ИРЭХ СОНГУУЛИАР ЖАГСВАЛ Ц.НЯМДОРЖИД “ДОРБИНКДУУЛНА”
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хэлэлцлээ-
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд АНУ-д хийсэн айлчлалаа дуусгаж эх орондоо ирсэнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Сонгуулийн тухай хууль, тогтолцоог өөрчлөх болон ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар ярилцаж, гишүүдийн саналыг сонссон байна. Түүний зэрэгцээ сүүлийн үед шуугиан тариад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд ярилцжээ. Энэ үеэр түүнтэй холбоотой шүүмжлэл нэлээд өрнөсөн байна. МАН-ын Удирдах зөвлөл хэд хоногийн өмнө хуралдахдаа мөн энэ асуудлыг хэлэлцэж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргаан хоёр хүний хүрээнээс хальж, намын нэр хүндэд нөлөөлөх хэмжээнд хүрснийг анхааруулсан. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь сонгууль ойртож байхад “галаар наадаж болохгүй” -г болгоомжуулсан бол Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар их хүчтэй тэмцэл өрнүүлж, ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө дарж авах нь чухал хэмээн байр, сууриа илэрхийлсэн гэсэн мэдээлэл дуулдсан. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргаан, түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын намынхаа рейтингээс чангаасан энэ асуудал анх цагдаагийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жагсаал цуглааны үеэр иргэд рүү гал нээх зөвшөөрлийг цагдаад өгөх, чиглүүлэн зохион байгуулах эрхийг салбарын сайдад олгох гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьснаас үүдсэн билээ. Дугаар шилжих мөчид МАН-ын Удирдах зөвлөлийн хурал гишүүдийн санал, дүгнэлтээр үргэлжилж байлаа.
Ц.Нямдорж:
БУУДАХГҮЙ ГЭЭД УСААР ШҮРШИХ ЮМ УУ
Н.Энхбаяр:
АРДЧИЛСАН ОРОНД БУУДДАГГҮЙ, УСААР ШҮРШДЭГ
МАН анх жигүүртэй болоход “Жигүүрийхнийг харахаар дорбинкдчихмоор санагддаг юм” хэмээн хэлсэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үг өнөөдөр санаанд орж байна. Намаа шинэчилье, засч сайжруулъя гэсэн журмын нөхдөө хэлсэн нь тэр л дээ. Салбарын сайд, цэрэг, цагдаатай ойр байдаг хүний энэ “заналхийлэл” тухайн үед заримынх нь нурууг хүйт оргиулсан байж мэдэх ч олонхи нь “Хүн бууддаг хуультай бол нээрээ буудаж мэдэх нөхөр шүү” хэмээн инээлдээд өнгөрч байв. Гэтэл өнөөдөр байдал бишдэж байх шиг. Нэг мэдсэн чинь юм л бол буудна, цагдаа, цэрэг хөдөлгөнө гэж бусдыг айлгаж сурсан Ц.Нямдорж цагдаад буудах эрх өгөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж Засгийн газраар хаяглан УИХ-д оруулаад ирчихсэн тууж явдаг байгаа. Түүгээр ч зогсохгүй ард иргэд рүүгээ буудах эрхийг цагдаад олгох гэж байгааг нь шүүмжилсэн болгон руу үсчиж, дайрч давшлаад сүйд. Буудна, цэрэг цагдаа хөдөлгөнө гэж дайрч давшилж байдаг хүн сонгууль ойртсон үед өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлсэн хуулийн төсөл оруулж байгааг яаж ч бодсон хардахгүй байх аргагүй. Ийм нөхцөл байдал ч үүсчихлээ. Тухайлбал, 2008 онд сонгуулийн үр дүн, тооллого нэрийн жагсаалттай холбоотой маргаанаас үүдэж иргэд жагссан. Төр иргэд рүүгээ гал нээж, таван хүний амь хохирсон ч өнөөг хүртэл эзэн, холбогдогч тодорхой бус, хэрэг эцэслэн шийдэгдэлгүй дараагийн сонгуультай золгох гэж байдаг. Эрх баригчид иргэд рүү буу шагайх эрхийг цагдаад өгч, хуулиар баталгаажуулах гэж байгааг юу гэж ойлгох вэ. Хуулиа шинэчлэхтэй холбогдуулан сонгуулийн будлианыг 100 биш гэхэд 80 хувь шийдвэрлэх боломжтой автоматжуулсан системийн тухай ярьж байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь эсэргүүцэж байгаа нь ямар учиртай вэ. Сонгуулийг шударга явуулах, шударга ёс тогтоож, хууль сахиулахын оронд заавал цагдаад буудах эрх өгч, жагсаал цуглааны үед хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхнаар хүч нэмэгдүүлэхээр хуульчлах шаардлага байна уу. Энэ асуултад салбарын сайд “Тэгээд усаар шүрших юм уу” хэмээн хариулсан. Эндээс эхлээд Ц.Нямдоржийн гэдэн хөдөлсөн гэж олон нийт харж байгаа юм.
МАРГААНЫ ЭЦСИЙН ЦЭГ ХААНА ВЭ?
Ц.Нямдорж “Тэгээд усаар шүрших юм уу” хэмээн хэдэрлэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “Харин усаар шүршдэг байхгүй юу, ардчилсан орон тийм байх ёстой. Төр яагаад иргэд рүүгээ буу шагайх ёстой гэж. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд цагдаа галт зэвсэг хэрэглэхийг хориглосон хуультай байсан. Харин одоо буу .сум хэрэглэнэ гэж байгааг би буруу гэж үзэж байна. 2012 оны сонгуулийг ийм байдлаар хийж, будлиан гарвал галт зэвсэг хэрэглэхээр бэлтгэлээ хангаж байгааг бид луйврын сонгууль хийх гэж байгаагийн бас нэгэн баталгаа гэж үзэж байгаа учраас эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэж байгаа. МАХН-ын удирдлагууд ийнхүү мэдэгдэл хийж, Сонгуулийн хууль, Цагдаагийн тухай хууль, Галт зэвсэг хэрэглэх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан байр, сууриа илэрхийлсний дараа аравдугаар сарын 25-ны орой “Дээрээс дарга нарын өгсөн даалгаврын дагуу” гэсэн учир битүүлэг үндэслэлээр гурван цагдаа ирж Н.Энхбаярыг баривчлахыг оролджээ.
Маргаан одоогоор хөрөнгө, эрх мэдэл ашигласан гэсэн сэдвээр өрнөж байна. Ц.Нямдорж “Н.Энхбаярын хувьчлалаар авсан үл хөдлөх хөрөнгүүд хууль зөрчсөн” хэмээн зарлаж байгаа бол Н.Энхбаярын зүгээс цагдаа нар өөрийг нь Ц.Нямдоржийн даалгавраар шалгахаар оролдож байгааг онцлоод Зайсангийн аманд амьдарч байгаа байшин, хүүхдүүдээ бариулж байгаа хаусуудыг ямар арга замаар, хөрөнгө санхүүгийн ямар эх үүсвэрээр бариулснаа ил тод тайлбарлахыг түүнээс шаардав. Үүний хариуд Ц.Нямдорж “Би цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр талаар мэдэх ч ёсгүй, хуулиар хориотой. Хууль зүй, дотоод хэргийн сайд ийм үйл ажиллагаа явуулах ёсгүй. Гэхдээ Н.Энхбаяр хувьчлалаар өмч хөрөнгө авсан нь хууль зөрчсөн” хэмээн хариу барьсан. Салбарын сайд энэ үгээрээ “Н.Энхбаяр буруутай”-г шүүхээс өмнө тогтоож орхив. Мөн эс үйлдлээрээ “Өмч хувьчлал буруу явагдсан учраас шалга” гэсэн үүргийг өөрийн цэргүүддээ өгчихсөн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, сайд нь тэгж үзсэн учраас цагдаа нар шударга үнэнийг тогтоохын төлөө бус Ц.Нямдоржийн шүүхээс өмнө тогтоосон аман тогтоолыг баталгаажуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ бол эрхэм сайдын зүгээс бусдын зорилгоор цагдаад үүрэг өгч, шалгуулах гэсэн өөрийнх нь амаар баталгаажсан үйлдэл. Дараа нь тэрээр “До.Чулаанбаатар гэдэг сэтгүүлч бусдын өмнөөс шоронд хэдэн сар суусан” хэмээн мэдэгдэв. Хүний төлөө хэн нэгэн шоронд сууж болохгүй. Тэгвэл тэгж болдгийг Ц.Нямдорж сайд мөн л баталчихлаа. Яагаад түүнийг хүний өмнөөс шоронд суулгав гэдгийг салбарын сайд хэлснээрээ цагдаад үүрэг өгснөө ч давхар баталлаа. Улс төр ийнхүү “халж” эхэлсэн ч оргил цэгтээ хүрэх болоогүйг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Н.Энхбаярын хамгийн сүүлд хийлгэсэн хэвлэлийн хурлаас Ц.Нямдоржийн өв хөрөнгө захиалгаар хууль засч, олигархиудад үйлчилснийх нь хариу байжээ гэсэн ойлголтыг төрүүлсэн. Мөн “Би Ц.Нямдоржийн дэглэсэн жүжигт тоглохгүй. Шударга цагдаагаар шалгуулна. Тиймээс Ц.Нямдорж оо албан тушаалаа өгчих, хамт шалгуулъя” гэсэн үгийг түүнд хаягласнаас үзэхэд асуудал үүгээр дуусахгүй цааш ширүүн үргэлжлэх бололтой.
Ч.ҮЛ-ОЛДОХ
zuunii medee
URL: