В.Путиныг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн хотод өрнөлөө
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины Нэгдсэн Орос нам Төрийн Думын сонгуульд 50 орчим хувийн санал авч өмнөхийн адил бусад намаас илт давамгай ялалт байгуулсан ч энэ нь тус намын хувьд нэлээд муу үзүүлэлт болов.
“Үнэмлэхүй аварга” Нэгдсэн Орос намын хүч ингэж суларсан нь намын дарга В.Путинд “ах нар” дургүй болсных гэнэ. Оросын хамгийн нөлөөтэй улстөрчид ингэж хандах болсон нь түүний төрийн өндөрлөгт байнгын байх гэсэн хүслээс үүдэлтэй. Нөгөөтэйгүүр улстөрд нэг ноёнтон хэт удаан сандайлах нь сонгогчдыг уйдаадаг гэдэг онолыг баталж байна. Үүнийг сонгуулийн ирц болон жагсаал цуглаанаас харж болно.
Сүүлийн жилүүдэд сонгуулийн ирц тус улсад тогтмол буурчээ. 2007 онд 65 орчим хувийн ирцтэй байсан сонгууль энэ удаа 60 хүрэхгүй болж буув. В.Путины намын олон жилийн ноёрхол зарим сонгогчдод Нэгдсэн Орос нам ялах нь тодорхой эсвэл бусад намд миний санал нөлөөлөхгүй гэх ойлголт төрүүлдэг бололтой.
Өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн сонгуулийн дараа Москва хотын төвд эсэргүүцлийн жагсаал цуглаан болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсний хамгийн гол хөшүүрэг нь В.Путин болон түүний намын ноёрхол дээр сонгууль будлиантай болсон гэх сөрөг хүчний мэдэгдэл юм. Барууны ажиглагчдын тэмдэглэснээр Орост болж буй үймээн самуун “Хуримтлагдсан бухимдал” аж.
Тус улсын ард иргэд улстөрийн тэнцвэргүй байдал, эрх мэдэлтнүүдийн авлига, хээл хахууль болон баян хоосны ялгаа ихэсч байгаад бухимджээ. Нэгдсэн Орос нам даргынхаа хүсэлтээр Ерөнхийлөгчийг хоёроос дээш удаа сонгодог байх нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд оруулж, олонхиороо баталсан, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл Ерөнхий сайдын суудлаа шилжүүлэн өгөхөө амласан В.Путины үйлдэл намыг нь өмнөх сонгуулиас 15 хувь бага санал авахад нөлөөлжээ.
Сонгуулийн саналын хуудасны 96 хувийг тоолсны дараа Нэгдсэн Орос намын санал буурч 49.5 хувь болжээ. Саналын хуудасны 90 орчим хувь тоологдсоны дараа тус нам 50.08 хувийн саналтай байж. Харин саналын сүүлийн хуудсууд ашиггүй тусч 50-аас дээш хувийн санал авах гэсэн Нэгдсэн Орос намын хүслийг үгүй хийчихэв. Саналын хуудас бүрэн тоологдсоны дараа 450 суудалтай Думаас 225-аас дээш суудал авна гэдэгт Нэгдсэн Орос намын дарга найдаж байгаа аж. Хэрвээ 50 хувь давахгүй бол Думд гишүүдээ оруулах эрх авсан өөр гурван намын аль нэгтэй эвсэх нь тодорхой болжээ.
315 суудалтай Нэгдсэн Орос намын 77 суудал нэгэнт тодорхой болсон бөгөөд Думын гуравны хоёрын тэргүүллээ. Сүүлийн арав гаруй жилд анх удаа алдаж байгаа энэ аж. Үүнийг тус улсын сөрөг хүчний тэргүүн Борис Немцов Путины “бал сар” дуусч байгаагийн илрэл хэмээжээ. Москва хот дахь олон нийтийн эсэргүүцэл газар авах хандлагатайгаас гадна Санкт-Петербург зэрэг гол гол зарим хотод жагсаал болжээ. Үүний улмаас аюулгүй байдлыг чангаруулан зарим гудамж талбайг цагдаа нар тээврийн хэрэгслээр хааж, 300 гаруй хүнийг хорьж саатуулсан байна.
Нэгдсэн Орос намын хүч ингэж сулрах зуур бусад намуудын байр суурь бэхэжжээ. Энэ удаагийн сонгуульд нийт долоон нам өрсөлдсөнөөс “үнэмлэхүй аварга”-аас бусад бараг бүх нам сүүлийн 10 жилд үзүүлээгүй хувийн амжилтаа ахиулсан. Тухайлбал өмнөх сонгуулиар 57 суудал авсан Коммунист нам 92, 38 суудал авсан Шударга Орос нам 64, 40 суудал авсан Либерал Ардчилсан нам 56 суудал болгосон байна. Харин Яблоко нам 3.3, Оросын эх орончид нам 0.97, Зөв үйл хэрэг нам 0.59 хувийн санал авсан ч таван хувийн санал авч Думд мандаттай болох босгыг давж чадсангүй.
Өмнөх сонгуулиар ч эл гурван нам тааруу амжилт үзүүлж байсан. Энэ удаагийн сонгуулиар Коммунист, Шударга Орос, Либерал Ардчилсан нам өмнөхтэй адил Нэгдсэн Орос намын хамт Думаас суудал авсан нь тус улсад сонгууль харьцангуй тогтвортой болдгийн илрэл. Энэ нь Нэгдсэн Орос намыг огцом уналтаас сэргийлсэн.
Эл сонгуулийн өмнөхөн ТББ-уудын олон судалгаа тус намын рейтинг нэлээд унасныг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн зарим тойрогт зориуд будлиан байж болзошгүй юм. Сонгуулийн үеэр санал авах байруудаас зарим ажиглагч болон сэтгүүлчийг хөөн гаргасан энэ удаагийн Оросын сонгуулийг Германы “Deutsche Welle” агентлаг сүүлийн арав гаруй жилд Орост болсон хамгийн бохир сонгууль гэдгийг нуугаагүй.
Э.Төгс
URL: