Ниргэсэн хойно нь хашгираад яахав дээ, Шадар сайд аа
Хахир өвлийн хүйтэн салхи өдөр, шөнөгүй балбасан Дорнод Монголын нүцгэн талд, ачааны машины тэвшин дээр арав гаруй хоног хашигдсан адуу өвс тэжээлгүйн эрхэнд өлдөж үхэхээс ч яахав. Амьтай голтой адуу мал битгий хэл төмрөөр бүтсэн техник хүртэл хөрж царцаж хонодог хүйтэн газар бол тал нутаг. Цас их унадаг хангай газраас илүүтэй хааж халхалах зүйлгүй нүцгэн талын жаврыг олон жил тээвэрт явж, хал үзэж хүйтэн төмөртэй ноцолдож үзсэн тээврийн жолооч нар андахгүй. Ямар сайндаа л, цас ихтэй жил цагаан зээр зогсоогоороо осгож үхсэнтэй таарснаа хуучлан ярих. Гэтэл урт тэвшин дээр бөөр бөөрөөр нь нийлүүлэн ачсан адуу өлдөх нь байтугай хөдлөхгүй удаан байсны улмаас хөлдөж үхэх нь мэдээж. Монгол морь тулдаа л ийм нүцгэн талд, хүйтэн төмөр тэвшин дээр арав гаруй хоногийг авсан биз ээ.
Уншигч та юун тухай бичээд байгааг минь гадарлаж байгаа биз ээ. Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Хятадын хил гаргахаар ачааны машинаар тээвэрлэж очсон 800 гаруй адуунаас 60 орчим нь өлдөж үхсэн тухай өнгөрсөн хоёр, гурав хоногт хэвлэл бүрээр шуугиж, хэлтэй амтай болгон ярьж, бичиж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Бичигтийн боомтод үүссэн урт дараалал дунд адуу ачсан 30 гаруй машин бий бөгөөд тус бүрт нь 20-30 адуу ачаалсан аж. Эл урт цуваа өнгөрсөн сарын дундуур боомтод нэвтэрсэн бөгөөд “Хилийн боомтуудаар амьд адуу нэвтрүүлэхгүй” гэх Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэртэй зэрэгцсэн нь энэ байв.
Угтаа, Шадар сайдын тушаал, шийдвэр адуу ачсан машинууд боомтод багшрахаас өмнө, худалч хүнд цас унаагүй намар цагт гарч, холбогдох албаныхан экспортлогчдод дуулгасан байх учиртай. Харамсалтай нь, шат шатандаа уялдаагүй ажиллах төрийн албаныхан нөхцөл байдал хүндэрсэн хойно л сая сэхээрэв үү гэлтэй сайд, дарга нар нь хэвлэлийнхэнд хандах аж. Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр эл асуудлаар байр сууриа илэрхийлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөв. Тэрээр “Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь ухуулж, шөрмөсийг нь тасдуулж байхыг харж сууж тэвчихгүй” гэхчлэн сүржин тайлбар хийсэн. Угтаа, 20 орчим хоног хилийн боомт дээр хашигдсан адуу эхнээсээ өлдөж үхэж байхад ганц үг ган хийгээгүй хэр нь одоо ийн ярих нь ниргэсэн хойно нь хашгирснаас ялгаа юун. Угтаа, адууг амьдаар нь экспортлохгүй хэмээн өнгөрөгч сарын 15-нд лүндэн буулгасан сайд малын тарга тэвээрэг ид ханачихсан энэ үед холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч, томоохон боомтууд руу томилон явуулсан бол нөхцөл байдал ийн хүндрэхгүй байв. Угтаа сайдын тушаал гарсан даруй ажил хэрэг болж, шат шатны байгууллага, мэргэжилтнүүд зохих журмын дагуу арга хэмжээ авах учиртай.
Гэтэл 800 гаруй адуу ачаалсан хүнд даацын тэрэгнүүд арваннэгдүгээр сарын дундуур, зарим нь бүр 20-доор Бичигт боомтод нэвтэрсэн гэх. Угтаа адуу амьдаар нь экспортлох нь олон арван бичиг сачиг бүрдүүлнэ гээд нядалж гаргахаас ч илүү төвөг чирэгдэлтэй ажил. Тиймдээ ч экспортолж буй компаниуд цаад талаас захиалга авч, энд ирж МХЕГ-аас зохих ёсоор элдэв зөвшөөрөл бүрдүүлсэн хойно адуу ачаалан очдог. Улмаар ачиж аваачсан адуугаа 21 хоногт багтаан боомтын хорио цээрийн үзлэг шалгалтад оруулж, элдэв өвчтэй мал байвал эргүүлэн татах гээд ажил ихтэй. Тиймдээ ч энэ их бичиг сачиг хөөцөлдөн байж сая боомт руу нэвтэрсэн экспортлогчид хэдэн адуугаа хил гаргачих юмсан гэх горьдлого тээсээр 20 хоносон бололтой. Мэдээж бензин тосноос өгсүүлээд өчнөөн хөрөнгө үрж зарж очсон хүмүүс адуугаа ачаад буцахыг хүсэхгүй. Нөхцөл байдал ийм ойлгомжтой болчихсон атал дөнгөж өчигдөрхөн Бичигт боомтод үүсээд буй асуудлаар Шадар сайдын ажлын хэсэг байгуулагдаж гэх.
Монгол Улс хоёр хөрштэйгөө нийт 46 боомтоор харилцаж, худалдаа наймаа хийдэг. Өдий хүртэл хоёр талаас боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулахыг урьтал болгон ажилласаар ирсэн. Хоёр хөршийн хувьд хилийн ачааллаа бууруулах, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтууддаа тусгайлан анхаарал хандуулдаг. Үүнийг ч бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хангалттай харлаа. Энгийн жишээ болгож Эрээн хотыг дурдаж болно. Хоёр орны зорчигч тээвэр, худалдаа наймааны хамгийн том “гарц” болсон цэг бол Замын-Үүд-Эрээн боомт билээ. 1990 оны эхээр энэ хоёр боомтын хөгжил эн зэрэгцэхүйц байв. Худалч хүнд тухайн үеийн Замын-Үүд, Эрээн хотын дэргэд илүү гарна уу гэхээс дутахааргүй байсныг хэлэх хүн олон. Үнэхээр ч тэр үед дэд бүтэц, хүн амын хувьд Замын-Үүд боомт Эрээнтэй харьцуулашгүй байж. Ганзагын наймаа хийж, гахай үүрч явсан хүмүүс “Эрээн гэж хэдэн шавар тагзнаас цаашгүй, шээс ханхалсан зээл (зах)-тэй газар байсан” гэдэг. Гэтэл өдгөө Эрээн, Замын-Үүдийн хөгжил цэцэглэлт тэнгэр газар шиг тэс өөр болжээ. Адуу ачсан машинууд гацчихаад буй Бичигтийн боомт ч мөн адил хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомттой хиллэдэг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд харьяалагдах Бичигт боомтыг “далайд гарах хамгийн дөт зам”, “хөгжлийн шинэ гарц”, “өөрийн гэсэн захиргаатай цорын ганц боомт” гэхчлэн элдвээр л ярьж бичдэг. Гэвч нэрэн дээрээ ийм боловч нэдэн дээрээ хэдэн адуу хөөгөөд оруулчих хашаа, саравч ч үгүй хаягдсан газар байх. Ямар сайндаа л, адуугаа гаргачихна хэмээн санасан жолооч нар 20 гаруй хоногийн хүйтэн кабинд барахгүй гэсэндээ хоноглох айл олдохгүйд хүрч, боомтын цэцэрлэг, Тамгын газарт тухалсан байхав. Хил дээр хэд хонож буй эрчүүл гиеүрч хэвтэхгүй нь мэдээж. Ууж иднэ, зодоон цохион хийнэ гээд асуудал ихтэй тухай гэрчлэх хүн элбэг. Боомтын удирдлагууд ч харалсан дотортой амьтад байдаг бололтой. Хот, хөдөөгүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байхад нэг хүнийг 24 мянган төгрөгөөр хонуулж, улсын өмчийг зочид буудал болгосныг Бичигт боомтод буй хүн хэлж байна.
Угтаа олон улсын жишиг ёсоор мал, амьтан нэвтрүүлдэг хилийн боомт хотууд тусгайлан бий болгосон хашаа, мал эмнэлгийн лаборатороос аваад жолооч, зорчин өнгөрөгсдөд зориулсан зочид буудалтай байдаг. Гэтэл манай хилийн боомтууд социализмын үеийн ганц нэгхэн шавар байшинтай, буйдхан суурин төдий хэвээр. Бичигт боомтыг далайд гарах гарц, хамгийн дөт зам хэмээн хоосон магтсаар өдий хүрснийг хоноглох буудал ч олдохгүй байгаа нь бэлхнээ гэрчилнэ. Адуу мал нь битгий хэл ачиж яваа жолооч нар нь толгой хорогдох газаргүй байхад адуу үхсэн нь аз ч юм шиг. Энэ мэт хилийн боомт, чөлөөт бүсүүдийн хөгжил дэвшил, ачаалал зэргийг яриад байвал дуусахгүй. Бичигт боомтоор адуу мал, хадлан тэжээл, хаа нэг уурхайн жонш гаргадгаас хэтэрдэггүй. Тиймдээ ч өдий хүртэл өөдөлж дэвжээгүй болов уу. Гэтэл өдөр бүр хэдэн мянгаар тоологдох зорчигч, ачаа тээвэр нэвтрүүлж буй Замын-Үүд боомт ч гавьсан бүтээн байгуулалтгүй 20 гаруй жилийг үдэв. Мөн хойд хил дээрх Алтанбулаг боомтыг ч дурдаж болно. Угтаа Алтанбулаг боомтыг чөлөөт бүс болгоно хэмээн 2000 оноос ярьж эхэлсэн ч тосгон төдий хэвээр. Энэ мэт хаягдсан боомтуудад хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, ачааллыг нь бууруулах талаар арга хэмжээ авахгүй бол адуу битгий хэл хүн үхжээ гэж дуулах цаг ирэхгүй гэхийг үгүйсгэхгүй.
Манай улс жилд 3000-7000 мянган адуу экспортолдог
Арав гаруй хоног ачаан дээр хашигдсан адуу шөнөжин хөлдүү тэвшийг туурайгаараа цамнаж байсан тухай биеэр очиж, нүдэр үзсэн нэгэн хэлж байна. Бичигт боомтод ажлаар очсон нэгэн хүн “Урд хөрш рүү гаргах гэж байгаа монгол адуун сүрэг маань хөлдүү тэвшин дээр арав гаруй хоног өвс, усгүй тамлагдаж, захаасаа үхэж эхэлж байна. Өрөвдөөд тавьчих санаа байв ч хүний өмч үрэгдүүлсэн хэрэгт орох вий гэсэндээ хий халаглаад л өнгөрлөө” хэмээн өөрийн цахим хуудсанд бичиж, зураг хавсаргажээ. Монголчууд бид морин эрдэнэ хэмээн эцэг өвгөдийг минь дэлхийн дайтад явгаруулаагүй монгол адуугаа дээдэлдэг. Морь унаж өссөн монгол хүний хувьд 50 гаруй адуу ачааны машин дээр өлдөж үхснийг сонсоод эрхгүй сэтгэл хоосорсныг нуух юун. Төсөөл дөө, таныг ачааны машины тэвшин дээр, хөдлөх ч нөхцөлгүй хүлж баглаад, хасах хэмийн хүйтэнд хэд хонуулбал яах вэ. Энд зөвхөн ажлаа хийж чаддаггүй сайд дарга нар, холбогдох албаныхныг буруутгаад зогсохгүй ачаан дээрээ амьд амьтан аччихаад дуг нойрондоо дугжирч хэвтээ жолооч нарыг ч мартаж болохгүй. Ачиж ирсэн шигээ аваад буцдаггүй юм гэхэд ойр зуур адгуулан хариулах сэтгэлгүй арав гаруй хоносон жолооч нар ч буруутай.
Энэ тухай Бичигт боомтод үүсэн асуудлыг шийдэхээр үүрэг чиглэл авсан ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийхдээ хэлж байв. Сайд П.Сэргэлэн “Шадар сайдын тушаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан. Адуу амьдаар нь гаргахгүйг мэдсээр байж боомтод ачиж аваачсан нь журам зөрчсөн экспортлогчдын буруу” гэсэн юм. Нэг талаас түүний үг ортой ч 20 орчим хоног хил манасан машинууд буцаагүй төдийгүй харин ч 50 гаруй адуу үхсэн хойно ийн дуугарч байгаа нь харамсалтай.
Хуралд оролцогчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байсан бөгөөд Шадар сайдын тушаал, шийдвэр хүчин төгөлдөр байгааг уламжилсан юм. Мөн Олон улсын мал, амьтныг хуурай газраар тээвэрлэх журам хийгээд Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн орны хувьд зүй бусаар тээвэр хийхийг хориглох, цаашлаад үржүүлгийн зориулалтаас бусад тохиолдолд адуу, малыг амьдаар нь гаргахгүй байх тухай танилцуулсан юм. Манай улсын хувьд жилд дунджаар 3000-7000 мянган адууг БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг орон руу экспортолдог бөгөөд тарга тэвээрэг гүйцсэн, амьдын жин өссөн үе буюу 9-12 сарын хооронд эл ажил хийгддэг аж. Сайд П.Сэргэлэн цаашид мал, амьтныг амьдаар нь хил гаргахыг бүрэн хориглох төдийгүй дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдэд нядлах, хадгалах байдлаар экспортолно хэмээж байсан юм.
Ж.Жамуха
Цензургүй.мн
URL: