Ш.ДҮҮЖИЙ: ХӨВСГӨЛ НУУРТ ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛ ОРХИГДОЖ, БИЗНЕСИЙН ТАЛБАР БОЛЖ ХУВИРЛАА
Хүн бүр өөрийн төрж өссөн нутагтаа хайртай. Тэр тусмаа нутгийнх нь сайхан байгаль эх орон, дэлхийд үнэ цэнэтэй бол бүр ч бахархалтай. Харамсалтай нь тэрхүү бахархалт байгаль нүдэн дээр нь гундаж эхэлвэл хэн дуртай байх билээ. Иргэнийхээ үүргийг биелүүлж, байгаль орчноо хамгаалах сэтгэлээр олон жил тэмцсэн хүн бол Ш.Дүүжий гуай. Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул. Хөвсгөл нуурын эрэг дээр хүүхэд наснаасаа тоглож өссөн унаган иргэн. Түүнтэй Хөвсгөл нуурын өнөөгийн байдал, нутгийн иргэдэд ямар бэрхшээл тулгамддаг талаар ярилцлаа.
-Ш.Дүүжий гэхээр Хөвсгөл аймгийнхан анддаггүй бололтой. Байгаль орчноо хамгаалах үйлсэд дуу хоолой болж явсан иргэн гэж таныг нутгийнхан ярьж байна. Та Хөвсгөл аймгийн унаган иргэн үү?
-Би 1960 оноос хүүхэд байхаасаа л энэ нуурын захад амьдарч байлаа. Энэ нутгийг, нуурыг хамгийн сайн мэдэх хүн. Аав, ах хоёр маань Хөвсгөл нуурт мөсөн замын морин тээвэр хийдэг. Тэднийг би байнга дагаж явдаг байлаа. Тэр үед нуур маань ямар үзэсгэлэнтэй, бишрэм байв. Тийм ч учраас байгальд ээлтэй байхыг хичээж, нуураа хамгаалах үзэл бодолдоо хатуу явдаг хүн. Энэ хугацаанд Хөвсгөл нууртай холбоотой зөрчил дутагдлыг илрүүлж, баримтжуулж холбогдох хүмүүст нь шаардлага тавьж, зохицуулж явсан олон тохиолдол бий. Хөвсгөл нуур одоо миний багын үеийнх шиг тунгалаг, үзэсгэлэнтэй байдгаа больсон шүү. Хатгалаас 20 орчим км-ийн дотор нуурын усанд замаг харагдаж эхэлж байна. Нуурын ус бохирдсоны илрэл.
-Хөвсгөл нуурын унаган төрх алдагдаж байна гэлээ. Энэ нь таныхаар юунаас болж байна вэ?
-Хөвсгөл нуур цаазын тавцанд хүрсэн гэх нь ч юу юм. Гэхдээ нуураа хамгаалж байгаа, ашиглаж байгаа, нуурын сав газарт хандаж байгаа хандлага бол үнэхээр хүнд, хангалтгүй байгаа юм. Тодорхой жишээ хэлье. Хамгийн том асуудал нуурын бохирдол болоод байна. Энэ нь эмх замбараагүй аялал жуулчлалаас эхтэй. Эмх замбараагүй гэдгийг тодруулъя. Жуулчид хаана бол хаана машин, майхнаа байрлуулдаг. Хаана ч хамаагүй бие засдаг, хог хаягдлаа хаядаг. Нэгдсэн жорлон байхгүй. Нуурын бохирдлын асуудалд усны шинжилгээг жил бүр хийдэг. Бохирдол нь жилээс жилд нэмэгдэж байгаа мэдээлэл байдаг. Хоёрдугаарт, нуурын сав газар гэж бий. Нуурыг тойрсон байгалийг хамгаалах, нуурын загас агнуурыг зохицуулах бүх асуудал нь шинжлэх ухааны үндэстэй явагдахаа больсон, дур зоргоороо аашилдаг бизнесийн ашиг сонирхлын талбар болж хувирлаа. Тухайлбал, загас агнуур гэж бий. Загас агнахыг хориглохдоо биш. Зөв ашиглаж, төлөвлөлттэй агнуулах учиртай. Гэтэл тийм зүйл байхгүй. Загасны нөөцийн байдлыг 1947 оноос судалсан байдаг. Одоо судалж тогтоож байгаа зүйл байхгүй. Эцсийн эцэст загас агнуурыг зогсоох байдалд хүрчихээд байна. Загасаа ч, ан амьтнаа ч хамгаалдаггүй. Орчноос нь их хэмжээний мод хууль бусаар бэлтгэдэг.
-Та энэ талаар шүүхэд хандаж байсан гэв үү?
-Маш олон удаа хууль, шүүхийнхэнд хандаж явсан. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газрын дарга өмнө н.Даваабаяр гэдэг нөхөр байсан. Нуурын орчмын байгаль орчныг балласан нөхөр. Энэ талаар би маш олон мэдээлэл Байгаль орчны яаманд хүргүүлээд олигтой хариу шийдвэр авч чадаагүй. Прокурорт шалгаж байгаад л ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг намжаасан. Ер нь байгаль орчны асуудал иймэрхүү л маягаар явдаг. Ан амьтан, орчны сав газрын модыг хамгаалах асуудал маш чухал байна. Модноос газрын доогуурх усны хаялга бүх зүйл нөлөөлдөг. Нуур заримдаа сайхан түрж төвшин өндөр гарч ирдэг. Одоо бол төвшин нь доошоо орчихсон. Энэ юуг харуулж байна вэ гэвэл эко систем нь алдагдсан гэж мэргэжилтнүүд үздэг.
-Нуурын орчмоор эмх замбараагүй аялал жуулчлал их байгааг та хэллээ. Хөвсгөл нуурыг зорих жуулчдыг тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Гэтэл өдий олон жилийн хугацаанд ариун цэврийн нэгдсэн байгууламжгүй байдаг нь асуудал дагуулж байна. Орон нутагт энэ байдал ямар байдаг вэ?
-Зөв асуудал хөндөж байна. Ариун цэврийн байгууламж гэж зүйл одоог хүртэл бариагүй шүү дээ. Нуур тойрсон 40 орчим аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулж байгаа. Бүртгэлээр бол олон юм гэсэн. Ариун цэврийн байгууламжийг журмын дагуу байгуулаагүйгээс баазууд нуурын эрэг дээр газар ухаж, нуур руу бохирдлоо шингээдэг асуудал хэрээс хэтэрлээ. Үүнийг олон жил яриад шийдэж чадахгүй байна. Хатгалд гэхэд өдөрт хэдэн зуун жуулчин ирдэг. Тэд бүгд усан замын зогсоол дээр очдог. Тэнд жорлон байдаггүй. Бие засах шаардлага хүнд бүрт гарна биз дээ. Жуулчид усан замын дээд талд байгаа уул өөд өгсч, бие засч хог хаягдлаа хаядаг. Тэр уул орчмоор бол ялгадас, бохир цаас, хог новш хэзээ ч очоод үзэхэд аймар байдаг. Ийм байхад бохирдлын асуудал байлгүй яахав.
-Хөвсгөл нуурын эрэг дээр эко 50 жорлон барих томоохон төсөл эхлээд байгааг албаныхан мэдэгдсэн. Бас орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлууд энэ төсөлд багтсан юм билээ. Орон нутагт хэр хэрэгжиж байна?
-Ер нь нуурын нэрээр маш олон төсөл хэрэгжиж байсан. Төслийн баг байгуулагддаг. Гурав, дөрвөн жил пижигнэдэг. Үр дүн нь байдаггүй. “Алтан соёо”-ны төсөл гэж алдартай төсөл бий. Хэдэн жил хэрэгжсэн ч нүдээр үзэж, гараар барих зүйл алга. Том төсөл яриад л байдаг. Бодитой ажил байдаггүй. Одоогийн ажил бол нэг асуудал шийдээд хагас хугас хийж эхлээд үр дүнд хүрэхээс нь өмнө баахан зарлаад ярьдаг. Ярьсных нь дараа гүйцэтгэл байхгүй болчихсон.
Харин одоо нэг төсөл хэрэгжээд эхэлсэн юм билээ. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилттэй гэж дуулсан. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулна гэж зарласан. Үүнээс 10 хувь нь иргэддээ зарцуулагдах юм уу даа. 90 хувь нь төслийн баг, удирдлага, яам руу шингээд алга болно. Юун 50 жорлон барих вэ. Нэг жорлон барьж эхэлж байгаа юм билээ. Бодвол улсын баяраас нааш ашиглалтад орох шинжтэй байсан. Түүнээс биш 50, 60-аар нь хийгээд тавьчихсан зүйл алга. Төсөл бол нутгийнхаа ард түмэн, байгаль орчин, газар шороонд шингэдэг баймаар байна.
-Сүүлийн үед жуулчны баазууд нутгийн уугуул малчдыг хөөж газрыг нь ашигладаг болсон гэсэн мэдээлэл дуулдах боллоо. Газаргүй болсон иргэд холбогдох газруудад хандаад байгаа бололтой?
-Энэ оноос эхлээд энэ өмчид ийм асуудал үнэхээр хүнд байна. Нутгийн уугуул малчид малаа маллаад, ганц нэг нь байшин барьж, зарим нь гэр барьж ганц нэг жуулчин явбал хонуулж өнжүүлдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал явж ирсэн. Гэтэл тэдгээр малчдыг дээрээс гэрээтэй, яамны зөвшөөрөлтэй гэж ирээд л зуслангийн байшингаа буулгаад малаа туугаад яв гэж байна. Хөвсгөл нуурын барууны эрэг Жанхай хавьцаагаар 4-5 айл ингэж хохироод байна. Нутгийн ард түмний эрх, эрх чөлөө эрх мэдэлтэй хүмүүсийн уланд гишгэгдэж байна. Дуртай нь ирээд малыг нь хөөнө, газрыг нь булаана. Энэ байдал нутгийн иргэдэд маш хүнд байгаа. Эргээд энэ байдал том тэмцэлд хүрнэ шүү.
“Зууны мэдээ” сонин
Б.Энхзаяа
URL: