Чилийн зэс буцаад тэргүүлнэ

205223-13042017-1492059937-446478364-zesЧилийн төрийн өмчлөлтэй зэсийн үйлдвэрийн тосон будгийн зургаар чимсэн зоогийн танхимд суугаа Codelco-гийн захирал Оскар Ландерретч цагийг эргүүлэн бодож, эсрэг тэсрэг хоёр зүйлийг хэрхэн тэнцүүлэхээ тунгаана. Юу гэвэл ажилчдын эсэргүүцлийг өдөөхгүйгээр өртөг зардлыг хэмнэх явдал. Учир нь зэсийн салбарын ажилчдын бослогын улмаас үйлдвэрлэлээ зогсооход хүрч байв. Сантьяо хотын төвд орших Codelco-гийн чулуун барилгын дээд давхраас ноён Ландерретчийн гаргах шийдвэр олон жилийн уналтын дараах зах зээлийн сэргэлтийн үед хувийн уурхайнуудын өмнө тулгарч буй бэрхшээлийн илрэл юм.

Тэрбээр Financial Times-т өгсөн ярилцлагадаа “Эдгээр шийдвэрийн аль нь ч хатуу тусна. Хэн нэгэнд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Шийдвэрийн улмаас заавал ялагч буюу хохирогч үүснэ” гэв. Хөдөлмөрийн маргааны эмзэг асуудлаар түүний өгсөн тайлбар хувийн үйлдвэрлэгчдийнхтэй адил байж болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Чилийн нийслэл Сантьягод дэлхийн зэсийн бага хурал болсон. Энд үг хэлсэн олон хүн Чили дэх BHP Billiton-ы аварга үйлдвэр Escondida-д ажилчдын бослого үйлдвэрлэлийг хоёр сар тасалдуулсны дараа ажилчдын цалин ба хөдөлмөрийн нөхцөл бага зэрэг дээшилснийг ярьсан байна.

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчийн Засгийн газраас томилогдсон захирлын хувьд ноён Ландерретч Чилийн төрийн өмчлөлтэй үндэсний компани үлгэр жишээгээр тэргүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Өнгөрсөн онд тус компани 10 гаруй хөдөлмөрийн маргааныг амжилттай зохицуулж чадсан юм. Тэрбээр “Бид аюулгүйн ажиллагааг дээшлүүлж, урт хугацааны эрсдэлийг багасгахын хамт ажиллагсдын ирээдүйн тодорхойгүй байдлыг арилгах шаардлагатайг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээв.

Өсөлтийн жилүүдэд дундаж цалингаас дээш гарсан урамшууллын хэмжээг 50 хүрэхгүй хувиар танасан байна. Гэвч зэсийн үнэ өнгөрсөн жилийн доод цэгээс дээшилж эхлэхэд цалин хөлс нэмэгдүүлэх тэмцэл өрнөвөл тус салбарт хүндрэл учирч болзошгүй. Лондоны биржид бүртгэлтэй Antofagasta зэс олборлогчийн захирал Иван Арриагада тус салбарт автоматжилт нэвтэрч буй үед ажилтны бүтээмжийг дээшлүүлэхийн тул уян хатан ажиллах ёстойг онцлов. Тэрбээр “Өнөөгийн бодит байдал ба ирээдүйн ажлын байрны нөхцөлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна” хэмээв.

Чили улс дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч бөгөөд сүүлийн 10 жилд Хятадын аж үйлдвэржилт бараг бүх салбарт ашигладаг энэ металлын эрэлтийг эрс өсгөсөн билээ. Гэвч нийлүүлэлт хэтэрсний улмаас өнгөрсөн онд зэсийн үнэ 4300 ам.доллар болтлоо унасан бол саяхнаас 5700 руу өгссөн нь бүх цаг үеийн дээд үнийн талаас жаахан дээгүүр байгаа юм. Codelco үнийн уналтад өртсөн нь зарим талаар борлуулалтынхаа 10 хувийг Чилийн цэргийнхэнд зориулах хуулиас шалтгаалсан гэдэг. Тус компани өрийн хэмжээгээ 14 тэрбум ам.долларын түвшинд барьж, нөөц дундарч буй уурхайгаас баяжмал олборлохын тулд ирэх таван жилд 18 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Энэ онд боловсруулсан зэсийн зах зээлд ялимгүй хомсдол үүсэх хүлээлттэй байгаа учир Чилийн үйлдвэрлэлийн тасалдал үнийн өсөлтөд асар их нөлөөлнө. Чилийн зүүн төвийн үзэлтэй Ерөнхийлөгч Мишель Бачелетын оруулсан хөдөлмөрийн шинэ хуулийн аж үйлдвэрт үзүүлэх нөлөөллийг сулруулах талаар хэлэлцээ явагдаж байна. Энэ үйл явц уурхайнууд ажилчидтай тохиролцоонд хүрч чадах эсэхэд томоохон сорилт болох юм. Чилийн уул уурхайн салбарт энэ жил 15 хөдөлмөрийн гэрээг шинэчлэхээр хэлэлцэж буйн дотор Codelco, Anglo American, Antofagasta компани багтаж байгаа. BHP-ийн Escondida уурхайн ажилчид хөдөлмөрийн шинэ гэрээ ба урамшууллын талаар хэлэлцээг эцэслэлгүйгээр ажилдаа эргэн орсон авч шинэ хуулийн хүрээнд 18 сарын дотор зөвшилцөлд хүрэхийг найдаж буй аж.

Ажил хаялтын тухайд нэг уурхайн захирал “Энд хэн ч ялахгүй, бүгдээр алдагдал хүлээнэ” гэсэн юм. BHP-ийн Америкийг хариуцсан захирал Даниел Мальчук тус компани үйлдвэрлэлээ сэргээж, үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөж чадна гэдэгт итгэлтэй байгааг мэдэгджээ. Тэрбээр Сантьягод сэтгүүлчдийн өмнө хэлэхдээ “Бид үйлдвэрлэлээ сэргээвэл ажил хаялтын өмнөх түвшиндээ дахин хүрэх нөхцөлийг баталгаажуулахыг эрмэлзэж байна” гэсэн юм.

Escondida уурхайн хувьд хөдөлмөрийн өртөгийг хянах нь нэн чухал бөгөөд BHP гаргалтаа дэмжихийн тулд баяжуулах болон давсгүйжүүлэх үйлдвэр шинээр барих шаардлагатай. 4.3 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр 112 бээр урт хоёр хоолойгоор уурхай руу ус татахаар төлөвлөгдсөн. Гэвч зэсийн үнэ унасны улмаас уг хөрөнгө оруулалтын үр ашигт бэрхшээл үүсчээ. Чилийн хөдөлмөрийн шинэ хууль үйлдвэрчний эвлэлүүдэд илүү эрх өгөх төлөвтэй байгаа тул уурхайчид ирээдүйн хэлэлцээнд итгэлтэй байна. Чили дэх Colluahuasi уурхайн ажилчидтайгаа аравдугаар сараас хэлэлцээ хийх гэж буй Anglo American-ы зэсийн захирал Хенни Фаул “Бид Escondida- гийн байдлыг эс анзаарч болохгүй. Бусад хэлэлцээнд нөлөөлнө” гэжээ.

Тэрбээр цааш нь “Гэхдээ нөхцөл байдал, компани, үйлдвэрчний эвлэл нь өөр. Бид сүүлийн нэг хоёр жилд Үйлдвэрчний эвлэл болон хуулийн зөвлөгчид ялгаатай ажилладагийг ойлгосон. Миний бодлоор яг тогтчихсон жишиг байхгүй. Иймээс бусад хэлэлцээнд жишиг тогтооно гэж үзэхгүй байна” хэмээн өгүүлэв. Codelco-гийн захирал ноён Ландерретч тус компанийн статус нь хөдөлмөрийн хэлэлцээнд хувийн компаниудаас давуу эрхтэй оролцох боломж бүрдүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Codelco-г 1971 онд Сальвадор Альедегийн засаглалын үед зэсийн салбарыг хувьчлахад байгуулсан. Тус компанийн удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч ордог. Гэхдээ эднийх Үйлдвэрчний эвлэлтэй хоёр жилийн турш хэлэлцээ хийсний сацуу гэрээлэгчдийг цөөлж, удирдлагын өртөгийг танасны үр дүнд 2020 он хүртэл хоёр тэрбум ам.доллар хэмнэх нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.

Ландерретчийн ярьснаар сүүлийн гурван жилд Codelco- гийн бэлэн мөнгөний зардал жил бүр 8-9 хувиар багассан ба салбарынхаа дунджаас доогуур байгаа аж. Ирэх 10 жилийн эхэнд тус компани дэлхийн зэс үйлдвэрлэгчдийн дунд өртөг зардлаараа хамгийн доод хэсэгт багтахаар төлөвлөжээ. Захирал эцэст нь “Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл жигд явах ёстой. Үргэлж цээжээ дэлдээд байвал тэр зорилгод хүрэх нэн бэрх” хэмээн өгүүлсэн билээ.

Хенри Сандерсон

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих