“Учиртай 3” МУСК нээлтээ хийлээ

“Тэнгис” кино театрт энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн “Учиртай 3” МУСК  үзэгчдийг байлдан дагуулж байна.

Тус уран бүтээлд мэргэжлийн хүрээллийнхэн нь тун ам сайтай байгаа бөгөөд киног үзэгчдэд хүрэхээс өмнө Монголын урдаа барьдаг киноны мэргэжилтнүүдэд үзүүлж тэдний шүүмжийг сонссон байна.

Ингээд мэргэжлийн нөхөд нь “Учиртай 3” МУСК-нд ямар шүүмж хэлснийг та бүхэндээ сонирхуулъя. Тус киног “Монгол Контент” ХХК, “Монгол фильм” студи хамтран бүтээсэн билээ.


С.Мягмар: Олон жилийн тогтсон уламжлал, сэтгэлгээний хоцрогдлоос гарч чадсан байна

-“Боролдой” студийн найруулагч -

“Учиртай гурван толгой” гэдэг манай алдартай зохиолыг орчин үеийн нүдээр, шинэлэг шийдлээр харж сонин хийсэн байна. Бид нэг тийм тогтмол сэтгэлгээний хэв маягтай болчихоод байгаа юм. Чамтай адилхан зурсан бол сайн зуржээ гэж. Ромео, Жульета хоёрын дурлалын хэсгийг тагтан дээр хийчихээр яг гоё хийжээ гэж.

Харин өөрөөр хийчихээр хүлээж авдаггүй. Олон жилийн тогтсон уламжлал, сэтгэлгээний хоцрогдлоосоо болоод нэг ийм байдалд байгаа юм. Үүнээс гарч чадсан байна. Уран бүтээлчид нь ямар ч байсан эхлээд гарчихаж. Үүнийг үзэж байгаа үзэгчид нь бас өөр өнцгөөс харах болно. Амжилт хүсье. Тун дажгүй. Их өөрөөр харсан байна. Ямар ч байсан энэ киноны туршид хүн уйдахгүй, бүр гайхаж “Энэ нь хэн бэ. Тэр нь хэн бэ” гэж үзэхээр болжээ.

Х.Жигжидсүрэн: Золоо ахдаа баяр хүргэмээр байна

-“Тэнгис” кинотеатрын маркетингийн албаны захирал -

Манай кино уран бүтээлчдийн бүтээлүүд сүүлийн үед сайжирч байгаа. Тэр дундаа “Монгол фильм” студийн Золоо ах сайн найруулагчдын нэг. Түүний шинэ бүтээлийн анхны үзэгч болсондоо баяртай байна. Кино театрын зүгээс болон хувиасаа ийм кино өнөөдрийн цаг үед хийгдсэнд баярлаж байгаа.

Учир нь Монгол ахуй, Монгол түүхийг харуулсан ийм бүтээл дэлгэцнээ үгүйлэгдэж байсан. Мөн шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж гуайн агуу бүтээлээс сэдэвлэж кино хийсэн анхны хувилбар болж байна. Үзэгчид энэ киноноос түүхээ, зан заншлаа, Монгол ахуйгаа харж болж байна. Тэрийг орчин үетэй холбож байна. Энэ бүхнийг барьж нийлүүлж чадсан Золоо ахдаа баяр хүргэмээр байна.

Н.Онон: Монгол кинод ингэж орчин үе, дээр үеийг нэг зэрэг гаргадаг сюжет бараг байхгүй байх

-Х-Түц продакшны жүжигчин-

Надад хамгийн таалагдсан зүйл гэвэл киноны зохиолын сюжет нь байлаа. Гадны кинонууд дээр мэр сэр байдаг боловч монгол кинод ингэж орчин үе, дээр үеийг нэг зэрэг гаргадаг сюжет бараг байхгүй байх. Энэ нь маш их таалагдлаа.

Б.Түмэн-Өлзий: Зураг авалт, зарим жүжигчний сонголт сайхан байна

-NTV телевизийн продюсер, кино судлаач, найруулагч-

Юуны өмнө найз Д.Золбаяртаа энэ амаргүй сэдвийг барьж авч кино бүтээл хийсэнд нь баяр хүргэмээр байна. Сонгодог зохиолыг барьж авна гэдэг хэцүү. Сонгодог зохиол дуусашгүй ундарга болохоор янз янзын хувцас өмсгөж болно, янз бүрийн цаг хугацаанд аваачиж болно, янз янзаар хувиргаж чөлөөтэй сэтгэж болно гэж хүмүүс ярьдаг.

Тэгэхдээ сонгодог зохиолд байгаа гол шугам, гол санаа хоёрыг хэзээ ч гээж, алдаж болохгүйгээр юм хийнэ гэдэг хамгийн чухал  байдаг. Алдарт Шекспирийн зохиолоор Холливудэд олон кино хийгдсэн. Алдаатай, оноотой зүйл ч байдаг. Түүнтэй адил энэ кинод алдсан оносон зүйл ч байна. Зураг авалт, зарим жүжигчний сонголт сайхан байна. Он цагийг хутгах, газар орныг зоригтой хольж хутгах, үгээр гоё юм илэрхийлж, хөгжим чимээгээр дараагийн хэсэг рүү орох монтажийн арга гээд шинэлэг зүйл зөндөө харагдлаа.

Энэ киног залуучууддаа хүргэх хэрэгтэй. Бид хэн бэ, ямар улс вэ, Монгол улс чинь ямар түүхтэй юм бэ, уран зохиол нь юу байдаг вэ гэдгийг энгийн аргаар үзэгчдэд хүргэж өгсөн болов уу гэж би бодож баярлаж байна.

Д.Ангараг: Сүүлийн үед гарч байгаа хуруу дарам сайн кинонуудын нэг нь болжээ

-Зураглаач-

Монголын сүүлийн үеийн кинонууд сайжирч байгаа. Энэ кино ч гэсэн монгол кинонууд сайжирч байгаагийн нэг тод жишээ болохоор бүтээл болжээ. Энэ киноны зураг авалт, өнгө төрх, бас сонин шийдлээр хийгдсэн нь маш их таалагдлаа. Найруулагчийн ажлын хувьд надад бас сайхан санагдлаа. Өөр өнцгөөс харж найруулсан байна. Уран сайхны олон гоё аргуудыг оруулжээ.

Найруулгын шийдлүүд нь бас гоё сонин санагдлаа. Би зураачийн ажилд их ач холбогдол өгдөг. Зураачийн ажил үнэхээр таалагдлаа. Батцэнгэл сайн ажиллажээ. Түүхэн тэр цаг үед очсон юм шиг л санагдлаа. Сүүлийн үед гарч байгаа хуруу дарам сайн кинонуудын нэг нь болжээ. Уран бүтээлчдэд нь баяр хүргэмээр байна.

Б.Чингүүн: Шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирсэн нь таалагдлаа

-Кино найруулагч-

Бас сонин зохиол байна л даа.  Монголын сонгодог зохиолыг орчин үеийн залуучуудад ойлгуулах, хүргэхийн тулд ийм шийдэл хийжээ.

Орчин үеийн залуучууд Монголын сонгодог зохиолуудаа унших зав зай байдаггүй. Сонирхдоггүй. Харин тэр бүхнийг дэлгэцийн уран бүтээл болгож залуучуудад хүргэх, ойлгуулах гэсэн найруулагчийн зорилго нь шинэлэг бөгөөд оновчтой болсон санагдлаа.

Уран бүтээлийн хувьд тун сайхан болж. Зураг авалт, найруулга гэх мэт. Мөн мэргэжлийн жүжигчин шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирсэн нь таалагдлаа.

С.Баттулга: Өөрийн гэсэн өнгө аястай кино болжээ

-Кино найруулагч, жүжигчин-

Монголд гарч байгаа кинонуудаас өөрийн гэсэн өнгө аястай кино боллоо гэж бодож байна. Өөр юм дуугарах гэж үзсэн, онцлог кино болжээ. Бидний мэдэх зохиолыг уран бүтээлчдийн зүгээс өвөрмөцөөр шийдсэн нь их таалагдлаа.

Сонин байна, сайхан байна. Кинон дээр хэлэгдэж байгаа “таримал биш төрмөл авьяас хэрэгтэй” гэдэг шиг заавал мэргэжлийн хүн тоглох албатай биш шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүс дүр бүтээсэн гэхэд чамбай хандсан байна. Найруулагч ч бас сайн хөтөлсөн гэж дүгнэж байна.

“Учиртай 3″ киноны нээлтийн фото сурвалжлагыг холбоотой мэдээнээс үзнэ үү.

Б.Тэлмэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих