ХҮҮДЭЭ БИЧСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ

8976

Хэвлийд минь дэлгэрч, алганд минь ургасан цэцэг минь
Энгэрээс минь урсаж, зүрхэнд минь цутгасан сүү минь
Харцыг минь зөөллөж, амийг минь хуваасан амь минь
Элэгийг минь эгшээж, гунигийг минь цуулсан хүү минь.
Хөгшин цэнхэр тайгад хөл хүнд болоход минь
Хөшүүн хорвоог уястал дотроос минь тийрсэн дүрсгүй минь
Аргал түүж яваад барьц алдан гуйвахад минь
Амин цаагаан хүйгээ атгаж жиисэн ухаантан минь.
Өнгө мөнгөний хорвоод дуртай эсэхийг чинь мэдэхгүй ч
Өөрөө л хүчлэн байж Ижий нь чамайг төрүүлсэн
Өсөх наснаасаа эхлээд баяр жаргал амсахад чинь
Өөрийн эрхгүй уярч, бачуурлаа ханзартал инээсээн.
Ээж нь тэгээд хүүдээ эрдэнийн сондор өгөх гэж
Эрмэг залуу насаа цаг хугацаагаар сольчихсон
Аз жаргалын төгөлөөр навчис туучуулж өсгөх гэж
Ариун гоо төрхөө амьдралын салхинд хийсгэчихсэн.
Салхинд хийсгэсэн үнээр чи минь харин өссөн
Сар жилүүд улиравч амийг минь өртөөлөхөөр торнисон
Өр нэхэгч биш шүү. Ижийгээ битгий шоолоорой
Өнөд мандаж явахад чинь үнэн л хэрэг болдог юм.
Одоо харин хүүдээ ганцхан зүйл л захья
Олны дундаас олдсон бэрийг минь бүү орхиорой
Бусадтай дарвиж болно, буцаад л гэртээ ирээрэй
Буруу зөвийн дундуур түүнээ л ойлгож яваарай.
Сэмэрч гандах үед чинь тулж босох тулга чинь юм
Сэрж өөдөлж явахад чинь залж түших багана чинь юм
Уужуу тайван сэтгэлээр хайраа л дээдэлж жаргаарай
Ухаант ардынхаа бүлд айл нэмсэнээ ойлгоорой.
Тэр сайхан бэр минь залуу нас минь болохоор
Тэнгэрт сарвайж сөхрөх зовлонг битгий өгөөрэй
Тэртээх нулимст өдрүүдтэй Ижийгээ л хадахгүй юм бол
Тэвэрч ханилсан ханиа эр хүн шиг хайрлаарай.

/ Ч.Чагнаадорж/


URL:

Сэтгэгдэл бичих