Хятад, Европын хооронд худалдааны дайн дэгдэх шалтгаан

197215-29112016-1480416127-1709209484-Zgm

Дональд Трампын “Эн тэргүүнд Америк” бодлогын улмаас Хятад улс Европын зах зээлийг хямд бараагаар дүүргэж, Брюссель хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэж Германы аж үйлдвэрийнхэн анхааруулав. Энэ нь АНУ- ын протекционист бодлогын дэлхийд үзүүлж болзошгүй үр дагаварын сэрэмжлүүлэг юм. Германы суурь машин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ульрих Акерманн “Хэрвээ Трамп Хятадын барааны импортын татварыг нэмбэл худалдааны зам Европ руу чиглэх болно. Хятадууд Европын зах зээлд борлуулалтаа төвлөрүүлж эхэлбэл бид хамгаалах арга хэмжээ авах ёстой” хэмээсэн юм.

Одоогийн байдлаар Хятад улсын ЕХ-ны орнуудтай хийж буй худалдааны ашиг нь 180 тэрбум еврод хүрээд байна. Германы улс төр ба бизнесийн удирдагчид АНУ-ын сонгууль, Брекситийн дүнд балмагдсан байдалтай болжээ. Үүний улмаас Өрнөдийнхний дунд чөлөөт худалдаа, нээлттэй бодлогын эсэргүүцэл дэлгэрч, АНУ-ын шинэ засаг захиргаа протекционист алхам хийвэл худалдааны дайн дэгдэх байх гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Дөрвөн ажлын байрны нэг нь гадаад худалдаанаас хамаардаг Германы хувьд ийм байдал сүйрэлд хүргэж болзошгүй. Германы үйлдвэрлэгчид нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гадаадад гаргадаг. Трамп өнгөрсөн долоо хоногт албан тушаалдаа ороод анхны авах арга хэмжээ нь Номхон далайн түншлэлийн гэрээг цуцлах явдал болно гэж мэдэгдсэнийг Берлин түгшин ажиглаж байв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч сурталчилгааныхаа явцад Хятадтай хийдэг худалдааны алдагдал жилд 400 тэрбум ам.долларт хүрснийг хязгаарлахын тулд торгуультай татвар ногдуулна гэж амласан. Гэвч түүний баг бүхнийг хамарсан татвар санаачлахаас түдгэлзээд байгаа. Үүний зэрэгцээ Америк, Европын чөлөөт худалдааны хэлэлцээр нурахад ойрхон байна.

Түүнчлэн чөлөөт худалдааны гэрээнээс татгалзахад хүрвэл АНУ-ын зах зээлд борлуулалт хийдэг Германы компаниудад шууд нөлөөлнө. Өнгөрсөн жил АНУ анх удаа Францыг хойш ухраан Германы хамгийн чухал худалдааны түнш болсон. 2015 онд Германы компаниуд АНУ руу 114 тэрбум еврогийн өртөгтэй экспорт хийжээ. Герман улс Хятадтай адил гадаад худалдаанаас үлэмж ашиг олдог тул Трампын протекционист бодлогын бай болж магадгүй. Өнгөрсөн онд л гэхэд Германы гадаад худалдааны ашиг 247 тэрбум еврод хүрсэн нь өмнөх оныхоос 34 тэрбумаар нэмэгджээ. Энэ жил дахин дээд амжилтыг эвдэж, 249 тэрбум евро болох төлөвтэй байгаа аж.

Өөр нэг түгшээж буй асуудал нь Германы машин үйлдвэрлэгчдийн Америкийн зах зээлд зориулан Мексикт барьсан үйлдвэрүүд өндөр татварын улмаас хаагдаж болзошгүй. Учир нь ноён Трамп Мексик, Канад, Америкийг нэгтгэдэг чөлөөт худалдааны гэрээг эргэн харахыг амлаж байсан билээ. Хоёрхон сарын өмнө Audi Мексикийн Сан Хосе Чиапа хотод машин угсрах үйлдвэрээ нээсэн. Энд дэлхий даяар экспортлох машин үйлдвэрлэдэг ба Пуэбло хотод Volkswagen компаний асар том үйлдвэр бий.

Германы аж үйлдвэрийн холбооны тэргүүн Ульрих Грилло хэлэхдээ ноён Трампын протекционист бодлого Хятад улс дэлхийн худалдааны тэргүүлэх замыг нээнэ гэжээ. Тэрбээр “АНУ-ын худалдааны шинэ бодлого дэлхийн худалдааны төв Ази руу шилжих үйл явцыг улам түргэтгэх нь эргэлзээгүй” хэмээв.

Гай Чазан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих