Чих зөөлрөх цаг
Дэлхийн улс орнуудад сонгуулах, сонгогдох гэдэг нь тус улсын хэтийн бодлого, хөгжил, сайн сайхантай холбоотой гэж иргэн бүр хариуцлагатай ханддаг бол манайхан эсрэг хандлагатай.
Сонгууль гэхээр иргэд хамгийн шилдэг худалчийг бөөндөж шалгаруулах гэж ойлгоод, саналаа өгөхдөө хэн их мөнгөөр гар цайлгасанд нь өгчихдөг зуршил нэгэнт тогтжээ. Ёстой л мөнгө цагаан, нүд улаан гэгч болж байна.
Энэ байдалдаа иргэд болон гишүүд бүгд дасчихсан. Үүнийг энгийнээр адилтгавал нэгэн малчны өдөр бүр давтагдан хийгддэг өнөөх л хэдэн хонио тууж гараад, өдөржин идээшүүлж, орой нь хотлуулж байгаа юм шиг.
Өглөө тохилог “Хаустаа” сэрээд бугуйн цаг, үнэт хослолоо өмсөөд шинэхэн машиндаа суугаад ажилдаа очиж цагаа бүртгүүлчихнэ. Овоо дориун мэдлэгтэй нэгэн нь тийм хуулийн тэдэд зааснаар тэгж болохгүй, ингэж болно гэж эсэргүүцэл илэрхийлнэ. Харин нөгөө нэг нь аль нь буруу, хэн нь зөв ярьж байгааг үл ойлгон, болж өгвөл будаа идчих санаатай дэмий л хүн хүний ам харна. Ингээд л хорвоогийн нэг өдөр дуусч, өглөөний ирсэн замаараа буцна. Ихийг хийж, ядарснаа гайхаж гэртээ ороход нь эхнэр, эсвэл гэрийн үйлчлэгч нь халуун хоолоо барьсаар угтана. Цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг үл анзаардаг ийм эрхмүүдийн ямбалах томилолт нь дуусах дөхөж байгаа болохоор тэдний бүхий л үйл ажиллагаа, амьдрал ахуй нь орвонгоороо өөрчлөгдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн дотор хэрэгжүүлээгүй амлалтаа цайруулахын тулд юугаа ч гарлаганд нь гаргахад бэлэн болчихсон царайтай байна.
Байгаагаа бариад ч хамаагүй ирэх сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах нь эцсийн ганц зорилго болохоор тэр. Зарим овсгоотой нь энэ үеийг нь тооцоолж тэдний хөлд нь сууж буй дүр үзүүлээд хэдэн төгрөг төвөггүй салгадаг гэнэ. Зүс таних төдий хэвлэл мэдээллийн ажилтан байвал би тойрогтоо ийм их ажил хийсэн, эдгээр бүтээн байгуулалт хийхэд төдий чинээ хөрөнгө зарцуулсан гээд хийх гэж оромдсон ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж тайлагнана.
Нэг дүүргийн Засаг даргын туршлагаас сонирхуулахад зунд нь хиймэл зүлэг мэтээр хүний нүд хуураад л, өвөлд нь атгахан давсаар замын цас арилгаад л үүрэгт ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийчихэж байгаа юм. Нөгөө талаар тэднийг сайшаамаар. Ийм бага хөрөнгө зарж улсын мөнгийг хэмнээд гэж. Харамсалтай нь үлдсэн нь бүгд тэдний халаасанд орж байгаа.
Энэ мэтээр хийсэн ажлаа тайлагнаад зогсохгүй, дахин дахин хууртсаар хаширсан сонгогчдынхоо гар дээр тавих хэдэн халтар төгрөгөө зүлэг, давснаас хусаж, хангалттай нөөцлөөд амжжээ.
Нэр дэвшигчид, иргэд ч биелэлээ олдоггүй амлалтаас илүү нэгч гэсэн хоногийн хоол базаахад хүрчихмээр мөнгө байсан нь дээр гэж үздэг адил бодолтой болжээ. Зарим иргэд чихийг нь зөөлөрсөн дээр нь гэж хөнгөлөлттэй зээл, эгзэг нь таарвал төсөл бичиж байгаад ч гэсэн ахиухан хэмжээний бэлэн мөнгийг гаргуулаад авчихна. Тиймээс хэн сэтгэж байгаа нь л хөдөлмөрлөж, хөлсөө урсгахгүйгээр баяжих боломж нээлттэй гэнэ шүү иргэд ээ!
Б.Нэргүй
URL: