Я.АРИУНБОЛД ДАРГА АА, ХАРЬД БАЙГАА МОНГОЛЧУУДАА АДАЛСАН КОНСУЛУУД ХЭРЭГТЭЙ ЮУ

olloo_mn_1491267284_olloo_mn_1473761052_Untitled-1-Монгол иргэдтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд эргэлзээгүйгээр өөрсдийнхөө хамгаалтад авч, иргэн бүрээ хамгаалах ёстой гэж заасан байдаг- 

Дэлхийн 200-аад орны бүгдэд нь манай улсын иргэд амьдардаг гэсэн албан бус тоо баримт байдаг. Тэгвэл эдгээр улс оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөх, тухайн улсынхаа хуулийг зөрчих, асуудалд холбогдох тохиолдолд хамгийн түрүүн дипломат төлөөлөгчийн байгууллага руу ханддаг. Гадаадад суугаа иргэд маань санаатай, санаандгүйгээр хууль зөрчин хэрэгт холбогдох нь бий ч хилсээр гүтгэгдэж тухайн улсын шоронд орох тохиолдол ч гардаг. Ямарваа байдлаар эрхээ хасуулан хоригдсон иргэд тухайн улсад Монгол Улсаа төлөөлөн сууж буй Элчин сайдын яам, консулын газраас хууль эрх зүйн болон бусад туслалцааг хүсэхэд тэд хариу өгдөггүй, тэрчлэн нүүр буруулаад өнгөрөөх нь ч байна.

ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДСЭН МОНГОЛ ЗАЛУУ ХОНГКОНГИЙН ШОРОНД ТАРЧИЛЖ БАЙНА

 


Монгол Улсын иргэн Б.Төрмөнх Олон улсын байгууллагад хандаж гаргасан өргөдөл. 2017.02.25
Тухайлбал, Хонгконгийн цагаачлалын албаны шоронд хоригдож буй иргэн Б.Төрмөнх тэндэх консулын газраас орчуулагч болон хууль эрх зүйн туслалцаа авахыг хүссэн аж. Гэтэл тэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ямар ч боломжгүй, мөн манайх орчуулагчгүй учраас “Та бүхэн Төрбилэг гэдэг залуутай холбогд” хэмээн өөрсдөөсөө холдуулжээ. Уг нь Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас аль ч улсад ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газрууд, холбогдох албаны дарга нар болон ажилтнуудыг монгол иргэдтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд эргэлзээгүйгээр өөрсдийнхөө хамгаалалтад авч, иргэн бүрээ хамгаалах ёстой гэж үүрэг болгодог. Гэтэл тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа дэд консул Ганбат, Оч гэх зэрэг хүмүүс иргэн нь бусдын өмнөөс ял үүрч цагаачлалын албаны шоронд бүтэн нэг жил хоригдож байхад иргэнээ хамгаалаагүйн улмаас Б.Төрмөнх гэх залуу өдгөө хүнд дарамтад ороод байна. Тэрбээр хоригдож буй газрынхаа хянагч нарт “Халуун ус өгөөч” гэж хэлснийхээ төлөө шөнөжин зодуулж, хүйтэн шалан дээр хөл нүцгэн явжээ. Мэдээж энэ үйлдэл ганц удаагийнх биш учраас тэрбээр гэр бүлийнхээ хүнд хандаж яаралтай консулын газрын ажилтнуудтай уулзаж хууль эрх зүйн туслалцаа болон орчуулагч авахыг уламжилжээ. Ингээд түүний хэлсний дагуу Б.Төрмөнхийн эхнэр Б гэгч бүсгүй олон удаа консулын газарт очиж дэд консул, Ганбаттай уулзаж байсан ч тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Энэ хооронд өдөр өдрөөр Б.Төрмөнхийн бие муудаж эхэлжээ.

ДЭД КОНСУЛ ГАНБАТ ОРЧУУЛАГЧ ТӨРБИЛЭГТЭЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ

Ингээд Б.Төрмөнхийн эхнэр Б бидэнтэй холбогдож консулын газрын ажилтнуудын үнэн төрхийг илчилсэн юм. Тэрбээр “Миний нөхөр Б.Төрмөнх болон бид хоёр Хонгконгод цагаачлах гэж цагаачлалын албанд бүртгүүлээд байсан юм. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-ны өдөр хулгайн хэрэгт хилсээр гүтгэгдэж цагаачлалын албаны шоронд өнөөг хүртэл хоригдох болсон юм. Нөхрийгөө баригдсаны дараа удаа дараа консулын газарт тусламж үзүүлэхийг хүссэн ч тэд бидэнд нуруугаа харуулж янз бүрийн шалтаг хэлсээр бүтэн нэг жилийн нүүрийг үзэх болсон нь энэ. Уг нь Монгол Улсыг төлөөлөн суугаа элчин сайд болон консулын газрынхан Монгол иргэддээ онцгой анхаарч тэдэнд дэмжлэг үзүүлэх ёстой байдаг биз дээ. Тийм ч учраас энэ хүмүүс энд Монголыг төлөөлж сууж байгаа гэж би бодож байна. Хэрвээ миний нөхөр үнэхээр гэмт хэрэг хийгээд шоронд орсон бол эгч нь консулын газрынханд гомдох юм алга. Хэрэг хийсэн байлаа ч гэсэн тэд иргэнээ хамгаалж холбогдох албаны хүмүүстэй нь уулзах ёстой. Хамгийн хачирхалтай нь консулын газрын дэд дарга Ганбат гэдэг хүн “Манайд албан ёсны орчуулагч байхгүй. Та нар Төрбилэг гэдэг залууг орчуулагчаар аваарай гэж танилцуулж байгаа юм. Тэд энэ орчуулагч залууг тусламж хүссэн хүн бүрт санал болгодог. Гэтэл тэдний санал болгоод байгаа орчуулагч Төрбилэг нь хүний нутагт зовсон Монголчууддаа туслах нь бүү хэл эсрэгээр нь маш олон хүнийг шоронд оруулсан.

Тухайлбал, би өөр дээрээ жишээ авч ярья л даа. Анх нөхөр маань хулгайн хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад очиход Төрбилэг “Та тайлбартай танилцаад зүгээр л гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Гэтэл тэр нь тайлбар биш сэжигтэн болох тайлбар дээр гарын үсэг зуруулаад өдгөө нөхрийг маань гэмт хэрэгтэн болгосон. Ингээд үүний дараа тэрбээр нөхөрт маань би чамайг батлан даалтад гаргаж өгье хэмээн 1000 Хонконг доллар авсан хэрнээ өөрийнх нь биед байсан мөнгөнд шунаж дахин мөнгө өгөөгүйн улмаас нөхрийг нь маань хулгайн гэмт хэрэгтэн болгосон. Хэрвээ тухайн үед Төрбилэг шүүх хурал дээр нөхрийн маань өгсөн мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн бол өдийд нөхөр маань гэмт хэрэгтэн болохгүй байх бүрэн боломж байсан. Мэдээж энэ бүхэнд консулын газрын дэд дарга Ганбат, Оч нар буруутай. Уг нь эдгээр нэр бүхий дэд консулууд Төрбилэгийг нутаг нэгтнээ яаж залилдаг, монгол охиддоо яаж бэлгийн дарамт үзүүлдэг гээд түүний талаарх маш олон ноцтой зүйлсийг мэднэ. Гэтэл тэд түүнийг хууль хяналтын байгууллагад барьж өгөхийн оронд эсрэгээр тусламж хүсээд очсон монголчуудынх нь амьдралыг орвонгоор нь эргүүлж байхад мэдсэн ч мэдээгүй царайлж суудаг нь нэг л зүйлийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хонконгод амьдардаг монголчууд консулын газрын дарга нарыг Төрбилэгээс мөнгө авч олон олон монголчуудыг Хонгконгийн шоронд хатаасан гэж ярьдаг. Тиймээс л эгч нь Төрбилэгт итгэл алдарч гэмгүй байсан нөхрийг маань тайлбарт гарын үсэг зур гэж хэлээд сэжигтэн болгож одоо бүр ялтан болгочлоо.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ХОНКОНГИЙН КОНСУЛЫН ГАЗАРТ НЭГ ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЭЭД ҮЗЭЭРЭЙ

