Цас мөсний эсрэг хүрз, давснаас өөр зэвсэггүй нийслэлтэй улс манайхаас өөр байна уу

1479697476583264444a8bcӨнгөрсөн долоо хоногт нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбай болон нийслэлийн замууд “үнэгүй каток” болж иргэдийг багагүй бухимдуулсан.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орсонгүй. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал огт дээрдээгүй зам нь “каток” хэвээрээ, энд тэндгүй хальтирч унасан хүн, мөргөлдсөн машин, даарч, яарч, ажилдаа хоцорлоо гэж үглэсэн хүмүүс байна.

Уг нь амралтын өдрүүдэд хотын даргын санаачлагаар бүх нийтийн цас цэвэрлэгээ өрнөсөн боловч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, зам талбай цас, мөс, халтиргаа гулгаагүй цэвэрхэн болсонгүй.

Арга ч үгүй биз. Цас ороод удчихсан, хөлдөөд мөстчихсөн зам, талбайг хүрз барьсан иргэд цэвэрхэн болгох нь юу л бол.

Уг нь зам талбайн цас мөсийг унаад дагширчихсан хойно нь биш орж байхад нь зэрэгцээд л цэвэрлэчихдэг бол өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

Гэтэл цас орсны дараа бидний “шар хантаазтанууд” хэмээн онцолдог Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн хэдэн ажилчид замын дагтришиж мөстсөн цасыг цэвэрлэж байгаа харагддаг. Гэхдээ тэдний багаж нь хүрз, жоотуунаас хэтрэхгүй.

Гадны орны буюу хойд хөршийн туршлагаас харахад, Москва хотын захиргаа зам талбайн цасыг орж байхад нь зэрэгцээд л цэвэрлэчихдэг гэнэ.

Тодруулбал, Цас орохтой зэрэгцэн цас цэвэрлэгээнийхэн техник, хэрэгсэлтэйгээ ажилдаа гарч цасыг цэвэрлэхээс гадна, хөлдөхөөс сэргийлсэн бодис цацаж цас орсны дараа Москвагийн гудамжинд цаснаас үүдсэн халтиргаа гулгаа үүсэхээргүй болгож чадсан байдаг аж.

Тэдний цэвэрлэгээний техник нь цас шүүрдэх зориулалтын машинаас эхлээд бага оврын техник, ачааны машин гээд бүхий л төрлийн машин техник байдаг аж.

Гэтэл манайд хүрз, жоотуу, давс, бодисноос өөр цасны мөсний эсрэг тэмцэх зэвсэг байхгүй.

Өнөө үед орсон цасаа хайлуулах гэж байна гээд давс, бодис цацдаг, хогийн шүүр, хүрзнээсээ салаагүй нийслэлтэй улс манайхаас өөр байхгүй биз. Жил бүр цас, мөсийг арилгах нэрийдлээр баахан мөнгө зарлагадан элс, давс цацдаг. Түүнийхээ оронд хэд хэдэн цас цэвэрлэх машин, шаардлагатай багаж хэрэгслийг нь авчихаад авчихаад цас орсон даруйд нь цэвэрлээд байвал нийслэлд халтиргаа гулгаа бага үүсэх нь дамжиггүй.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих