Их Британи Иран руу довтлохоор зэхэж байна уу

Их Британи хамтрагчдынхаа хамт Ираны цөмийн цогцолбор руу дайралт хийхээр зэхэж байна хэмээн “The Guardian” мэдээлжээ. “Тегераны хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөр Ойрхи Дорнод, цаашлаад дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй учир цэргийн ажиллагаа явуулж магадгүй” хэмээн тус сонинд онцлов.

АНУ болон түүний хамтрагчид Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхийн тулд уран баяжуулж байна хэмээн үзэж буй ч Тегеран өөрийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн билээ. Их Британийн Батлан хамгаалах яам Ираны асуудал хариуцсан тусгай баг томилж, АНУ-тай энэ талаар хэлэлцэж эхэлсэн хэмээн эх сурвалжид мэдээлсэн байна. Түүгээр ч барахгүй ойрын хугацаанд Ираны ойролцоо цэргийн хөлөг онгоц, “Томагавк” харвагч пуужин суурилуулсан шумбагч онгоцнуудыг байрлуулах гэнэ.
Иран улс уран баяжуулах төхөөрөмжүүдээ Кум хотоос холгүй орших цэргийн бааз дахь нууц байгууламж руу зөөж эхэлсэн тухай мэдээлэл АНУ хүлээн авсан тул ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн  “Guardian”-д бичжээ. Барууны ажиглагчдын үзэж буйгаар Иран дээрх төхөөрөмжүүдээ агаарын цохилтоос хамгаалахын тулд газар доорх нууц байгууламж руу зөөж байж магадгүй аж.
Үүний зэрэгцээ Израилийн эрх баригчид “Цэргийн ажиллагааг хойш нь тавилгүй, даруйхан эхлүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын гадаад хэргийн сайд Авигдор Либерман Ираныг цөмийн цогцолбор руу довтлох нь Ойрхи Дорнодын зөрчлийг хурцатгаж магадгүй гэж үзэж байгаа аж. Харин Амекрикийн Ерөнхийлөгч Барак Обама ирэх онд болох сонгуулиас өмнө Иранд цэргийн ажиллагаа явуулж зүрхлэхгүй хэмээн ажиглагчид онцолж буй.

Х.ОД


URL:

Сэтгэгдэл бичих