Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэн ажиллах нь хэнд, ямар хамаатай вэ?

21195

Нэг. Хяналт, хамгаалалт

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх олж авсан бие хүмүүс түүнийгээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зарим талаар бүр хувийн ашиг сонирхолдоо зориулан ашигласан талаар олон нийт ихээхэн шүүмжилж, тэдгээрийн гэм буруу нь шүүхийн шийдвэр, тогтоолоор баталгаажсан тохиолдол цөөнгүй.
Ганцхан хүний (ялангуяа төрийн эрх мэдэл бүхий этгээдийн) гэм буруугийн улмаас олон нийтийн ашиг сонирхолд, улс оронд ямар их хэмжээний хор уршиг учирч болохыг түүх бидэнд хангалттай харуулсан, харуулсаар байна. Тиймээс л бид хяналтын тогтолцоог хянах гэж байгаа объектээсээ дутахгүйгээр чухалчилдаг.
Ардчилсан улс төрийн дэглэмтэй улсуудад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалуудад хуваан зохистой хувиарлалтыг бий болгохын зэрэгцээ тэдгээрийг ард түмний нийтлэг хүсэл зоригийг шингээж илэрхийлсэн эрх зүйн дээд баримт бичгийн хүрээнд хянах явдлыг онцгойлон чухалчилж ирсэн юм. Монголын эрх зүйн тогтолцоонд уг хяналтыг хэрэгжүүлдэг хамгийн чухал субьектүүдийн нэг нь “Үндсэн хуулийн цэц” мөн болохыг салбарын эрдэмтэн, судлаач нар бүүхэл эрх зүйн ангийн оюутан ч үндэслэлтэйгээр тайлбарлаад өгнө.
Монгол Улсын Үндсэн хуулийн §64.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд ДЭЭД ХЯНАЛТ ТАВИХ, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг ЧАНДЛАН САХИУЛАХ БАТАЛГАА мөн” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг сахин хамгаалдаг төдийгүй, түүгээр дамжуулан Монголын ард түмний хүсэл зориг, нийтлэг ашиг сонирхол, нийгмийн зүй ёсны хөгжлийг хамгаалдаг хамгаалагч юм.

Хоёр. Үндсэн хуулийн цэц гэж чухамдаа юу, эсвэл хэн бэ?

Хэдийгээр, Үндсэн хуулийн цэц тогтолцооны хувьд хоточ, хамгаалагчийн үүрэгтэй байгууллага боловч ойлголтын хувьд хийсвэр зүйл. Цэцийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг, бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг гишүүд нь түүнийг бодитой ойлголт болгодог. Өөрөөр нь хэлбэл гишүүд нь хэн хэн байна, Цэц тийм л байна. Сайн хууль тогтоогч сайн хууль баталдаг, чадваргүй нэг нь саар хууль баталдагтай л адил.
Сайн хоточ хотоо сайн хамгаалдаг, муу бол мэдээж эсэргээрээ. Халдагчийн (1) гараас хоол идчихдэг, (2) үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нохойгоор хотоо мануулсан айл санаа амар сууж байгаад тонуулах нь бий. Тэгснээс нохой огт тэжээлгүй өөрөө сонор сэргэг байвал арай дээр байхыг ч бас үгүйсгэх аргагүй. Тиймээс л хотонд банхар, төрийн тогтолцоонд Цэц байх эсэх нь чухал биш, ямар банхар, ямар гишүүд байх нь л хамгийн гол, чухал асуудал болдог юм.
Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна /Үндсэн хуулийн §64.2/. Цэцийн гишүүнээр томилогдсон этгээд нь аливаа нам, бүлэг, гэр бүл, хувийн ашиг сонирхлыг бүрэн орхиж мэдлэг, оюунаа гагцхүү “Үндсэн хуулийн цэц” гэх институтын зорилгын хүрээнд ашиглах учиртай. Арай хурцаар хэлбэл гишүүнээр ажиллах хугацаандаа томилогдсон этгээдүүд нь 40 нас хүртлээ цуглуулсан мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагаа цэцийн механизмд тархи болгон ашиглуулж, энэ хугацаанд өөрийгөө бие хүн гэдгийг мартах шаардлагатай байдаг юм.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн цэцийг өөр нэг цэц хянах боломжгүй, гишүүдээ цэц өөрөө хянадаг учраас, тэнд томилогдсон гишүүдэд эрх зүйн итгэлийн зарчим хүчтэй үйлчилдэг учраас л “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж Үндсэн хуулийн §65.2-т заасан байдаг.
Гурав. Цэцийн гишүүнээр хэн томилогдох ёстой вэ?
Үндсэн хуулийн §65.2-оос гадна, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн §4.1-т “Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна” хэмээсэн байна.
Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур – Цэцийн хянан шийдвэрлэх хэргийн харъяалал нь агуулгын хувьд ч, шийдвэр гаргаж буй субьектийн хувьд ч хуулиас гадна улс төрийн шалтгаан, ач холбогдол, үр дагавартай байх нь элбэг учраас тэдгээрийг ончтой дэнслэх ур ухаан, туршлагатай байх шаардлага тавигддаг. Хууль, улс төрийн холимог агуулга бүхий хэргийг Үндсэн хууль, эрх зүйн зарчмуудад тулгуурлан шийдвэрлэхэд норматив хэм хэмжээнд нэвтэрхий эрдэмтэй байхын сацуу тэдгээрийн шалтгаан, нөхцөл, үр дагаварыг тооцоолж нийтийн сайн сайхны төлөө (Үндсэн хуулинд нийцүүлэн) шийдвэр гаргах чадвартай байх нь гишүүдэд тавигддаг хамгийн чухал шалгуур болно. Энэ шалгуурыг хангасан эсэхийг тогтоохын тулд гишүүнд нэр дэвшигчдийн дипломыг нь авсан сургууль, албан тушаалын түүх, элдэв шагнал, цолоос илүүтэй хийж бүтээсэн бодит ажлууд, салбарынхаа шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр, эрдмийн түүхийг нь чухалчилбал зохистой байдаг.
“Эрүүгийн ял шийтгэлгүй байх, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх” ч мөн л төлөвшил, мэдлэг, чадвар, туршлага, хариуцлага зэрэгт чиглэсэн шалгуурууд. Дээрх шалгууруудыг хангасан хүмүүс нэг биш бий. Харин Цэцийн гишүүнээр ажиллах этгээд нь босго давсан төдийхнөөр томилогдох бус шаардлага хангасан бусдаасаа шилэгдсэн нэгэн байх учиртай.
Дөрөв. Цэцийн гишүүн хэн байх нь хэнд хамаатай вэ?
Тэгэхээр Цэц гэдэг нь бодит байдал дээр Цэцийн гишүүдийг хэлдэг байх нь /энд бодит байдал дээр гэснийг тодотгоё/. Тэгвэл тэнд хэн байх нь хэнд хамаатай вэ гэдгийг Цэцийн хянан шийдвэрлэх маргааны харъяалал нь шууд, тодорхой хэлээд өгнө.
Үндсэн хуулийн §66.2, §66.3-т зааснаар цэц дараах маргаантай асуудлыг хянан хэлэлцэж дүгнэлт, эцсийн шийдвэрийг гаргана:
  • хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
Эдгээрт, төрийн дээд мэдэл бүхий этгээдүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрүүд, улс орны амьдрал, ирээдүйд томоохон нөлөө үзүүлэхүйц чухал ач холбогдолтой асуудлууд багтаж байна. Уг асуудлуудыг ончтой зөв шийдвэрлэх нь өргөн утгаараа Монгол Улс, Монголын нийгэм, ирээдүйд шууд хамааралтай гэдэг нь ч ойлгомжтой. Харин явцуу утгаараа дээрх асуудлуудтай холбоотой нам, албан тушаалтан, харийнхны утсан хүүхэлдэй, эд баялаг хөөцөлдсөн усан тархи, харласан давчуу дотортой этгээдүүдийн хувийн, бүлгийн өчүүхэн, бэртэгчин ашиг сонирхолтой ч бас шууд хамааралтай гэдгийг харж болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТОХИРОМЖГҮЙ ЭТГЭЭДИЙГ ТОМИЛБОЛ:

  1. Онол, мэдлэгийн түвшин зөрж үл ойлголцол нэмэгдсэнээр мэргэжлийн хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандах нь цөөрнө. Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, шийдвэрүүд нийгэмд олноор үйлчилж эхэлнэ.
  2. Улс орны хэмжээний томоохон шийдвэрүүд Үндсэн хуулийн шударга хяналтын хүрээнээс гарч, буруу, зохисгүй агуулгыг хязгаарлах боломж хомсдоно /Ингэснээр аль нэг улс төрийн хүчин, бүлгийн ашиг сонирхолд зориулагдсан буруу шийдвэрүүд хэрэгжиж, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд хүчингүй болох эрсдэлтэй/;
  3. Үндсэн хуульт ёс зохих ёсоор хамгаалагдаж чадахгүй болсноор Үндсэн хуульд итгэх, түүнийг хүндэтгэх олон нийтийн итгэл буурч яваандаа ард түмний ардчилалд итгэх итгэл мөхөсдөнө, нэг хүний дарангуйллыг муйхраар хүсэмжилнэ;
  4. Төрдөө итгэх ард түмний итгэл буурснаар массын хуйлрал хүчээ авч гадаадын суртал ухуулгад улам амархан автдаг болно, хууль тогтоомжийн хэрэгжилт улам буурна, гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэснэ, хэлбэр улам бурангуй болно.
Өөр ямар муу үр дагаваруудыг дам дамаа үүсгэхийг цааш нь тоочиж болно.
Харин зөв, сайн хүнээ онож томилж чадвал одоо нэгэнт бий болсон олон асуудлыг цэгцлэхэд ихээхэн тустайн сацуу илүү олон эерэг үр дагаварыг бий болгох нь дамжиггүй.
М.ХАТАНЗОРИГ
 /Шихихутуг их сургуулийн багш, 
хуульч, хууль зүйн докторант/

URL:

Сэтгэгдэл бичих