Хэрвээ болдог бол Монголын хэвлэл мэдээллийнхэн Хонконгын консулын газарт нэг өдөр өнжөөд үзээрэй. Та бүхэн өдөрт тус газраар хэчнээн монгол орж гарч тусламж хүсч байгааг нүдээрээ харж консулын газрынхны нотой үйлдэл дэлгэгдэх болно. Ямартай ч Монгол Улс иргэнээ хайхрахгүй хөсөр хаяж байхад гадны Олон улсын байгууллагын ажилтнууд нөхөрт маань анхаарлаа хандуулж хилсээр гүтгэгдээд буй энэ хэргийнх нь талаар анхнаас нь судалж үзэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Харин танай сонинд хаа холоос хандаж байгаагийн учир гэвэл Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд нарт хандаж дараах зүйлсийг хэлмээр байна. “Монгол Улсын иргэн Б.Төрмөнхийн эрх нь маш ихээр зөрчигдөж байна. Монгол Улсаа харьд төлөөлөн суугаа консулын газрын ажилтнууд болон дэд дарга нар иргэдээ ийнхүү хөсөр хаяж байхад бид ямар байгууллагад хандаж тусламж авах вэ. Уг нь Гадаад дахь Монгол иргэдтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхэд Консулын газар эргэлзээгүйгээр өөрийнхөө хамгаалалтад авч, иргэн бүрээ хамгаалах бодлогыг тууштай барина гэж заасан байдаг ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс Гадаад харилцааны Консулын газрын дарга Я.Ариунболд та энэ бүхнийг анхааралдаа авч Хонгконгийн консулын газрын бүхий л ажилтнуудыг Монголоо гэсэн сэтгэлтэй байлгаж өгөөч ээ. Мөн консулын газрын дэд дарга Ганбат гэдэг хүний санал болгосон орчуулагч Төрбилэг гэдэг хүн консулын газрын дэд дарга нартай ямар холбоо сүлбээтэй юм бэ гэдгийг албан ёсоор Өглөөний сонинд мэдээлэл өгнө үү. Хэрвээ Гадаад харилцааны яамны Консулын газрынхан энэ тал дээр анхаарлаа хандуулвал олон олон монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж тэдэнд амьдралын гэрэл гэгээ бэлэглэнэ байх гэж бодож байна. Угтаа бол миний нөхөр Б.Төрмөнх Хонконг дахь консулын газрын болон тэдний санал болгосон орчуулагч Төрбилэг гэдэг хүнээс болж өдгөө хилсээр ялтан болж цагаачлалын албаны шоронд хоригдож байна. Тиймээс Гадаад харицлааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд таныг энэ бүхнийг анхааралдаа авч асуудлыг шийдэж өгөх байх гэж найдан Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оор дамжуулан энэхүү хүсэлтийг хүргүүлж байна”” хэмээн бид хоёрын яриа тасарсан юм.

САЙД АСАН Л.БОЛДЫН ҮЕД КОНСУЛЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАДАГ БАЙСАН

Ямартай ч хилсээр гүтгэгдэж ялтан болсон Б.Төрмөнхийн эхнэр Б гэгч бүсгүй энэ бүхнийг ярихдаа хоолой нь зангирч хүний нутагт зовж байхад Монгол Улсыг төлөөлж суугаа консул газрын дэд дарга нар худал хуурмагаар дүүрсэн хэний ч үл мэдэх орчуулагчаар олон хүнийг гэмтэн болгуулж байгаад харамсч байна хэмээсэн нь эрхгүй нэгийг бодогдуулсан юм. Хэдийгээр иргэн Б.Төрмөнх гэмт хэрэгтэн болсон ч гэлээ Монгол Улсын иргэн. Тиймээс Монголоо төлөөлж харьд суугаа холбогдох албаны хүмүүс энэ мэтээр иргэдээ хог шаар, нохойноос дорд үзвэл гадныхан хийгээгүйн хэргийнх нь төлөө ял өгч шоронд тамлан зовоож байгаагийн нэг жишээ нь энэхүү Б.Төрмөнх гэгч залуу. Уг нь АН-ыг Засаг барьж байх үед Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байсан Л.Болд харьд суугаа Элчин сайд болон консулын газрынхантай нягт уялдаа холбоотой ажиллаж Монгол Улсынхаа иргэдэд ямагт тусламж дэмжлэг үзүүлж бай хэмээн үүрэгдэж байсан. Өөрөөр хэлбэл сайд асан Л.Болд “Хэрвээ иргэдийн хэн нэгэнд асуудал үүсэхэд “Та өөрөө учраа ол. Бидэнд хамгаагүй” гэх хандлага гаргах учиргүй. Тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон консулын газарт хандаад хүссэн хэмжээний тусламжаа авч чадаагүй бол бидэнд хандаж болно” хэмээн хэлсэн нь олон монголчуудыг огшоож худалч хүнд өдөр болгон элчин сайдын яам болон консулын газраах монголчуудын хөл тасрахгүй хүссэн туслалцаа дэмжлэгээ авдаг байсан. Тэгвэл одоо улстөрийн томилгоогоор томилогдсон үгүй нь мэдэгдэхгүй харьд байгаа хэдэн дарга нар цөөхөн хэдэн монголчуудыгаа аврах биш адлаад шоронд илгээж байгаа нь харамсалтай.

Яг үнэндээ элчин сайд болон консулын газрын ажилтнууд олон улсын хэмжээнд онцгой статустай, Монгол Улсыг хамгийн өндөр дээд хэмжээнд төлөөлж чадах, хамгийн ихийг бүтээж чадах чадвартай хүмүүс байдаг. Гэтэл чадвар болон оюуны бяд нь дутсан хурган дарга нар харийн оронд ийнхүү иргэдээ хөсөр хаяж консулын байранд нохой ороод ирсэн мэтээр дорд үзэж байгаа нь ямар учиртай юм бол гэж Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил, тус яамны Консулын газрын дарга Я.Ариунболд нараас асуумаар байна.

Үргэлжлэл бий…
Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих