“Бэлтгэл” операци
Эрт урьд цагт хотын дарга М.Энхболд Ерөнхий сайд Н.Энхбаяртай “чухал асуудлаар уулзмаар байна” гэсээр уулзжээ. Уулзалтын гол сэдэв нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” баталсантай холбогдуулж, “Нийслэл таймс” сониныг хувьчлахтай холбоотой байв. Урьдчилж хийсэн бэлтгэлээ танилцуулж, зарчмын “добро” авахаар бараалхсан аж.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд” улсын болон орон нутгийн төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор Улаанбаатар хотын захиргааны харъяанд байсан “Улаанбаатар” телевиз, “Улаанбаатар” радио, “Улаанбаатар таймс” сониныг тус тус хувьчлах хууль эрх зүйн орчин бүрджээ.
Бэлтгэлийг хангахын тулд “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээс яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг халж (Ү.Хүрэлбаатар ба дурлал-өмчийн “гурвалжин” гээд яривал хүмүүс салахааргүй олон ангит кино болно), оронд нь яруу найрагч Ж.Саруулбуянг томилсон байв. “Түгээмэл” төвийн хуучин байшингийн хоёр өрөөнд багтдаг байсан, нэг их нэрд гараагүй, Улаанбаатар хотын удирдлагыг магтаж, хотоос санхүүжилт авч амиа зогоохчоо болдог сониныг хувьчлахдаа хотын “мээр” Ерөнхий сайдад хүрч “добро авах” ямар хэрэг байв аа? Тухайн үед Ерөнхий сайдыг өстэй мэт дайрч байсан “Монгол таймс”-тай ижил нэртэйд л учир нь байсан гэж улс төрчдийн дунд “төрийн хутгуур” хэмээх Б.Ганчимэгийн өгсөн цолоор алдаршсан Н.Дугар зэрэг хүмүүс ихэд мэдэмхийрч ярьдаг байсан ч асуудал үнэндээ шал өөр шалтгаантай байжээ.
Ү.Хүрэлбаатар сониноо өгөхдөө цааргалаагүйн цаад учир нь ажлыг нь авахдаа түүнд сонины хуучин байрыг үлдээхээр “тохирчээ”. Жижиг сониноос энэ зэргийн том унац унагасан нь түүнд “хаваажид”. Тэр байраараа хөрөнгө оруулсан болж “Түгээмэл” ДС байгуулсан У.Хүрэлбаатар дараа нь гадаад хэл заадаг “Түгээмэл” төвийнхөнтэй сургуулиа булаацалдаж баахан юм болоогүй юу. Ер нь л мордохын хазгай гэгчээр “Улаанбаатар таймс” анхнаасаа л орон гэрийн тэнгэргүй сонин байж. Байраа эрхлэгчдээ “бэлэглэсэн” “Улаанбаатар таймс” буюу Нийслэлийн төв хэвлэл хэмээх “том” гуншинтай жижигхэн сонинд байр хэрэгтэй болоход “санаа нь зовнисон” нийслэлийн тэр үеийн удирд-лага Яруу алдарт Ардын намыг үндэслэн байгуулагч, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатын байрыг өгсөн байна.
Түүхэн дурсгалт үнэт байшин
Зохиомол түүхэнд нэгэн үе хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байсан гэдэг нь Д.Сүхбаатарын бичиг үсэгт тайлагдсан, магадгүй “асар өндөр боловсролтой” байсных нь нэг ёсны баталгаа болж, Монголд ажиллаж байсан “жүүд” большевикуудаас Марксизмын үндсийг судалсан гэх домгийг зохиох үндэс болсон юм. Дараа нь тэр багш нарыг нь большевикийнх нь хувьд бус жүүд учраас галзуу Сипайло дүүжилж орхижээ. Бас коммунист түүхэнд жанжин маань улаачаар ажиллаж байсан нь моринд гарамгайн баталгаа арай болж чаддаггүй. Учир нь Монголд морь унаж, мод тохдоггүй эр байсангүй, харин үсэг өрөгч бол ховор байсан. Улаачаар нь ажиллаж байсан одоогийн “Монгол шуудан” компани Д.Сүхбаатарын нэрэмжит болоогүй атал Улсын хэвлэх үйлдвэр нэрэмжит нь болсон нь Богд хаант улсын шуудангийн албанд Оросын мэргэжилтэн ажиллаж байгаагүйтэй холбоотой ч байж болох. Уг нь улаа нэхэнгээ Марксизм-Ленинизмын талаар гангар гүнгэр гээд л явж байсан гэсэн бол аштай юу, тийм ээ? За энэ ч яахав. Гол асуудалдаа эргэж оръё.
М.Энхболд, түүний “данхар түрийвч” Т.Бадамжунай нарын “Улаанбаатар таймс”-т санаа тавьдгийн учир нь сониндоо ч бус сонины шинэ байранд байжээ. Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн үйлдвэрийн том байрыг “Нийслэл таймс” хэмээх жижигхэн сонинд “өгөөд”, дараа нь сониныг хувьчлах нэрээр хэвлэх үйлдвэрийн байрыг, байрыг ч гэж дээ доорх газрыг нь “хусах”-аар хоёр найз урьдчилан “тооцсон” байжээ. Энэ хоёр Улаанбаатарын газрыг баруун, солгойгүй “борлуулж” амташсан нөхөд л дөө.
Тэдний наймааны улмаас тэр үед Улаанбаатарын газар амьжиргааны өртөг, газрын үнэ хамгийн өндөрт тооцогддог Токиогийнхоос ч давж гараад одоо тогтвортой хадгалагдаж байна. “МSC” гэхэд л Дуурийн театрын өмнөх газрыг авахын тулд хахуульд нь хагас тэрбум төгрөг өгсөн гэж нэг захирал нь ярьсан байдаг.
Өдгөө “Сэнтрал тауэр” нэртэй болсон уг байшинг барьвал бараг л дээвэр дээр нь Хятадын тагнуулууд нарлангаа Төрийн ордныг дурандаж, доогуур нь хонгил ухаж, түүгэрээ төрийн өндөрлөгүүдийг ”Хурцдаж” авчраад архидуулсаар хамаг баялгийг маань “хусчих” юм гэх маягтай хийрхэл дэгдэж байсан. Л.Гүндалай хашааг нь нурааж, нэгэн эх оронч эмгэн хонины гуя хулгайлж байгаа зураглал эцсийн дүндээ газрын л маргаан байсан юм.
Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн үйлдвэр бол Төрийн ордонтой яг зэрэгцэн оршино. Тиймээс яг хотын төвд түүнтэй тэнцэх үнэтэй газар нэг бол төрийн ордны доорх газар, нэг бол Сүхбаатарын талбай л байсан байх.
Ерөнхий сайдын “түлхүүр нэр”
М.Энхболд “Нийслэл таймс” сониныг хувьчилж авах, түүндээ намынхныгаа баг болгон оролцуулах санал тавьсан нь зүгээр санд мэнд зурсан зураг биш, харин алсыг харж боловсруулсан төлөвлөгөө байжээ. Н.Энхбаярын нэрийг л баривал юу ч хийж, бүтээж болдог байсан цаг. Тийм учраас түүний нэр дор М.Энхболд Т.Бадамжунайн сийрэг зөвлөгөөгөөр сонины хувьчлал нэртэй “төсөл” хэрэгжүүлэхээр эхлүүлэв.
“М.Энхболд хотын дарга болсон цагаасаа хойш надаас нэг ч төгрөг авахаа больсон. Урьд нь би багын найзыгаа гуйхад нь хэдэн төгрөгөөр туслахаасаа хэзээ ч татгалздаггүй байсан. Харин хожим сонсоход Т.Бадамжунай “угжаад байх болсон” юм билээ” гэж Жасрайн Жанцан агсан ярьдаг байжээ.
Хотын Ерөнхий менежерийг “худалдаж” авсан, залуудаа тавдугаар баазын диспетчер байсан Т.Бадамжунай “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын “ерөнхий диспетчерийн” үүргийг гүйцэтгэх болжээ.
Эхлээд М.Энхболд “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг хийхдээ өмнө нь Ц.Элбэгдорж толгойтой Ардчилсан намынхан “Өдрийн сонин”, Н.Энхбаяр толгойтой Хувьсгалт намынхан “Зууны мэдээ” сониныг бодлогын хүрээнд тэнцүү хуваан “хувьчилж” авсантай туршлагын дагуу намынхныгаа оролцуулсан “менежментийн баг” бүрдүүлж хувьчлан авах саналтай байгаагаа намын дарга Н.Энхбаярт танилцуулсан байна. “Яахав хуулийн дагуу багаа бүрдүүлээд хувьчлалаа хийнэ биз дээ” гэсэн үгийг хэлүүлж дөнгөжээ. Цаадахаасаа “добро” авч амжсан М.Энхболд, Т.Бадамжунай хоёр менежментийн багийг бүрдүүлэх ажилдаа ханцуй шумлан оржээ.
Юуны түрүүн “Улаанбаатар таймс” сонины шинэ эрхлэгч Ж.Саруулбуянг багийн ахлагчаар тодруулжээ. Ж.Саруулбуян ч М.Энхболдын итгэлтэй хүн нь болж чадсан байлаа. Аавынх нь тухай ном бичиж итгэлийг нь бүр их олов. Номыг нь бичиж байхдаа М.Энхболд, Т.Бадамжунай нартай байнга уулзана. Аавынх нь ч тухай ярина, амьдралаа ч ярина, сонины хувьчлалын тухай ч ярихаа үл мартана. Асуудлыг гол зангидах хүн бол Т.Бадамжунай шүү гэж тохирохоо ч үл мартана.
Ингээд гурван найз багаа бүрдүүлж эхэлжээ. Н.Энхбаярын эхнэрийн дүү социологич О.Алтанг оруулъя, АНУ-д удаан амьдарч байгаа учир гадаад харилцааг хариуцуулна гэвэл зөвшөөрнө. Сү.Батболдын эхнэрийн эгчийнх нь охинтой суусан хуульч А.Гансүхийг (одоогийн Зам тэээвэр, аялал, жуулчлалын яамны дэд сайд) оруулж, хуулийн зөвлөгөө авна гэж тайлбарлана. Ариунтуяа, Ундармаа гэсэн хоёр сэтгүүлчийг М.Энхболд, Т.Бадамжунай нарын төлөөний хүн болгож оруулаад ард нь хоёулаа нуугдана, харин тэр хоёрт нэг нэг орон сууцны байр өгнө гэж амлана, давхар сонин дотоод асуудлыг хянах боломжтой. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулна гэсэн үг. УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн эхнэр Согоосүрэнг оруулна, Ц.Дашдорж бол М.Энхболдын сайн найз тул дандаа түүний талд орно, С.Баярмөнх (ГХЯ-ны ДБҮААГ-ын дарга)-ийг оруулна, шар сонины “магнат” сонин хэвлэлийн асуудал мэдэх тул хожим хэрэгтэй гэж тооцжээ. Ингээд эдгээр хүмүүстэй холбоо тогтоож, сонины хувьчлалд оролцож “ялах” Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багийг бүрдүүлсэн байна.
Харин тэд намын дарга Ерөнхий сайддаа: “Та зүгээр л сууж бай, бид бүх юм зохицуулна. Намын нөхдийн багийг бүрдүүлнэ. Хуулийн дагуу хийнэ. Сайн төсөл болгоно” гэж итгүүлжээ. Тэд ингэж ажиллахдаа нэг зүйлийг сайн мэдэж байсан нь ажилдаа дарагдсан Н.Энхбаяр энэ асуудалд анхаарал тавьж чадахгүй, бүх юмыг өөрсдийнхөө санаснаар хийнэ гэдгийг. Хамгийн гол нь Н.Энхбаярын нэр хэрэгтэй. Энэ нэр бүх “цоожинд таардаг түлхүүр”. Эвтэйхэн болбол дэргэд нь зогсож, саймширч байгаад ажлаа амжуулна. Эвгүйтвэл араар нь нуугдаж өмнөө бариад бултчихна.
Туршлагатай диспетчер
Нийслэл хотын бүхий л ажилд хутгалдаж зохицуулдаг ерөнхий диспетчер нь Т.Бадамжунай байсан. Угаасаа тэр диспетчерийн боловсролтой л хүн. Түүнгүйгээр нэг ч асуудал шийдэгддэггүй, түүний оролцоогүйгээр хотод ямар ч асуудал урагшаа явдаггүйг хүмүүс мэддэг байв. Тийм учир хоттой холбоотой бизнес ярья гэсэн хүн бүр түүн дээр л очно. Түүний дээрээс ямагт мөнгөөр бороо орж байх учиртай. Өмнө нь ч тийм байсан, одоо ч тийм хэвээр. 2004 оны сонгуулийн үеэр хотын микравтобуснууд орой орлогоо компанидаа биш, Т.Бадамжунайн сонгуулийн штабт тушаадаг байсан гэдэг.
Тээр жил Л.Сэргэлэн “од”-той байжээ. Л.Сэргэлэн сэргэлэн нэрэндээ таарсан самбаа гаргаж “Хадгаламж” банкны захирал Г.Цэрэнпүрэвийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж албан бичиг үйлдэж, түүнийгээ үндэслэн Москвад байдаг, хуучнаар бол СЭВ-ийн гэгддэг банкнаас нэг сая долларын зээл авч чаджээ. Г.Цэрэнпүрэвийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь хожим криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон гэдэг. Гэвч сонирхолтой нь Л.Сэргэлэнгийн эхнэр нь тэр банкинд ажилладаг байсан юм. “Хадгаламж” гэж одоо хүртэл иймэрхүү хэл ам нь тасардаггүй, үйлийн үртэй нэг банк бий гэдгийг хүмүүс андахгүй.
Үйлийн үртэй “Хадгаламж” банк
М.Энхболдыг Ерөнхий сайд байхад “Хадгаламж” банкыг Оросууд хувьчилж авсан. Оросууд авсан банкныхаа “гэдэс дотрыг нь уудалж” үзтэл том луйвар илэрч, маш том асуудал үүссэн билээ. Оросууд банк авлаа гэтэл манай сайн эрс алтыг нь аваад аврыг нь өгчихсөн байж билээ.
“Хадгаламж” банкнаас 10 сая ам.доллартай тэнцүү төгрөгийг Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо хэмээх байгууллагын луйварчид хулгайлсан байв. Тэр мөнгөний хэрэгт У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар нэр холбогдсоныг мартах болоогүй, бүгд санаж байгаа саяхны хэрэг. Сөүлд очиж олон мянга, сая ам.доллараар казинод тоглосон гэж мөрдөн шалгасан.
Үүнд хамгийн их сандарсан хүн нь Т.Бадамжунай байв. Ямар сайндаа “Дрийм” зочид буудлын 312 тоот өрөөнд одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, түүний УБЗ 05-95 дугаартай хуучин “Ланд-100” машиныг бэлгэнд авсан одоогийн Гадаад Хэргийн сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нар нууцаар уулзсаныг АН-ын нарийн бичгийн дарга А.Баатархуяг хэвлэлийн бага хурал хийлгэн зарлаж, илчилж байв. Т.Бадамжунай уг буудалд хувь эзэмшдэг бөгөөд нэг өглөө орохдоо гишүүд ирнэ 312 тоотод оруул, өөр хэнийг ч бүү ойртуул гэжээ. Түүний нөгөөдүүл нь ирэхэд араас мэргэжлийн хүн дагаж өрөө андуурсан болж шагайгаад хаалгыг нь хаахдаа чагнах төхөөрөмж тавьж амжжээ. Ингээд хуйвалдаан илрэв.
Тэдний асуудлыг УИХ-аар хэлэлцэж, бүр гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулаад байтал Л.Гүндалайн асуудал давхар яригдсан тул хоёр том нам хоорондоо үгсэн хуйвалдаж хоёр талын гишүүдээ шалгуулалгүй хамгаалснаар асуудлыг саармагжуулж хонь бүтэн, чоно нь цатгалан үлджээ.
Харин тухайн үед “Хадгаламж” банкны асуудалд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр сөрөг байр сууринаас хандсан, дээрх этгээдүүдийг шударгаар шалгуулах хэрэгтэй гэж шахсан хэмээн яригддаг. Банкнаас болж тэр үеийн МАХН-ынхан хоорондоо муудалцсан, тэр нь хожим нь МАХН-ынхан Н.Энхбаярыгаа 2009 оны сонгуульд нөгөө талтайгаа нийлж байгаад хуйвалдаж унагаах учир шалтгаан болсон гэж яригддаг.
Эцсийн дүндээ “Хадгаламж” банкны хэргийг Д.Чимэдцэрэн гэгч залуу, Ц.Энхтуяа гэгч ня-бо хоёр л үүрч гарсан. Харин энэ хэрэг явдалд У.Хүрэлсүх хавчуулагдаж золтой л дээлээ толгой дээрээ нөмөрчихөөгүй билээ. Эцэст нь 14 тэрбум төгрөгийн хэрэг мянга дахин “агшиж” 13 саяын пургоны хэрэг болж, У.Хүрэлсүх мултарсныг бүгд л мэднэ.
Харин сүүлийн үед нэгэн онц ноцтой мэдээ чих дэлсэх болов. Үнэн бол “МАНАН” Монголын хууль ёсыг бүрэн дампууруулжээ. Д.Чимэдцэрэнгийн ял эдлэх хугацаа нь дуусаагүй байхад У.Хүрэлсүх түүний сууж байгаа шоронд суллахаар очжээ. Дээгүүр, доогуур бүх хүнтэй ярьж, тохирсон, суллахдаа л суллана гэж У.Хүрэлсүх ярьж байв. Гэтэл урьд өмнө нь тохирчихсон байсан гэгддэг Д.Дорлигжав гэнэт ямар нэгэн юмнаас болгоомжилж, Д.Чимэдцэрэнг шоронгоос суллах ажилд нь тусалсангүй. Гэхдээ ямар ч байсан суллуулна даа хэмээн У.Хүрэлсүх шүдээ зуун хэлсээр тэндээс явсан сураг байна. Хэрэв энэ яриа үнэн бол өнөөгийн эрх баригчдыг зөрүүлээд суулгах ёстой гэж хүмүүс бухимдаж байна.
Энэ хэргийг хамгийн шаргуу мөрдөж байсан А.Баатархуягийг одоогийн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нар хор найруулан АН-аас хөөлгөж дөнгөжээ. Түүнтэй хамт шаргуу мөрдөж байсан “Нийгмийн толь” сонины эзэд У.Хүрэлсүхээр дамжин Т.Бадамжунайтай холбогдсоноор хэргийн хойноос хөөцөлдөх эрч нь суларч, сониноо Т.Бадамжунайд үнэ хүргэн зарснаар У.Хүрэлсүх, М.Энхболд нар урьд өмнөхөөсөө илүү ойр дотно болж, хэрэг замхарчээ.
Гэхдээ хүмүүс одоо хүртэл асуудлаас мултарсан “акулууд”-ыг шалгахыг шаарддаг. Тэр тусмаа тус банкны хулгайлагдсан тэр их мөнгийг улсын төсвөөс төлсөн шүү дээ. А.Баатархуяг “Хадгаламж”-ийн мөнгө ХЗХ-дод очсон гэдгийг бичиж байсан. Харин тэр үеийн М.Энхболдын Засгийн газар 60 тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байж арай мултарсан. Сайхаан сайхан. Эхлээд хэдэн луйварчин хадгаламж эзэмшигчдийн итгэж хадгалуулсан мөнгийг тононо. Хулгайлсан мөнгийг нь луйварчид биш, иргэд татвараараа төлнө. Энэ луйвар хулгайд холбогдсон “гурван бүдүүн эр” Ганц худагийн саарал байшинд бус ганц намын саарал ордонд намын дарга, сайд болон томорч, өөрсөддөө томдсон алба хашаад л, “соса-сола уугаад л, марибори татаад л” манаргаж явна. Хулгайн арга нарийсаж, өгсөх зам өргөсөж байна гэж ярьж яваа сурагтай. Ийм байхад хэн ч дарга болно, УИХ-ын гишүүн, сайд болно гэж үхэн хатан зүтгэлгүй яах вэ? Ямар ч хэрэг хийсэн түүнээсээ мултарна. Мултраад зогсохгүй өндөр ажилтай, үлэмж их “орлого”-той болно.
Дараа нь “Жаст”-ын Батхүү гэж нэг “сайн эр” “Хадгаламж” банкийг авч нохой шуугиулж яваа. Хадгаламж үл дампуурахын нигууртай банк ажээ. Эхний удаад баахан ХЗХ оронд нь дампуурч өгсөн бол саяхан “Анод”, “Зоос” хоёроор дампуурлын бурханд тахил өргөчихөв. “Зоос” банкийг санаатай дампууруулж мөнгөтэй болсон, түүнд нь С.Баяр тусалсан, ер нь С.Баярын бизнес байх магадлалтай хэмээн УИХ-ын гишүүд мэдэгдэв. Засгийн газраас хадгаламжийн баталгааны хууль гэгчийг УИХ-аар шахаж батлуулсныхаа дагуу иргэдийн татвараар барьцаалж өрийн бичиг гаргаад тэр мөнгөөрөө “Хадгаламж”-ийг тэтгэжээ. “Зоос”, “Анод” банкинд бүртгэгдсэн МАН-ын гишүүдийн зээлийг ингэж баллажээ. Мөн “Зоос”, “Анод”-ын барьцаанд байсан “Олон овоот”-ыг Батхүүд өгч эргэлтийн хөрөнгийг нь Засгийн газраас гаргав. Дараа нь энэ мөнгийг төлүүлэхийн тулд “ЖАСТ” компанид “Эрдэнэт”, “Төмөр зам”-д монополь эрхтэй шатахуун нийлүүлэх боломж олгожээ. Шатахуун худалдан авах зээл авахуулахын тулд “Эрдэнэт” УБҮ-ээс 30 сая долларын баталгаа гаргуулж өгчээ гэх мэтээр хөврөөд байвал дуусахгүй. УИХ-ын гишүүн О.Чулуунбат хэргийг сөхөж, шалгуулахыг шаардсаар зарим амжилтад хүрсэн авч түүнийг дарамтлаад амыг нь барихыг оролдож байна. Цаашид энэ үйл явдал хэрхэн яаж өрнөхийг иргэд харж байгаа. Шударга шалгалт болох уу, эсхүл тэгсхийгээд бас л дээгүүрээ хуйвалдаад нам жим болох уу?
Сүүлийн үеийн мэдээгээр “Хадгаламж” банкны хувьцааны хагасыг алдарт “САПУ”-гийн О.Алтан авгай авчээ. Аваад зогсохгүй бүр банкны гүйцэтгэх захирал болохыг санаархаж Монголбанкыг хөөрхөн сандаргаад авчээ. Цаадуул хэл амнаас айгаад зөвшөөрсөнгүй. О.Алтан авгайгаар дамжаад энэ банктай Увсын аваргууд болох Д.Дорлигжав, Ц.Нямдорж нар холбогдсон хэмээн учир мэдэх хүмүүс хоорондоо “жиг жуг” хийж байгаа, ямар ч байсан одоо энэ банкны хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль, хяналтынхан харахаа болино, харсан ч хараагүй юм шиг царайлна гэж хүмүүс таамаглаж байгаа. Улстөрийн бүлэглэлүүдийн гараар орж янхан шиг явж явж энэ банк ядаж байхад Увсынхны гарт ороод ч байхдаа яахав дээ, үнэхээр заяагүй.
Уг нь сайн шалгавал энэ банктай Ардчилсан социалист залуу луйварчид, “МАНАН”-гийн лидерүүд, С.Баяр ба Ц.Нямдорж, Д.Дорлигжав мэт “гар хөлүүд” бүгд “хутгалдсан” байх нигууртай. Энэ бүхнийг нуршихын учир нь өнөөх Л.Сэргэлэнд оршино. Яагаад? Яагаад гэвэл Т.Бадамжунай Срэгэлэнгээс 700 саяыг хусчихаад түүнийг нь дарахын тулд “Хадгаламж” банкийг Оросуудад өгсөн ба ингэснээрээ алдаа хийжээ. Оросууд бол Монголчууд биш. Ядаж байхад алтыг аваад авдрыг нь өгөхөөр уурладаг юм байгаа биз дээ. Тиймээс л Т.Бадамжунай хоёр гишүүнийг хэрэгт татах шахсан, өөрөө ч УИХ-ын гишүүнээс мултарчингаа алдсан.Тиймээс энэ хэргийн залгаа Л.Сэргэлэнгийн тухай үргэлжлүүлье.
Оросын онцлогтой дээрэм…
Л.Сэргэлэнгийн аав нь “Хангарьд” компанийн захирал Л.Лхагва. Тэрбээр Москвад байдаг хуучин СЭВ-ийн банкинд ажиллаж байсан .Сэндэнжав хэмээх найзаараа хөөцөлдүүлж, хүүгийнхээ бэлдсэн хуурамч гарын үсэгтэй бичгээр нэг сая ам.долларын хэмжээний зээл авч өгчээ. Аав нь хүүдээ туслахад буруу юу байхав? гэж санагдана. Гэвч хуурамч баримтаар зээл авч, найз нь тэрийг нь хөөцөлдөж өгснийг бодохоор сайхан луйвар болжээ гэдэг нь ойлгомжтой. Ийм луйвар яав ч зүгээр хийгдээгүй, цаана нь нэг нэгэндээ “өгсөн”, “авсан” түүхийг шалгавал ихээхэн “но” илэрнэ дээ. Л.Сэргэлэн авааль эхнэрээ хаясан. Хүү нь “Дауны синдром”-той төрснөөс Л.Сэргэлэн хэмээх мундаг аавдаа гологджээ. Хүн чанараа тавиад туучихсан нөхөр, юун аав мантай.
Хар багын сурлагадаа муу, сахилгагүй, “эрхийн тэнэг” Л.Сэргэлэн “зээл” нэрээр олсон луйврын мөнгөө яаж “угаах”-аа мэдэхгүй байхад нь хүргэн дүү Санчир уулзжээ. Л.Сэргэлэн мөнгөтэй болсноо хэлтэл цаадах нь шууд Т.Бадамжунай дээр дагуулж очсон аж.
Т.Бадамжунай ч “том гар” учир Л.Сэргэлэнтэй “Бишрэлт” зочид буудалд уулзаад шууд л “Би мөнгөтэй хүнтэй л уулздаг хүн. Цаг зав багатай. Чи мөнгөтэй юм уу?” гэж асуусан гэдэг. Л.Сэргэлэн “хотын мафи”-ийн гол санхүүчтэй уулзсан тул, энэ хүний ивээлд мөнгөө угааж болно, бүр прогрессоор үржүүлж болно хэмээн цээжний тооцоо бодож хөөрцөглөжээ. “Мөнгөтэй, мөнгөтэй” гэсэн хариу нь сонссон Т.Бадамжунай асуудлыг шуурхай шийдвэрлэж “Улаанбаатар таймс” сонины хувьчлалд оруулахаар тохирч, Ж.Саруулбуянтай уулзуулна гэжээ.
Т.Бадамжунайг мэддэг хүмүүс мань хүн Л.Сэргэлэн ч бай, хэн ч бай зүгээр туслана гэж байхгүйг ойлгоно. Тэгэхлээр мань эр Л.Сэргэлэнгээс зохих ёсны “шан авч” асуудлыг түргэн шийдэхээр зүтгүүлсэн байх магадлалтай. Ямар ч байсан Л.Сэргэлэн нь “зээл” нэртэй олсон луйврын нэг сая ам.долларынхаа 500 сая төгрөгтэй тэнцэхийг нь “Улаанбаатар таймс” сонины төсөлд зарцуулсан гэж заргалдсаар авсан. Харин үлдсэн 700 сая төгрөгөө яасан бэ?
Мань эр өөрөө болохоор Новосибирскт буюу “Ново”-д бэлэн мөнгөө авч явж байгаад “ах нарт дээрэмдүүлсэн” гэдэг гэсэн. Тэгэхээр нэгд тийм их мөнгийг бэлнээр нь авч явсан гэдэг юу л бол. Тэгээд ч энэний үнэн худлааг тогтооход амархан. Банкны гүйлгээний хуулга, гаалийн бүртгэлийн тэмдэглэлээр л тогтоочихно. Хамгийн сонирхолтой нь яг үнэнээрээ бол тэр их мөнгийг ямар “ах нар дээрэмдсэн” бол? Орос “ах нар” уу, эсхүл Т.Бадамжунай мэтийн эндхийн “ах” нар уу? Бас л нэг шалгаж тогтоох асуудал мөн. Тэгээд ч Оросын дээрэмчид 700 саяыг нь бид авлаа, харин үлдсэн 500 саяараа зээлээ төлөөрэй гэсэн байж болох уу даа? Хэрэв энэ үнэн бол дээрэмчид ээ, Орос шиг байцгаа л даа.
Т.Бадамжунай: “Энэ төсөлд чиний орсны дараа нэр дээр чинь нилээд хэдэн хувь бичигдэнэ, гэхдээ нэг хэсэг нь л чинийх, ихэнхийг нь би авна шүү. Би цаанаа олон хүний асуудлыг зохицуулна – Ерөнхий сайд Н.Энхбаяр, хотын мээр М.Энхболд, сайд Сү.Батболд зэрэг томчууд байгаа. Энэ бол том төсөл учир бид нар хамтдаа яасан ч хожно. Байшингаа нураагаад газрыг нь зарсан ч хэд нугалсан их мөнгө олно” гэсэн байна.
Төсөл сүйрэв
Т.Бадамжунай амалсан ёсоороо Л.Сэргэлэн, Ж.Саруулбуян хоёрыг уулзуулж, гэрээ хийлгэжээ. Төдөлгүй төслийн багийнхан “хуралдаж”, Л.Сэргэлэнд төслийг хэрэгжүүлэх бүх зардлыг гаргавал хувьцааны 40 хувийг олгоно гэсэн шийдвэр гаргаж, бусад нь дор бүрнээ 8-10 хувьтай үлдэхээр болжээ.
Л.Сэргэлэн эхэндээ ажилдаа их л шамдангуй оржээ. Юуны түрүүн сониныг СУИС-ын хажуугийн хоёр давхар жижиг байшингийн дээд давхарыг түрээсэлж байрлуулжээ. Дараа нь хэвлэх үйлдвэрийн барилгыг нурааж эхлэв. Л.Сэргэлэн “Улаанбаатар таймс”-ын барилгыг томсгож, таван одтой зочид буудал барина. Тус хамт олны цалинг цаг алдалгүй тавина, сонины үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг даана. Үүргээ биелүүлбэл тус сонины 40 хувийг эзэмшинэ гэж тохирсныхоо дагуу үнэхээр зүтгээд байгаа юм шиг байжээ.
Гэвч “бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр дүрэм, журам зөрчиж хийх гэж оролдсон оролдлого нь бүтсэнгүй. Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлгүй, хотын холбогдох байгууллагуудад зургаа үзүүлж танилцуулалгүйгээр “Улаанбаатар таймс” сонины барилгыг нурааж эхэлжээ. Ер нь тэгэх ч хэрэг байна уу, мундаг том шүхэр дээр нь байгаа юм чинь. Барилгыг нураахдаа хөдөлмөр хамгааллыг муу хийснээс нэг барилгачин эр амиа алдсан байна. Удалгүй мэргэжлийн хяналтын байгууллага хэвлэх үйлдвэрийн барилгыг зочид буудал болгож хуучин давхар дээр нэмж өндөрлөхийг хориглосноор Л.Сэргэлэн ажлаа зогсоосон байна.
Ер нь Л.Сэргэлэн халаасандаа уртаашаа луйвраар олсон нэг сая доллартай байж, үнэхээр таван одтой зочид буудал барина гэж бодсон уу? Эсхүл Т.Бадамжунай нартай хуйвалдаж шинэ байшин барих гэж байгаа нэрийдлээр нураачихаад сүүлд нь шалтаг олж байшин барилгүй, харин газрыг нь үнэд хүргэн зараад луйвраар олсон мөнгөө “угааж”, хэд дахин нугалан өсгөх төлөвлөгөөтэй байсан уу?
Хэчнээн завгүй ч цонхоор харагддаг л юм хойно Н.Энхбаяр дэргэдэх байшинг нураасныг хараад М.Энхболдоос “Цаадуул чинь юу болгоод байна аа? Яагаад хотын төвд байшин нураачихав аа? Бөмбөгдүүл-чихсэн юм шиг муухай харагдаж байна” хэмээн дургүйцжээ. М.Энхболд хариуд нь: “Т.Бадамжунай хөрөнгө оруулагч олсон гэсэн. Түүнийг “Улаанбаатар таймс”-ын менежментийн багт оруулж, зочид буудал бариулах болсон” гэжээ. Н.Энхбаяр ямар хүн болохыг нь лавлахад: “Хангарьд”-ын Л.Лхагваа гуайн хүү” гэсэн аж. Н.Энхбаяр гайхаж: “Бараг нисдэггүй “Хангарьд”-ын хүү хаанаас мөнгөтэй болсон юм бол?” гэж асууж. Хариуд нь М.Энхболд: “Т.Бадамжунай л мөнгө нь баталгаатай гэсэн” гэжээ. Н.Энхбаяр: “Яахаараа хэвлэлийн үйлдвэрийн барилгыг заавал зочид буудал болгох гээд байгаа юм бэ? Нөгөө хуулийн дагуу хийнэ гэж амласанд чинь таарч тохирч байгаа юм уу?” гэжээ. М.Энхболд: “Би Т.Бадамжунайгаас асууж тодруулаадахъя” гэсэн байна.
Ажил таг зогссон хэвээр. Үе үе Н.Энхбаяр Улаанбаатар хотын удирдлагаас хотын өнгө үзэмжийг гутааж, олны нүдэнд өртөөд байгаа нурсан байшинг засч битүүлэхийг шаардах боловч “Л.Сэргэлэнгийн мөнгө нь дууссан” гэсэн ганцхан хариу л сонсоно. Тэр хоорондуур Л.Сэргэлэн ч “сэргэлэн эр” учир гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд өөр аргаар мөнгөө “угааж үржүүлэх” ажлаа амжуулахыг хичээнэ.
Юуны түрүүн М.Энхболд, Т.Бадамжунай нарын хүслийг биелүүлж, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төслөөс “хэрэггүй” хүмүүсийг гаргах ажилдаа оржээ. Багийн олонхи тодруулбал хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшигчдийг нууцаар хуралуулж О.Алтан, .Согоосүрэн, С.Баярмөнх гурвыг менежментийн багаас хасах шийдвэр гаргасан байна. “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэгч үлгэрээр даварсан Л.Сэргэлэнгийн үйлдэл тэдний гайхшийг баржээ. Бас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байж төслийн 40 хувийг эзэмшинэ гэсэн бичгийг тал тал тийш нь бичиг илгээсээр. Гэхдээ аль аль оролдлого нь хууль бус байсан учир Улаанбаатар хотын тшмэлүүд тэдгээр шийдвэр, саналыг зөвшөөрөхөөс татгалзсан байна. Л.Сэргэлэнд тусалж болно, гэхдээ Т.Бадамжунай өөрийгөө хэрэгт хийж болохгүй гэдгээ мэднэ. Дээрээс нь увайгүй санааг нь нэг муу эрхийн тэнэгээс болоод Н.Энхбаяр мэдчих вий гэхээс үхтлээ айжээ.
Хагарал
Ингээд төсөл нь сүйрч, хамгийн гол нь байшингийн нуранги хэвээр үлдсэн тул Н.Энхбаяр нь нөгөөдүүлдээ бухимдаж эхэлжээ. Хамгийн гол нь хэрэг “хутгаж”, бантан зуурсан М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд нар ордны дэргэд нэгэн түүхэн дурсгалт байшин балгас болж, хотын өнгө үзэмжийг гутааж эхэлсэнд өөрсдөөсөө зайлуулж, “б” төлөвлөгөөндөө шилжиж, бүх муу муухайг Н.Энхбаяр руу чихээд ард нь нуугдах болжээ.
Яг тэр үеэр орондоо хууль засч байгаад баригдаж, УИХ-ын даргын суудлаасаа ховхорч, түүнийг нь Н.Энхбаярт зориуд хийлгэсэн гэж хардаж өширхсөн Ц.Нямдорж нурсан байшины ард Н.Энхбаяр байгаа мэтээр ойлгуулахаар дэвхцэж эхэлжээ. Учир нөгөөдүүл нь наадах чинь “Н.Энхбаярын байшин” гэж шургажээ. Нөгөөх нь сурсан зангаараа өширхсөн хүнийхээ тухай “материал” цуглуулдаг муу арга барилаараа сав л хийвэл тэр байшинг Н.Энхбаяртай холбож ярьдаг болсон байна. “Улаан хацарт”-ыг үе үе дуудаж “Хэний байшин болохыг хэл” хэмээн улалзуулна. Т.Бадамжунай, М.Энхболд нар сандлаа шажигнатал хавчигнана. Цаадуулынхаа нүүрийг харж чадахгүй “улаан хацарт“ улайна. Харин Т.Бадамжунай нар дотроо Н.Энхбаяр түүнд нь залхаад энэ нэг балгасаа ав гэх байх хэмээн горьдоно.
Тэр хооронд хотын “мафи”-ийн даалгавраар санаархлаа гүйцэлдүүлэхээр Л.Сэргэлэн байшингийн доорх газрыг гадныханд зарах гэж оролджээ. Япончууд, солонгосчуудад бүр 5-10 сая ам.долларын үнэ хүргэж зарах гэж хөөцөлдсөн ч “санаа их ч сачий нь хүрэхгүйн” үлгэрээр бүтсэнгүй.
Харин Н.Энхбаяр байшинг өөртэй холбож ярьж, бичих болсонд төслөөс гарахыг бодсонгүй харин ч санаачлагыг гартаа авч, гарц хайж эхэлжээ. Тэрээр М.Энхболд, Т.Бадамжунай нарыг “Таван богд”-ын Ц.Баатарсайхантай уулзаж, байшингийн асуудлыг нэг тийш болгохыг даалгажээ.
Уг нь Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр бол ердөө л төрийн ордонтой параллель корпус төдий эд биш юм. “П” хэлбэрийн цогцолборын арын хэсэг бол “Таван богд” компаниийн өмчлөлд байдаг тул Ц.Баатарсайхан захирал цогцолборын зүүн жигүүрт байгаа “Өнгөт хэвлэл” хэвлэлийн компани, бас “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сониныг оролцуулан орчин үеийн томоохон барилга байгууламж барьчих чадалтай бизнесмэн юм.
Ц.Баатарсайхан ч саналыг зөвшөөрч нэлээд идэвхтэй хөөцөлдсөн авч “Өнгөт хэвлэл” компанийн захирлаас авахуулаад бүгд л том цогцолбор барьж байгуулах талаар тун бүрхэг ойлголттой байжээ. Тэгээд ч хувь хувийнхаа ашгийг бодож, том биенесмэнээс том мөнгө салгах гэж хэтэрхий үнэрхэж боожээ. Ц.Баатарсайхан асуудал бүтэхгүйг ойлгож “даалгавар” биелүүлж чадахгүйгээ хэлсэн байна.
Яг тэр үед “Голомт” банкнаас “Өнгөт хэвлэл” компани зээл авахдаа байраа барьцаалсан байв. “Голомт” банкныхан зээлийн хугацаа хэтэрснээс барьцаанд тавьсан байшинг нь авах гэж хөөцөлдөж байсан тул “өндөр амьсгаатай” болсон “Өнгөт хэвлэл” компанийнхан томоор бодож сэтгэх бололцоогүй болжээ.
Хүнд хэцүү байдалд орсныг нь “Хас” банкны захирал Ч.Ганхуяг (одоогийн Сангийн дэд сайд) ашиглаж, банкнаасаа шинэ зээл өгч, “Голомт”-ын зээлийг чөлөөлж “туслаад” өөрөө сүүлд нь зээлээрээ дарамталсаар байшинд нь орсон байна. Бас л хүүхэд нь “Дауны синдромтой” төрөхөд нь эхнэрээ хаясан энэ залуу хожим Сү.Батболдын “багт” багтаж, дэд сайд болсон зайтай эр.
Анх Ч.Ганхуяг Сү.Батболд, МАН-ын даалгавраар Оюутны холбооны дарга болж, улс төр хийж эхэлсэн байна. Уг нь тухайн үедээ Улаанбаатар хотын Засаг дарга байсан “улаан хацарт” Ц.Батбаярын багт багтаж байжээ. Дараа нь Улаан хацартаас Сү-д урваж амжилтын гараагаа эхэлжээ. Ер нь МАН-ын залуучууд одоо байгаа дарга нараасаа авахуулаад бүгд “урвах”-ын эрдэмд нэвтэрч, энэ “ухаан”-аар мастер, доктор болсон нөхдүүд байдаг учир багтаа хүмүүсийг нэг нэгнээсээ урвуулж л авна, бас урвуулж алдана. Цаадуул нь ч байнга урвана. МАН–урвалтын эргүүлэг агаад урвагсад энэ эргүүлэгнээс гарч үл чадах ажаам. Хамгийн сүүлд бүр гудамжинд явсан М.Ичинноров, Лхагважав нар энэ цүнхэлд хөл алдаад орчихлоо.
Энэ хооронд өнөөх балгас хэвээрээ. Л.Сэргэлэн байшин нураахад, сонины хамт олны цалин тавихад, байрны түрээсэнд гээд нэг хэсэг мөнгө заржээ. Нийтдээ 500 сая төгрөг зарсан гэнэ. Улаанбаатар хотынхон мэргэжлийн комисс байгуулж, бодит зардлыг нь тооцоход бараг хоёр дахин бага тоо гарсан байдаг. Гэвч Л.Сэргэлэн нураасан байшингаа засч битүүлэх, зочид буудал болгох ажлаа хийсэнгүй. Мөнгө ч байхгүй, мөнгө өгөх Япон, Солонгос ч байхгүй. Үүргээ ч биелүүлсэнгүй. Анхнаасаа л Т.Бадамжунайтай холбогдож төсөлд “орохдоо” байшин барья гэж биш, харин байшин нураая гэж орсон учир хэдийгээр наанаа их юм хийх гэж байгаа юм шиг дүр эсгэвч, цаанаа аль болохоор хурдан газраа зараад бултах санаатай байсан учир аргагүй гацжээ.
Уг нь энэ саналаа Бадамжунайтангууд хоорондоо ний нуугүй ярих боловч Н.Энхбаярт хэлэхээсээ эмээнэ. Цаадах нь ийм хулгайг зөвшөөрөхгүй гэдгийг гадарлах учир тийм юм яривал “алуулна” гэдгээ ч мэднэ. Ингээд “Улаанбаатар таймс”-ын хувьчлал хэмээх нэртэй төсөл бүрмөсөн шаварт суужээ. Л.Сэргэлэн ч санхүүжилт хийхээ бүрэн зогсоожээ, зогсох ч биш ерөөсөө мөнгөгүй болсон байна. Ж.Саруулбуян үе үе Л.Сэргэлэнгээс “Ядаж редакцийн цалин, сонины хэвлэлтийн зардлыг” шаардана. Цаадах нь эхэндээ Ж.Саруулбуянгаас өөрийнхөө 40 хувийг баталгаажуулахыг шаардаж цахдаж байснаа, өөрөө үүргээ биелүүлээгүй учраас тэр нь бүтэхгүйг ойлгоод сүүлдээ бүр зугтаад олдохоо ч больжээ.
Ж.Саруулбуян төсөл нь нурж байгааг мэдсэн тул өөрөө ажилдаа ирэхээ байж, өөр ажил хайн бас л зугтах янзандаа орж, хотынхондоо ч олдохоо больжээ. Аргаа ядсан хотынхон М.Энхболд, Т.Бадамжунай нарын төлөөлөл болсон Ариунтуяаг Ж.Саруулбуянгийн оронд үүрэг гүйцэтгэгчээр томилов. Нэг ёсны менежментийн баг удирдлагагүй болов. Т.Бадамжунайгийн хутгасан бантан ингэж жонхуу болжээ.
Улстөрийн хямрал ба шинэ цөөврүүд
Гэнэт МАН-ынхан гэдсэндээ хөлөө жийлцээд эхлэв. Шинэхэн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр дээр Ч.Улаан, Н.Болормаа, Амарсанаа нарын зэрэг хүмүүс орж М.Энхболд тэргүүтэй хотын фракц л танд аюултай, тэднийг дарахын тулд Улаанбаатар хотын Засаг дарга “Улаан хацартыг” хусах хэрэгтэй гэж ятгажээ. С.Баяр шинэдэж, ятгалганд автаад Дарханы Засаг дарга байхдаа Дарханы ардчилсан намын дарга Мөнхтөртэй хуйвалдан алтны уурхай хамтран эзэмшиж байсан, албан тушаалтай байхдаа хавь ойрынхондоо хадны мангаа болж хувирдаг, албан тушаалаа өгчихөөрөө ичээнд орчихдог Амарсанааг хотын дарга болгоё хэмээн Ц.Батбаярыг “агнах” операцийг эхлүүлэв.
Хагас сар хотын ажлыг зогсоосон “тэмцэл” өрнөж, хотынхон дотроо хоёр талцан үзэлцэв. Цус нөжөө ч урсгав. МАН-ынхан албан тушаалын төлөө яаж “алалцдаг”-ийг хотын иргэд хангалттай харав. Эцэстээ Ц.Батбаяр аргагүй хүчинд автаж ажлаа өгөв. Хууль зөрчсөн намаа ч шүүхэд өгөв. Энэ талаар НИТХ-ын гишүүн М.Ганбаатар “Эсэргүү төлөөлөгч” номдоо гайхалтай сайхан бичжээ. Энэ номыг гарсны дараа МАН-ын Хяналтын зөвлөл М.Ганбаатарыг дуудаж номоо устгахыг шаардаж дарамталжээ.
Энэ үед өнөөх л Т.Бадамжунай сурсан зангаараа олон хүний урдуур хойгуур гүйж, “хор” найруулж, Ц.Батбаярыгаа жийж, гэхдээ Амарсанааг болгохгүйн тулд Т.Билэгтийг Улаанбаатар хотын дарга болгох талаар хөөцөлдөв. Т.Билэгт бол хэзээ язааны л М.Энхболдын фракцийн үнэнч гишүүн. М.Энхболд, Т.Бадамжунай нарын хэлснийг л хийнэ гэдгийг Т.Бадамжунай сайн мэдэх тул ийнхүү “мэргэн” шийдэл олжээ. Ингээд МАН-ынхан “хэл амаа ололцсон” болж Т.Билэгт ч Улаанбаатар хотын Засаг дарга болов. М.Энхболд хотоос фракцаараа мултраагүйдээ баярлаж, Т.Билэгтийг дарга болгомогцоо М.Энхсайхан руу утасдаж “Би өөрийн хүнээ хотод тавьж чадаж байгаа биз” хэмээн сайрхжээ.
Энэ хооронд “Улаанбаатар таймс”-ын хувьчлал хэмээх төсөл зогссон хэвээр. Менежментийн багийн ахлагчийг шинээр томилохгүй бол бүх ажил гацаанаас гарахааргүй болсон байв. Шинэ Засаг дарга Т.Билэгт харах царайны том биетэй, тохитой дүртэй, томоотой царайтай хүн. Бас л нэг томоотой хүн олж менежментийн багийн ахлагчаар томилохыг бодно. Тийнхүү шалгууртаа тохирох хүн хайсаар, сонины хамт олонтой нь зөвлөж байгаад бас нэг томоотой хүн олж ирсэн нь До.Чулуунбаатар сэтгүүлч. Т.Билэгтээс ялгаатай нь ялгаатай нь жижигхэн биетэй. Т.Билэгт түүгээр дамжуулж санаснаа хийнэ гэж бодсон бололтой.
Хотынхны тоглоом
До.Чулуунбаатар 90-ээд оны эхээр Америк руу хүүхдээ эмчлүүлэхээр явж, нилээд хэдэн жил болоод Монголд буцаж ирсэн. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын саналаар түүний байгуулсан “Монголын мэдээ” сонины эрхлэгчээр нь ажилласан. Дараа нь Б.Эрдэнэбатаас салж, До.Цэнджав ахтайгаа хамт Сэтгүүлчдийн холбоонд хэсэг ажилласан. Томоотой хүний намтар богинохон, хамгийн гол нь “томоотой” л байдаг.
До.Чулуунбаатар нэлээд эрчимтэй ажиллахыг хичээв. Тиймээс хувьчлан авах ажлаа эрчимжүүлэв. Хотоос тавьсан шаардлагын дагуу хувьчлалд төлөх мөнгө босгох хэрэгтэй байв. 360 гаруй сая төгрөг. Байшин бүрэн бүтэн байх үед Засаг дарга М.Энхболд байшинг 360 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэрнээс хойш нэг талаас байшин бөгөөд газрын үнэ ч өссөн. Гэхдээ байшин биш балгас болсон байв. Дээр нь “Улаанбаатар таймс”-ын өр нэмэгджээ. Нурсан байшинг засаж бүтэн болгох хөрөнгө оруулалтын зардал гэж багагүй мөнгө шаардагдана.
Хуучны хашир анжгай Т.Билэгт аль алиныг нь тооцов. Комисс гаргаж үнэлүүлвэл аягүй бол нурсан байшингийн үнэ 360 саяас доош орно. Хямдруулж зарсан хэрэгт орж магадгүй. Тэгэхлээр хаяагаа манаж, хожим хэрэгт орохгүйн тулд 360 саяар нь л заръя гэж шийдэж. Дуудлага худалдаанд оруулна гэхээр нэг баян хүн авна, сонинг тараана, газрыг нь зарна. Сүүлд нь нийслэлийн сонины амыг барьснаас эхлээд бөөн хэл аманд орж, Жунай, Энхболд нарын нүдний хог шүдний мах болно. Тэрний оронд нурсан байшинг хуучин үнийг нь хямдруулалгүй зараад, хоёр яс салъя, өр шир, хөрөнгө оруулалтаа “Улаанбаатар таймс”-ынхан өөрсдөө шийдэг гэж боджээ. Хямдруулж болохгүй, өр авлагыг нь хот үүрч болохгүй. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэгчээр мэдэж байлаа. Улаанбаатар хотод урьд өмнө хийгдсэн хувьчлалуудтай харьцуулахад сүүлд нь хэнд ч хэлэх үгтэй, тайлбарлах тайлбартай хувьчлал болно гэдгийг.
Ингээд Улаанбаатар хотын удирдлагын зүгээс До.Чулуунбаатарт менежментийн багийн ахлагчийн хувьд 360 гаруй сая төгрөг олж төлөх үүрэг өгөв. З60 сая төгрөг гэж бэлэн хармаанд явж байдаг мөнгө биш. До.Чулуунбаатар мөнгөний эрэлд гарчээ. Аз болж Сэтгүүлчдийн холбоонд хамт зүтгэж байсан Бямбажал гуайтай уулзахад мөнгөтэй хүн олж өгөхөөр болжээ. Бямбажал гуай бол “Өнөөдөр” сонины нэрийн эрхийг авсан байсан ахмад сэтгүүлч. Ховдын уугуул. Ц.Балдорж түүнээс сонины нэрийн эрхийг 10 сая төгрөгөөр худалдан авч, “Өнөөдөр” сониноо гаргаж эхэлсэн. Дээр нь Бямбажал гуайг сониндоо ажиллуулж байсан. Одоо хоёулаа бурхан болжээ.
До.Чулуунбаатар Бямбажал гуайгаас салахгүй зууралдаж, нөгөө мөнгөтэй, зээл өгчих хүнтэйгээ уулзуулаач гэнэ. Бямбажал гуай ч төдий удалгүй Ховдын уугуул Б.Хуяг гэдэг бизнесмэн залуутай танилцуулсан байна. “Бас л хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа хүн, та хоёр хамтран нэг нэгэндээ тус болоод явна биз” гэжээ. Б.Хуяг өмнө нь Ховдын харьяат улсын заан Батзориг, “Сүү өгөөж” компанийн захирал Цандэлэгтэй хамтран бизнес хийж байсан залуу. Давуу тал нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгаагийн ах. Монгол жижиг, Туулын хөндий, дөрвөн уулын дунд бүр ч жижиг. До.Чулуунбаатар, Б.Хуяг хоёр уулзаад санал бодлоо хуваалцжээ.
“Медиа холдинг” буюу “ТВ 9” телевизийн ТУЗ-ийн дарга Б.Хуяг “ТВ 9”-тэй ойрхон байрладаг “Улаанбаатар таймс” сонинд хөрөнгө оруулах боломж олдож байгаад олзуурхжээ. До.Чулуунбаатар нь “Хаанаас олно оо?” хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан мөнгөө олсондоо баярлав. Гэрээ хийхээр тохиров. Энэ мөнгийг төслийнхөө 49 хувийг барьцаалж зээлэхээр болов. Мөн хувьчлалын дараа ТВ 9 компани нэмж хөрөнгө оруулалт оруулахаар тохиров. Санаандгүй явж байгаад хувьчлалд төлөх мөнгөө олоод зогсохгүй бас дараагийн хөрөнгө оруулалтын талаар тохирсон До.Чулуунбаатар “тэнгэрийн умдаг” атгасан мэт баярлаж, хотынхны хэлсэн болгоныг нь биелүүлжээ. Гэрээ ч байгуулж. Гэхдээ мань эр баярлаж хөөрч явахдаа хашир Т.Билэгт дарга Т.Бадамжунайгийнхаа “даалгавар”-аар гэрээнд нэгэн хоёрдмол утгатай заалт оруулсныг анзаарсангүй.
Тэр заалт нь сонин өөрөө өр, төлбөрөө богино хугацаанд шийдэх тухай заалт байв. До.Чулуунбаатар гэрээгээр тохирсон, эсхүл шүүхийн шийдвэрээр үүрэгдсэн өр, төлбөрийн асуудлыг шийднэ гэж бодож явсан гэдэг юм. Харин хотынхон Т.Бадамжунайд хэлэхдээ энэ заал-таар Л.Сэргэлэнгийн өрийг До.Чулуунбаатараар төлүүлэх ёстой гэж тайлбарлана хэмээн тооцоолжээ.
Т.Бадамжунай Л.Сэргэлэнгээс “шан авна”, дараа нь “авсан шангаа” До.Чулуунбаатараар төлүүлчихнэ. Т.Билэгт ч Т.Бадамжунайн хэлсэн болгоныг л биелүүлдэг хүн гэдгээ дахин батлав. Эцэстээ “Улаанбаатар таймс” сонины хувьчлал хотынхны бодлогын дагуу дуусчээ. Өөрөөр хэлбэл хотынхон “Улаанбаатар таймс” сониноо алдсан ч түүнийгээ газрын төлбөрөөр нөхөж удтал хүлээсэн “ашгаа” авчээ. До.Чулуунбаатар нь “томоотой хүн” тул эрсдлээс айж зөвшөөрчээ. Гэвч асуудал үлджээ.
Сэргэлэн эргэж ирэв
Гэнэт эрээд олддоггүй эрдэнэ сураад олдоггүй Сэргэлэн гараад иржээ. До.Чулуунбаатартай танилцмагцаа 500 сая төгрөг нэхжээ. До.Чулуун-баатар урдаас нь тухайн үед байгуулсан гэрээгээ дүгнээгүй, үүргээ биелүүлээгүй тул мөнгө өгөхгүй гэжээ. Л.Сэргэлэн хариуд нь “Заавал бэлэн мөнгө авъя гэсэн юм биш, харин хотын удирдлагаар газрын асуудал шийдүүлээд л өгчих, тэгвэл өр, авлагаа хаая” маягтай юм хэлжээ. До.Чулуунбаатарт Л.Сэргэлэнгийн асуудлыг шийдэхээр толгойгоо гашилгах шаардлага гарчээ. Улаанбаатар хотын Засаг дарга болсон Г.Мөнхбаяр дээр орж зовлонгоо ярив.
2008 оны Орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод Т.Билэгт хотын намын хороогоо удирдаж ялалт байгуулсан боловч Т.Бадамжунай нь С.Баярын хүмүүстэй хуйвалдаж Т.Билэгтээ хусаад, өөрийн болон С.Баярын “утсан хүүхэлдэй” Г.Мөнхбаярыг хотын мээр болгов. Цагтаа Жунай нь Мөнхбаяртаа хуучин машинаа бэлэглэж өөрийн залгамжлагч гэдгийг нотлож байсан юм. Т.Билэгт том биетэй ч жижиг биетэй Т.Бадамжунайн “тоглоомын хүүхэлдэй” гэдгээ мэдрэв. Г.Мөнхбаяр бол сүйхээтэй эр. С.Баярт “Сансар” кабелийн телевизийн эрхийг бүтээж өгөх, хот даяар хэрсэн кабелийн шугамын бололцоог хангаж “тусалсан” нөхөр. Бялангач хүн таван хаанд нүүртэй гэгчээр Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл хоёр луу “Ховд царайлж” гүйнэ.
Харин хотын намын хорооны дарга болох асуудлаар Т.Бадамжунайн дэмжлэгийг авч, М.Энхболдын дэмжсэн Мөнхбаатартай өрсөлдөж ялсан. Энэ утгаараа М.Энхболдтой тааруу харилцаатай болжээ. Гэхдээ “хотын мафи” хоорондын гомдлоо мөнгөөр шийдчихдэг уламжлалтай, үүндээ ихээхэн гаршсан, тэгээд ч тэр асуудлыг дунд нь зохицуулдаг диспетчер нь Т.Бадамжунай тул энэ “гомдол” тэгэсхийгээд шийдэгдэх нь ойлгомжтой гэж байгаа ч сүүлийн үед М.Энхболд, Т.Бадамжунай нарын хоорондын ангал гүнзгийрсээр байгаа юм.
Харин Г.Мөнхбаярын хувьд Т.Бадамжунайн ачийг хариулах нь амьдралынх нь нэг утга учир болсон. Хууль зөрчих үү? эсхүл Т.Бадамжунайн даалгаврыг биелүүлэх үү? гэдэгтээ тулбал ямар ч эргэлзээгүй хууль зөрчинө. Бүх ОСНАА-гийн бодийг хөтөлсөн этгээд тул ардаа хүнд дарамттай. Саяхан МАН-ын “Прогноз” төвөөс Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар МАНАН-гийн нэр хүнд бүхэлдээ, ялангуяа МАН-ын нэр хүнд маш муу байгаа нь тодорхой болжээ. Г.Мөнхбаярт дээд дарга нар нь “ажлаа сайжруул, авлига хээл хахуулиа боль” гэсэн зэмлэл хүртээхийн оронд “нууц хэн алдсан бэ?” гэдэг асуудлаар баахан загнаж, Г.Мөнхбаяр ч сүүл хонгорцогоо гэгчээр баахан хүн загнасан. Асуудалд хандаж буй арга барилаас нь харахад МАН-ын нэр хүнд цаашид ч унах нь тодорхой.
Тэгэхэд До.Чулуунбаатар хотын дарга Г.Мөнхбаяртай уулзаж, Л.Сэргэлэнгийн тавьсан саналыг дамжуулжээ. Цаадах нь шийдэж болох л юм гэжээ. Л.Сэргэлэн нь харин “20 га газар Яармагт, эсхүл 2 га газар хотын төвд авна” гэж даварчээ. Харин хотын удирдлага бүгд Л.Сэргэлэнгийн талд байсан ч арай даварч байна гэж үзээд асуудлыг шийдэлгүй хойшлуулав. Өөрсдөө яах юм болж байна аа, М.Энхболд ихэнхийг нь зараад алга болсон, газар ховор байхад…
Тэр хооронд До.Чулуунбаатар Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын үлдээсэн өр, төлбөрийн дарамтнаас гарахын тулд Б.Хуягаас байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу цувуулан 400 орчим сая төгрөг зээлээр авчээ. Цалин тавих, сонин хэвлэлтийн зардал даах, татварын өр төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөх гээд л… Бүгд л шүүхийн шийдвэртэй, эсхүл өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хойшлуулшгүй зардлууд байсан ба уван цувсаар овоохон юм болжээ.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Л.Сэргэлэн асуудлаа улс төржүүлэн шийдэх боломж гэсэн “мэргэн” санаа сэдэв. Хүлээсээр сонгуулийн төгсгөл ойртмогц нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн Ерөнхий менежер Д.Дорлигжавтай уулзаж “Мөнгөө танай өрсөлдөгч Н.Энхбаярт “дээрэмдүүлсэн” хэмээн мэдээлэв. Цаадахад нь үнэн, худлыг нь тогтоох шаардлага ч байсангүй, сөрөг сурталчилгаанд ашиглах нэгэн том сэдэв олдсонд олзуурхаж, “Өдрийн сонин”-д энэ тухай захиалж бичүүлжээ. Энэ явдлын тухай АНУ-ын Элчин сайд төвдөө илгээсэн нууц захидалдаа бичжээ.
До.Чулуунбаатар нэгэнт хувьчлал явагдсан тул ажлын үр дүнгээ тооцож, менежментийн багаа цэгцлэх, цөөлөх, үүрэг оролцоог тодорхой болгохоор оролдож эхэлжээ. Нийт оруулсан хөрөнгө, төлсөн мөнгөний хэмжээ, гэрээний дагуу хүлээх үүрэг зэрэгтэй уялдуулж хувь эзэмшигчдийн тус бүрт ноогдсон хувийг хөдөлгөхөөр болжээ. Хувийг нь хөдөлгөхийн хажуугаар зарим хувьцаа эзэмшигчидтэй уулзаж, хувийг нь худалдаж авахаар ярьжээ. Цаадуул нь ажил зогсож, цааш явах аргагүй болсныг мэдэж байсан тул “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушигтаа” тулаад байсан хэрэг.
Ингээд Үндэсний түүхийн мүзейн захирал болсон Ж.Саруулбуян нэгэнт өөр ажилд шилжсэн, тэгээд ч төсөлд бодитой тус нэмэр болох боломж муутай болсон тул өөрт ногдох хувиа До.Чулуунбаатартай үнэ тохирон 50 сая төгрөгөөр худалдсан байна. М.Энхболд, Т.Бадамжунай нарын төлөөлөл болж байсан Ариунтуяа, Ундармаа нар До.Чулуунбаатартай уулзахдаа Т.Бадамжунай бид хоёрт хоёуланд нь байр амласан, түүнтэй тэнцэх мөнгө авна гэсээр байгаад тус бүр 30 сая төгрөгөөр хувиа заржээ. Яриагаа ажил хэрэг болгохын тулд нөгөө Б.Хуягаас 100 гаруй сая төгрөг зээлжээ.
Харин УИХ-ын гишүүн Дашдорж эхнэр Согоосүрэнгээсээ салсан учир Согоосүрэн олдохоо больсон байв. Дашдорж нь Согоосүрэнгийн хувийг багийн ахлагчид үнэгүй өгье гэсэн байна. Сү.Батболдын хүргэн А.Гансүх, С.Баярмөнх, О.Алтан нарын хувь нь багассан ч төсөлдөө 6-7 хувьтай үлджээ.
Хувьчлалын дараа “Улаанбаатар таймс” сонингийн төсөлд “Медиа холдинг” компани 800 орчим сая төгрөг зарцуулсан тул 49 хувьтай, До.Чулуунбаатар өөрийн хувь дээр нэмж бусдын хувийг худалдаж авсны тул 34 орчим хувьтай болжээ.
Ингээд “Улаанбаатар таймс” сонин төслийнхрөн учир начраа олоод төвхнөж, цаашид хэрхэн яаж ажиллахаа шийдэхээр болж байтал “улс төр” гуай оролдож эхэлжээ.
Улсын прокурор уу? Увсын прокурор уу?
Сонгуульд “сайн ажилласан” гэж үнэлэгдсэн Д.Дорлигжав “шагналаа” авч Ерөнхий прокурор болов. Болох болохдоо “Хуулийн байгууллагад мэргэжлээрээ 15 жил ажилласан байх” ёстой гэсэн хуулийн тов тодорхой заалтыг зөрчин МАНАН-гийн хуйвалдаанаар томилогдов.
Тэр 1995 оноос хойш ямар ямар ажил хийсэн билээ? Батлан хамгаалахын сайд. Цэргийн оёдлын үйлдвэрт армийн хэрэгцээнээс 100 дахин их даавуу шахжээ. Хэрэв хувцсыг зэвсэгт тооцвол Монголын арми шиг хүчирхэг арми байхгүй юм. Батлан хамгаалах яамаа 14 “Соната” машин шахаж зэвсэглэв. Гүйцэтгэх ажлын мөнгөнөөс “зориулалтын бусаар зарсан” гэсэн хэл ам гараад өнгөрсөн. Харин энэ туршлагаа ашиглаж АТГ-ын дарга Сангарагчааг гүйцэтгэх ажлын мөнгөөр ажилчиддаа байр авч өгсөн хэмээн гөрдсөөр унагаж авчээ. Харин Д.Дорлигжавын аль ч хэрэг нь олигтой шалгагдаагүй л байгаа.
1998-2000 онуудад бөөн шуугиан дэгдээж “Эрдэнэт”-ийн дарга болсон. “Эрдэнэт”-ийн дарга болсон хүн мөнгө төгрөгийн хэрэгт орооцолдохгүй байна гэж байхгүй. Тус үйлдвэр бол эрх баригчдын санхүүжилтийн нэг чухал эх үүсвэр гэж бүгд мэддэг. Захирлууд нь Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг. Намын дарга нар нь Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг. Эдгээр нэрүүдийн давхцал л нэг юм хэлээд өгнө.
Бүгд энэ тухай мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ нууна. Нуух ч гэж дээ цагаандаа гараад дөжирчихсөн. УИХ-ын гишүүдийн олонх “Эрдэнэт”-д элдвийн бараа, үйлчилгээ шахаж “бизнес” хийнэ, сонгуулийн шархаа нөхнө. Д.Дорлигжав ч “Эрдэнэт”-ийн захирал байхдаа хэл амд их өртсөн.
ОХУ-д төлөх цахилгааны төлбөрийн зөрүүг зохицуулж байгаа гэсэн нэрийдлээр дундаас нь 800 мянган ам.долларыг завшсан хэрэг түүнтэй холбоотой. Бас “Эрдэнэт”-ийн захирал байхдаа өөрөө тушаал гаргаж 50 гаран мянган долларын үнэтэй цоо шинэ “Ланд ровер” авч унасан байна. Үүнийг нь ТӨХ, аудитын газар шалгаж хөдлөшгүй тогтоожээ. Найз Ц.Нямдорж нь энэ хэргийг нь хааж туслажээ. Хариуд нь 2008 онд гарцаагүй унах байсан Ц.Нямдоржийгоо дэмжиж өөрөө унаж өгчээ. Энэ тухай Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр аль аль нь мэдэж байгаа. Гэхдээ Ц.Элбэгдорж лав хэлэхгүй. Харин Н.Энхбаяр нь хэлэх болов уу? Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсны энэ хавтаст хэрэг прокурорын архиваас “алга болжээ”. Түүний ажлыг хийж байгаа Х.Наранхүү өөртөө биш, Монгол банкны Л.Пүрэвдоржид тушаал гарган машин “цохсон”-ыг Д.Дорлигжав Авлигатай тэмцэх газраар, эсхүл цагдаагаар сэлгэн шалгуулж байна. Эргээд өөрт нь ирвэл яах бол?
Дараа нь Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад М.Энхсайханд нам “тавиулсан”. Тэр үеийн МАХН-ын удирдлага Ц.Нямдоржоор дамжуулан түүнийг далдуур дэмждэг байсан нь илэрснээр тэр унаж түүнийгээ нотлох мэт нам дамнасан анхны бүлэглэл “Алтан гадас”-ын анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж түүхэнд нэрээ мөнхөлжээ. 2004 оноос хойш Засгийн газарт Мэргэжлийн хяналтын газрын дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байсан.
Тэгэхлээр хэдийдээ хуулийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж амжих вэ дээ? Энэ бүхнээс үзэхэд сүүлийн 15 жил хуулийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаагүй байгаа биз? Гэхдээ ажилласан болохын тулд өөрийн хөрөнгө оруулалттай хувийн сургуулиасаа 15 жил хуулийн хичээл заасан гэсэн хуурамч бичиг гаргуулснаар 15 жил хуулийн байгууллагад мэргэжлээрээ ажилласан байх ёстой гэсэн заалтад нийцүүлсэн баримт болгосон байна. Хууль зөрчиж прокурор болох гэж зүтгэхдээ бас л хууль зөрчиж хуурамч бичиг үйлдсэн нь Л.Сэргэлэн хуурамч бичгээр банкнаас мөнгө зээлснээс хэр ялгаатай вэ? Тэгээд ч улс төрийн намын даргаар ажиллаж байсан хүн анх удаа Ерөнхий прокурор болов. Хууль барихгүй, улс төр баримжаалж ажиллана гэсэн үг. Шинэ цагийн Вишинский биш биз? Олон хүн Ц.Нямдоржийг хууль зүйн сайд байхад найзыг нь прокурор болгож болохгүй ээ, наад хоёр чинь энэ улсыг баллаж тавина шүү, харин Б.Дэлгэрмаа чинь илүү шударга, боловсролтой хүн тул таарна гэж Ц.Элбэгдоржид хэлээд хэлээд бараагүй гэдэг. Б.Дэлгэрмаа нь хуулийн байгууллагад 15 жил ажиллаагүй болж таарчээ, үнэндээ Б.Дэлгэрмаа ч яг Д.Дорлигжав шиг тодорхойлолт авчихаж чадах хүн, чухам тиймээ бас л хувийнхаа сургуульд захирал хийж үзээд барсангүй, АН-ынхан эвгүйцэж элчин болгон холдуулжээ.
Сэргэлэнгийн хоёр хэрэг буюу инээж буй цөөврүүд
Харин Л.Сэргэлэн мөнгөө нэхэж шантаажилсан биш бүр баларч, хуурамч бичгээр зээл авсан асуудлаараа шалгагдаж шүүхэд дуудагджээ. Шүүх ч луйвар булхай нь тодорхой баримтаар нотлогдсон тул ял оноох нь ойлгомжтой байв. Л.Сэргэлэн “сэргэлэн эр” учраас яг ял оноохын даваан дээр “Үхэхдээ үхэр буугаа тавьж” шинэ нотлох баримт гаргаж хэргээ задалджээ. “Би “зээл”-ээр авсан мөнгөнийхөө 500 орчим сая төгрөгтэй тэнцэхийг нь “Улаанбаатар таймс” сонины хөрөнгө оруулалтанд зарцуулсан. Энэ төслийн ард томчуул байгаа. Би өмнө нь энэ тухай айгаад хэлээгүй” гэх зэргээр учирлаж, үүний дагуу шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.
Л.Сэргэлэн өөрийгөө “40 мянгатынх” гэж ярих дуртай С.Баяр ах дээрээ гүйж очоод энэ тухай ярив. С.Баяр хөмсгөө зангидаад “Нээрээн наад асуудлыг чинь аав чинь ярьж байсан юм байна. Н.Энхбаяр үнэхээр холбоотой юм уу? Тэгвэл “серьёзный” асуудал байна. Би Д.Дорлигжавт хэлье. Чи гомдол гаргаад өг” гэж зөвлөжээ. Тэрээр давхар нүүдэл бодож олжээ.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нөгөө талтайгаа хуйвалдаж унагаасан С.Баяр Д.Дорлигжавыг хууль зөрчин зөрчин байж Ерөнхий прокуророор томилох ажилд гар бие оролцсон тул нэгдүгээрт, Д.Дорлигжав руу утасдаж “захиалга” өгөх эрхтэй, хоёрдугаарт, “заналт дайсан” Н.Энхбаярт холбогдуулж хэрэг үүсгүүлэн түүний “амыг үдэх” зорилготой байжээ.
Л.Сэргэлэн “40 мянгатын ахынхаа” зөвлөсний дагуу хуучин танил Д.Дорлигжав дээр очиж, гомдлоо өгчээ. Д.Дорлигжав ч Ерөнхиийлөгчийн сонгуулиар туслаж, өрсөлдөгчийнх нь талаар “ноцтой материал” өгч зөөлөн суудалд хүрэхэд нь нэг гишгүүр тавьж өгсөн залууг уриалгахан хүлээн авч, гомдлыг нь “шалгуулахаар” цохов. Тэгэхдээ Л.Сэргэлэнд нэг тохирчээ. “Бид чамд туслана. Гэхдээ нэг л юм тохиръё. Чи Н.Энхбаярын эсрэг тууштай явна шүү. Бид хуурамч бичгээр банкнаас зээл авсан асуудлыг чинь нэг хэсэг “царцаана” \шалгахгүй гэсэн үг\. Тэгэж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусах байх. Хэрэг чинь цайрна. Гэхдээ тэр хооронд чи гомдлоосоо буцвал “царцаасан” хэргийг чинь сэргээнэ. Чи ял авах нь гарцаагүй юм байна билээ шүү дээ. Ойлгож байгаа биз, залуу минь…”
Ийнхүү Л.Сэргэлэн хэмээх сайнаар яривал “сандарсан”, муугаар хэлвэл “луйварчин” залууг Д.Дорлигжав барьцаалж, гомдол гаргасныг нь ашиглаж Н.Энхбаяр руу дайрах ажлаа эхэлжээ. Тэгээд ч өмнө нь Ц.Элбэгдорж улс төрийн өрсөлдөгчөөсөө өшөө авч, дараагийн сонгуульд замаа цэвэрлэхийн тулд Авлигатай тэмцэх газрын дарга Сангарагчаад “авлигын загалмайлсан эцэг”-ийг барьж шоронд хийх улс төрийн даалгавар өгч байсныг Д.Дорлигжав санаж “давхар ачжээ”.
“Улаанбаатар таймс”-ын хувьчлалын асуудлаар Н.Энхбаярыг наад зах нь “нуман тулгуурт оруулах”, болж өгвөл хэрэгт хутгах сонирхол нь МАНАН-д, тодорхой хэлбэл ил далд эзэд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Т.Бадамжунай нарын олон хүнд байсан нь Л.Сэргэлэнд төвлөрсөн зангидагджээ. Ийнхүү “балгасны хэрэг” энэ удаад Монголын “хамгийн том, буруу хувьчлал”-ын жишээ болжээ. Тэгээд ч энэ очийг сайн үлээвэл “утаа манан”-гийнх нь цаана “Оюу толгой”, “Таван толгой”, “Сонгуулийн худал амлалт”, УИХ-ын гишүүдийн тэрбум төгрөгийн луйвар /энэ жил хоёр тэрбум болсон/ гэх мэт нурсан байшингаас хэдэн мянга дахин том асуудлаас олон нийтийн анхаарал нь сарнина гэж тооцоолжээ.
Гэтэл үнэн хэрэгтээ “Улаанбаатар таймс”-ын хувьчлал бол Улаанбаатар хотод болсон бусад хувьчлалыг бодвол харин ч хамгийн шударга хувьчлал болсон байдаг, энэ нь хотын удирдлага шударгатаа биш харин эрх ашгийн зөрчил дунд хотынхон улстөрийн өндөрлөгөөс бууж буйг далимдуулан Н.Энхбаярыг чадах гэж улайрснаас эхтэй. “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” сан, “Улаанбаатар” даатгал, “Улаанбаатар” телевиз, “Улаанбаатар” радио, “Тэнгис” кинотеатр гээд хувьчлагдсан обьектуудыг шалгавал мөн ч их булхай илэрнэ. Гэхдээ ямар ч булхай байсан шалгах улс төрийн зорилго, шалтгаан байхгүй учир хууль хяналтын байгууллагууд МАНАН-гийн гарт байгаа цагт шалгана гэж байхгүй. Цөөврүүд тачигнатал инээж байгаад ганцаардсан арсланг яаж барьдаг билээ тийм л юм болж байгаа байхгүй юу. Гэвч арслан бариултлаа их юм болно, хамгийн түрүүнд дайрсан тэнэгийг нь лав хэмхээд хаячихна. Ц.Нямдорж түрүүлж дайраад хэмхүүлчихлээ. Дараагийнх нь хэн бэ? Нэг нэгээрээ бол бүгд л хэмхүүлж дуусна. Харин тэд бөөнөөрөө дайрах чадвартай бил үү? Цөөрөх тусмаа аягүй бол нэгнээ барьж арсланд зуйрахаас буцахгүй дээ. Энэ гоё баримтат кино болно шүү. Хэн хэнийх нь зөв, хэмхэлдээд бай гээд л хараад байхаас яахав.
“Операци” эхлэв
Л.Сэргэлэнгийн гомдолыг шалгах “операци” ч эхлэв. Цагдаад өгөв. Цагдаа нь ч Д.Дорлигжавын амласны дагуу Л.Сэргэлэнгийн хуурамч бичгээр зээл луйвардсан асуудлыг шалгахгүй царцаав. Оронд нь “Улаанбаатар таймс”-ын хувьчлалын асуудлыг шалгах ажилд ханцуй шамлан оржээ.
Энэ хооронд Д.Дорлигжавт гадаадаас “мэссэж” ирэв. Иргэн Д.Энхбатыг хулгайлж, хүний эрхийг улс төрийн зорилгоор зөрчсөн хэмээн сэжиглэж, Германы гаргасан нэхэмжлэлийн дагуу Герман руу илгээгдэх эсэх талаар Английн шүүхийн шийдвэр гарахыг хүлээж, Английн шоронд сууж байсан Б.Хурц энд болж буй улс төрд идэвхтэй хутгалдаж байгаа нь тэр. “Т.Бадамжунайг битгий хэрэгт оруулаарай. Харин Н.Энхбаярыг дахин улс төрд оруулахгүй байх бүх арга хэмжээг ав” гэсэн утгатай мэссэж. Д.Дорлигжав Ерөнхий прокурор болмогцоо Б.Хурцын хэргийг хүчингүй болгосон. Ер нь Д.Дорлигжавын Ерөнхий прокурор болсноосоо хойш хүчингүй болгосон хэргүүдийг үзвэл нэн их “но” гарна гэж прокурорынхан дотроо ярьж, дургүйцэж байгаа.
Саяхан Б.Хурц Ц.Элбэгдоржийн “дэмжлэгээр” Авлигатай тэмцэх газрын орлогч даргаар очив. “Авлигачид авлигатай тэмцэх газрын удирдлагад очно” гэдэг бол энэ байгууллага үнэнийг тогтоохын тулд ажиллах биш, харин улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэг төвөгт холбогдуулахын төлөө зүтгэнэ гэсэн үг хэмээн хүмүүс ярьцгааж байна. “Шивэр авир” ч биш шууд, шулуухан хэлж байгаа. Тухайлбал “Ийгл” телевиз мэтийн “урт чихтэй” хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр Б.Хурц Н.Энхбаяраас “өшөө хонзон” авах “даалгавар”-тай очсон гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Тийм ч учир “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлыг Авлигатай тэмцэх газар, Цагдаа гэсэн хоёрын хоёр байгууллагын дундаас томоохон ажлын хэсэг гарч дарга нарынхаа урьдчилан гаргасан дүгнэлтийг батлахын тулд ажиллаж байгаа. Саяын томилгоо ч энэ ажилтай холбоотой гэж үзэх хүн олон байна. Энэ бол улстөрийн томоохон тоглоом. Харин үүнд нь Т.Бадамжунай, М.Энхболд, Сү.Батболд, С.Баярмөнх, Дашдорж, Т.Билэгт тэр үеийн хотын өмчийн газрынхан холбогдох л болно. Ц.Элбэгдорж үүгээр далимдуулж МАХН төдийгүй МАН дахь дайснаа дарна гэж хошгирч яваа, дардаггүй юм гэхэд С.Баярыг ганцаардуулна гэж тооцож байгаа юм.
Эхлээд тэнэгээрээ Ц.Нямдорж дайрав. “Буруу хувьчлал болсон” гэсэн чекист дүгнэлтээ зарлав. Коммунист дэглэмийн үед эхлээд “Лхүмбийн хэрэг” гэсэн нэртэй хэрэг үүсгэчихээд дараа нь түүндээ Лхүмбэ гуайг холбогдуулдаг тэр л чека ажиллагаа. Тэгснийгээ ч хожим улайм цайм ёстой л түс тас хэлчихсэн. Манай хүн ч “шударгаар сэтгэлээ онгойтол ярьчихдаг” хүн шүү дээ. Бодсоноо, төлөвлөснөө шууд л хэлнэ. Нэгэнт сайд тийм дүгнэлт гаргасан учир харъяанд нь байдаг цагдаа үнэн зөв шалгах биш, сайдын урьдчилан гаргасан зөв мэргэн дүгнэлтийг л баталгаажуулан нотлохоор ажиллана. Баталбал сайн, батлахгүй бол муу. Гэтэл ардчилсан нийгэмд яг эсрэгээрээ байдаг байхгүй юу.
Бусад орныхыг бодвол манай цагдаагийн ажил хамаагүй амар болсон. Хуулийн дагуу нарийн шалгалт хийх, шударга ажиллах, нотлох баримт цуглуулах зэрэг ажил хийх хэрэггүй. Сайдын гаргасан дүгнэлтийг л яаж ийгээд батлах нь гол ажил нь. Баримт нотолгоо нь авцалдахгүй, таарахгүй байх нь хамаагүй. Яаж ийгээд тааруулна. Хууль хяналтын байгууллага ажиллаж байна гэж айлгана. Дуртай хүнээ бариад шоронд суулгана. Элдвээр дарамталж байгаад дуртай мэдүүлгээ хэлүүлж авна. Ц.Нямдорж тэр бүхнийг баталж, дэмжиж, өөгшүүлж цагдаагийн хууль бус ажиллагааг юмын чинээ бодохгүй, болох ёстой юм болж байгаа юм шиг ярилцлага өгнө: “До.Чулуунбаатар хүний төлөөнөөс шоронд хоёр гурван сар суусан. Хоёрын зэрэг хүн цагдаагийн ажиллагаанаас айж хөнгөхөн цус харвасан…” Царайг нь харвал аймхай новшнууд өрөвдөх хэрэггүй гэсэн кино-комиссарын хүйтэн төрх.
Хүний төлөөнөөс хүн шоронд суулгадаг, хэргийн материалтай гүнзгий танилцаж, хэн ямар байдалтай байгаа, цус харвасныг нь хүртэл мэдэж байдаг мундаг сайд байгаа биз? Ажлаа мэддэг сайд гэдэг юм энийг. Хууль зүй, дотоод хэргийн сайд гэж хууль биелүүлнэ гэсэн үг огт биш. Харин хуулийг өөртөө ашигтайгаар ашиглаж, юу дуртайгаа хийнэ гэсэн үг. Өөрийгөө болон өөрийнхөө хань хамсаатныг шалгуулахгүй. Нутгийн найзтайгаа хамтран хууль хяналтын байгууллагуудыг хяналтандаа авна. Өмнөөс нь өрвөлзсөн болгоныг, өмнө нь өшөө хорсолыг нь төрүүлсэн болгоныг хэрэгт хутгана.
Гэхдээ ажил ихтэй байдаг хүн дээ. Ингэж өрсөлдөгчдөө хань хамсаатантайгаа нийлж хэрэг төвөгт холбогдуулах үндсэн ажлаа хийхийн хажуугаар ард түмнээ айлган сүрдүүлэхээ ч мартахгүй. Сонгууль дөхөж байна. Бэлтгэлээ ханганаа. Бусад оронд сонгуульд яаж бэлддэг билээ? Сонгуулийн амлалтаа биелүүлэх. Алдаа дутагдал гарсан байвал засах. Шүүмжлэлд өртөөд байгаа асуудлыг анхаарах, албан тушаалтантай хариуцлага тооцох. Ард түмэнтэйгээ ойртох. Харин манайд бол үгүй. Тэгэж маяглах, нялуурах зав алга.
Цаана чинь МАНАН дунд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй том “бялуу” хуваах ажил ид явагдаж байна. Тэрбум тэрбумаар нь “хүрздэж” байна. 76-лаа Ерөнхийлөгчтэйгээ хамтраад “төрөөс төрсөн тэрбумтнууд” болж байхад ард түмэнтэй нялцганаж нялуурах ямар зав гарахав дээ. Ц.Элбэгдорж “төрөөс төрсөн тэрбумтнууд”-ын тухай яриад байсан нь шүүмжлэл биш, харин өөрийнх нь зорилго байсан ажээ гэж яригдах боллоо. Харин Ц.Нямдорж бол зорилгоо тэгэж тойруулж ярихгүй. Угаасаа “шулуун шудрага” хүн учир шууд иргэдээ буудна” гэсэн хууль баталж, сонгуульд бэлдэх нь зөв гэж үзнэ.
Ингээд Ц.Нямдоржийн урьдчилж гаргасан “хувьчлал хууль зөрчиж болсон” гэсэн дүгнэлтийг батлах үйл ажиллагаа эхлэв. Гэхдээ хамгийн гол нь Н.Энхбаярыг хэрэг төвөгт холбогдуулах, болохгүй бол түүнтэй холбоотой байж магадгүй хүмүүсийг айлгах, аргадах, аргалах зэргээр түүний эсрэг юм хэлүүлэх зорилго тавив. Ингээд Н.Энхбаяраас Соёлын гавъяат авцгаасан Ж.Саруулбуян, До.Чулуунбаатар, мөн Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгаагийн ах Б.Хуяг нар руу дайралт хийж эхлэв. Б.Хуяг ч Н.Энхбаярын дэргэд байвал хуулийнхан хуульгүйгээр “алах” нь гэдгийг гадарлаж, амь амьдралаа бодож гадаадад “сурахаар одож”, хуулийн зөвлөх нь байсан Ш.Раднаасэд бас хурданшүхрээ сольж, У.Хүрэлсүхийн туслах болов.
Ингээд цагдаагийнхан До.Чулуунбаатарыг хамгийн томоотой учир баривчилж, сайдынх нь хэлснээр “хоёр-гурван сар хүний төлөөнөөс шоронд суулгав”. До.Чулуунбаатар: “Би Улаанбаатар хотын удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу хувьчлалын мөнгө төгрөг төлж, сонины хамт олны эрх ашгийг хамгаалж, цалинг нь тавьж, хуримтлагдсан өр төлбөрийг нь төлж байсан. Л.Сэргэлэнгийн оруулсан гэх мөнгийг би сайн мэдэхгүй. Надаас өмнө болсон хэрэг явдал” гэв. Мөрдөн байцаагчид дээрээс өгсөн даалгаврын дагуу До.Чулуунбаатарыг олон сар хорихдоо: “Бусад хүмүүс дандаа чиний эсрэг мэдүүлэг өгсөн. Чи Н.Энхбаярын тухай хэл” гэж зориуд айлган сандаргах санаатай тулган шаардаж байв. До.Чулуунбаатар: “Би үнэнийг хэлэх ёстой юу? Тэгвэл түрүүн хэлснээс илүү нэмж хэлэх юм алга” гэж байв.
Ж.Саруулбуянг саатуулан суулгах гэтэл тэр газар дээрээ ухаан алдаж унаад, дээрээс нь М.Энхболд дэмжлэг үзүүлээд эмнэлэгт хэвтүүлэв. С.Баярмөнхийг гадаадаас ирэхэд нь гадаад паспортыг нь хурааж аваад, шууд сэжигтнээр татаж, мэдүүлэг авав. С.Баярмөнх: “Би “Улаанбаатар таймс” сонины хувьчлал эхэлж байх үеийн юмыг мэднэ. Тэрнээс хойш сайн мэдэхгүй” гэжээ. Гансүхийг болохоор тээр хойно дуудаж асуусан болов. Гансүх: “Би юу ч мэдэхгүй, анх надтай Ж.Саруулбуян холбоо бариад хуулийн зөвлөгөө өгөхгүй юу? гэхэд нь тэгэе гэсэн, гэтэл сүүлд сонсоход хувь эзэмшигчээр оруулсан байна лээ” гэж мэдүүлэв.
“Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” Т.Бадамжунайгаас гэрчийн мэдүүлэг авах гэж оролдсон боловч “аргатай” сайд аргалаад гэрчийн мэдүүлэг өгсөнгүй. Дуудахад нь ч очсонгүй. Хурц Д.Дорлигжавт Т.Бадамжунайг хэргээс мултал гэсэн “мэссэж” явуулсаныг дахин сануулахад илүүдэхгүй. М.Энхболд, Сү. Батболд нараас “айгаад” мэдүүлэг авсангүй. Монголын цагдаа доодос хатуу дээдэст нялуун гэж энэ. Тэгээд ч тэдний шууд оролцоотой, эсхүл эс оролцоотойгоор улс төрийн зорилгоор өдөөсөн хэрэг учир тэд нараас мэдүүлэг авах ч шаардлага байсангүй. Ц.Дашдорж гишүүнээс мэдүүлэг авахад “Би энэ төслийн эхний үеийг л мэднэ, сүүлд нэг их анхаараагүй. Согоосүрэнгийн хувиа өгчихсөн тул хамаагүй болсон” гэжээ.
Тэгж тэгж Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авав. Н.Энхбаяр тавьсан тодорхой асуултуудад нь хариулчихаад: “Энэ бол улс төрийн зорилгоор миний эсрэг зохиомлоор үүсгэж байгаа хэрэг. Та нарын чиглүүлсэн асуултуудаас ч ил харагдаж байна. Цаанаас өгсөн захиалгаар Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар хийж байгаа ажил. Түүнийг нь тэд нарын “гар хөл” нь болсон Сандаг-Очир генерал удирдаж хийж байгаа. Цагдаагийн жирийн ажилтнуудыг шууд буруутгах юм алга. Гэхдээ улс төрийн зорилгоор хүнийг хэрэг төвөгт хутгах зэвсэг нь болж болохгүй гэдгийг анхааруулъя. Би хууль зөрчсөн ямар ч юм хийгээгүй. Та нар ч өөрсдөө үүнийг ойлгож байгаа шүү дээ” гэжээ.
Улаанбаатар хотын Г.Маналжав, М.Ганбаатар гэх мэт дунд шатныхныг заримыг нь гэрчээр, заримыг нь сэжигтнээр татаж айлгав. Айсандаа жижиг түшмэлийн увайгүй зангаар даргыгаа барьж өгч, хариуцлагаас мултрахын тулд “Бүх юмыг Т.Билэгт дарга л мэднэ” гэж чихээд бултжээ.
Т.Билэгтийг сэжигтнээр татав. Сандарсан Т.Билэгт Н.Энхбаяртай уулзаж, юу болоод байгаа тухай ярилцахад цаадах нь “Энэ бол улс төрийн зорилгоор үүсгэсэн зохиомол хэрэг. Буруу зөрүү юм хийсэн юм байхгүй учир айх юм алга. Та ч гэсэн хууль зөрчөөгүй юм бол юунаасаа айдаг юм бэ” гэжээ. Т.Билэгт: “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг учир болгоомжтой байхаас аргагүй. Тантай уулзахаасаа ч айж байна. Улс төрийн зорилготой учир улс төрийн аргаар л зогсооно. Та Сү.Батболдтой уулзаж, энэ талаар хэлээч” гэв. Удалгүй Т.Билэгтийн “зүрхээр хатгаж”, эмнэлэгт хэвтэв.
Хожим нь Ц.Нямдорж: “Хоёрын зэрэг хүн багахан цус харвасан” гэж асуудлыг их нарийн мэдэж байгаа гэдгээ хүмүүст харуулах гэж онгирч хэлсэн, харин үнэн хэрэг дээрээ бол мөрдөн байцаалтанд байгаа материалтай ХЗДХ-ийн сайд хэмээх улс төрийн албан тушаалтан танилцаж, чиглүүлж болохгүй, мөн нууцыг задалж болохгүй гэсэн хуулийг зөрчиж, өөрөө өөрийгөө илчилсэн. Тэр “хоёрын зэрэг хүн” нь Ж.Саруулбуян, Т.Билэгт нар юм.
Н.Энхбаяр ч Т.Билэгтийн гуйсны дагуу М.Энхболд, Сү.Батболд нартай уулзав. “Юу болоод байгаа юм бэ? Ямар ч хууль зөрчөөгүй байхад юу гэж оролдоод байгаа юм бэ? Шалгах гээд байгаа бол бүгдээрээ шалгуул. Та нар ч шударгаар шалгуулах хэрэгтэй” гэжээ. М.Энхболд: “Ерөнхий сайд Сү.Батболд бид хоёр Ц.Нямдорж сайдтай уулзаж, энэ ямар ч утгагүй асуудлыг шалгуулах хэрэггүй. Хууль зөрчөөгүй, тэгээд ч манай намд ашиггүй гэж хэлсэн. Гэхдээ Ц.Нямдорж сайд миний үгэнд орохгүй байна. “Та нарыг сугална, хэрэгт оруулахгүй. Гэхдээ Л.Сэргэлэн гэдэг хүн хохирчихсон байгаа” гээд байна” гэжээ.
Сү.Батболд: “Энэ бол Д.Дорлигжавын үүсгэсэн хэрэг. Ц.Нямдорж энэ хоёр хоорондоо холбоотой ажиллаж байгаа. Би цаанаас нь чиглүүлж байгаа юм байхгүй. Хэдийгээр би Ерөнхий сайд, намын дарга ч гэсэн Ц.Нямдорж миний үгэнд орохгүй байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд миний характер тийм юм бол уу даа, би энэ асуудлын хойноос өөрөө хөөцөлдөхгүй байгаа, М.Энхболд шадар сайдад хариуцуулсан. Эхнэр, хүүхэд оролдох тухайд бол би амлая, ёстой тийм юм байж таарахгүй. Би хариуцъя” гэжээ. Ингэж албан тушаалтнууд дор дороо асуудлыг өөрсдөөсөө зайлуулахыг оролдов.
Ц.Нямдорж ч М.Энхболд, Сү.Батболд нарт хэлсэн үгэндээ хүрч тэднийг “хэрэг”-ээс “мулталж”, харин гэнэт Л.Сэргэлэнд “хайр зарлаж”, түүнийг “хохироосон” гэх Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг “буруутан” болгох ажлаа үргэлжлүүлэн хийв. До.Чулуунбаатарыг үнэн хэрэг дээрээ дөрвөн сар орчим шоронд хорив. Янз янзын аргаар түүний амнаас өөрсөддөө хэрэгтэй үг унагаах гэж оролдов. Тэр битгий хэл түүнийг “тагнах”-ын тулд өөрсдийнхөө нэгэн “бууны нохой” болох Дагиймаа сэтгүүлчийг хүртэл явуулав. Дагиймаа шинэ шоронгийн тухай сурвалжлага хийх гэсэн нэрийдлээр шоронд орж, дотуур нь явж байгаад “гэнэт” До.Чулуунбаатарыг эргэж тойрох хүсэлт гаргаж байгаа мэтээр уулзах “жүжиг тоглож”, түүнийг элдвийн үгээр уяруулж, үг унагааж, бичлэг хийх гэж оролдов. До.Чулуунбаатарт хичнээн уярсан ч амнаас нь “унах үг” байхгүй байсан учир Э.Дагиймаа болон түүнийг явуулсан “эзэд”-ийнх нь хүсэн хүлээж байсан тэр үг, нэр амнаас нь унасангүй. Гэхдээ Э.Дагиймаа зориуд “До.Чулуунбаатар гуай уйлсан, ёстой аймшигтай юм ярьсан, бичлэгийг нь нууцаар хийсэн, удахгүй цацна” гэсэн утгатай худал цуу яриа тараав.
Э.Дагиймаа До.Чулуунбаатар хоёр
Тухайн үед хүмүүс Э.Дагиймаа яагаад “Улаанбаатар таймс” сонины асуудалтай холбоотойгоор ингэж идэвхжив ээ? гэж гайхаж байлаа. Удахгүй өрнөсөн үйл явдал энэхүү асуултад тодорхой хариу өгсөн. Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага “Улаанбаатар таймс” сониныг хувьчилж авсан До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нь гэрээнд заасан “өр төлбөрийг барагдуулна” гэсэн заалтыг биелүүлээгүй гэсэн шалтгаар, үнэн хэрэг дээрээ үнэхээр зарцуулсан нь үнэн эсэх, зарцуулсан ч яг хэдийг зарцуулсан нь тодорхойгүй, ямар ч байсан үүргээ биелүүлээгүй Л.Сэргэлэнгийн мөнгө хэмээх шүүхээр шийдэгдээгүй тул өгөх ёсгүй мөнгийг өгсөнгүй гэж хувьчлалыг хүчингүй болгож, хүний хуулийн дагуу авсан өмчийг хууль бусаар “дээрэмдсэн”. Одоо болохоор цагдаа нар шахаж шаардсан учир тийм шийдвэр гаргасан гэж тайлбарлахыг оролдож байгаа. Цагдаа нар нь ч цагдаа нар. Шүүхийн шийдвэр гараагүй байхад аль нэг талд нь орж, нэгийг нь зөвтгөж, өмгөөлдөө авсныхаа хэргийг хүртэл шалгахгүй царцааж, нөгөөг нь буруутгаж, хэрэг хийгээгүй байхад нь хүртэл орон шоронд оруулж хэлмэгдүүлнэ, элдвийн дарамт шахалт үзүүлж, хууль зөрчиж ажиллана. Тэгснийгээ албан тушаал, погооноороо хамгаална.
Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага цагдаа нарын шахалтанд орсноор өөрсдийгөө зөвтгөж, хуулийн дагуу явагдсан хувьчлалыг хүчингүй болгоод зогсохгүй хууль зөрчсөн гурван том үйлдлийг санаатайгаар хийсэн.
Нэгд, 2011 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлаар “Улаанбаатар таймс” сонины өмч хувьчлалын vр дvнг гэнэт яаравчлан хэлэлцэж, менежментийн багийн хувьчлалыг хvчингvй болгосон. Шүүх өмч хувьчлал зөв буруу явуулсаныг шийдээгүй байхад ийм шийдвэр гаргасан нь хууль бус. Хоёрт, нийслэлийн 2011 оны төсөвт тусаагүй ч Л.Сэргэлэнгийн “хохирсон” хэмээх мөнгө буюу 493 сая төгрөгийг Л.Сэргэлэнд хууль бусаар гаргаж өгсөн. Гуравт, Захиргааны шүүхээс “Улаанбаатар таймс”-ын хувьчлалыг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн үйлчилгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж хүргүүлсээр байтал давж заалдаж буй нэрийдлээр мэдэн будилж хуурамч дуудлага худалдаа явуулж, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар дахин хувьчилсан байгаа. Тэгээд хувьчилж авсан нь хүн нь хэн гэж бодож байна? Таахгүй байна уу? Нөгөө До.Чулуунбаатарын тухай элдвийн цуу яриа тараагаад байсан Э.Дагиймаа. Ц.Нямдорж бол “ТВ-5” телевизийнхний эцэг шиг байдаг хүн л дээ. Ганбаяр гэдэг нэг сэтгүүлчийг татаж Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгуульсан. “Ургах наран” хэмээх хорооллын тухай нэвтрүүлэг хийсний шан. Зарим учир мэдэх хүний ярих нь Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын Увсын мафи энэ улстөр-санхүүгийн нарийн төлөвлөсөн өргөн далайцтай махинацийн явцад хэвлэх үйлдэрийн газрыг өөрсдийн мэдэлд авсан ба түүнийгээ шударга үйлс болгохын тулд Н.Энхбаяраар оролдож байж ч болзошгүй гэнэ. “Улаанбаатар таймс” сонины хувьчлал хэмээх “зохиомол” хэрэг уршиг тарьж, До.Чулуунбаатар хилсээр шоронд сууж байхад, Э.Дагиймаа тэнд хаяагаа хадарч, “хэлмэгдсэн” мэргэжил нэгтнээ өмөөрөхийн оронд “мууг нь үзэх” гэж шиншилж явсан байх нь.
Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй баахан хэл аманд өртөж байсан Э.Дагиймаа До.Чулуунбаатарын ар худрагаар Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаярын нохойд барьдаг “мод” нь болж, гэнэт баяжаад хагас тэрбум төгрөгөөр “Улаанбаатар таймсыг “хувьдаа” авав. Нөхөр нь “том бизнесмен” юм гэнэ. Ийнхүү Монголд Ц.Нямдорж гэнэт “ядуурч”, “түрээсийн амбаарт” амьдарч Э.Дагиймаа гэнэт “баяжиж”, “Улаанбаатар таймс” сонины эзэн болов.
Хувьчлал ч гэж дээ. Ийм нөхөд хуулийн дагуу ажиллана гэж үү? Э.Дагиймаа хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтааж төлөх ёстой 500 сая төгрөгөө төлөөгүй. Тэгсэн ч “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчлаад авчихжээ. Өмнө нь мөнгөө төлөөгүй гэсэн шалтгаар хувьчлалыг буцаачихаад одоо болохоор мөнгөө төлөөгүй байж очоод суучихсан, хотоос санхүүжилт авахаа тохирчихсон, захиалгат өгүүллүүдээ бичээд сууж байна. Хэрэв ахиад хувьчлал буцвал өөрөө сурвалжлуулах л ажил хийгээд байх шиг, тэр хүүхэн.
Улсын прокурор, цагдаагаас Улаанбаатар хотын албан тушаалтнууд-Т.Билэгт, Г.Маналжав нараас эхлээд бүгдийг нь хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улаанбаатар хотын удирдлага хууль зөрчөөгүй бол тэдний шийдвэрээр ажилласан До.Чулуунбаатар нар яагаад хууль зөрчсөн болж одоо болтол сэжигтэн нэр зүүж явдаг билээ? гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдана.
Гэтэл хувийн өшөө хонзондоо “сохорсон” Ц.Нямдорж сайдынхаа даалгаврыг авсан шинэ цагийн ногоон малгайтнууд хуулийн хана хэрмийг талхчин урагш зүтгэсээр. Сүүлийн үед МАХН-ын рэйтинг өсч, “МАХН-МҮАН” эвсэж эхэлж байгаа нь МАНАН-гаас салахыг хүссэн ард түмэнд нэгэн ёсны “Хогилын үзүүр дэх гэрэл” болж байгаа тул айж түгшсэн МАНАН-гийн удирдлага тэр хонгилыг бөглөхийг хүснэ. Харин Ц.Нямдорж өөрийн булхайтай үйлээ намынхаа төлөө хийж буй баатарлаг гавъяа мэт сүржигнэж, эрх баригчид түүнийг нь чимээгүй өөгшүүлж буйд цагдаагийнхан даварч Н.Энхбаярыг гэрчээр бус сэжигтнээр татахын тулд мэдүүлэг авах гэж оролдов.
Н.Энхбаярыг дарвал МАХН устана
Прокурор, цагдаагийн удирдлагууд мөрдөн байцаагчдыг ажил дээрээ байх суухын аргагүй болтол шахаж Н.Энхбаярыг олж ирэхийг даалгаж байв. Энэ бүхнийг эхнээс нь яс махаараа мэдэрсэн Н.Энхбаяр нэгэн цагт нөмөр нөөлөгт нь багтаж, өндөр албан тушаалд хүрсэн, “Н.Энхбаярын Асар, Басар” гэж шоолуулдаг байсан Ж.Бямбадорж, Ц.Нямдорж хоёрт “мэссэж өгчээ”.
Хэдэн сар холбоогүй явсан Ж.Бямбадорж хүн чанартайгаараа очиж уулзаж, үйл явцыг шүүн ярилцжээ. Н.Энхбаяр Ж.Бямбадоржид: “Цаад Ц.Нямдорж чинь өширхөөд бүр солиорчихож. Намайг бараг бүтэн жил шалгаж байгаа нь энэ гэж тэнэгтэж өгч байгаа. Намайг шалгах ч яахав. Хууль зөрчсөн юм байхгүй юм чинь юу ч олохгүй. Хамгийн их дургүй хүргэж байгаа нь эхнэр, хүүхдийг маань оролдож байна. Тэгэхлээр чи цаадахдаа нэг юм хэл. Уг нь би ямар нэгэн алдаа гаргасан бол хамгийн түрүүн зөвлөж асуух хүн хэн байх вэ? гэвэл та хоёр гэж боддог байлаа. Тэгэхлээр алдаа гаргаагүй учир та хоёрыг зовоох шаардлага байсангүй. Гэтэл алдаа гаргаагүй байхад алдаа гаргасан болгох гээд улайраад байгааг би хүн чанар талаас нь ойлгохгүй байна. Хүнээ алдсан юмнуудад энийг хэлж ойлгуулах хэрэгтэй байна. Нэгд: Хүний ёсоо гээсэн гэхэд хууль талаасаа, хүний эрхийн талаас нь ч ингэж болохгүй. Тэгээд ч чи нөхрийн хувьд ийм балай юм болж байгааг болиулах ёс суртахууны үүрэгтэй. Хоёрдугаарт, Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд ийм илт хуулийг уландаа гишгэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа юмыг бас таслан зогсоох ёстой” гэж шаарджээ.
Ж.Бямбадорж: “Тийм ээ, би ч иймэрхүү юм болох гээд байгааг эртнээс гадарлаж л байсан. Цаадуул чинь яаж ч магадгүй улс шүү. Би Ц.Нямдоржтой уулзая. Утсаар яриад дэмий. Нүдийг нь харж байгаад таны хэлснийг хэлэе. Надад ч хэлэх ёстой үг байна, түүнийгээ хэлэе” гэсэн байна.
Тэгээд Ж.Бямбадорж Ц.Нямдоржтой уулзаад Н.Энхбаяр руу хариу утасджээ. “Ц.Нямдоржтой уулзлаа. Хоёр юм хэлж байна. “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо Авлигатай тэмцэх газрын дарга Сангарагчаад “Авлигын загалмайлсан эцэг” Н.Энхбаярыг шалгаж, шоронд хий гэсэн даалгавар өгөхөд би хүмүүсийн дэргэд өмөөрч, ингэж нэг хүний эсрэг улс төрийн зорилгоор даалгавар өгч хэлмэгдүүлж болохгүй гэсэн. Одоо харин тусалж чадахгүй. Хууль зөрчсөн нь баталгаатай юм билээ” гэж байна. Би хариуд нь: “Өөрөө хууль зөрчөөгүй гэж байна лээ. Зөрчсөн зөрчөөгүйг нь хоёр талаас ярих нь утгагүй. Шүүх тогтоодог. Харин чи бид хоёр Н.Энхбаяр гэдэг хувь хүнтэй арай ингэж харьцах ёсгүй дээ” гэлээ. Нүдийг нь ч харлаа. Цаадах чинь улайрчихсан байна. “Чамайг Н.Энхбаяр явуулсан уу?” гэж байна. Би: “Тийм ээ. Явуулсан, гэхдээ явуулсан явуулаагүй би ч бас өөрөө чамтай уулзъя гэж бодож байлаа” гэж хэллээ. Гэтэл ойлгохыг ч хүсэхгүй байна. Та Сү.Батболдтой уулзаж, байдлыг яривал ямар бол. Би тэр нь зөв гэж бодож байна. Цаадахын чинь улайрсныг хараад аль болохоор түргэн хугацаанд улс төрийн аргаар өөрийгөө хамгаалахгүй бол болохгүй нь гэж бодлоо. Цаадуул чинь яаж ч мэдэх улс шүү дээ. Манай байгууллагын хувьд зөвлөмжөөс цааш хэтрэхгүй дээ” гэсэн байна.
Н.Энхбаяр цагдаагийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг хянах ёстой прокурорын байгууллагын удирдлагатай уулзахаар Д.Дорлигжавтай утсаар ярьж уулзах цаг товложээ. Тохирсныхоо дагуу яваад очтол туслах нь Д.Дорлигжавтай орж уулзчихаад гарч ирээд: ”Өнөөдөр гэнэт ажил гарчихлаа. Тантай маргааш уулзая гэж байна. Өөрөө тан руу утасдана гэнэ ээ” гэжээ. Н.Энхбаяр ч “Уулзахгүй зугтаж байна, эд нар хамтдаа ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна” гэж боджээ. Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч ярьсан.
Түүнийг нь батлах гэсэн мэт цагдаагийн байгууллагын ажилтнууд сайд, дарга нар болон прокуроруудын шахалтын дагуу Н.Энхбаярыг хэрэгтэн болгох гэж оролдсоор. Заавал “сэжигтэн болго” гэж дээрээс өгсөн даалгаврын дагуу сэжигтнээр татах гэж зүтгэнэ. Уг нь мөрдөн байцаагч өөрөө хэргийн шалгалтын явцад хэнийг гэрч, хэнийг сэжигтнээр татахаа бие дааж тогтоох эрхтэй. Энэ хэрэг гэгчийн хувьд Н.Энхбаярыг сэжигтнээр татах ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл манайд сайд, дарга, прокурорууд шүүхээс өмнө урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ доод албан тушаалтнуудаар батлуулах гэж ажилладаг тул “сэжигтнээр тогтоох” үүргийг дээрээс мөрдөн байцаагч нарт өгчээ. “Сэжигтнээр тогтоох”-ын тулд Н.Энхбаяраас ямар нэг мэдүүлэг авах, мэдүүлэг авах нэрийдлээр дуудаж ирүүлэх шаардлагатай байв. Ингээд Н.Энхбаярыг “мэдүүлэг өгөх” шалтгаар дуудав.
Гэвч бүтэлгүй цагдаа нар зарлан дуудахаа амралтын өдрүүдийн өмнөхөн өгч таарчээ, дээр нь өмгөөлөгч нь гадаадад томилолтоор 7 хоногийн хугацаатай явсан байжээ. Гэтэл цагдаагийнхан өмгөөлөгчгүй байцаах боломжийг алдахгүйн тулд өмгөөлөгчгүй ирж мэдүүлэг өгөхийг давчдан шаардаж эхэлжээ. Н.Энхбаяр цагдаад өмгөөлөгчөө гадаадад томилолтоор явсан тухай холбогдох байгууллагын лавлагаа албан бичгийг, мөн өөрөө өмгөөлөгч нь гадаад томилолтоос эргэж ирэхэд нь очиж мэдүүлэг өгнө гэсэн утга бүхий бичиг өгүүлэх гэсэн боловч цагдаагаас зориуд муйхарлаж эхэлжээ. Сайд болон удирдлагынхаа шахалтын дагуу Н.Энхбаярыг хүч хэрэглэн албадан авчрах даалгавар өгч, машинтай цагдаа нарыг офис руу нь явуулав.
Тэртээ тэргүй хууль хяналтын байгууллагуудын жил шахуу хугацаанд удаа дараа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрийг нь улс төрийн зорилгоор хэрэг төвөгт холбогдуулах гэсэн зорилгын нотолгоо хэмээн Н.Энхбаяр мэдэгдсээр байлаа. Эцэст нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн зөвлөснөөр өөрийнх нь эсрэг улс төрийн зорилгоор “бүрдүүлсэн” хэргийн талаар олон түмэнд мэдээлж, улс төрийн аргаар Ц.Нямдорж болон түүний цаад эздийнх нь хууль зөрчсөн үйл ажиллагааг илчлэхээр шийдэв.
Тэгээд хамгийн сонирхолтой үндэслэл тавив. Бүгдээрээ хамтдаа шалгуулъя. Өнөөгийн МАНАН-гийн удирдлага цэвэр биш нь тодорхой. Ялангуяа хувийн өшөө хонзонд хөтлөгдөн, МАНАН-гийн удирдлагын ил, далд түлхээст хатгааст автан өөрийг нь улс төрийн зорилгоор хэрэг төвөгт холбогдуулах гэж удаан хугацаагаар улайран хөөцөлдөж байгаа Ц.Нямдоржийг албан тушаалаасаа огцорч, хамт шалгуулахыг уриалав. Цаана нь энэ хэргийн шалгая гэвэл Н.Энхбаяр ч биш Ерөнхий сайд, шадар сайд, УИХ-ын гишүүд, сайд нарыг хамтад нь шалгах ёстой гэсэн санаа байдаг.
Бүгд төрийн албанд ажилладаг, цалингаас өөр орлогогүй байж ямар эх үүсвэрээр Зайсанд үнэтэй байшин авсныгаа, хүүхдүүд нь байшин бариулж байгааг, олон удаагийн үйлдлээр хууль зассаны цаана ямар улс төр, эдийн засгийн сонирхол байсныг, Хятадын тагнуул мөн эсэхийг, хоригдлоор байшингаа бариулж, засуулж буйгаа, хоригдол байшинг нь барьж байгаад осолдож, амь насаа алдсаны шалтгааныг хууль, хяналтын байгууллагаар шалгуулсан эсэхийг шалгуулахыг шаардлаа. Мөн Ц.Нямдорж болон МАНАН-гийн удирдлага луйврын сонгууль хийхээр бэлдэж, сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур иргэд жагсвал буудах эрх цагдаад өгнө гэж хуулинд оруулахаар зүтгүүлж байгааг хурц шүүмжлэв.
Албан тушаалдаа байгаа цагт энэ бүхнийг цагдаа болон бусад хуулийн байгууллага үнэн шудрага шалгахгүй, шалгасан ч үнэнийг тогтоохгүй, оромдоод өнгөрнө. Дээр нь Ц.Нямдорж, түүний “гар хөл” болсон Д.Сандаг-Очир нар албан тушаал дээрээ байгаа цагт өөрийг нь шудрага шалгахгүй учир шалгуулахгүй. Огцорсных нь дараа шалгуулая гэв. Хамтдаа шалгуулая гэсэн үг.
Ц.Нямдорж хариу барив: “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилсан нь үнэн. До.Чулуунбаатар хүний төлөөнөө хоёр-гурван сар шоронд суув. Хоёрын зэрэг хүн бяцхан цус харвасан. Би байр түрээсэлдэг. Манай хүүхдүүд зээл авч байр барьж байгаа” гэв.
Ингэж хэлснээрээ нэгдүгээрт, Ц.Нямдорж сайд шүүх шийдээгүй байхад урьдчилан дүгнэлт гаргаж, эрхээ хэтрүүлж байгаагаа ойлгосонгүй. Зөвхөн шүүх л хэн нэгний буруутай эсэхийг тогтооно гэсэн Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж, сайд бүхнийг шийддэг хуучинсаг тоталитар араншингаа илчлэв. Хуулиас гадуур дураар дургих эрхтэй гэж өөрийгөө өргөмжилдөг нь илчлэгдэв. Өөрөө урьдчилан дүгнэлт гаргаж, цагдаа нар нь түүний гаргасан дүгнэлтийг батлах гэж ажиллаж байгаа нь улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө хэрэг төвөгт холбогдуулах гэсэн оролдлого мөн гэсэн Н.Энхбаярын таамаглал таамаглал биш, харин жинхэнэ үнэн болохыг баталчихав.
До.Чулуунбаатарыг цагдаа нар прокурорын дэмжлэгээр хүний өмнөөс удаан хугацаагаар шоронд хорьж, хүний эрхийг ноцтой зөрчсөнөө ч хүлээн зөвшөөрөв. Мөн өөрөө бараг л айлын хажууд, өрөө түрээсэлдэг шахуу юм ярьж онигооны эзэн болов. Энэ хооронд нөгөө “зээл” авч байшин бариулж байгаа хүүхдүүдийнх нь нэг нь ГХЯ-ны олон жилийн хугацаанд тогтсон уламжлалт шалгууруудыг эвдэж, Сан-Францискод Ерөнхий консулаар томилогдов. Энэ бүхэн нь Ц.Нямдорж чинь шудрага биш, харин ч хамгийн шудрага бус хүн байна, үнэхээр их хууль зөрчсөн нөхөр байна, нээрээн огцорч хамт шалгуулах хэрэгтэй гэсэн сэтгэгдэл нийгэмд тогтов. Хамт олон жил нэг багт ажилласан УИХ-ын гишүүн Ч.Улаан хүртэл тэсгэл алдаж “Морьтой хүн явган хүн хоёр уралдаггүй юм, Нямдору огцроод хамт шалгуулсан нь зөв” гэж хэллээ. Тэр уг нь баргийн юманд дуугардаггүй хүн.
Ц.Нямдорж ажилтайгаа зууралдаж, шудрага шалгалтаас зугтаж бултах тусам улам нэр хүндээ алдана. Өөрөө алдаад зогсохгүй МАНАН-гаа араасаа доош нь чирнэ. Н.Энхбаярыг дэмждэг нам, хөдөлгөөнүүд зөвхөн Ц.Нямдоржоор зогсохгүй МАНАН-гийн удирдлагаас хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өгч эхлэв. Өөрөөр хэлвэл шалгагдах ёстой хүмүүсийн тоо нэмэгдэх нь. П.Очирбат, Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Л.Гансүх, Г.Мөнхбаяр, Оюу толгойн гэрээг байгуулсан сайд нар… Энэхүү шалгуулах нэрсийн жагсаалт цааш нь өргөжих нь ойлгомжтой.
Харин цөөврүүдэд ноцуулж буй Н.Энхбаярыг хүмүүс өрөвдөж хамгаалахыг уриалж, дэмжиж эхэлжээ. Н.Энхбаярын хэрэгийг шалгуулах явцад бусдынх нь “но”-г мэдээд авъя гэж олон нийт бодож байна. Ингэвэл дараагийн сонгуульд сонголт хийхэд тустай байх болно. “Бөгс долоогчид-бөгс ухагчид” болон хувирлаа. Ганцаараа шахуу Н.Энхбаяр МАНАН-тай дайтаж байгаа, хүмүүс МАНАН-г жигшиж байгаа цаг үе давхцсан нь Н.Энхбаярт илүү оноо авчирав. Н.Энхбаярын бараг өөрийгөө эвгүй байдалд оруулж байгаа юм шиг санагдах илэн далангүй яриа, МАНАН-гийн удирдлагын талаар зөвхөн өөрийнх нь мэдэх зарим баримтыг дэлгэсэн зэрэг нь олон хүнийг сэрдхийлгэжээ. “Төрийн ой санамж сэргэв” гэж сэтгүүлчид бичиж байлаа. Нэгэн уулзалт дээр “Н.Энхбаярыг хамгаалалтанд авч, сүүлийн хориод жил МАНАН-гийн хийсэн булхайг яриулж, бичүүлж жишиг болгоод буруутнуудтай хариуцлага тооцож, цаашид сургамж болгох нь зүйтэй юм” гэсэн саналыг УИХ-ын гишүүн Тэмүүжин гаргажээ.
МҮАН-ын дарга М.Энхсайхан: “МАХН-ын мэдэгдэл, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хооронд бий болсон хурц байдал улс төрийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөв. Н.Энхбаяр миний мартсаныг ч сануулав. Тухайлбал Ц.Нямдорж 2004 оны сонгуулийн өмнө “АН-ыг намын даргагүй болгосон байхад сонгуульд яаж амжилттай оролцдог юм бэ?” гэж хэлж ярьж байсныг саналаа. Одоо ч гэсэн тэр л аргаараа өрсөлдөгч намаа даргагүй, удирдлагагүй болгох гэж байна” гэсэн нь олон хүнд нэгийг бодогдуулж, бий болсон байдлыг огт өөр өнцгөөс харж, ойлгох боломж олгов.
Эрх баригчдын зүгээс хийсэн алхам дахин Н.Энхбаярын хэлснийг батлав. Ц.Нямдорж харъяандаа байдаг цагдаагаа улс төрийн зорилгоор өөр рүү нь турхирч байна гэж тэр хэлсэн. Тэрийг нь баталж цагдаа “хэрэг”-ийг нь Авлигатай тэмцэх газар руу шилжүүлэхээр Прокурорт санал тавив. Ингэсэн нь хэд хэдэн асуулт асуухаас өөр аргагүй байдалд оруулав.
Авлигатай тэмцэх газар шалгах ёстой хэрэг байсан юм бол “үхсэнээ хийж” бүтэн жил цагдаа шалгаад байсан юм бэ? Тэгэхлээр цагдаа шалгах ямар нэгэн сонирхол байсан байх нь. Шуудхан хэлвэл Ц.Нямдоржид тийм сонирхол байжээ. Д.Дорлигжав яагаад энэ бүхнийг хянаагүй вэ? Хууль зөрчихөөс сэргийлэх биш хамтдаа хууль зөрчсөн байна шүү дээ. Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “прокурорын зөвшөөрөлтэй” гээд байгаа. Тэгвэл Н.Энхбаярын Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын тухай хэлж байгаа нь үнэн болох нь. Өөрөөр хэлбэл цагдаа “Энэ хэрэг ганц Энхбаярыг буруутгах зорилготой юм шүү” гэсэн фундамент тавиад өөрсдөө нэр цэвэр үлдэхийн тулд АТГ-ыг золионд гаргахаар шийджээ. Өөрөөр хэлбэл анхнаасаа буруу хэрэг бүрдүүлсэн цагдаа “ухаан сийлж” сайдаасаа “галыг холдуулах”-ын тулд хэргийг Авлигатай тэмцэх газар руу шилжүүлье гэсэн санал гаргажээ. Гэтэл хэргийг нь үзсэн АТГ болгоомжилж, дангаараа шалгахгүй, заавал цандаатай хамтарна гэжээ. Ийнхүү төрийн хоёр хүчний байгууллага “Би үхэхээр чи үх” гэгч болон түлхэлцэж байна. Гэхдээ одоо хоцорсон. Ц.Нямдоржийг шалгуулах ёстой гэсэн санал нэгэнт эрч хүчээ авсан. Одоо энийг хэнбугай ч зогсоож чадахгүй. Прокурор энэ хэргийг хууль, хяналтын аль байгууллага нь шалгах ёстой вэ? гэдгийг бүтэн жил шахуу хугацаа өнгөрч байхад “мэдэхгүй манаргаж” явсан байсан байх нь. Худлаа л байхгүй юу. Харин Д.Дорлигжав, Ц.Нямдорж хэмээх хоёр найз Н.Энхбаярын эсрэг “бүрдүүлсэн хэрэг”-ийг хоорондоо ярилцан тохирч, дуртай харъяаллаа тогтоож, цаанаас нь удирдан чиглүүлж байсан нь батлагдав. Бас л хууль зөрчсөн, хүний эрхийг хөндсөн бусармаг үйл ажиллагаа.
Одоо хууль хяналтын байгууллагуудын энэ бүх алдаатай үйлдлээс хойш Н.Энхбаярыг шалгах нь хууль хяналтын байгууллагын нэр хүндийг шавартай хутгах эрсдэлийг бий болгожээ. Ямар ч утгагүй, дуулиан шуугиантай энэ хэргийг барьж авснаас халуун зуух тэвэрсэн нь дээр гэдгийг хуулийнхан бүгд мэдэж байна. Утгагүй заваан юманд орооцолдохгүйг хичээж байна. Харин ард түмэн эсрэгээр нь буюу хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудыг өөрсдийг нь хамруулж шалгах, хариуцлага тооцох хэрэгтэй гэж шаардаж эхэллээ. Ийм сэжүүр бүрийг алдаж болохгүй, углуургаар нь шалгах ёстой.
Үүнийг мэдэрсэн Ц.Нямдорж удирддаг салбараа үнсэнд хаясан шалз мэт орхиод “Н.Энхбаярт дайруулж дарамтлуулсан намайг МАНАН өмөөрсөнгүй” гэж, эмэгтэй гишүүдийн өрөөгөөр уйлж яваа сурагтай. Эцэст нь сандарсандаа 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг шалгаж, иргэдээ үй олноор нь хилсдүүлсэн ажлын хэсгийнхнээ дайчилж энэ хэргийг тохоогоод байна. Тэд нь эрх баригчиддаа л “элитийн батальон” юм биз дээ, гэвч даан ч олон хүний хар нулимсаар цавдуулсан даа тэд.
Шалгалтыг цаашид үргэлжлүүлнэ гэдэг хууль зөрчиж эхлүүлсэн зорилготой зохиомол хэрэг үргэлжилнэ гэсэн үг. Хоёрын хоёр газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгалтаа зөвхөн Н.Энхбаяр ба түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглүүлнэ гэдэг нь өнөөгийн МАН-АН-гийн эрх баригчид Н.Энхбаярыг, МАХН-ыг, тэдэнтэй хамтран ажиллаж буй хувь хүн, нам, хөдөлгөөнүүдээс айн сандарч, тэдгээрийг сонгуульд оруулахгүй, шудрага өрсөлдүүлэхгүйн тулд явуулж буй увайгүй үйл ажиллагаа.
“Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг шалгах гэсэн нэрийдлээр эхэлсэн хэрэг явж явж энэ сонины тухай ч биш байсан байна, харин үүнийг далимдуулан Н.Энхбаяр руу дайрах гэсэн оролдлого байжээ гэдгийг тодорхой ойлгосон байх. Гэтэл “Улаанбаатар таймс”-д шууд болон тойруу утгаараа холбогдсон Сү.Батболд, М.Энхболд, ялангуяа хамаг будлианыг хутгасан Т.Бадамжунай нар Ц.Нямдоржийн “та нарыг сугална” гэсэн амлалт, Б.Хурцын Д.Дорлигжавт явуулсан “мэссэж”-ийн дагуу хамгаалалтанд орж, шалгалтны гадна үлдлээ. Эрхмүүд яагаад хамтдаа шалгуулахаасаа айгаад байна аа? гэж олон түмэн асууж байгаа. Одоо бол зөвхөн Ц.Нямдорж биш холбогдсон сайд, гишүүд бүгдээрээ албан тушаалын “морь”-ноосоо бууж шалгуулах ёстой гэсэн шаардлагыг өргөжүүлэн тавих цаг ирлээ.
Үүнээс улбаалаад сонгуулийн өмнө засгийн эрхэнд тавын таван хүний амь насаар наймаалцаж “хууль бус” (үүнийгээ гоёор стандарт бус гэж нэрлэсэн байгаа юм) арга замаар гарсан МАНАН-гийн удирдлагыг огцруулан шалгая. Оюу толгойн булхай, Таван толгойн луйвар, 7 сарын 1-ний үйл явдал, олон арван тэрбум төгрөгийн тендерүүдийн булхай гээд нэг балгастай зүйрлэмгүй Монголын ард түмний эрх ашигтай шууд холбоотой том том асуудлаар тэднийг шалгаж, хариуцлага тооцоё гэсэн хүсэл олон түмэнд байна.
“Оккупай Монголиа” хэмээх хөдөлгөөн “Төрийн эрх ард түмэнд, олигархуудаас төрөө чөлөөлье” гэсэн тэмцлийн уриан дор өргөжин хүчирхэгжихэд “Улаанбаатар таймс” сонины хэрэг оч болох нь дамжиггүй. Очоос гал бадарна гэж нэг үг бий, үнэхээр гал бадарсан л юм даа.
Э.Сүрмаажав
http://borshuvuu.wordpress.com
URL: