“Рио Тинто”-гоос санхүүжигчдийг зарлана гэж сүрдүүлсэн үү

115820_1Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-гийн шахалтад орж, бууж өгсөн харамсмаар үйл явдал боллоо. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдаж, эдийн засгаа сэргээх гэсэн эрх баригчдын хүсэлт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Учир нь, ОУВС “Танай улс валютын урсгалдаа хяналт тавьж байгаа бол дахин хэлэлцээр хийнэ” гэдгээ мэдэгдсэн.

Энэ нь 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалт буюу Монголын баялгийн ашиг Монголын банкаар дамжих ёстой гэсэн утга бүхий заалтаас үүдэлтэй. Дээрх заалт “Рио Тинто”-д таалагдаагүй учраас манай улсын талаар ОУВС-гийнханд гомдол мэдүүлж, хэлэлцээрийг зогсоогоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид саад болоод байгаа дээрх заалтыг хүчингүй болголоо. Тэд хэдхэн хоногийн өмнө олонхиороо баталсан тогтоолын заалтаа хүчингүй болгож байгаа нь “Рио Тинто”-ийн өмнө хүчин мөхөстсөн хэрэг. Учир нь “Рио Тинто” Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн эгзэгтэй цаг үед Монголын нөлөө бүхий эрхэмүүдийн талаархи баримтуудыг олон нийтэд зарлана гэх “сүрдүүлэг”-ийг эрх баригчдад илгээсэн гэх мэдээлэл байгаа юм. Магадгүй тэд “Рио Тинто”-гоос санхүүждэг эрхэмүүдийн нэрийг зарлана гэсэн “сүрдүүлэгт” автсан байхыг үгүйсгэхгүй.

Уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчид Монголын баялгийн ашгийг Монголын арилжааны банкуудаар бус, гадаадын банкуудаараа дамжуулан явуулдаг байна. Тиймээс энэ байдлыг өөрчилж, хөрөнгө оруулагчдыг Монголын хуулинд захирагдах нөхцлийг дээрх заалт хангаж байсан юм. Уг тогтоолын заалтыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүд оруулж батлуулсан. Тэрбээр “Рио Тинто” улс орныхоо эрх ашгийг худалдсан, тэд нартай холбогдсон нөхдүүдээр дамжуулан манайхныг айлгаж шахаад байгаа байхгүй юу. Гадны хөрөнгө оруулалт байхгүй боллоо гээд ярьдаг юмаа яриад гүйцгээж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Түүний хэлсэнчлэн “Рио Тинто”-той холбогдсон нөхдүүд хэн байж болох вэ. 2009 онд Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярын Засгийн газрынхан уу? Тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан нөхдүүдээс одоо УИХ-д цөөн хэд нь бий. Ерөнхий сайд асан С.Баяр ч эх орондоо ирээд байгаа аж.

2009 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нар голлох үүрэгтэйгээр гэрээг үзэглэсэн байдаг. Ингэхдээ Тогтвортой байдлын гэрээнд мөнгөн урсгалаа гадаадын энэ банкны, энэ гүйлгээгээр хийнэ гээд тодорхой заагаад өгчихсөн байна. Тиймээс Монголын банкаар Оюутолгойн ашиг дамждаггүй байна. Гэтэл “Рио Тинто” өөрт хамааралгүй заалтыг өөрчлүүлэх гэж манайхныг шахаад байгаа нь Монгол Улсыг дорд үзсэн хэрэг болж байгааг зарим гишүүд шүүмжилж буй юм.

Дээрх заалтыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гишүүдийн нэг нь төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар. Тэрбээр “Дээрх заалт хэрэгжвэл Монголд хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Харин ч хөрөнгө оруулалтыг хязгаарласан арга хэмжээ болно. Монголд сайн зүйл авчрах заалт биш” гэсэн юм. Харин “Рио тинто” шахалт үзүүлсэн талаар тоймтой тайлбар өгөөгүй бөгөөд Оюутолгойн гэрээ зурагдах үед Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдгээ ч хэлсэн.

2009 онд асар их нөөцтэй Оюутолгойн ордыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх боломжийг УИХ-аас Засгийн газарт бүрэн нээж өгсөн байдаг. Ингэснээр гэрээ зурагдаж, төсөл хэрэгжин, манай улс хөгжлийнхөө дээд цэгт хүрнэ хэмээн ам уралдан ярилцаж байв. Гэвч өнөөдрийг хүртэл Оюутолгойгоос цөөхөн хэдэн хүмүүс хөлжиж, олонхиороо ядуу амьдарсан хэвээр байна. Амьдрал сайхан болно, удахгүй гоё болно гэх ганган үгсээр “хуурч” гэрээ байгуулсан нөхдүүд хариуцлага хүлээнэ гэдгийг ор тас мартан “жаргаж” суугаа биз ээ.

Medee.MN


URL:

Сэтгэгдэл бичих