Ангела Меркель Монголд ирлээ
ХБНГУ-ын Канцлеруудын түүхэнд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй хатагтай Ангела Меркель өчигдөр орой манай улсад хөл тавилаа.
Түүний хөлөглөсөн онцгой үүргийн онгоц оройны 22.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар айлчилж буй хатагтай А.Меркелийн айлчлал албан ёсоор өнөөдөр эхэлнэ. Оройдоо буцах шахуу хуваарьтай ирсэн ч тэрбээр Ерөнхий сайд С.Батболдтой хоёр талын уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхах аж. Айлчлалын үеэр хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм. Мөн А.Меркель УИХ-ын чуулганд үг хэлнэ.
Түүнийг өнөөдөр 11.55 цагаас 12.15 цаг хүртэл 20 минут үг хэлэхэд нь зориулж УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар УИХ-ын дарга захирамж гаргаад байгаа. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд өмнө нь Монголд төрийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, НҮБ-ын дарга асан К.Аннан, ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путин, БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт зэрэг дэлхийн том улстөрчид үг хэлж байсан ажээ.
URL: