Цагдаагийн алба хаагчдад их хэмжээний ЛААЗАЛСАН МАХ тараажээ

3454“Энэ ямар учиртай вэ, цагдаа нар юунд бэлдээд байна…”  гэх асуулт тавьж, мэдээлэл бэлтгэж өгөхийг хүссэн нэгэн иргэн манай сайтад хандсан юм. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн энэ сарын 04-ний өдөр баталсан “Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст олгох лаазалсан мах(консерв)-ны тоо хэмжээ, хуваарь” гэсэн албан тоотыг зургаар бидэнд илгээсэн байв.

Уг албан тоотод Цагдаагийн ерөнхий газраас авахуулаад Сум дундын цагдаагийн хэлтэс хүртэлх цагдаагийн байгууллагын бүх нэгжид нэг ширхэг нь 5170 төгрөгийн үнэтэй лаазалсан махыг тодорхой тоо ширхэгээр хуваарилахыг үүрэгдсэн байсан юм. Улмаар лаазалсан махны нийт үнэ 217.527.750 төгрөг байхаар баталж, Санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, ЦЕГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Алтансүх, Санхүү хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Түвшинтөгс нар тус бүр гарын үсэг зуржээ.

Дээрх шийдвэрийн дагуу ЦЕГ-ын Санхүү хангамжийн газраас төв, орон нутгийн цагдаагийн хэлтсийн дарга нарт мөн л албан тоот явуулсан байна. Түүнд “Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан хуваарийн дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн албаны бэлэн байдлыг хангах зорилгоор лаазалсан мах (консерв) олгохоор шийдвэрлэж байгаа тул хуваарьт заасан хугацаанд татан авах ажлыг зохион байгуулж, зарцуулалтад хяналт тавьж ажиллана уу” гэжээ.

Б.БААТАРХҮҮ: ДОТООДЫН ЦЭРЭГ ТАТАН БУУГДАХАД ҮЛДСЭН МАХЫГ ТАРААСАН

Энэ их лаазалсан мах цагдаагийн алба хаагчдад ямар хэрэг болов гэдэг нь манай сайтад хандсан иргэний асуусан гол асуудал байв. Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Цагдаагийн албаны бэлэн байдлыг хангах зорилгоор цагдаагийн бүх алба, хэлтсүүдэд лаазалсан мах тараасан байна. Яг ямар учиртай, юунд бэлтгэж ингэж мах тараах болов?

-Дотоодын цэрэг гэж байгаад 2014 онд татан буугдсан шүү дээ. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Дотоодын цэргүүд байхад хүнсний нөөц гэж байсан. Тухайн үед татан буугдахад нь хүнсний нөөц болох лаазалсан мах үлдсэн юм байна. Энэхүү нөөцөлсөн махыг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ зун сонгууль, АСЕМ, наадам гэх мэт цагдаагийн байгууллагын алба хаагчид бүгдээрээ шахам дайчлагдан ажилладаг томоохон үйл явдлууд болох гэж байгаатай холбогдуулан уг лаазалсан махыг цагдаагийн алба хаагчдын хэрэгцээнд зарцуулахаар болсон. Цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарахдаа доод тал нь өдрийн зургаан цагаар зогсдог. Энэ нь албаны бэлэн байдлын үед алба хаагчдын хоол хүнсэнд зарцуулахаар л тараасан зүйл. Түүнээс биш олон сая төгрөг зарцуулж, худалдаж аваад тараасан зүйл байхгүй.

-Үнэгүй тараасан юм бол яагаад нэг бүрийнх нь үнийг бичээд, нэгдсэн дүнг нь бодож гарган баталсан юм бэ?

-Тухайн үед Дотоодын цэрэг ашиглаж байх үед авсан үнэ нь байх. Ер нь нийт хичнээн төгрөгийн лаазалсан мах тараасныг баримтжуулж авсан хэрэг байх л даа. Хугацаа нь ирэх 2017 онд дуусах юм билээ. Тиймээс наана нь албаны хэрэгцээнд зарцуулах гэж байгаа нь энэ. Цагдаагийн алба хаагчид олон цагаар хамгаалалтад зогсохоороо цай хоол идэх завгүй, өл дарах зүйлгүй болчихдог. Хээрийн сургуулилтад гарсан үед ч лаазалсан мах маш их хэрэг болдог. Цагдаагийн алба хаагчдад улсаас хоолны мөнгө гэж өгдөггүй шүү дээ.

 

 

 

 

 

Эх сурвалж: medee.mn


URL:

Нэр: IRGEN Огноо: 20 July 2016

KHUGATSAA NI DUUSSAN YUM BAIKH DAA

Сэтгэгдэл бичих