Нийслэл шүүхгүй болсон уу
Шүүхийн шинэчлэл нэрийн дор 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Ийнхүү хоёроос гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүхтэй байхаар заасан нь шүүхийн шинэчлэл гэхээсээ илүүтэй жинхэнэ бантан болсон нь нууц биш. Жирийн иргэд ч хэргээ шийдүүлэх гэж хөрөнгө мөнгөнөөс гадна зардал чирэгдэл ихтэй байгаад бухимдаж байсан юм. Тэгээд ч хэд аймаг болоод дүүргийн дунд ганцхан шүүхтэй байх нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна хэмээн үзсэн юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн нэгдүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн дээр дурдсан заалтууд хүчингүй болж байна гэсэн үг. Ингэснээр 13 аймагт нэмж давж заалдах шатны хэргийг хянан шийдвэрлэх 52 шүүгч, Орхон болон Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт ерөнхий, иргэний, эрүүгийн нийтдээ гурван шүүгчтэй ажиллах ажээ. Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулах юм. Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулж буй давж заалдах шатны 99 шүүх нийт 114 болж, шүүхийн тоо 15-аар нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Товчхондоо бол эрх баригчид шүүхээр тоглосны балгаар дахиад орвонгоор нь эргүүлэх шийдвэр гарч байна. Орон нутагт шүүх болоод шүүгчийн тоо нэмэгдэж таарах нь. Улсын хэмжээнд шүүгчдийн орон тоог 693 байхаар заасан УИХ-ын тогтоолын төсөл бий. Энэ хуульд өөрчлөлт орсноор шүүгчдийн орон тоог нэмэгдүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ийнхүү өнгөрсөн хугацаанд давж заалдах шатны шүүхийг иргэдээс холдуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг зөрчиж байсан нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр бараг л баталгаажиж байна гэсэн үг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Шүүх байгуулах тухай хуулийг өөрчлөхдөө нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхийг дагнасан хэлбэрт оруулж, заримыг нийлүүлж, зарим дүүргийг нь шүүхгүй болгожээ. Тодруулбал, Багахангай дүүрэг хүн амын тоо бага, гэмт хэргийн гаралт харьцангуй багатай гэдэг үндэслэлээр шүүхтэй байх шаардлагатай гэдэг шийдвэр гаргажээ. Үүнийхээ албаныхан Багахангайд шүүх байгуулахад дэд бүтэц муутай, шүүгч, захиргааны ажилтнуудын зардалд их хэмжээний мөнгө зарцуулах учраас байхгүй байсан нь дээр хэмээн тайлбарлаж буй. Түүнчлэн дүүргийн шүүхийг эрүү, иргэнээр нь дагнан байршуулахдаа Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийг эрүүгийн шүүхтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхтэй, Баянгол, Чингэлтэй, Багахангайд шүүхгүй байх хачирхалтай шийдвэр гаргажээ. Ийнхүү хуваарилснаар бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт архаг гэмт хэрэгтнүүд аж төрдөг болж таарах нь. Яагаад эрүү, иргэний хэргийн шүүхийг ийнхүү алаг цоог байгуулсныг гайхах хүн цөөнгүй байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. “Нанжилдаангүй найр” гэж байдаггүй гэдэгтэй адилхан нэр дэвшигчдийн дунд сонгуулийн маргаан үүсэхгүй байна гэж үгүй. Энэ тохиолдолд нэр дэвшигчид хаана хандах вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна. Сонгууль болохын өмнөхөн ийнхүү нийслэлийн шүүхийг орвонгоор нь өөрчилж байгаа нь хэргээ шударгаар шийдүүлэх боломжийг улам багасгаж байна. Шүүхийн шинэчлэл гэх сүржин нэрээр хуульд нийцээгүй шийдвэр гаргахад МАН-ын луухар хуульчид эсэргүүцэж байсан. Шүүхээр оролдох нь “сайны ёр биш” хэмээн сөрөг хүчний гишүүд нэг бус удаа сануулж байлаа. Нэг хэсэг хэд хэдэн аймгийн дунд давж заалдах шүүх байгуулж, иргэдийг бухимдуулсан бол одоо нийслэлийн шүүхүүдийг бужигнуулж эхэлжээ. Дээр нь Ерөнхийлөгч шүүгчдийг томилсон тогтоолыг Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлээгүй аж. Төрийн мэдээлэл дээр энэ шийдвэрийг баталгаажуулаагүй учраас шүүгчдэд нь ч хэрэг шүүн таслах эрх нээгдээгүй гэсэн үг.
URL: