МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГО ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ ӨСГӨХ ТАЛТАЙ

4АТФ банкны ахлах эдийн засагч асан Ханс Холзхакертай ярилцлаа. Тэрбээр мөн Казахстан Улсын Алмати хотын Нархозын Их сургуулийн шинжлэх ухааны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд, Зүүн болон Төв Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаар дагнасан эдийн засагч юм. Улмаар тэдгээр улс орны эрсдэлийн үнэлгээний загвар гаргах чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай.
Ханс Холзхакертай 2009 онд Казахстанд тохиолдсон эдийн засгийн хямрал болон түүнээс гарахын тулд тус улсын хэрэгжүүлсэн бодлогын талаар ярилцлаа.

-Монгол Улсад эдийн засгийн амаргүй үе тохиож байна. 2009 онд Казахстанд ч эдийн засгийн ийм хүндрэл тохиож байсан. Харин энэ хүндрэлээс Казакстан улс хэрхэн гарч байсан бэ?

-Казахстан Улсын эдийн засаг Монголтой ижил. Уул уурхай болон уул уурхайн бус гэсэн эдийн засгийн хоёр салбартай. Гэхдээ Казахстаны уул уурхайн салбарын гол түүхий эд нь газрын тос. Мөн газрын тосны салбар нь харьцангуй биеэ даасан. Тэр утгаараа дотоодын банкуудаас зээл авах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулдаг.

2008 оны Америкийн моргейжийн хямрал болохоос өмнө дэлхий нийтээр хямд зээлийн эх үүсвэр сайн байсан юм. Ингэснээр Казахстаны банкууд ч гаднаас хямд зээл авч байсан. Харин тэр мөнгийг үл хөдлөх хөрөнгийн салбарт ихээр оруулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөөсрүүлсэн байгаа. Гэхдээ энэ салбар хөөсрөх болсон шалтгааны нэг нь хүмүүс өөрөө өөртөө орон сууц авахаас гадна эхлээд авсан хөрөнгөө барьцаанд тавьж дараагийнхыг авч эхэлсэнд байдаг. Ийм байдал 2007 он хүртэл үргэлжилсэн. Харин 2008 онд моргейжийн хямрал эхэлснээр Казахстанд орж ирж байсан мөнгөний хямд эх үүсвэр татарсан. Мөнгөний эх үүсвэр татрахаар үл хөдлөх хөрөнгийн ханш унана. Энэ нь барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэх эхлэлийг тавьж байгаа юм.

-Тэгэхээр банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өссөн байх нь ээ?

-Тийм. Мөнгөний эх үүсвэр татарсан, барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ ч унасан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн хөөс задрах үед зээл гаргасан банкууд хямралд орж эхэлсэн. Үүний хамгийн том жишээ нь Казахстаны BTA банк. Энэ банк зөвхөн Казахстан төдийгүй Оросын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Тухайн үед Казахстаны банкуудын чанаргүй зээлийн 60 орчим хувь BTA-д хамаардаг.

-Харин Казахстан улс хямралаас хэрхэн гарав?

-2009 онд Казахстан Улсын эдийн засаг их хүнд байдалд байсан юм шүү. Монгол Улсын одоогийн нөхцөл байдлаас ч харьцангуй аюултай түвшинд хүрсэн. Тиймээс үүнд Засгийн газар оролцож эхэлсэн. Мөн банкууд гадаад зээл дээрээ дефолт хийсэн байгаа. Энэ нь гадаадаас хямдаар татсан эх үүсвэрүүд дээр хийгдсэн.

-Казахстаны Засгийн газрын авсан арга хэмжээ нь юу байсан юм бол?

- Казахстанд газрын тосны орлогоос олсон мөнгийг хураадаг “Үндэсний баялагийн сан” гэж бий. Тэр сангаасаа мөнгө татаж, зарим хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Юун түрүүнд тус сангийн хувьцаанаас банкууд нь авч эхэлсэн. Түүнээс гадна арилжааны банкууд дээр Засгийн газар хадгаламж байдлаар мөнгө байршуулж эхэлсэн. Харин эцэст нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесүүдээ тэтгэсэн. Энэ бүх хөтөлбөрүүдэд зориулсан Засгийн газрын зардал нь тухайн үедээ Казахстаны ДНБ-ий найм орчим хувьтай тэнцэж байсан юм.

-Харин энэ арга хэмжээ нь Казахстаныг эдийн засгийн хямралаас бүрэн гаргаж чадсан уу?

-Зөвхөн энэ биш. Казахстан улс гурван төрлийн арга хэмжээний үр дүнд эдийн засгийн хямралаас гарсан гэж үздэг. Эхнийх нь мэдээж дээр өгүүлсэн арга хэмжээнүүд. Хоёрдугаарт гадаад зээл дээрээ дахин санхүүжилт хийсэн байгаа. Энэ нь Казахстаны ДНБ-ий арван хувьтай тэнцэж байсан. Мэдээж тухайн үед Казахстаны эдийн засаг тэр чигээрээ банкны салбараас хамаарч байгаагүй. Эцэст нь газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байсан нь хямралаас гарахад ихээхэн нэмэр болсон. Харин үр дүн нь сайн, муу хоёр талтай. Сайн тал нь гэвэл Казахстан улс эдийн засгийн хямралаас гарсан. Тухайн үед иргэд шоконд орж, банкнаас мөнгөө татаагүй.

-Харин муу тал нь юу байсан бол?

-Чанаргүй зээлийн асуудлаа шийдэх гэж ихээхэн хугацаа шаардаж байна. Одоо ч гэсэн чанаргүй зээлийн асуудлаа шийдэж чадаагүй л байгаа. Засгийн газар энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр ч удаа чанаргүй зээлийн санг үүсгэж үзсэн. Улмаар банкуудаас чанаргүй зээлийг нь худалдаж авах гэсэн боловч үнэ дээрээ тохирч чадаагүй. Мөн муу зээлүүдийг худалдаж авах Засгийн газрын шаардлага нь өөрөө их өндөр байсан. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зээлийг Засгийн газар худалдаж авдаггүй байсан юм. Түүнээс гадна банкууд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг түрээслэх ч юм уу, ямар нэгэн байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс тусгай зориулалтын компани үүсгээд, түүндээ муу зээлүүдээ байршуулсан. Улмаар хөрөнгийн сангуудад түүнийгээ заръя гэхээр Засгийн газар “хангалттай мөнгө гаргасан” гэдэг шалтгаанаар худалдаж аваагүй. Ингэснээр чанаргүй зээлийн түвшин банкны балансад бичигдсээр байсан юм.

-Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна?

-Эрсдэлээ тодорхойлох үйл явцаа сайжруулах хэрэгтэй. Мөн банкны системийг тэлэхээс илүү үйл ажиллагааг нь сайжруулах ёстой юм. Хэрэв банкуудын үйл ажиллагаа сайн байгаад, эрсдэлээ зөв тодорхойлж чадвал Монголын банкны салбарын санхүүжилтийн эх үүсвэр харьцангуй хямд байна. Түүнээс гадна Монгол Улс банкны салбарын хүндрэлээс гарах хөтөлбөр хэрэгжүүлье гэвэл Засгийн газар түүнд зориулах мөнгөтэй байх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой юм. Тэгэхгүй бол Казахстаны учирсан шиг хүндрэлтэй тулна. Эцэст нь Засгийн газраас тавих шаардлага нь уян хятан байх нь зөв. Мөн маш хурдан хэрэгжүүлэх ёстой.

Монголын төв банк саяхан бодлогын хүүгээ нэмсэн. Энэ талаар ямар бодолтой байна?

-Монголбанк мөнгөний бодлогоо 4.5 хувиар өсгөсөн нь валютын ханшийг тогтоох зорилготой байсан. Түүнээс биш банкны системд ямар нэгэн нөлөө үзүүлэх зорилго байгаагүй. Ер нь мөнгөний хатуу бодлого сайн нөлөөтэй биш. Зээлийн эргэн төлөлт муудаж, чанаргүй зээлийн хэмжээг өсгөх талтай. Гэхдээ зөвхөн бодлогын хүү өндөр байгаад биш, инфляци бага байгаа нь бодит хүү нь их байхад нөлөөлдөг. Энэ нь бусад бизнесүүддээ ч сөрөг талтай.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих