ӨМНӨД ХӨРШИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АШИГЛАХ УУ, АШИГЛУУЛАХ УУ

Untitled-110Дэлхийн улс орнуудаас хамгийн баян, хүчирхэг, ухаантай нь бусдыгаа манлайлж удирддаг. Өөрөөр хэлбэл, тэр улс дэлхийд гол тоглогч, удирдагч нь байдаг. Өдгөө дэлхийд хамгийн хүчтэй удирдагч орон нь АНУ Гэвч энэ улсын байр суурь ганхаж магадгүй байгаа юм. Учир нь БНХАУ дэлхийд худалдаагаараа нэгдүгээрт, эдийн засгийн хүрээгээрээ хоёрдугаар байрт дэвшсэн нь АНУ-ыг айлгах болсон. Дональд Трамп Ерөнхийлөгч болсон нь ч үүнтэй холбоотой гэдэг. АСЕН-ны арван орны ихэнх нь АНУ-ын талыг барьсан “ардчилсан” орнууд байсан бол одоо Хятад руу чиглэж байна гэж судлаачид үзэж байгаа юм. АНУ-ын хувьд Европын холбоотой харилцаа нь суларч, улмаар Дональд Трами Европын холбоог санхүүжүүлэх санхүүжилтээ 70 хувь бууруулах болсон тухай мэдэгдсэн. Хүчтэй өрсөлдөгч сулрах нь Хятадын далхийд. тэр тусмаа олон улсын харилцаанд нөлөөлөх нөлөөллийг нь улам бататгах нь дамжиггүй. Ингэснээр Хятад дэлхийн эдийн засгийг глобалчлах бодлого баримталж байгааг судлаачид хэлж байна.

Европын улс орнууд Хятадыг нэг их ойшоодоггүй байсан бол одоо бүгд энэ улсын зүг анхаарлаа хандуулах болсон. Ер нь Хятад гзж ямар улс болохыг сонирхож эхэлж байна. Энэ улс гэнэт хүчирхэг болчихсонгүй. 1978 оноос эхлээд Хятадын өөрчлөлт, шинэчлэлт нээлттэй бодлогыг Ден Сяопинээр толгойлуулан өөрчлөлт хийж ирсэн түүхтэй. Ден Сяопиний баримталсан төлөвлөгөө Хятад Улсад тохирсон маш ухаалаг бодлого байсан гэдэг. Ингээд эдийн засгаа 1978-2000 он хүртэл дотооддоо хөгжүүлээд 30 жилийн дараа дэлхийд гарах стратегийг төлөвлөж байсан байна. Энэ төлөвлөгөө нь ёсоор болж Хятад улс өнөөдөр дэлхийд хүчтэй гарч ирэв. Нэг ёсондоо алхам алхамаар ямар ч хий гаргалгүйгээр төлөвлөгөөндөө хүрч чадлаа. Өмнөд хөрш 1970-аад онд хөрөнгө оруулалтаар цангаж байв. Тэд хөрөнгө оруулалтын хосолсон стратегийг баримталж байсан бөгөөд энэ нь дотоодын хадгаламж, банкны зээлээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтаас бүрдэж байжээ. Хятадууд тодорхой эдийн засгийн бүсүүдийн идэвхтэй үйл ажиллагааны талаарх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалтын маш таатай орчныг бүрдүүлж чаджээ. 2005 он гэхэд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 60 тэрбум долларт хүрсэн байх юм. Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд дөрвөн хувь өсч 129 тэрбум ам.долларт хүрснээр дэдхийд тэргүүлж байна. 1978 оноос л Хятад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн бөгөөд 2005 он гэхэд нийт экспорт нь арван тэрбумаас 570 тэрбум ам.долларт, импорт нь 11 тэрбумаас 540 тэрбум ам.доллар болтлоо өсчээ.

“ХЯТАДЫН СОЦИАЛИЗМААС АЙХГҮЙ БАЙНА. ХАРИН ХЯТАДЫН КАПИТАЛИЗМААС АЙЖ БАЙНА”

Хятадууд дэлхийг мөнгө, санхүүгээр хэрхэн удирдах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Үүний тод жишээ нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай өрсөлдөхүйц олон улсын банк байгуулж, Шанхай хотыг дэлхийн банк, санхүүгийн төв болгохоор зорьж байна. Саяхан байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүний нэг гэрч нь юм. Энэ банк нь Ази, Европын 57 орныг багтаасан санхүүгийн байгууллага бөгөөд хөрөнгө нь 100 их наяд ам.долларт хүрч, Азийн хөгжлийн банкны гуравны хоёр, Дэлхийн банкны хөрөнгийн тэн хагастай тэнцжээ. Солонгосын судлаач Seung-Youn Oh хэлэхдээ “Хятад өнөөдөр улс орныг ялгаж салгахгүйгээр, систем харгалзахгүй олон талт худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Хятадын аж үйддвэрийн бодлого Дзлхийн худалдааны байгууллагынхаас хол давсан. Хятад дэлхийн худалдаанд бүрэн эрх бүхий хүчирхэг гүрэн болсон” гэжээ. Ингэснээр мөнгө, санхүүгээр дэлхийг удирдах томоохон капиталист орон болно гэж зарим өрнөдийн судлаачид үззж байгаа аж. Түүнчлэн Өрнөдийн нэгэн судлаач “Хятадын социализмаас айхгүй байна. Харин Хятадын капитализмаас айж байна” гэсэн байх юм.

Хятадын хэрэгжүүлж буй бас нэгэн бодлого нь Маогийн үеэс дэвшүүлж ирсэн “Гурав дахь ертөнцийн онол” аж. Хятадууд энэ бодлогынхоо дагуу Ази, Африк, Латин Америкийн орнуудад хөрөнгө оруулалт хийж, тэднийг “өөртөө татах” бодлогыг эрчимжүүлж байна. Тодруулбал, Латин Америкийн орнуудад Хятадын төрийн тэргүүн, Ерөнхий сайд тогтмол айлчилж, хөрөнгө оруулат худалдаа хийсээр байгаа юм. Харин хөгжиж байгаа орнуудад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн бацкууд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч өрнөдийн орнуудын зарим судлаачид энэхүү үйл явцыг “Шинэ колончлол” явагдаж байна гэж дүгнэжээ.

Хятадын гадаад бодлогын бас нэг төлөвлөгөө нь хөрш орнуудтай “энх тайванч хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэдгийг судлаачид хэлж байна. Тодруулбал, хөрш орнуудтай харилцахдаа тухайн орноос Хятадад ашигтайг нь хэрэгжүүлдэг. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосоос өндөр технологи бүхий, машин, компьютер оруулж ирэх, ноу-хауг нь авч байсан бол, Орос, Монгооос түүхий эд, мод, уул уурхайн бүтээгдэхүүн авах жишээтэй. Хятадын гадаад бодлого нь Ази, Африкийн орнууд, өөрийн байрлах Зүүн Азийн нугаг дэвсгэр Төв Ази цаашлаад Иран, Ирак руу бас чиглэж байгаа аж. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлэх Хятадын том стратегийн бодлогоос харагдаж байгаа юм. “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлзх, судалгааны гурван мянга гаруй судалгааны баг энэ бүс нутагт ажиллаж байна гэхээр Хятадын бодлого ямар том байна вэ гэдгийг харуулж байна.

ГУРВАН УЛСЫН КОРИДОРООС ХЯТАДАД ИРЭХ АШИГ

Тэгвэл Хятад “Нэг бүс, нэг зам” төслийнхөө хүрээнд манайхтай болон Оростой гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар болоод байгаа. Гурван орны эдийн засгийн коридорын гол зорилго нь олон талт худалдааны хөгжлийг хангах, чөлөөтэй нэвтрүүлэх, нөөцийг үр өгөөжтэй хуваарилах, эдийн засгийн бүтэц дарааллыг бодитой өсгөх, тээвэр, зууч үйлдвэрлэлийн үйлчилгээг бүхий л талаар шинэ төвшивд гаргах юм. Энэхүү томоохон эдийн засаг, худалдаа, тээвэр ложистикийн төвүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед жилд 100 гаруй мянган тонн бүтээгдэхүүн экспортлож, Эрээн-Улаанбаатар-Улаан-Үд гэсэн гурван хотыг холбосон эдийн засаг, худалдааны бүс бий болгох, хилийн худалдааны хэмжээг 200 мянган юаниас дээш, бараа эргэлтийн хэмжээ 100 мянган тоннд хүргэх боломжтой гэж үзжээ.

Хятад эдийн засгийн зургаан коридор байгуулж байгаа бөгөөд гурван улсыг холбосон коридорын зөвхөн нэг нь манай улсаар дайран өнгөрөх юм. Хятадууд төлөвлөсөн ажлаа маш хурдтай хэрэгжүүлж чаддаг нь манай улсад муугаар нөлөөлж магадгүй юм. Монгол Улс өнөөдөр эдийн засгийнхаа хувьд хүнд байдалд орчихоод байгаа. Энэ байдлыг хятадууд маш ихээр сонирхож байна. Тиймээс манай улс өмнөд хөршөө түшихээс өөр аргагүйд хүрээд байна. Тэр бүү хэл энэ улсын өмнө бууж өгч хэлсэн болгоныг нь дагахаас замгүй болоод байгаа юм. Үүний тод жишээ гэвэд Далай лам. Манай төр засгийнхан тус улс руу зорьж очин сүйрэх дөхөөд байгаа эдийн засгаа аврахын тулд Далай ламыг улсдаа дахин хөл гишгүүлэхгүй гэдэг амлалтыг өгч, яриа хэлэлцээр хийгээд ирж. Энэ нь Хятадын сонирхолыг маш ихээр татаж байгаа нь дамжиггүй. Хятадууд улс орон бүрийг маш сайн судалж тэдгээрт тохирсон стратеги, өөрсөддөө ашигтай бодлого явуулж чаддагаараа чадварлаг гэдэг. Хойд хөрш болон манай улс түүхий эдийн асар их нөөцтэй. Энэ нөөцийг нь яаж авах вэ гэдэг бодлогыг баримталж байна гэдгийг суцлаачид хэлсэн.

Хятадууд гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд Эрээн хотыг эдийн засаг, байршлын хувьд гол зангилаа хот болгож хөгжүүлэхээр ажлаа эхэлсэн байна. Монгол Улс хүссэн хүсээгүй энэ том бүтээн байгуулалтад татагдан орох болчихлоо. Алсдаа Зүүн хойд Азийн бүс нугаг, эдийн засгийг гартаа авах сонирхолтой тус улсад боломж нь байна. Хөрөнгө нь байна. Хүн хүч нь байна Бүтээн байгуулалт босгоход огт зовох зүйлгүй. Тиймээс Хятад энэ том төслүүдийг нэг хоёрхон жилийн дотор хэрэгжүүлж байна. Аль хэзээний бодлого нь шийдэгдээд бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихлээ. Зогсох ямар ч аргагүй энэ том бүтээн байгуулалтад манай улс ямар хэлбэрээр оролцох вэ гэдгээ дариухан судлах хэрэгтэй. Баримг бичгээ цэгцэлж, бэлтгэлтэй байхгүй бол Хятадын асар хурдтай нөлөөнд татагдан орчих гээд байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

ХЯТАДЫН АСАР ХУРДТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨГ МОНГОЛЧУУД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

Харин ОХУ-ын гол зорилго нь дотоодын төсөл хөтөлбөрүүдээ эхний ээлжинд санхүүжүүлж дуусгахад анхаарч байгаа аж. Ялангуяа Зүүн Сибирийн бүс нутагт эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөхөөр зорьж байна. Цаашдаа тэрийгээ далай руу гаргах, Япон, Солонгосын зах зээлтэй холбохоор төлөвлөж байгаа гэх. Орос эрчим хүчний асар их нөөцтэй учраас дотоодын зах зээлээ гадаад зах зээл рүү холбох, дамжуулах хоолойн том төслүүдээ санхүүжүүлэх нь асуудал болоод байгаа. Тиймээс манайхаар дамжин өнгөрөх Хятадын санал болгоод байгаа “Цайны зам” төслийг санхүүжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорын ажилд орох асуудалд Орос төрийн хувьд дэмжиж байгаа ч бүтээн байгуулалт, эдийн засгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, идэвхитэй оролцох сонирхол байхгүй байгаа гэдгийг судлаачид хэлсэн. Оросууд Евразийн эдийн засгийн холбоонд илүү их ач холбогдол өгч байгаа бөгөөд хуучин социалист системийн үед Оростой холбоотой байсан улсууд үүнд нэгдэж байгаа аж. Тэгж байж энэ хавийнхаа улс орнуудыг хамгаалах зорилготой байгаа гэнэ.

Тиймээс Орос, Хятадын харилцаа Төв Азийн бүс нутагг алсдаа зөрчилдөх магадлалтай. Хоёр хөрш хоёулаа манайхыг Шанхайн хамтын ажиллагаанд нэгдэхийг уриалдаг. Харин манайх цааргалсаар ирсэн. Евразийн эдийн засгийн холбоо бол эдийн засгийн нэгдэл учраас оролцох бололцоогоо судлаад урагш хөдлөхгүй байгаа аж. Манай улсын эдийн засгийн гадаад нөхцөл бодлого хоёр хөрштэй зөрчилдөхгүй байх, тэнцвэртэй байхыг чухалчлах байдаг. Тиймээс сайн судалж зөв оролцох хэрэгтэй гэдгийг судлаачид хэлдэг. Тиймээс манай улс Хятадын асар хүчтэй эдийн засгийн нөлөөнд автагдахгүйн тулд хоёр хөрштэйгээ тэгш харилцаж зөв бодлого баримтлах хэрэгтэй болж байгаа юм.

Гурван улсын коридор хэрэгжсэнээр нэг талаас манай улсын аж үйлдвэр хөгжүүлэх бодлого хүнд байдалд орж магадгүй. Учир нь Эрээн хотод бүхэл бүтэн худалдааны төв байгуулвал гол түүхий эд Хятад руу урсана. Бид өнөөдөр юу ч хийж амжаагүй байхад Замын-Үүдийн чөлөөт бүс гэх том бүтээн байгуулалт түрж орж ирэхээр зэхээд байна. Манай хэдэн наймаачид Эрээн хот ороод бараагаа худалдаж аваад ирдэг байсан бол тэндээ худалдаа хийчихээд хүрээд ирэх байдал үүснэ. Тэнд худалдаа, үйлчилгээний бүх зүйлийг төвлөрүүлсэн бөгөөд наймаа хийх эрхийг нь өгөх аж. Өөрөөр хэдбэл, Эрээний худалдааны бүсэд очоод лангуу түрээслээд монгол бараагаа зарчихаад л явж болох нь байна. Эрээн хотод Хятадын өмнөд хэсгийн хамгийн тансаг бараа бүтээгдэхүүнийг авч ирж борлуулах гэнэ. Тэгэхээр бүх санаачлага Хятадын талд байгаа юм. Харин манай улсын санаачилсан “Талын зам” хөтөлбөрийн хүрээнд хурдны зам, төмөр зам, газрын тосны хоолой байгуулах санаачилгыг дэвшүүлсэн ч техникийн болон санхүүгийн эх үүсвэр хангалтгүй байгаа. Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх буудал, БНХАУ, ОХУ-ын талын хамтран хэрэгжүүлж байгаа Москва, Казакийг холбосон хурдны галт тэрэгний төсөл бий. Энэ ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд судалгаагаагаа сайн хийх хэрэгтэй гэдгийг судлаач хэдж байна. Ямартай ч манай улс өмнөд хөршийн асар хурдтай эдийн засгийн өсөлтийг ашиглах уу, ашиглуулах уу гэдэг зам үлдэж байна. Ашиглахын тулд бодлогоо зөв тодорхойлж, судлаачдынхаа үгийг сонсох нь зөв зам болох биз ээ.

 
У.САРАНГЭРЭЛ

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих