Улстөрчдийн ухсан нүхэнд уначихгүй байхсан

Өнөө, маргаашгүй батлагдах УИХ-ын сонгуулийн хуулиар 2012 онд холимог тогтолцоогоор сонгуульдах нь тодорхой боллоо. Хуулийн 95 хувийг эцсийн хэлэлцүүлэгт   бэлэн болгосон ч зарим заалт дээр гишүүд санал зөрж, бас нийгмээс ч шүүмжлэл хүлээв. Алив сонгуулийн үеэр ялагдсан нам, нэр дэвшигчид хууль бус булхай, луйвартай болсон гэж эсэргүүцдэг нь зөвхөн манайд биш хаана ч байдаг л үзэгдэл байх. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Нэр дэвшигчийн талаар буруу ташаа гүтгэлэг гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох заалт” оруулсан нь шүүмжлэлтэй тулгарлаа.

Харин нэр дэвшигч бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хэд дахин бага торгууль “төлнө”. Түүгээр ч зогсохгүй “Бусдыг гүтгэсэн, нэр хүндийг нь унагаасан мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох” саналыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гаргав. Сонгуулийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан “мөнгө олох боломж” гэж хардаг нь нууц биш. Тэртэй, тэргүй өрсөлдөгчид нийгэмд, сонгогч олондоо өөрийгөө таниулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг л ашиглана.

Хэн хэндээ хэрэгтэй сонгуулийн үед идэвхждэг энэ харилцааг хэн буруугаар ашигладаг вэ гэдэг хариулт бараг тодорхой. Бодит байдал дээр ийм байсаар атал УИХ-ын эрхэм түшээд сонгуулийн үеийн буруу, булхайгаа хэвлэлийнхэнд чихээд өөрсдөө цэвэр гарах тактик боловсруулав бололтой. Хэвлэлийнхэн бидэнд бас асуудал байдгийг ч нуугаад яахав. Сонгуулийн кампанит ажлын үед зөвхөн захиалгат нэвтрүүлгээр амьсгалж, сонгогчдын хувьд чиг баримжаа болохоор нийтлэл, нэвтрүүлэг бараг гардаггүй нь үнэн.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа цэвэр мөнгөнд захирагддаг учир улстөрчид ч манийгаа эргүүлж тонгорохоор шийдсэн бололтой. Өөрсдөө мөнгөө төлөөд, “гүтгэлэг захиална”, эргүүлээд торгуулчихна гэж. Хууль яг батлагдах босгон дээр “Нам, эвсэл, нэр дэвшигчид, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээллийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөвийг өөрөө хариуцна” хэмээн бас ч гэж учиртай гэгч зөөлрүүлж, харилцан “тэнцвэртэй” заалт орууллаа.

2012 оны сонгуулийн буухиа эхэлдгээрээ эхэлж, улстөрчид, нэр дэвшигчид, намууд нэгийгээ гүтгэж л таарна. Одооноос бүр Засаг дарга нарыг намнах АН-ын төлөвлөгөө гэгч хүртэл хэрэгжээд эхэлчихсэн байна. Байгалийн баялгийн сонирхол, асар их мөнгөний үнэр гэх мэтчилэн бодит шалтгаан ирэх сонгуулийн чимээнд бөмбөр дэлдэж байгаа билээ. Тийм ч учраас өмнөхөөс хавьгүй их мөнгөний хүчин зүйлд захирагдсан сонгууль болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хардлага, сэрдлэг, гүтгэлэг бол тоймоо алдах биз ээ.

Магадгүй үүнийг гадарласан учраас улстөрчид эртнээс биеэ бэлтгэж, өөрсдийгөө хамгаалаад байна уу гэсэн хардлага бас төрнө. Харин улстөрчдийн бие биедээ зориулж ухсан нүхэнд хэвлэл мэдээллийнхэн яаж нэг ойччихгүй шиг сонгууль өнгөрөөх билээ гэдгээ бодмоор ч юм шиг. Ер нь энэ удаагийн парламент хэвлэлийнхэнтэй багагүй харшилдаг онцлогтой. Хоёр жилийн өмнө байнгын хороодын хуралдааныг хаалттай болгож, багагүй маргаан дэгдээсэн.

Сонгуулийн үеэр зурагт, хэвлэлийнхний нэр дэвшигчийн сурталчилгаа хийх цаг, цаасны хэмжээг хүртэл зааж өгсөн. Одоо олгосон багахан цагт нь явуулах сурталчилгаагаар нь хазаарлаж мэдэхээр болов. Улстөрчид мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэй учраас бусдыг гүтгэсэн мэдээллээ хэвлэлээр мөнгөөр зодоод цацуулах боломжтой. Үүний цаана хариуцлага хүлээхгүй үлдэж мэдэх хэсэг нь пиарчин гэж өөрсдийгөө цоллогсод. Сонгуулийн үеэр ёстой бужигнуулж, танил хоёрыг тангараг тасартал нь хэрэлдүүлдэг хүмүүс бол тэд шүү дээ.

“Пи Ар”-ыг сонгуулийн үеэр зөвлөгөө, дэмжлэг, зөвлөмж авах энэ тэр гэж зөөлрүүлж болох л байх. Гэвч гүтгэлгийн ихэнх нь эндээс үүдэлтэй. Харамсалтай нь яг тэдэнд хариуцлага хүлээлгэх талаар хуулийн төсөлд тодорхой тусаагүй аж. 2009 оны сонгуулийн үеэр “Пи Ар”-чид хэрхэн муухай гүтгэлэг тарааж байсан жишээ бий. Улстөрчид гүтгэлэг захиалахгүй, хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий мөнгө хөөцөлдөж, худлаа мэдээлэл нэвтрүүлэхгүй байхад ёс зүйн хувьд болмоор л юм. Улстөрийн соёл, хэвлэлийнхний ёс зүй хосолбол 2012 оны сонгууль маргаан будлиан багатай болж мэдэх юм.

Д.ДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих