Антибиотик тэсвэрлэх чадвар, ахуйн бүтээгдэхүүний хамаарал

210839-04072017-1499160770-753260260-1Эрдэмтдийн шинэхэн судалгаагаар гэр ахуйн халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн, антибиотик тэсвэрлэх чадвар хоёр хамааралтай болохыг нотоллоо.

Антибиотикт тэсвэртэй чанар нь шүдний оо, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт түгээмэл хэрэглэдэг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй триклозан хэмээх бодистой холбоотойг судлаачид илрүүлээд байна.

Бирминхэмийн их сургуулийн харьяа Микробиологи, халдварын хүрээлэн, Квадрам хүрээлэн, Норвичийн судалгааны паркад ажилладаг Жон Инний төв хамтран явуулсан судалгааны тайланг Микробийн эсрэг химийн эмчилгээний сэтгүүлд (Journal of Antimicrobial Chemotherapy) даваа гарагт нийтэлжээ.

Antimicrobial Resistance (AMR) буюу микроб эмэнд тэсвэртэй болох үзэгдэл нь “Бүх Засгийн газар, байгууллага анхаарлаа хандуулах шаардлагатай, дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлэгч, өсөн нэмэгдэж буй аюул” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн онд мэдэгдсэн.

Мутацийн дүнд эмийн бүтээгдэхүүний чухал ангилал – хинолоны төрлийн антибиотикт тэсвэртэй болж хувирсан бактери триклозанд ч тэсвэртэй байгааг эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа баталлаа.

Гаднын байнгын халдлагад бэлэн байх ёстойгоо “ойлгосон” бактери удалгүй триклозан зэрэг бодисын хөнөөлд тэсвэртэй болон хувирч байгааг Квадрам хүрээлэн, Бирминхэмийн их сургуулийн хүндэт профессор Марк Уэббер тайлбарлав. “Сэтгэл зовоож буй гол зүйл бол энэхүү хувирал тонгоргон шинжтэй буюу триклозаны үйлчлэлд өртсөн бактерын антибиотик эсэргүүцэх чадвар сайжирч буй явдал” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Цайруулах бодис, саван, ус зэрэг уламжлалт цэвэрлэгээний материалаас илүү нь тодорхойгүй байхад “микроб эсэргүүцэх үйлчилгээтэй” гэсэн шошго нэмсэн бүтээгдэхүүн зах зээлд өнгөрсөн арван жилд эрс өссөнийг судлаачид анхааруулав.

Ялангуяа триклозан агуулсан гар, арьс, бие угаах шингэн зэрэг эрүүл ахуйн бүтээгдэхүүний хэрэглээг нийт Европын холбоо, АНУ-д хориглоод байна.

“Триклозаны нийтлэг хэрэглээнээс үүдэлтэй аюул”-ыг нэр хүндтэй 200 гаруй эрдэмтэн, судлаач өнгөрсөн долоо хоногт Хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хэтийн төлөв (Environmental Health Perspectives) сэтгүүлээр дамжуулан нийтэд анхаарууллаа.

Хинолон, триклозанд тэсвэртэй чанар харилцан хамааралтайг тогтоож чадсан нь чухал ач холбогдолтой нээлт. Учир нь “Триклозан сүүлийн 20 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, хүний эд эрхтэнд хаа сайгүй түгээмэл болж хувирсан” хэмээн Бирминхэмийн их сургуулийн профессор Лаура Пиддок мэдэгдэж байна.

Энэхүү тархмал байдалтай нь холбогдуулан антибиотикт тэсвэртэй чанарынх нь хамаарлыг илүү нарийн ойлгож авах шаардлага тулгарч байгааг хатагтай өгүүллээ. “Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодис болгон бактерийг антибиотикт тэсвэртэй болгодоггүй. Харин триклозанд ийм чадвар байна” хэмээн Лондоны их сургуулийн харьяа, Гэгээн Жоржийн Халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн профессор Жоди Линдси тайлбарлав. Тэрбээр “Энэ бодисын хэрэглээг хязгаарлах талаар бодохгүй бол горьгүй нь” хэмээн нэмж анхааруулсан юм.

Эрдэмтдийн дүгнэлтийг цаашид “Амьдралын бодит орчин”-д шалган судлах саналыг Ноттинхэмийн их сургуулийн молекулын биологийн профессор Ким Харди тавьж байлаа. “Их Британийн айл гэр, эмнэлэг дэх өдөрт тутмын үйл ажиллагааг триклозан хэдийнэ хориотой болсон бусад улсын стандартад нийцүүлж өөрчлөх гэвэл их судалгаа шаардлагатайг эрдэмтдийн дүгнэлт харууллаа” хэмээн хатагтай Харди өгүүлж байна.

Сара Нэвилл

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих