Найман настай охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна

14031

Найман настай Д.Сэржмядаг охин алга болоод 21 хонолоо. Охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдож, ямар нэг сураг гарсан эсэх талаар тодрууллаа. 

-Таны охиныг олдсон байгаасай гэж хүн бүхэн чих тавин хүлээж байгаа. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна уу?

-Охин минь алга болоод яг 20 (өчигдөр) хоночихлоо. Өнөөдрийг хүртэл ямар нэг сураг гарсангүй. Цагдаа нар чадлынхаа хэрээр л эрж, хайж, ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэд ч энд тэнд явахдаа сураглаж яваагаа дуулгасаар байна. Манайд өнгөрсөн долоо хоногт бөө, зайран, удган, үзмэрч гээд үзэж харж, мэргэлдэг хүмүүс ирж, тус тусынхаа зан үйлийг хийцгээгээд явсан. Тэд өөр өөрсдийнхөө төлөгт бууснаар эрж, хайж байгаа гэсэн. Бас мэрэгч, төлөгч хүмүүс бидэн рүү утасдаж “Охин нь амьд мэнд байна аа. Удахгүй олдоно оо” гэж байгаа. Түрүүхэн нэг үзмэрч яг ингэж ярьсан.

-Охиныг эрэн хайх Ажлын хэсгийнхнээс та бүхэнд ямар нэг шинэ, сайн мэдээ дуулгаагүй юу?

-Бид ажлаа хийж байгаа. Та нар өөрсдийнхөө чадах чинээгээр мөн хайж байгаарай л гэсэн.

-Эрээн хотод хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлээгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар танд сонссон зүйл бий юү?

-Хилээр гаргаагүй байгаасай. Албаны хүмүүс хилийн хамгаалалт, хяналт, шалгалт маш сайн учраас хилээр гаргах боломж байхгүй гэж хэлсэн. Бид түүнд нь итгэж найдаж сууна. Яаж ч бодсон бүхэл бүтэн улсын хил, гааль байна даа. Амьд хүн зүгээр гаргаад явуулчихгүй байх гэж бодож байна.

-10 орчим хоногийн өмнө эзэд нь эзгүй хэд хэдэн байшин, объектыг хууль, хяналтынхан шалгаж амжаагүй байна гэж байсан. Шалгасан болов уу?

-Шалгалтын үеэр эзэд нь байгаагүй байшин, барилга бүхний эздийг нь дуудан авчирч шалгасан. Бид ч үзсэн. Бас бид сэжигтэй байж болох хэд хэдэн айл, барилгыг нэмж шалгуулсан. Гэхдээ охиноо олоогүй л байна. Ар гэрээс нь аав нь, эгч нь бид гурав л өнөөдрийн байдлаар хайж байна. Сумын захын ойролцоох айлуудаар явж байгаад түрүүхэн орж ирлээ.

-Та бүхэнд сэжиглэж байгаа хүн байгаа юу?

-Бид сэжигтэй санагдсан ганц нэг хүнээ цагдаа нарт хэлж шалгуулсан ч бид буруу бодсон шиг байна лээ. Гэхдээ бид эрлээ зогсоохгүй. NTV телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байсан зөнчид, үзмэрчдээс тусламж хүсэж үздэг юм уу гэж бодоод яаж холбогдох аргаа мэдэхгүй байцгааж байна.

-Охины талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгнө гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн хүн гар сан болов уу?

-Энэ талаар бидэнд мэдээлэл байхгүй. Нууцын зэрэглэлтэй ажиллагаа учраас хүн мэдээлэл өгсөн үү, үгүй юү гэдгийг мэдээгүй л сууна.


URL:

Сэтгэгдэл бичих