ирээсэй гэж ерөөхийн зэрэгцээ ажил, амьдрал тань болор мэт гэрэлтэж явахыг хүсье.
Ярилцсан сэтгүүлч,
редактор: Л. Мөнхжаргал
URL: