ХОЁР СУМ /СУРГАМЖИТ ТҮҮХ/

9927

Эрт цагт, чулуун зэвсгийн үед хүмүүс бүгд ижил тэгш эрхтэй байлаа. Хамтаараа ан агнана. Агнасан ангийн махаа бүгд ижил тэнцүү хувааж хүртэнэ. МЭӨ 12 дахь мянган жилийн үеийн хэрэг явдал. Хүмүүс нум сумыг зохиогоод бүтээчихсэн байж. Хүмүүс бүгдээрээ түүдэг галаа тойрон сууна, дундаа нэг шавар тогоотой.
-
Нэг удаа АНЧДЫН АХЛАГЧ баргил хоолойгоор архиран байж бусаддаа нэгэн саналыг хэлжээ:
-
-ХЭДҮҮЛЭЭ НЭГНЭЭ ХҮНДЭЛЦГЭЭЕ. ХҮНДЛЭЛИЙНХЭЭ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛГОЖ АГНАСАН АНГИЙНХАА МАХНЫ АЛЬ ШИМ ШҮҮСТЭЙ, АМТЛАГ ТОМ ХЭСГИЙГ АНЧИДДАА ӨГЧ БАЙЯ. ЭХЛЭЭД АНЧДАД, ДАРАА НЬ БУСДАД.
-
Хүмүүс шуугилдаад эхлэв:
-Тэр юу хэлчихэв? Зөвхөн анчдад гэв үү?
-Зөвхөн анчид гээгүй, эхлээд анчдад гэлээ! Эхлээд анчдад, дараа нь бусдад нь гэнэ.
-Эхлээд тэдэнд, дараа нь бидэнд.
-Яагаад бидэнд дараа нь гэж?
-Яагаад гэвэл тэднийг хүндэлсний илрэл болгож.
-Бидэнд мах үлдэхгүй бол яах хэрэг вэ?
-
Энэ үед УРАН ҮГТ босож ирээд уран цэцнээр илтгэв:
-Тодруулах гэсэн юм. Зөвхөн тодруулга, өөр юу ч биш.
-Тодруул – гэж ОМГИЙН ТЭРГҮҮН зөвшөөрөв.
-АНЧДЫН АХЛАГЧ зөв хэллээ. Анчдаа хүндэлж дээдлэх. Жишээ нь, би л гэхэд анчдыг ан агнаж байхад хийх юмгүй л тэнэж явдаг хүн. Уг нь надад бүдүүн том бодонг агнаж унагахад оролцох хүсэл бол байдаг л даа. Гэвч би оролцдоггүй. Яагаад? Яагаад гэвэл миний зэвсэг бол – үг учраас тэр.
Хүмүүс ч түүний дэмжив:
-Тийм ээ. Чиний зэвсэг бол – үг.
-Чиний үгний хөнөөх чадал – сум мэт…
-Тийм шүү! – гэж Уран илтгэгч даруухан зөвшөөрөв.
-
ГҮЙГЧ бас босож үг хэлэв:
-Тэгвэл, би өөрийгөө зөвтгөх үгийг хэлмээр байна?
-Тэг – гэж ОМГИЙН ТЭРГҮҮН зөвшөөрөв.
Эмэгтэйчүүд шуугилдаад эхлэв:
-Чи юугаа зөвтгөх гээв! Чи үүргээ сайн биелүүлдэг!
-Анчдыг ан хийж байхад биднийг сайн халамжилдаг.
-Хэнийг ч гомдоогоогүй, гомдоодог ч үгүй!
-
АНЧДЫН АХЛАГЧ үг хэллээ:
-ГҮЙГЧ, УРАН ҮГТ – та хоёрт миний санал хамаарахгүй. Та хоёр ангийн махны сайн хэсгийг нь хамгийн эхэнд хүртэх болно.
Энэ үед ойгоос хэн нэгэн гүйн гарч ирээд хашгирчээ (хэн гэдэг нь хэдийн мартагдаж):
-ӨНДӨРИЙГ АЛЧИХАЖ! ӨНДӨРИЙГ ХИЛЭНЦИЙНХЭН АЛЧИХАЖ!
Юу болсныг хүмүүс тэр даруй ухаарсангүй.
-Хаана алчихав?
-Хэзээ алчихав?
-ХИЛЭНЦИЙНХЭН алчихаж…
-ӨНДӨРИЙГ алчихаж!
-
Бодонгийн арьсан дээр тавьсан ӨНДӨРИЙН цогцсыг хүмүүс өндөрт өргөөд авчрав. Эмгэнэлийн үгс урслаа. Жишээ нь, УРАН ҮГТ уран цэцнээр эмгэнэжээ:
-Миний багш аа! Та нөгөө ертөнцөд бүхнээс илүү уран үгтэй нь байх болно. Таны үг бүр байгаа онож тусна…
ГҮЙГЧ бас эмгэнэв:
-Нөгөө ертөнцийн хамаг сайхан хүүхнүүд ӨНДӨР чамд минь ногдох болно!… гэх мэтээр.
-
ОМГИЙН ТЭРГҮҮН болох хазгар хөлтэй хөгшин ирж чулуун дээр суулаа, тэрээр дэргэдээ ДЭЛДЭНГ суулгав. ДЭЛДЭН – бол цэл залуу бөгөөд үнэхээр ч жаахан дэлдгэр нөхөр.
Эмгэнэл үгсийн дараа тэд гүн ухсан нүхэнд ӨНДӨРИЙН цогцсыг хийлээ. Дараа нь ОМГИЙН ТЭРГҮҮН, ДЭЛДЭН хоёр олноос жаахан алс гараад ярилцжээ.
-
-Оршуулга сайн биз? – гэж ТЭРГҮҮН асуув.
-Муугүй ээ – гэж ДЭЛДЭН хариулжээ.
-Сайн хүн байсан даа.
-Муугүй дээ.
-Түүнийг сайн хүн байсан гэж би хэллээ, гэтэл чи “муугүй дээ” гэх юм. Яагаад?
-Яагаад гэвэл тэр намайг МЭЛХИЙ ГҮНЖТЭЙ битгий гэрлэ гээд байсан юм.
-Яагаад тэгсэн юм бол?
-Өөрийнхөө эхнэрийг надад өгөх хүсэлтэй байх шиг байсан. Эхнэр нь түүнийг залхаасан юм.
-Үнэнд ойр л сонсогдож байна. Тэгэхээр, чи түүнд дургүй байх нь.
-
-Тийм. Яг үнэндээ БИ түүнд дургүй.
-Түүнийг хэн алсан гэж чи бодож байна? – гэж ТЭРГҮҮН асуув.
-ХИЛЭНЦИЙН омгийнхон алсан байх. ХОЁР СУМ ЗООХ – тэдний уламжлал.
-ГЭВЧ, СУМ МАНАЙХ БАЙСАН ГЭЛЦЭХ ЮМ. ШАР ШУВУУНЫ ӨДТЭЙ СУМ МАНАЙХНЫ ХЭНД БАЙДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ?
-Шар шувууны өд зөвхөн минийх. Өөр хэнд ч тийм өдтэй сум байхгүй.
ТЭРГҮҮН нүдээ онийлгон байж ДЭЛДЭН рүү харлаа.
-Тийм бий вий.
-Юу тийм бий вий гэж? – хэмээн ДЭЛДЭН үл ойлгов.
-Тэгвэл, сум чинийх байж.
-ШАР ШУВУУНЫ ӨДТЭЙ ГЭДЭГ ТАЛААСАА БОЛ – ТИЙМ ЭЭ, МИНИЙХ.
-
-Түүнийг чамайг алж гэж манайхан бодох болно.
-Би юу?
-ЯГ ЧИ АЛСАН ГЭЖ БИ ХЭЛЭХ ГЭСЭНГҮЙ. ТЭГЖ БОДОХ БОЛНО ГЭЖ ЯРЬЖ БАЙНА. УЧИР НЬ СУМ ЧИНИЙХ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ.
-Тэгээд юу гэж?
-Тиймээс, хэрэв чи ӨНДӨРИЙГ алаагүй юм бол, түүнийгээ батлах ёстой болно.
-Юуг батлах гэж?
-Түүнийг алаагүй гэдгээ.
-Түүнийг алсан уу, үгүй юу гэдгээ би өөрөө мэднэ шүү дээ!
-Тэр үнээн…
-
-Чиний сумыг өөр хэн нэгэн ашигласан байж болох уу? – гэж ТЭРГҮҮН асуув.
-Тэгэх ямар хэрэг байна? Бүгд өөр өөрийн сумтай шүү дээ.
-Байз, чамд ер нь хэдэн сум байх ёстойг чи мэднэ биз? Нумныхаа савыг аваад ир. ДЭЛДЭН тэр даруй хариу хэлсэнгүй…
-Нумны сав минь надад одоо байхгүй ээ.
ТЭРГҮҮН түүн рүү дахиад анхааралтай харлаа.
-Нумны савгүй гэнэ ээ? Яагаад байхгүй гэж?
-Нумныхаа савыг би алдчихсан юм – гэж ДЭЛДЭН өгүүлэв. ТЭРГҮҮН өөр тийш харж, чимээгүй болов.
-Нумны саваа алдсаан? Хэзээ? ДЭЛДЭН дахиад л түгдарч бантав.
-Ан хийж яваад бид ХИЛЭНЦИЙНХЭНТЭЙ тулгарсан даа. Тэр тулааны үеэр алдсан.
-Нумныхаа савыг тулаанд алдаж. Тэгээд хэлээгүй байдаг.
-Надад ичгүүртэй байсан юм. Би хэлэх гэсэн боловч хэлж чадаагүй.
-Яагаад? Одоо хэлэхээсээ ичсэнгүй гэж үү?
-Одоо ч ичгэвтэр байна. Гэвч миний сумаар хүн алагдсан байхад…
-
ОМГИЙН ТЭРГҮҮН голын эрэг дагуу хазганан алхална. ДЭЛДЭН түүнийг яаралгүй дагана.
-Чиний сумнуудыг ХИЛЭНЦИЙНХЭН олсон байх боломжтой юм – гэж ТЭРГҮҮН хэлэв.
-Мэдээж, боломжтой.
-Бас тэд ӨНДӨРИЙГ алах бүрэн боломжтой. Чиний сумаар…
ТЭРГҮҮН ямар нэг зүйлийг тунгаан бодно. Гэвч чухам юуг бодов гэдгийг нь – ДЭЛДЭН үл мэднэ.
-Юутай ч, тийм байх боломжтой. Тэгвэл чи юунд ч буруугүй.
-Би танд тэгж л хэлсэн шүү дээ! – гэж ДЭЛДЭН өгүүлэв.
-Тэгвэл одоо чи тэрийгээ бүгдэд хэл. Тэгвэл цуу яриа дэгдэхгүй. ДЭЛДЭН намсхийв.
-Бүгдэд хэлж чадахгүй. Нумны саваа алдсаныг мэдэх юм бол бүгд намайг дооглох болно.
-Тэгээд өөрөөр буруугүй гэдгээ нотлох боломж чамд алга байна шүү дээ! Сум чинийх байсан! Тэгэхээр чи яаж өөрийгөө өмгөөлөх хэрэг вэ?
-Мэдэхгүй.
-Тэгвэл түүнийг чи алж – гэж тэд хэлэх болно.
-БИ алаагүй – гэж БИ тэдэнд хэлнэ.
-Тэгвэл чиний сум тэнд яагаад байж байгаа юм бэ? – гэж тэд асууна.
-
Энэ үед тэр хоёрыг чимээгүй дагаад чагнаж байсан ӨНДӨРИЙН эхнэр ДЭЛДЭНГ өөртэйгээ гэрлэ гэж шахна. Миний нөхрийг алсан юм чинь оронд нь чи миний нөхөр болох ёстой гэнэ. ДЭЛДЭН татгалзана. Тэгвэл чамайг ӨНДӨРИЙГ алсныг олонд зарлана гэж БЭЛЭВСЭН ЭХНЭР сүрдүүлнэ. Улмаар тохиролцоонд хүрэхгүй Зөвлөлийн хурал зарлагдана…
-
Зөвлөлийн хурал эхлэв. ТЭРГҮҮН хурлыг нээж үг хэллээ.
-Хурлаа эхэлье. Бидний нутаг нэгтэн алагджээ. Түүнийг ар нуруунд нь хоёр сум зоож алж. Хэн түүнийг алав?
-ХИЛЭНЦИЙНХЭН! – гэж анчид болон цэргийн залуус эрэлхэгээр хашгиралдав. -ЦУСАН ӨШӨӨ АВЦГААЯ!
-Магадгүй ээ, тийм ч байж болно… Гэвч, түүнийг ЯГ ХЭН АЛАВ гэдгээс бүх зүйл хамаарна. Ямар зорилгоор алав?
АНЧИД, ЦЭРГИЙНХЭН ДАХИАД ХАШГИРАЛДАЦГААВ:
-Түүнийг алсан алуурчин хатуу шийтгүүлэх ёстой. Амийг амиар!
-
-ЦУСАН ӨШӨӨ АВЦГААЯ! ЦУСАН ӨШӨӨ! – гэлцэх анчид, цэргийнхэн улмаар дайны бүжиг хийж эхлэв. Хяран гэтэн харайлдаж, хашгиран уухайлцгаана.
АНЧДЫН АХЛАГЧ гар өргөж бүжгийг зогсоов. ТЭР БОЛ ЭР ЗОРИГТОЙ ХЭРЦГИЙ ДОГШИН ЭР БИЛЭЭ.
-Би анчин дайчин хүн. Цаг нь ирвэл дайны бүжгийг би өөрөө эхлүүлнэ. Би дэндүү олон дайсны цусыг урсгасан байх. ХАМАР аа, чи надад ярьж байсан даа! Сумнууд манайх байсан гэж. Чи бүр харсан гэсэн, хэний сум байсан бэ?
ХАМАР удтал дуугүй байв.
-
-Чи найзаа барьж өгөхийг хүсэхгүй байх шиг байна, тийм үү? Сайн хэрэг ээ. Гэвч дуугүй байснаараа ЧИ биднийг бүгдийг нь мэхлээд байна шүү!
ХАМАР дуугүй л байсаар.
-Хэний сум байсныг хэл. Чадахгүй бол би хэлье. Би тоохгүй!
ХАМАР нүд рүү нь эгцэлж харалгүйгээр ДЭЛДЭН рүү заав.
-Түүний сумнууд. Бүгд дуу алдаж ДЭЛДЭН рүү харцгаав.
-Тийм бий вий! Гэтэл ДЭЛДЭН чи чимээгүй л суугаад байдаг! – гэж АНЧДЫН АХЛАГЧ зэмлэв. -Чамаас болоод золтой л дайн дэгдчихсэнгүй.
-Чи бос, босооч! – гэж АНЧДЫН АХЛАГЧ зандрав. ДЭЛДЭН бослоо.
-Тийм ээ, тэр миний сумнууд.
АНЧДЫН АХЛАГЧ асуув:
-Чи юунд түүнийг алав?
-Би алаагүй.
-Тэгвэл хэн алав?
-Мэдэхгүй!
-
-БИ ТҮҮНИЙГ АЛААГҮЙ! АЛАХ БОЛОМЖ Ч НАДАД БАЙХГҮЙ! НАДАД СУМ БАЙГААГҮЙ!
АНЧДЫН АХЛАГЧ бүр гайхав.
-Чиний сумнууд хаана байна?
-Энэ гутамшиг гэдгийг би мэдэж байна. Гэвч намайг хэрэгт сэжиглэж байгаа учир хэлэхээс өөр аргагүй боллоо. ХИЛЭНЦИЙНХЭНТЭЙ тулалдаж байхдаа би нумныхаа савыг алдчихсан юм.
Эмэгтэйчүүд инээлдэв. Анчид, цэргийнхэн хөхрөлдөв. Харин ДЭЛДЭН хэн рүү ч харж чадахгүй толгойгоо гудайлгажээ.
АНЧДЫН АХЛАГЧ түүнд хэлэв.
-
-Худлаа битгий ярь, ДЭЛДЭН минь. Тэгвэл би шууд хэлье. ДЭЛДЭН, чи нумныхаа савыг алдаагүй. Алдаж болно л доо, чи нэг тийм маягийн хүн. Гэвч энэ удаад бол – чи нумныхаа савыг алдаагүй. Харин нуусан.
-Нуух ямар хэрэг байх билээ дээ, надад?
-Хүн алсан сэжгийг өөрөөсөө зайлуулахын тулд.
-Түүнийг шалгах амархан – гэж ОМГИЙН ТЭРГҮҮН хэлэв.
-Эрж болно. Сумнуудыг хэн эрэх вэ?
-Би! -Би!
-Хэн нь ч хамаагүй ээ – гэж АНЧДЫН АХЛАГЧ архирав. -ХАМАР, чи явж эр.
-Тэг тэг, ХАМАР чи эр – гэж ТЭРГҮҮН ч зөвшөөрлөө.
-Завсарлая! – гэж хүмүүс шаардаж эхлэв. Тэд удаан сууж ядарчээ.
-Завсарлахгүй, асуудал том – гэж ТЭРГҮҮН хэлэв.
ХАМАР их ч удсангүй. Арай ч дэндүү хурдан гэмээр хугацаанд эргээд ирэв. Нумны савтай сумнуудыг ТЭР гартаа барьжээ.
-Аваад ирж! Олчихож! – гэж хүмүүс хашгиралдав.
-
ТЭРГҮҮН эргэлзэнгүй хэлэв: -ХУРДАН ОЛЖЭЭ.
АНЧДЫН АХЛАГЧ хорсолтой инээмсэглэн хэлэв: -МУУ НУУСАН ХЭРЭГ.
ТЭРГҮҮН, ДЭЛДЭНГЭЭС асуув:
-Чинийх мөн үү?
-Мөн. Минийх байна…
-Тулааны үед алдсан гэж чи хэлсэн дээ?
-Би түүнийг алдсан…
-ХАМАР, чи үүнийг хаанаас олов?
-Гэрийнх нь цаанаас. Мөчрөөр дараастай байсан.
-ДЭЛДЭН, чи үүнийг гэрийнхээ цаана нуугаа юу?
-Би юу ч нуугаагүй! Би түүнийг алдсан!
-
-ӨНДӨРИЙГ ЧИ АЛЖ!!!
-Хэн алсан нь одоогоор тодроогүй байна! – гэж ДЭЛДЭН хашгирав.
-Тодорхой, найз минь. Тодорхой – гэж АНЧДЫН АХЛАГЧ архирав. -ӨНДӨРИЙГ ЧИ АЛСАН БАЙНА.
-Би алаагүй гэдгийг би өөрөө мэдэж байна. Би өөрийгөө мэднэ шүү дээ!
-Тэгвэл чинийхээр бол хэн алсан байх вэ?
-Харин наадхын чинь л учрыг олох хэрэгтэй! АНЧДЫН АХЛАГЧ цугларсан олныг тойруулан харав.
-Тэгвэл учрыг нь ол доо. Шөнө дунд болтол сууцгаая. Учрыг нь хэн олох вэ? Би олъё гэх хүн гарсангүй.
-ХЭН Ч ХҮСЭХГҮЙ БАЙГАА БОЛ БИ ӨӨРӨӨ УЧРЫГ НЬ ОЛЪЁ! – гэж ДЭЛДЭН хэллээ.
-
ТЭРГҮҮН бухимдан өгүүлэв:
-Өөрөө орооцолдсон юм байж ЧИ яаж учрыг нь олох гээв?
-Би орооцолдсон, тэгэхээр би илүү хичээх болно.
-Тэгвэл учрыг нь ол! – гэж АНЧДЫН АХЛАГЧ өгүүлэв. -Учрыг нь олог, тийм үү?
-Тэгвэл оролдоод үз дээ, ДЭЛДЭН минь, учрыг нь ол – гэж ТЭРГҮҮН ч зөвшөөрөв.
-Баярлалаа.
ДЭЛДЭН жаахан бодсоноо хүмүүст хандлаа:
-Та нараас ӨНДӨРИЙГ хэн алсныг мэдэх хүн байна уу?
-Мэдэхгүй! -Мэдэхгүй юм даа!
-Тэгвэл хэн нэг нь түүнийг ална гэж занаж байв уу, сонссон юм байна уу?
-Сонсоогүй! -Дуулаагүй ээ!
-
Дэлдэн сэтгэлээр унав.
Энэ үед: -БЭЛЭВСЭН ЭХНЭРЭЭС асуу – гэж ХАМАР түүнд хэлжээ.
-Тийм шүү, ТЭР, ӨНДӨРИЙГ залхаасныг бүгд мэднэ.
-Чи асуу, асуу. ДЭЛДЭН жаахан сандрав.
-Чи бүү гомдоорой, гэвч би асуух ёстой. Чи нөхрөө алаагүй биз?
-Бүр иймдээ тулжээ! Би нум ч харваж чаддаггүй юм шүү!
-Чи нум өгөөд үз, тэр харваг! – гэж ХАМАР шургав.
БЭЛЭВСЭН ЭХНЭР өөрт нь бариулсан нумын хөвчийг татаад тавьтал модны голыг онож орхив. Эмэгтэйчүүд баярлалдав. Харин бэлэвсэн эхнэр гутарлаа.
-Тохиолдлоор оночихлоо! Би онохыг ч хүсээгүй, гэтэл оночихлоо!
-Харж байна уу – гэж ХАМАР хэлэв. -Наадах чинь нөхрөө тоохгүй алж чадна!
-
-Чи нөхрөө хамгийн сүүлд хэзээ харсан бэ? – гэж ДЭЛДЭН асуув.
-Өчигдөр, нарыг элсэн толгод руу хэлбийж байхад.
-Тэрийг чи яагаад тийм сайн санаж байна? БЭЛЭВСЭН ЭХНЭР бага зэрэг сандрав.
-Яг тэр үед би гэрээсээ гарах гэж байсан юм. Өөрийнхөө ажил хэргээр.
-Ямар ажил хэрэг?
-Тэр хэнд ч хамаагүй.
-Чи хариул – гэж ТЭРГҮҮН тушаав.
-Тэр үед ГҮЙГЧ намайг хүлээж байсан юм.
-Тэгвэл, нарыг элсэн толгод руу хэлбийж байхад чи тэднийх рүү явж. Тэгэхэд нөхөр чинь амьд байсан байх нь ээ?
-Мэдээж, амьд байсан. Тэгэхэд чи түүнийг алаагүй байж!
-БИ ТҮҮНИЙГ АЛААГҮЙ ШҮҮ!
-Тэгвэл хэн алав?
-Чамайг гэрээсээ гарч байхад нөхөр чинь юу хийж байв? – гэж ДЭЛДЭН асуув.
-Намайг харааж байсан.
-Юу гэж?
-Намайг “завхай эм” гэсэн, над руу сүлжмэл хувин шидсэн.
-Чи хариуд нь юу хийсэн бэ?
-Би түүн рүү хулуу шидсэн.
-Тэгээд чи ГҮЙГЧ рүү очиж, тийм үү? ГҮЙГЧИЙНХЭЭС хэзээ явсан бэ?
-
-Нарыг элсэн толгодын цаад руу буусан хойно БИ тэднийхээс явсан. Энэ ямар хамаатай билээ?
-Нар элсэн толгодын цаад руу бууж. Өөрөөр хэлбэл, ӨНДӨРИЙГ алагдсан байхыг олсон тэр үед. Тэгэхээр, чамайг ГҮЙГЧИЙНД байх үед түүнийг алсан болж таарч байна. ТЭГВЭЛ, ЧИ БУРУУГҮЙ ГЭСЭН ҮГ.
ДЭЛДЭН урам алдрав.
-Хэн алсан нь тодорсонгүй.
АНЧДЫН АХЛАГЧ тэвчээр алдрангуй асуув: -ИНГЭЭД БОЛСОН УУ?
-Үгүй, болоогүй.
-Өөр юу байна?
-Бодож байна.
-ХУРДАН БОД, ХҮМҮҮС ХҮЛЭЭЖ БАЙНА.
ДЭЛДЭН, БЭЛЭВСЭН ЭХНЭРТ дахиад хандлаа.
-Чиний нөхөр ГҮЙГЧТЭЙ маргалдаж байсан уу?
-Тэр хоёрыг эвтэй байсан гэхгүй ээ.
-Тэгвэл, ГҮЙГЧ түүнийг алсан байж болох уу?
-Үгүй.
-Яагаад?
-Тэр үед ГҮЙГЧ бид хоёр хамт байсан юм чинь.
- – - -
1-р хэсэг төгсөв. Үргэлжлэл бий. Үлдсэн 2 хэсгийг нь уншмаар байвал дараах линкээр орж лайк дарж урам өгөөрэй…

https://www.facebook.com/purev.badam/posts/1491395040911786

Эх сурвалж: Badam Purev

URL:

Сэтгэгдэл бичих