“МОНГОЛЫН ДАЙЧИН”-Ы ЭЭЛЖИТ ЯЛАЛТ
Мэргэжлийн боксын промоутер Бэрри Хирн “Sky Sport” сувагтай хамтран 2008 онд боксын нэгэн өвөрмөц тэмцээнийг санаачилсан нь “Prizefighter series” юм. Энэ тэмцээн 11 жингийн ангиллаар болох ба жин бүрт найман боксчин хүч сорьдог. Тамирчид сонирхогчийн бокс шиг гурван минутаар гурван үе тоглосны эцэст ялагчаа тодруулах бөгөөд бүх тулаан нэг өдөр зохиогддогоороо онцлогтой. Жин тус бүрийн ялагч 32 мянган фунтын шагнал авах бол үзүүрлэсэн нь 25 мянгыг халаасална.
Өнгөрсөн жил тус тэмцээний хөнгөн жингийнхний тулаан Лондон хотноо болоход тэнд амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг “Монголын дайчин” Ч.Цэвээнпүрэв хүч сорьсон юм. Манай хүн эхний даваанд Бен Мэрфи гэгч тамирчныг ялсан ч хагас шигшээд Дерри Мэтьюзд шүүгчийн саналаар дийлдэж байлаа. Тэгвэл “Prizefighter series”-ийн энэ жилийн тэмцээн манай нийслэлийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд уламжлал ёсоор Лондон хотын “York Hall” ордонд боллоо. Манай дайчин “Чой” тэнд даагаа нэхэхээр хүрэлцэн ирсэн байв. Цэвээнпүрэвийн эхний өрсөлдөгч нь 24 настай залуу боксчин, мэргэжилд орсноос хойш бүх тулаандаа ялсан Ли Гловер хэмээх эр.
Эхний раундад манай боксчин бүрэн утгаараа илүүрхлээ. Түүний баруун гарын хүчтэй цохилт нэг бус удаа байгаа онож, өрсөлдөгчөө нокдаунд оруулав. Гловер хөл дээрээ ч тогтож чадахаа больсон тул хоёрдугаар үед шүүгч тулааныг зогсоожээ. Үүний дараах буюу хоёрын давааны тулаан маш чухал байлаа. Энд хожсон нь шагналын мөнгөтэй болж, дийлдсэн нь хоосон хоцрох учраас тэр. Цэвээнпүрэв энэ шатанд Жорж Жапп хэмээх 20 настай залуутай тоглов. Өрсөлдөгч нь мэргэжилд тав тулалдаад, дөрөв ялсан амжилттай аж.
Эхний үед Жапп хурдаар илүүрхэн өрсөлдөгчөө бага зэрэг давамгайлав. Харин хоёр, гуравдугаар үед Цэвээнпүрэв туршлага ямар хэрэгтэй байдгийг түүнд мэдрүүлж, цохилтуудаа удаа дараа оновчтой болгосоор оноогоор илүү гарч чаджээ. Ингээд тоглолт дуусахад шүүгчид 30:27, 29:28, 29:28-аар манай тамирчинд ялалтыг өгсөн юм. Харин финалд түүнийг илүү чадварлаг, илүү авьяаслаг боксчин хүлээж байлаа. Рис Робертс хэмээх 22 настай тэрхүү боксчин өмнө нь 16 тулалдсанаас 15 ялсан бөгөөд жингийнхэн дотроо хүч чадал ихтэй гэдгээрээ алдаршсан нэгэн байв.
Тоглолт нэлээн өрсөлдөөнтэй болсон бөгөөд Цэвээнпүрэв баруун гарын дархан цохилтуудаа оновчтой болгож байв. Гэхдээ өрсөлдөгч нь түүний цохилтуудыг сайн дааж, эцсээ хүртэл тэмцжээ. Ингээд дүн гарахад шүүгчид санал нэгтэйгээр манай боксчинд ялалтыг өгсөн байна. Ийнхүү 40 настай Цэвээнпүрэв харих болоогүй гэдгээ харуулж, нэр хүндтэй тус тэмцээний түрүүг анх удаагаа авлаа.
Энэ нь “Монголын дайчин”-ы мэргэжлийн рингэнд байгуулсан 35 дахь ялалт аж. Тэрбээр үүнээс гадна таван удаа ялагдлын гашууныг амсаж байлаа. Дашрамд сонирхуулахад Цэвээнээ “Prizefighter series”-т түрүүлсэн хамгийн ахмад боксчноор тодорсон байна.
Б.ТЭМҮҮЛЭН
URL: