Майкл Жорданы пүүз 190 мянган ам.доллараар зарагдлаа
Домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы 1984 оны олимпод түрүүлэхдээ өмсч байсан пүүз “SCP Auctions” дуудлага худалдаагаар 190 мянган ам.доллараар зарагджээ.
Пүүзийг аваргын төлөө Испанийн шигшээ багтай тоглохдоо өмсч байсан, мөн түрүүлснийхээ дараа гарынхаа үсгийг зурсан зэрэг нь ийнхүү өндөр үнэ хүрэх шалтгаан болсон байна. Энэ пүүз М.Жорданы хувцаснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь болжээ. 1997 оны Үндэсний сагсанбөмбөгийн холбооны аваргын төлөө тоглохдоо өмсч байсан пүүз 2013 онд 104 мянган ам.доллараар зарагдсан нь өмнөх дээд амжилт байв.
М.Жордан нь спортын замналдаа “Чикаго буллз” багтайгаа ҮСБХ-ны аваргаар зургаан удаа шалгарч, тухай бүртээ шигшээ тоглолтын шилдэг тоглогч болсон төдийгүй “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-оор таван удаа тодорч байсан юм. Тэрээр 1984, 1992 онд хоёр удаа улсынхаа шигшээ багт багтан олимпийн наадамд түрүүлж байв. Домогт сагсанбөмбөгч маань эдүгээ ҮСБХ-ны “Шарлотт Хорнетс” багийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд буяны ажилд багагүй цаг зарцуулах болжээ.
URL: