Рокефеллер, Ж.П. Морган, Ротшилд нар үнэхээр хулгай хийж баяжсан уу?

527-148366255110Монголын ард түмний татварын мөнгийг хулгай хийж, ард түмэн төрөө цөлмөж баяжсан нөхдүүд сүүлийн үед өөрсдийнхөө арчаагүй үйлдлийг хүн төрөлхтөний үнэт зүйлийг бий болгосон агуу хүмүүсийн түүх, намтар, туршлагатай зүйрлэж зөвтгөх явдал газар авлаа шүү.

Тэдгээр нөхөд хэлэхдээ, Рокефеллер, Ж.П. Морган, Ротшилд, Вандербилт, тэр бүү хэл Европын язгуурнуудын гэр бүлийнхэн бүгд л ард түмэний татвар, эд хөрөнгийг дээрэмдэж баяжсан гэж цээжээ дэлдэх боллоо.
Энэ маш том төөрөгдөл шүү Монголчууд минь. Битгий хууртаарай.
Нэг л жишээ дурдая.
Рокефеллерийн байгуулсан Стандарт Ойл Компани 1920-оод оны оргил үедээ гэхэд 80,000 орчим Америкчуудыг Америк даяарх өөрийн үйлдвэртээ ажиллуулж, мэргэшүүлж, тэдний амьдралыг дээшлүүлсэн байдаг. 1929 оны Их Хямралын үеэр Стандарт Ойл Компаниуд нэг ч хүнээ халаагүй юм шүү. Харин ч ажилчдынхаа нийгэм, эрүүл мэнд, гэр бүлийнхнийг нь халамжлах тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр л гэхэд Стандарт Ойл-ын үе залгамжлагчид болох ЭксонМобил, Шеврон, Бритиш Петролиум нь дэлхийн шилдэг 500 компаний эгнээнд багтаж, дэлхий даяар 230,000 хүмүүсийг ажлын байртай байлгаж, жилийн орлого нь л гэхэд 630 тэрбум ам долларыг давж байна.
Тухайн үедээ дэлхийн нэг номерын баян, анхны ам доллаын тэрбумтан гэгдсэн Рокефеллер жилийн орлогоосоо их хэмжээний мөнгийг буяны үйлс, сургууль, цэцэрлэг, их сургууль, судалгааны хүрээлэн, олон нийтийг ажилтай болгох сан, тэр бүү хэл хямралын үед ажилчдыг хамгаалах санд хэдэн арван сая долларыг хандивлаж байсан. Нас барахдаа түүний нийт хөрөнгө нь дөнгөж, тухайн үеийн ханшаар, 26 сая доллар л байсан. Үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээсэн хөрөнгөний үнэт цаас байснаас гадна, тэн хагасаас илүү нь Рокефеллерийн гэр бүлийн буяны сангийн мэдэлд байсан.
Рокефеллерийн буяны сан нь АНУ-ын арван жилийн боловсролын системийг сайжруулах ажил, олон нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн стандартыг дээшлүүлэх ажил, орчин үеийн шинжлэх ухаан суурилсан анагаах ухаан, оношлогоо, эм судлалын дэлхийн томоохон институци зэргийг бүгдийг нь дан өөрийн хэтэвчнээс санхүүжүүлж байсан. Бараг л төрийн ажлыг хийж байсан гэхэд хилсдэхгүй дээ.
Өнөөдрийн дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Чикагогийн Их Сургуулийг байгуулах мөнгийг гаргасан хүн нь бас л Рокефеллер. Ганц Чикаго биш Харвард, Браун, Жон Хопкинсын их сургуулиудыг бүгд л Рокефеллерээс ямар нэг байдлаар мөнгөн тусламж авсан байдаг.
Нью-Иорк хотод сүндэрлэх орчин үеийн урлагийн гайхамшигт бүтээлүүдийг олон нийтийн /баян ядуу ялгаагүй/ хүртээл болгохоор байгуулсан Орчин Үеийн Урлагийн Музейг /Modern Art Museum/ бас л тэд санхүүжүүлэн байгуулсан.
Тэрбээр энэ бүх буяны үйлсүүдийг ганц л нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн байдаг. Сургууль боловсролын байгууллага бол Америк иргэдийг маш өндөр төвшинд мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн болгоход анхаар, эмнэлэг бол Америкийн ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, шашны байгууллага Америк ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэх итгэлийг өндөрт өргөж явах гэсэн л шаардлагууд байсан.
Газрын тосны аж үйлдвэрт түүний хийсэн бүтээснийг энд нэг мөр тоочвол урт жагсаалт гарах биз. Стандарт Ойл Компани газрын тос олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх шатанд стандарт тогтоож, олон Америкчуудыг хими, физик, бизнес, маркетинг зэрэг салбарын олон улсын өндөр төвшний мэргэжилтэн болгож төлөвшүүлсэн байдаг.
Хэдий тухайн үедээ муугаар хэлэгдэх нь багагүй байсан ч гэсэн Америкийн аль ч хэсгийн хамгийн ядуу гэр бүл Стандарт Ойл-ын бүтээсэн маш хямд керосиноор гэр орноо гэрэлтүүлж, дулаацуулж байсныг Рокефеллерийн шүүмжлэгчид хүртэл сайшаан хэлдэг.
Эдийн засгийн хямралын үед ч бай, цэцэглэлтийн үед бай ч АНУ-ын төрийн бондыг тогтмол их хэмжээгээр худалдаж авдаг байсан нь түүний төрдөө итгэх итгэл болон дэмжлэгийг илтгэж байсан.
За тэгээд Ж.П.Морган, Ротшилд, Вандербилт зэрэг хүмүүсийн буяны үйлсэд зориулсан мөнгөний хэмжээ, буяны ажлыг дурдах ч багадна.
Эдгээр хүмүүсийн нэртэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн парк цэцэрлэг хүрээлэн, алжаал тайлах төв, олон нийтийнн резорт зэрэг нийгэмийн сайн сайханд үнэгүй хандивлаж өгсөн байгууламжууд Америк, Европ даяар бий.
Дахин онцолж хэлэхэд, Стандарт Ойл Компани нь өнөөдрийн газрын тосны бүхэл бүтэн аж үйлдвэрийн тогтолцоо, бүтэц, ирээдүйг тодорхойлсон гэдгийг мартаж болохгүй.
Өнөөдрийн Монголын баячууд гэгдэх, чинээлэг гэгдэх, тэрбумтан гэгдэх нөхдүүдийн хэн нь нэг хүүхдийн эмнэлэг өөрийн хэтэвчнээс мөнгө гарган Монгол ахан дүүсдээ буян хийсэн юм бэ?
Хэн нь нэг дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэдлэгтэн, мэргэжилтнүүдийг бэлтгэх их сургуулийг байгуулсан юм бэ?
Хэнийх нь байгуулсан компани өнөөдөр дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай юм бэ? Дэлхийн хэмжээнд өрсөлдөхөө байг гэхэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэнг бэлтгэж чадаж байгаа юм бэ?
Хэд нь Монгол төрдөө итгэл найдвар хүлээлгэж ажилладаг бол доо? Төгрөг унаад байгаа шалтгаан бол ард түмэн төгрөг зарж доллар авч байгаа асуудал биш шүү дээ. Тэдгээр нөхдүүд л их хэмжээгээр төгрөгийг хаяж, доллар зэрэг валютыг гадаад руу урсгаж байгаагаас л болж баййгаа шүү дээ. Монголын ард түмэнд тийм их хэмжээний төгрөгийн хадгалаж байх ч үгүй.
Монголын хамгийн том бизнесүүд бүгд л ямар нэг барааг гаднаас оруулж ирэх эсвэл дотооддоо төрийн мөнгөөр үйлдвэр байгуулж эргүүлээд төрд л шахах, ард түмэнд шахахаас өөр бизнес хийж чаддаггүй шүү дээ.
Өөрсдийн увиагүй худал, хулгайч үйлдлийг хүн төрөлхтөний түүхэн шинэ хуудас нээсэн, амьдрал, ирээдүйг бэлэглэгч агуу эрхмүүдийн агуу үйлстэй зүйрлэж байж дэлхий нийтийн зэмлэлийг хүртэх вий дээ. Өөрсдийнх нь түүх, туршлага, хийж бүтээсэнийг хулгай хийх, дээрэм хийх, хүний амьдралыг сүйрүүлэх үйлдлээ зөвтгөх шалтгаан болгож буйг Рокефеллерийн, Ж.П.Морганы, Ротшилдын, Вандербилтын гэр бүлийнхэн мэдвэл зүгээр өнгөрөөх болов уу даа. Улс орон, төр нь мэдвэл таатай хандахгүй л болов уу.
Монголчуудыгаа хуурч чадлаа гэхэд дэлхий нийтийг хуурч чадахгүй шүү дээ.
Мухулайн Баатар

URL:

Сэтгэгдэл бичих