Каирт эмэгтэй сэтгүүлчид хүчирхийлэлд өртжээ
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Египетийн нийслэл Каир хот руу эмэгтэй сэтгүүлчдээ илгээхгүй байхыг анхааруулсан байна. Өчигдөр л гэхэд америк, францын эмэгтэй хоёр сэтгүүлч бэлгийн хүчирхийлэлд өртөж, зодуулсан байна. Тэдний нэгээр цагдаа нар, нөгөөгөөр нь босогчид тохуурхжээ.
Францын “France 3” сувгийн сурвалжлагч Каролин Синз зураглаачийн хамт Тахрир талбайн ойролцоо болж байсан үймээнийг бичиж байхад нь бүлэг залуус тэдэн рүү дайрсан байна. Тэднийг 14-15 насны өсвөр насны бүлэг хөвгүүд бүсэлж, сэтгүүлч эмэгтэйг зураглаачаас нь салгаад улмаар зодож хувцсыг нь тайлж эхэлжээ. /Зураг 1-т францын сэтгүүлч, зураг 2-т америк сэтгүүлч/
Каролин Синз “Зарим хүмүүс надад туслахыг оролдож байсан ч чадаагүй” гээд “намайг олон хүн хүрээлсэн байсан. Энэ бүхэн 40 гаруй минут үргэлжилсний дараа хүмүүс намайг арайхийн аварсан. Би өөрийгөө үхэж байна л гэж бодож байлаа” хэмээн Каролин Синз ярьжээ. Түүнтэй хамт явж байсан зураглаачийг хэрцгийгээр зоджээ.
Мөн энэ өдөр америкийн сэтгүүлч Мона Элтахавиг цагдаагийн албан хаагчид Тахрир талбай дээр зодож гэмтээсэн байна.
Дашрамд дурдахад, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр юм байна.
А.Цацрал
URL: