МОНГОЛ, ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН
МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээд хэмжээний П форум Хөх хотод болж та бүгд оролцоод иржээ. Ямар асуудал хэлэлцэв, манайхнаас олон хүн оролцов уу?
-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн 6 дугаар газар, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээд хэмжээний П форумыг Хөх хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, Монголын сонины болон сайтуудын холбоо, төвийн зарим телевиз, сониныг төлөөлж манайхаас 20 хүн оролцов.
Энэ уулзалт форум бол монгол, хятадын сэтгүүлчид хоорондын Хөх хотод зохиогдож байгаа хоёр дахь томоохон арга хэмжээ юм. Хэрэв 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо цөлжилтийн эсрэг тэмцэх асуудлаар зохион байгуулсан монгол, хятадын сэтгүүлчдийн хамтарсан форумыг нэмбэл Монгол, Хятадын сэтгүүлчдийн гурав дахь удаагийн санал солилцох уулзалт.
Монгол, Хятад хоёр улс бол хөрш зэргэлдээ орших улс орнууд. Хөрш орнуудын хувьд, түүний дотор мөнхийн хөрш улсуудын сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сурвалжлагчид сэтгүүлчдийн хооронд ярьж хөөрөх, харилцан санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөх хотод болсон форумын ажиллагаа ч үүнд чиглэгдлээ. Аль аль талаас тав таван илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
-Таныг үндсэн гол илтгэлийн нэгийг тавьсан гэж сонссон. Юуг илтгэлдээ онцолж хэлэв?
-Тиймээ, би “Монгол Улсын хэвлэл мэдээллийн үүсэл хөгжил, өнөөгийн байдал ба Монгол, Хятадын сэтгүүлчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зарим санал бодол” сэдэвт илтгэл тавьсан. Монгол Улсын хэвлэл мэдээллийн үүсэл хөгжил, түүний өнөөгийн байдлын талаар Хятад нөхөддөө товч боловч мэдээлэл өгч, Монгол Хятадын сэтгүүлчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн зарим асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Бидний өвөг дээдэс, монголын дэвшилт үзэлтэй сэхээтнүүд 1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл Хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэн гаргаснаар Монголд үндэсний хэвлэл мэдээллийн түүх эхэлснийг онцолж, их соён гэгээрүүлэгч эрдэмтэн Жамсраны Цэвээн энэ сонины анхны эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд тэр хүн тухайн үед Өвөрмонголд бас хүрэлцэн ирж угсаатны зүй, домог туульс судалж байсныг сануулсан. Өвөрмонголын эрдэмтэд, судлаачид, сэтгүүлчид энэ тухай сайн мэддэг юм билээ. Ордос дахь музейд их эрдэмтэн Ж.Цэвээний зураг байхыг олж үзсэн. Эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл нь ч мөн монгол хэл дээр тэнд хадгалаастай байна лээ.
Өнөөдөр Монгол Улсад улсын бүртгэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хоёр мянгаас хол давж, өдөр тутмын 17 сонин гарч, телевизийн 80 гаруй суваг, радио, FM-ийн 40 гаруй хэрэгсэл байгааг, эдгээр хэвлэл, мэдээллийн газруудад 3 мянга гаруй хүн ажиллаж, МУИС болон бусад 18 их, дээд сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгааг үзэг нэгт хятад, өвөрмонгол нөхөддөө мэдээлсэн.
Ерэн онд Монголд болсон ардчилсан хувьсгалын үр дүнд чөлөөт хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвших бодит бололцоо бүрдсэнийг онцолсон.
-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр ямархуу түвшинд байдаг юм бэ? Энэ талаар санал солилцов уу?
-Санал солилцолгүй яахав. Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хэвлэл мэдээллийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байгуулсан хэлэлцээрийн заалтууд амжилттай хэрэгжиж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх хятадын Сэтгүүлчдийн нийгэмлэгийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар хоёр тал санал нэгдэж ирэх онд Бээжин хотноо гарын үсэг зурахаар тохиролцоод байгаа билээ. Эдгээр гэрээ хэлэлцээр нь Монгол Улс, БНХАУ-ын Хэвлэл мэдээллийн газрууд, хоёр улсын сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хөрш зэргэлдээх Монгол Улс, БНХАУ-ын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд тогтсон уламжлалт харилцааг улам бэхжүүлж ХХI зуунд шинэ утга агуулгаар баяжуулах явдал чухал юм. Манай хоёр улсын мэдээллийн байгууллага МОНЦАМЭ, Синьхуа агентлагууд хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд олон жилийн турш үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Өндөр дээд хэмжээнд төлөөлөгчид харилцан айлчлуулах, сэтгүүлчид солилцох, хоёр агентлагийн сэтгүүлчдийн сурвалжлах тойрон аяллыг хилийн районуудаар хамтран зохион байгуулах, харилцан үйл ажиллагааны туршлага судлах зэргээр ажилладаг. 2011 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Ази, Номхон далайн улс орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага-ОАНА-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн 33 дугаар хуралдаан, мөн оны 7 дугаар сард болсон МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойд Синьхуа агентлаг өөрийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг оролцуулсанд гүн талархалтай байгаагаа бас илэрхийлсэн. Дэлхийд үйл ажиллагааны цар хүрээгээрээ айргийн тавд багтдаг Синьхуа агентлагийн 80 жилийн ой 2011 оны 11 дүгээр сарын 7-нд болох гэж байгааг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн болно.
Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын өдөр тутмын сонин хэвлэлүүд, зарим мэдээллийн хэрэгслийн хооронд ажил хэрэгч харилцаа холбоо тогтож байна. Ялангуяа Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын аймаг, мужуудын хэвлэл мэдээллийн салбарынхан харилцан айлчилдаг, хамтран ажилладаг, үйл ажиллагааны туршлага судалдаг болсныг талархан тэмдэглэсэн дээ. Энэ бүхэн нь Монгол Улс, БНХАУ, манай хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус нэмэр болж байгаа юм.
-Хөрш зэргэлдээх Монгол, Хятад хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжин бэхжиж байгаа юм байна. Үйл ажиллагааны тогтож хэвшсэн тодорхой арга хэлбэрүүд байна уу?
-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамтын ажиллагааны хуримтлуулсан туршлага багагүй бий гэж хэлмээр байна.
Энэ нь, нэгд хөрш зэргэлдээх хоёр улсын нийгэм, эдийн засгийн амьдралын талаарх мэдээ мэдээллийг өдөр тутам харилцан солилцох, хоёрт тодорхой сэдвээр санал солилцох уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах, хэвлэл мэдээллийн газруудын удирдлагын түвшинд форум зохиох, гуравт ижил төстэй хэвлэл мэдээллийн газруудын хооронд шууд харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж ажиллах, дөрөвт хил залгаа аймаг, мужийн хэвлэл мэдээллийн салбаруудын хооронд харилцааг хөгжүүлж хамтран ажиллах, тавд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сэтгүүл зүйн эрдэмтэн багш нарыг харилцан солилцох, туршлага судлах, зургаад сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр зохиогдож байгаа олон улсын хэмжээний хурал, зөвлөлгөөн, дээд хэмжээний уулзалтад төлөөлөгчдөө илгээж харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, шаардлагатай гэж үзвэл бие биеийг дэмжих зэрэг хэлбэрээр илрэн гарч байна.
Уламжлалт харилцааны эдгээр арга хэлбэрийг цаашид хадгалан үргэлжлүүлж, ажил хэрэгч шинэ шинэ агуулгаар баяжуулж хөгжүүлэхэд аль аль талаас анхаарч ажиллах нь зүйтэй юм гэсэн санааг бид тойрч ярилцлаа. Хоёр тал санал нэгтэй байсан шүү.
-Хятадын тал та нарыг бүтээн байгуулалттайгаа танилцуулсан байлгүй. Уншигчиддаа юуг сонирхуулж хэлмээр байна?
-Биднийг Өвөрмонголын бүтээн байгуулалттай танилцуулж, БНХАУ-ын хамгийн өмнөд Хайнань мужид зочлуулсан. Сэтгүүлчдийн хөдөлмөрт бусад мэргэжлээс ялгарах нэг өвөрмөц онцлог бий. Сэтгүүлчид бол үзсэн харсан бүхнээ түмэн олон уншигч, үзэгч, сонсогчиддоо өргөн барьж, үнэн бодитойгоор мэдээлэн сурталчилж байдаг. Энэ утгаараа улс орнууд, ард түмнүүдийг хооронд нь ойртуулж, ойлголцуулж шинэ шинэ зүйлсийг танин мэдүүлж байдаг билээ.
Монголын сэтгүүлчдийн энэ удаагийн багийнхан ч мөн ялгаагүй эх орондоо ганзага дүүрэн олзтой эргэж ирсэн. Хөгжин цэцэглэж байгаа БНХАУ, ӨМӨЗО, Хайнань мужийн талаар нэг биш аян замын тэмдэглэл, сурвалжлага бичин нийтэлж, нэвтрүүлж түмэн олны хүртээл болгох байхаа гэж бодож байна. Би өөрөө мөн адил энэ үйлсэд оролцоно. Аян замын тэмдэглэл бичнэ. Тэрхүү тэмдэглэлээр уншигчидтайгаа сэтгэгдлээ илүү дэлгэрэнгүй хуваалцъя.
Ш.Болд
URL: