Москвад болсон жагсаалыг хүчээр тарааж, 300 хүнийг баривчилжээ
Баривчлагдсан хүмүүсийн дунд олон сэтгүүлч байгаа гэнэ
Москва хотын захиргаа өчигдөр Ялалтын талбайд жагсаал хийх зөвшөөрөл хүссэн сөрөг хүчнийхэнд татгалзсан хариулт өгчээ. Хотын захиргаанаас “Өөр Орос” хөдөлгөөний удирдагчдад ирүүлсэн албан тоотод “Та бүхний хүсэлт гаргасан өдөр өөр байгууллага жагсаал хийх юм байна. Тэд түрүүлж хүсэлт гаргасан учир танай байгууллагад зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн өгүүлсэн байсан гэнэ. Улмаар зөвшөөрөлгүй жагсаал хийсэн хэргээр 300 гаруй хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд “Солидарности” хөдөлгөөний удирдагчдын нэг Илья Яшин, нэрт блогч Алексей Навальный нар байсан гэнэ. Тэрбээр жагсагчдыг уриалж, цагдаа нарын эсрэг турхирч байсан тул энэ хоёр зүгээр баривчлагдаад өнгөрөхгүй бололтой. Түүнчлэн баривчлагдсан хүмүүсийн дунд сэтгүүлч, тэр тусмаа гадаадын сэтгүүлч олон байгаа нь мөн анхаарал татах асуудал яах аргагүй мөн юм. Лента.ру сайтаас гадна The New Times, Reuters, Bloomberg агентлагийн сэтгүүлчид баривчлагдан хоригджээ. Цагдаагийнхан Улаан талбай, манежной талбайг бүслэн хааж, Төрийн ДУМ-ын өмнөх талбайг хаасан тул жагсаал цуглаан Любянки, Сретенскийн өргөн чөлөө, Чистопрудный талбайд өрнөсөн байна.
Хүчний байгууллагынхан мөн Москвагийн метрог бүрэн хяналтандаа авсан байна. Сонгууль болдог өдөр Чеченийн анхны Ерөнхийлөгч Р.Кадыровын хөшөөнд гахайн толгой тавьсан хэрэг гарсан нь өмнөх түүх давтгдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн бололтой.
ОХУ-д жагсаал цуглаан хийх боломжийг эрх баригчид хумьсаар өдий хүрлээ. Хойд хөршийн сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүд 31 хоногтой сар бүрийн сүүлийн өдөр эсэргүүцлийн жагсаал хийх болсоор удсан. Ингэхдээ Ялалтын талбайд зөвшөөрөлгүй орж ирдэг байсан юм. Ингэж жагссан сүүлчийн тохиолдол баривчилгаа, хүчирхийллээр дүүрэн болж өнгөрсөн билээ. Тиймээс эрх баригчид дээрх алдаагаа дахин давтахгүйн тулд ийм цэвэрхэн арга сонгосон бололтой. Жагсаал зохион байгуулагчид Ялалтын талбайд албан ёсоор жагсах боломжийг хоёр жилийн турш эрэлхийлж байгаа ч одоо болтол зөвшөөрөл авч чадаагүй байгаа юм. Донорууд жагсч байхыг бодоход ялалтын талбайд тайван жагсаал хийж болно гэсэн хууль байдаг юм шиг. Тэгсэн атлаа улс төрийн шинжтэй тайван жагсаал хийх зөвшөөрлийг олголгүй цааргалдаг ажээ.
Х.Сайхан
URL: