Түүний сүүлчийн зогсоол ДЭЭД ШҮҮХ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдах процессын таван хуулийг буцаах УИХ-ын тогтоолыг баталснаар зарим хүний сонирхол талаар болж байна. Сөрөг хүчнийхэн хүний эрх, эрх чөлөөг дээдлэх томоохон шинэчлэлээс ухарлаа хэмээн ярьж буй ч дээрх хуулиудыг хэрэгжүүлэх боломжгүй болсноор хамгийн ихээр хохирч үлдсэн нэг хүн бий. Зөвхөн улс төрийн хүрээнд шүү дээ. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.
Ерөнхий сайд, УИХ-ын даргаас Ерөнхийлөгч болтлоо өгсөж, улс төрийн карьераа тулгаж явсан энэ эрхэмд өнөөдөр МАХН хэмээх нам нь л үлдээд байна. Төрийн тэргүүний сэнтийгээс буунгуутаа төрөлх намынхаа удирдлагуудтай зөрчилдөж, МАХН-ыг “шинээр” байгуулсан ч авлига, албан тушаалын хэргээр 2012 оны УИХ-ын, удаахь жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжсөн МАХН-ын даргад улс төрийн хаалгыг дахин нээх хамгийн боломжит хувилбар нь хоёр сар гаруйн өмнө болж өнгөрсөн сонгууль байв.
Гэвч ялтайд тооцох хугацаа хэмээх хуулийн зүйчлэл түүнд боломж олгоогүй. Үүнээс өмнө АН, “Шударга ёс” эвсэл гэсэн УИХ, Засгийн газар дахь механик нэгдлээр дамжуулан Өршөөлийн хуулийг батлуулж, сонгогдох эрхээ олж авах гэж хичээсэн ч Ерөнхийлөгчийн хоригт “мад” тавиулсан нь ердөө л жилийн өмнө.
Ийнхүү гурван ч томоохон сонгуулийг өнжсөн түүнд даагаа нэхэх, хариугаа авах магадгүй сүүлчийн тулаанаа хийх “дэвжээ” нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх байлаа шүү дээ. Гэвч Засгийн газраас өргөн барьсан төслийн дагуу Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдах процессын таван хуулийг буцаах тогтоолыг УИХ баталж, алх цохьчихлоо.
Уг нь өмнөх парламентын үед дээрх хуулиудад редакц хийж ёсчилсон, түүнд нь Ерөнхийлөгч хориг тавиагүй бол өнөөдрөөс хэрэгжүүлэх байсан Эрүүгийн шинэ хуулийн дагуу ялтайд тооцох хугацаа гэсэн зүйлчлэлийг халж, МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн албанд ажиллах хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авах байлаа. Харин редакц хийж ёсчлоогүй, дээрээс нь бэлтгэл ажлыг хангаагүй гэсэн үндэслэлээр буцсан процессын таван хуулийн хамт МАХН-ын даргын найдлага бүдгэрч эхэллээ.
Үүнтэй холбогдуулж МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян “Манай намынхан хоёр, гурван удаа хуралдаад “Үнэхээр ганцхан хүний эсрэг ингэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох шаардлагагүй. Яагаад гэвэл, үүний цаана маш олон хүний эрхийн асуудал бий. Ганцхан хүнээс болж тэр хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байж болно” гэж шийдсэн юм. Гүйцэтгэх товчооныхоо хурлаар ч энэ тухай хэлэлцсэн. Би Н.Энхбаяр даргаас өөрийнх нь байр суурийг сонссон. Сонгуульд орохгүй гэсэн. Миний хувьд Н.Энхбаяр дарга нэгэнт нэр дэвшихгүй гэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуупьд орох хэрэггүй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэр, тогтоол гаргахад бэлэн байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Эндээс харахад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялтайд тооцох хуулийн зүйлчлэл нь дуусгавар болох “үнэн”-тэйгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдийнэ эвлэрсэн бололтой.
Гэхдээ УИХ-ын хоёр, Ерөнхийлөгчийн хоёр нийт дөрвөн томоохон сонгуулийг ээлж дараалан өнжих нь Н.Энхбаярын хэмжээний улстөрчид мэдээж хохиролтой. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сонгогдох эрхээ олж авах гэж бүхий л гарцыг эрэлхийлж болох. МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамьян ч энэ тухай тодорхой дурдсан байна лээ. Тэрбээр, “Хууль эрх зүйг мэддэг, ойлгодог хүмүүст Н.Энхбаяр дарга угаасаа сонгуульд нэр дэвших эрхтэй. Энэ талаар бид шүүхэд хандсан. Одоо Дээд шүүх дээр явж байгаа. Энэ хуультай, хуульгүй нэр дэвших эрхтэй гэсэн үг. Бид шүүхийн процессыг дуусгана.
Уг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Өршөөлийн хууль, уучлал хоёрт хамрагдсан хүнд ялтай хугацааг тооцдоггүй юм. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ “Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй” гэсэн худлаа тайлбар хийгээд байгаа юм” гэжээ. Тэгэхээр Эрүүгийн шинэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болсонтой зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн МАХН-ын даргын мэдэгдэл өрсөлдөгчдөө тайвшруулах гэсэн урхи төдий зүйл байж болох.
Өөрөөр хэлбэл, Дээд шүүх МАХН-ын даргын ялтайд тооцох хугацаа үйлчилж байгаа эсэхийг хэрхэн тайлбарлахыг чимээгүй харзнаж, дараагийн нүүдлээ хийхээ Н.Энхбаяр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх нэгэн. Магадгүй түүний сонгогдох эрхээ олж авах, найдлага тавих хамгийн сүүлчийн зогсоол нь Дээд шүүх болсон байж ч мэдэх. Хэрвээ Дээд шүүхээс МАХН-ын гишүүдийн яриад байгаа шиг Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусгавар болсон гэдгийг хууль зүйн гаргалгаатай нь гаргаж тавьбал улс төр хөдөлгөөнд орж, МАХН-ын ганц дайчин О.Баасанхүү жинхэнэ утгаараа“үнэ”-д орно. АН-ынхан л хүний эрх, эрх чөлөө гэж хүчтэй шүүмжилж, акц өрнүүлээд байгаа болохоос тэднийг эрх барьж байх үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдах процессын таван хуульд редакц хийж ёсчлоод, бэлттэл ажлыг нь хангачих хангалттай хугацаа байсан уу гэвэл байсан. Юу үнэн гэвэл энэ үнэн.
Гагцхүү сонгуулийн “ялалт”-даа бүрэн итгэчихсэн магадгүй УИХ-д 30-аас дээш суудал авахаар тооцож байсан АН-д ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль хоёр дахь чухал асуудал байсан учраас Н.Энхбаярын замыг засахаа түр азнасан байж мэдэх юм. Ялтайд тооцох хугацаа гэсэн “гав дөнгөлөө”-нд орчихоод байгаа болохоос Монголын улс төрд Н.Энхбаярын нөлөө оршсоор буй. Тэр АН, МАН-ын хувьд хүчтэй тоглогч хэвээр байгаа гэсэн үг.
Харин завсарлага авахаас өөрөөр УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж чадахааргүй сөрөг хүчин эгнээнд шилжсэн АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд замаа засах нэг акц нь Эрүүгийн хууль дээр дөрөөлж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх, МАН-ын саналыг хуваах байсан ч ийн бүтэлгүйтэв. Эсрэгээрээ АН-ын болгоомжлолын үр дүнгээр дутуу орхисон асуудап МАН-д хүрд эргүүлэх боломжийг олголоо. “Баяраа өөрөө л уначихсан юм билээ” гэдэг шиг эрх барьж байх үедээ хуулиа ёсчлоогүй нь АН-ын өөрсдийнх нь буруу, одоо тэд хэчнээн хашгираад ч нэмэргүй болов уу. Харин ирэх жилийн сонгуульд АН, МАН-ынхан хоорондоо өрсөлдөх үү эсвэл Н.Энхбаяргай өрсөлдөх үү гэдэг нь Дээд шүүхийн шийдвэрээс бүрэн хамаарах нь.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙШУУДАН/
URL: