Намынхаа сайдын хувь заяаг дараа оны эхэнд шийдэх үлдлээ
Хоёр оны зааг дээр улс төрийн хүрээнд нэгэн том хөдөлгөөн өрнөлөө. Энэ нь МАН-ын нэг, АН-ын хоёр гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай байв. Гишүүд өргөх бичгээ УИХ-ын даргад өргөн барьснаар он дуусч байна. Харин дараа онд УИХ-ын хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь энэ болж таарлаа. Д.Зоригт сайдыг огцруулах уу, үгүй юу гэдэг асуулт ирэх оныг хүлээн үлдлээ. Хуулиар огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой юм. Өмнө нь УИХ-ын дарга болон гишүүд Засгийн газрын хангалтгүй, хариуцлагагүй ажиллагааг бишгүй шүүмжилдэг байсан. УИХ-ын дарга нэгдсэн чуулган дээр Д. Зоригт сайдад онцгойлон банга хүртээж, УИХ-ын гишүүд ч түүнд хатуухан шаардлага тавьж байсан. Гэвч энэ бүхэн цэгцэндээ орж чадалгүй, Засгийн газар асуудлыг шийдэлгүй явсаар асуудал даамжран иймдээ хүрэв бололтой. Шинэ он гармагц намын бүлгүүд хэрхэхээ хуралдана. Дараа нь Эдийн засгийн байнгын хороо асуудлыг хэлэлцэж таарна. Харин Д.Зоригт сайдад МАН-ын бүлгийнхэн яаж хандсанаас манай төрийн бодлого хэр зөв гольдролдоо яваагийн луужинг заах нь ээ. Тэгээд ч түүний асуудлыг хамгийн түрүүнд авч хэлэлцэх байнгын хороо болох Эдийн засгийн байнгын хорооны дийлэнх гишүүд нь МАН-ын-хан юм. Намаасаа сонгосон сайдынхаа хувь заяаг хэрхэн шийдэх юм бол доо.
Я.МӨНГӨН
URL: