Бухын юу…г харж үнэг турж үхнэ

Бухын юу…г харж үнэг турж үхнэ гэдэг үг бий дээ. Яг энэ үлгэрийг Төрийн эрх барьж буй эрх баригчид 100 хувь “А” дүнтэйгээр хэрэгжүүлсээр хэдэн оныг үдлээ. 2008 оны сонгуулиар Төрийн эрх барьж буй хоёр намынхан бэлэн мөнгө амласныхаа хүчинд УИХ-д олонхийн суудлыг хувааж авсан түүхтэй. Үүнээс өмнөх дөрвөн удаагийн сонгууль 2008 оны сонгуулийг бодвол арай л даруухан болж байлаа.

Харин шинэ зуун гарснаар улстөрчид сонгуулийн хуулийг өөрсдийн бичсэн сценарийн дагуу явуулж энэ нь 2008 онд оргилдоо хүрсэн юм. Үүнийгээ дагаад улстөрийн БАНТАН хутгах цаашлаад сонгуулиар хэрэгжүүлэх БАНТАН-гийн сценари бичдэг улстөрч намдаа өндөр үнэлэгдэж УИХ-ын эрхэм гишүүний суудлаар албан тушаалаа ахиулж зэрэг дэв нэмдэг болсон гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү үхэн хатан 76 суудлын төлөө марафондсон нөхдүүд дөрвөн жилийн турш Эх орны хишгээр занималдан улстөр хийлээ. Тэд сонгогдохоосоо өмнө иргэн бүрт 1,5 сая болон 1 сая төгрөгийг өгнө хэмээж байв.

Тэр ч байтугай наадмын маргаашнаас эхлээд иргэдийнхээ гар дээр тавина хэмээн иргэдийн толгойг зад угаасан тэд сонгуулийн дараа амласан мөнгөө босгох арга сүвэгчилэхээс өөр замгүй болж энд тэндээс хамж ШИМСЭН хөрөнгөнөөсөө 70 мянга, 50 мянга, 21 мянган төгрөгийг тус тус олгож эхэлсэн нь АМЛАЛТ-ын БИЕЛЭЛТ болон харагдаж ард түмэнд цаасан малгай өмсүүлсэн юм.

АРД ТҮМЭН АМЛАЛТААС ЮУ ХҮЛЭЭВ

Гэвч ард түмний хүлээлт бас ойлголт нь ч тэс өөр байв. Тэд эрх барьж буй хоёр намын зүгээс амласан 2 сая 500 мянган төгрөгийг бэлнээр авч хувийн бизнестээ хөрөнгө оруулах. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр бизнестэй нь бизнестээ нэмэрлэх, бизнесгүй шинээр эхлүүлэх гээд айл өрх бүр тус тусдаа МӨНГӨНИЙ МАШИН-ны тухай мөрөөдөж байв.

Бүүр өрхийн ам бүлийнхээ тоогоор тооцоо бодож хэдэн төгрөгийг тоног төхөөрөмжинд зарцуулах, хэдийг нь эргэлтэнд оруулах гээд Монголчууд бүгдээрээ ЭДИЙН ЗАСАГЧИД болсон юм. Гэтэл хүсэхэд хясна гэгчээр мөнөөхөн молиго үмхүүлсэн түшээд Эх орныхоо хишигийн өрөмийг нь өөрсдөө хамж хусамыг нь иргэдэд амсуулав.

Энэ нь дэндүү чамлалтай. Тиймдээ ч “Хусамаа чамласан хүүхэд шиг” хэмээх хэлц үг гарсан биз ээ.

ЭХ ОРНЫ ХИШИГ-ээр ИРГЭД ӨНДИЙНХ ҮҮ

Эх орны хишгийн сургаар БЭЛЭНЧЛЭХ сэтгэлгээгээ хөгжүүлсэн залуусын тоо хийдгээ хийж, хишгээ хүртэхэд ГЭМГҮЙ болсон хөгшчүүлээс хол давна. Сар бүрийн 15-ны үед эх орны хишиг түгээж байгаа банкаар үйлчлүүлнэ гэдэг асуудал байхгүй болсон. 21 мянган төгрөгөө авахаар дугаарлаж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус. Тэд үүрийн таван жингээр ирж банкны үүд сахьдаг зуршилтай төдийгүй маргааш нь эрүүлжүүлэхээс гарахаар дугаарладаг болсон гэхэд хилсдэхгүй.

Тэгэхээр эх орны хишиг иргэдэд НААЛДАХГҮЙ харин архи үйлдвэрлэгчид хийгээд эрүүлжүүлэх байранд л хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Харин Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонгосон, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, худалдаж авсан иргэн “Хүний хөгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй болсон нь нүдэнд үзэгдэж гарт баригдах хөрөнгө оруулалт болсон хэдий  ч энэ боломжийг ашиглаж байгаа хийгээд ашиглах боломжтой нөхдүүд цөөн.

Мөн журамд өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй гэсэн нэмэлт оруулсан нь хүүхдийнээ төлбөрийг төлөхөөр хуруу хумсаа хугалан байж хэдэн бор юм олдог эцэг эхчүүдийн нуруун дээрээс багахан ч гэсэн ачаа хөнгөрсөн юм.

БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ

Дээр өгүүлсэнчлэн эх орны хувь хишгийн 2 сая 500 мянган төгрөгийн сургаар банкнаас зээл авах хүмүүсийг тоо эрс нэмэгдэж зарим нь өрнөөсөө салж чадахгүй болсны улмаас амиа хорлосон хэрэг гарсан хэдий ч энэ асуудал эмх цэгцтэй болоогүй. Иргэд “Хошгирох” нь ч аргагүй. Дөрвөн ам бүлтэй айл л гэхэд эх орны хувь хишгээс 10 сая төгрөг хүртэнэ. Энэ мөнгөөр хувийн аж ахуй хийгээд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх боломж хийгээд зах зээл Монголд бий. Харин 10 ам бүлтэй айл 25 сая төгрөг гардана. Мэдээж 25 сая төгрөг бага мөнгө биш. Тиймээс л иргэд эрх баригч хоёр хүчнийг дэмжсэн ч өнөөдөр 21 мянгаас хэтрэхээ байж залуус бэлэнчлэх сэтгэлгээгээ өргөжүүлэн оюуны ТУРААЛД өртөн нийгэм ТУРЖ байна.

Харин алдарт 2 сая 500 мянгаасаа нэг сая төгрөгийг нь 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй бүх тэтгэвэрийн ахмадууд ирэх оноос гар дээрээ бэлнээр авах боломжтой боллоо. Ахмадуудын анхаарлыг татсан энэхүү ӨГӨӨШ нь 2012 оны сонгуулийг угтсан мөнгөний АЖИЛ гэж хардахаас өөр БҮТЭЭЛЧ үнэр үнэртэхгүй байгаа юм.

Ж.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих