Ичих булчирхайгүй иргэний хөдөлгөөнийхөн

Саяхан л МАН-ын муу муухайг дуудаж, булхай луйвар бүхнийг нь уудалж байсан “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав энэ намын батлахыг өвөртөлж эгнээнд нь элсчихэв. Ерөнхий сайдаас батлахаа гардаж авахдаа хэлсэн үг нь “Ард түмэн маань л сайн сайхан амьдрах учиртай…”
Б.Лхагважав МАН-ын гишүүн боллоо гээд ард түмэн сайн сайхан амьдарна гэж ч юу байхав. Харин ч ард түмний сайхан амьдралын төлөө биш өөрийнхөө эрх ашиг, албан тушаал, эрх мэдлийн төлөө энэ сонголтыг хийсэн нь илэрхий байхад ийн матрын нулимс унагасан нь олон хүний дургүйг хүргэсэн биз.

Уг нь тэр нийгэмд иргэний хөдөлгөөний тууштай тэмцэгчдийн нэг болж харагдаж, үнэлэгдэж эхэлж байсан. Улстөрийн намууд, тэр дундаа эрх барьж байгаа хоёр намтай хэзээ ч эвлэршгүй “дайсан” мэт аягладаг байсан түүний авирыг хүмүүс мартаагүй. Гээд яалтай ч билээ. Бид эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэн ямар сонголт хийх нь 100 хувь тухайн хүний эрх. Энэ эрхээ ч эдэлж хүний эрхийн хуульч М.Ичинноров МАН-ын гишүүн болсон билээ. Түүний араас Б.Лхагважав алхаж, нэгэн цагт гудамжинд жагсч, эрх баригч МАН-тай үзэж тардаг байсан хоёр “тэмцэгч” ийнхүү улаан батлахын эзэд боллоо. Гудамжнаас улстөрийн намын нөмөрт шургасан иргэний хөдөлгөөнийхний жагсаалт О.Магнай, Ж.Батзандан гээд үргэлжилнэ. Үргэлжлэх ч юу байхав, өнөөдөө энэ дөрөв л байгаа байх.

Гэхдээ…Өнөөх 100 хувь эрхийн цаана жаахан ч атугай ичих нүүр байгаасай гэж хүсэх юм. Хэрэв эцсийн цэгт аль нэг улстөрийн намыг  сонгох байсан юм бол иргэний хөдөлгөөний нэр барьж, иргэний төлөө тэмцэгчийн дүрд тоглохоо болих хэрэгтэй санагдана. Магадгүй, ийм байдлаар олонд танигдах нь илүү ашигтай байдаг байж мэднэ. Болсон болоогүй хэрүүл хийж, хэл ам таталж, улстөрийн намуудтай тэрсэлдээд байхаар өнөөдүүл нь амыг нь хамхих гээд албан тушаал амладаг л биз. Иргэний шударга, ил тод нийгмийн төлөө дуу хоолойгоо гаргадаг их мундаг том “баатар”  болчихоор намууд булаацалдаад кайфтай л байдаг байх.
Цаашид М.Ичинноров, Б.Лхагважав нарын араас хэчнээн иргэний хөдөлгөөний тэмцэгчид замнахыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан “Нам дагавал ам тосдоно” гээд дараа үеийн залуус нь “булган сүүлтэй” ах, эгч нараасаа үлгэр дууриал авах нь мэдээж. Энэ хэрээр иргэний хөдөлгөөний нэр хүнд нийгэмд навс унаж, иргэний хөдөлгөөн гэдэг зүгээр л аль нэг намын батлах, албан тушаал, эрх мэдэлд хүрэх дөрөө төдий болсоор байгаа нь харин харамсалтай.

Бусад улс оронд төрийн бодлогод нөлөөлж, засаглалыг эргүүлж ч мэдэх хүчтэй байдаг иргэний хөдөлгөөн Монголд алга. Тиймээс ичих булчирхайгүй иргэний хөдөлгөөнийхний жагсаалтад Б.Лхагважаваар цэг тавиасай.

Д.Элбэрэлт time


URL:

Сэтгэгдэл бичих