Хятадууд бэлэн гоймонгоос татгалзаж байна
БНХАУ-д бэлэн гоймон, хоолны борлуулалт сүүлийн жилүүдэд эрс буурчээ. Энэ нь тус улсын иргэдийн амьдралын хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
2013 онд Хятад, Хонконгт энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт 46.2 тэрбум ширхэгт хүрч байсан аж. Харин 2016 онд 17 хувиар буурч 38.5 тэрбум ширхэгт хүрсэн гэж Дэлхийн бэлэн хоол үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлжээ.
Хоолны газарт багагүй цагийн зарцуулдаг завгүй хятадууд бэлэн гоймонг маш их хэрэглэдэг. Гэвч одоо тэдний хэрэглээний хэв маяг эрч өөрчлөгдөж байна гэж Хятадын Олон улсын худалдааг дэмжих байгууллагын дарга Жао Пин онцолж байна. Тэрбээр “Өнөөдөр тэд гэдсээ юугаар ч хамаагүй дүүргэхээс илүүтэй амьдралын чанарыг илүүд үзэх болсон” гэв.
Хятадын хувьд орон нутгаас ирсэн ажилчид цаг, мөнгөө хэмнэхийн тулд бэлэн гоймон идэж байна. Тэрчлэн, хол замын тээвэрт явдаг жолооч нарын гол хүнс нь бэлэн гоймон болдог. Хятадад галт тэрэгний буудлууд, автобусны зогсоолуудад бэлэн гоймон зорчигчдын гол хүнс болж байв. Одоо хандлага өөрчлөгдөж байгаа бололтой. Хятадад дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хэрээр зам зуурт бэлэн гоймон идэх хандлага буурч, илүү чанартай хоол хүнсийг чухалчлах болжээ.
Бэлэн гоймонгийн борлуулалт буурсан шалтгаанд Хятадын ухаалаг утасны хэрэглээ нэрлэгдэнэ. Одоо тус улсад 730 сая хүн ухаалаг утас ашиглаж, үүгээр дамжуулан албан байгууллага, ажлын орчин, гэртээ хоолоо хүргүүлэн авчирч байна. Хүргэлтийн хоолнууд бэлэн гоймонгоос үнэтэй ч, амт чанарын хувьд илүү гэнэ.
Хятадад бэлэн гоймонгий борлуулалт буурч байгаа ч дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна. 2016 оны байдлаар тус улсад 38.5 тэрбум ширхэг бэлэн гоймон худалдаалагдсан бол Индонезид бараг гурав дахин цөөн байгаа юм.
URL: