“Бохир улс төр” цуврал 1: Ичих булчирхайгүй С.Баярцогт!
УИХ-ын Дэд дарга, төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар, тэрдундаа Хятад улсын харьяат байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь зүгээр нэг хацраа илүүлээд өнгөрөх хэмжээнд яригдах асуудал биш байсан гэдэг дээр чигч шударга талдаа хүмүүс бол санал нэгдэх болов уу. Ерөөс Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал уг нь бол жижиг юм биш гэдэг нь үнэн л дээ. Яаж ч бодсон үүн дээр Монгол төрийн ёсзүй, ёс суртахууны асуудал босч ирэх учиртай байсан. С.Баярцогтын нэр ус бүхий баримтуудыг харахад улайм цайм бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байдаг. Гэвч өөрөө хэлэхдээ тийм юм болсныг огт мэдээгүй гэх бөгөөд, банк л буруутай гэх ухаааны юм ярьж байсан. Хүн гэдэг амьтан цагаа тулахаар бас л аймаар байгаа юм шүү. Нэг их бултаж дийлээд байхааргүй баримтуудаас өөрийгөө тэгж аваад гарч байна гэдэг бол өнөөдрийн Монголын улс төр ямар бохир заваан байгаагийн л бодит бэлэн жишээ илэрхийлэл юм даа!
Тэрнээс биш УИХ С.Баярцогтын асуудлыг нухацтай түвшинд авч үзэх ёстой байсан. Ялангуяа Хөрөнгө орлогын мэдүүлэг гээч юмыг АТГ-аас авч дуусч байгаа энэ цаг үед тодотгоод хэлэхэд С.Баярцогтын асуудал илэрсэн тэр үед төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудлыг УИХ шийдэх ёстой байсан. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх эсэх тухай асуудлыг шийдэх ёстой байсан ч, тэгээгүй. Ямартаа л С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн гэдгийг хэлэх хүмүүс байсан билээ. Ер нь С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа гэдгийг хэлэх эрхэм ч байсан даа.
Яахав тэгээд С.Баярцогтын но-г дэлгэхэд Рио Тинтогийн оролцоо байсан энэ тэр гэдэг ч бид гадныханд энүүхэндээ талархахад гэмгүй. Төрийн нэр барьсан луйварчид хэчнээн олон байгаагийн нэг жишээ нь С.Баярцогт юм. Тухайн үед “Мэйжор Бритиш файнэншиал индастри”, “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтын мэдээлэл цохиж явсан билээ.
Эргэн сануулахад, түүнийг 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно. Тэр өөрөө ч Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ хэлсэн. Тэгэхдээ “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байв. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байв. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой байсан. Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн байсныг бид нүдээрээ харж танилцсан. Ер нь бол түүнийг зөвхөн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэн, хамгаалж авч гарсан процесс Монголчуудын нүдний өмнө л өрнөсөн шүү дээ. Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг түүнийг элбэрэлт намынх нь нэр бүхий нөхдүүд аваад л гарсан.
Ер нь бол улстөрчийн төлөвшлийг олсон ичиж, зовох булчирхайтай хүн байсан бол С.Баярцогт шиг төрийн ордонд инээд алдаад алхаж явж чадахгүй л болов уу. Гэвч С.Баярцогт бол тусдаа хүн юм билээ. Тэр дансаа нууж болно. Хэчнээн ч ам.долларыг оруулж, гаргаж болно. Нууц компани байгуулж болно. АТГ-ыг хулхидаж болно. Хулхидсан нь ил байсаар байтал наранд эрх чөлөөтэй алхаж болно. Ер нь түүнд болохгүй юм гэж алга. Түүнд унаж уруудах боломжийг лав энэ засаг төрийн үед олгохгүй нь бололтой. Хэрэв тэр өөр улстөрийн хүчний, тэрдундаа сөрөг хүчний гишүүн байсан бол яах байсан бол. АН-ын биш МАН-ын гишүүн С.Баярцогтын Швейцарийн банкин дахь нууц данс илэрлээ, 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрч байжээ гэх мэдээлэл гарсан бол хууль сахиулагчид яасан хурдан шүүрч авч, араас нь салбарын сайдаасаа өгсүүлээд мэдээлэл хийж, бардамнах байсан бол гэх асуултыг тавимаар л байгаа юм. Уг нь Монгол Улсын хууль дүрэм бизнесийн эрх ашгаас дээр тавигдах ёстой. Тэрчлэн төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь, нууц дансаа илчлээгүй нь хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгож байсан. Гэсэн ч С.Баярцогт компанийнхаа нэрийг бичихээ зүгээр л мартсан байсан гэдэг. Тэгээд өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавихдаа өөртэй нь ёсзүйн хариуцлага тооцоод л салахыг санал болгож гуйсан үйлдэл болсон. Түүний хүсэлтийг ч З.Энхболдын толгойлсон энэ цагийн парламент ёсоор болгосноор, С.Баярцогт гэж хүн хөгжил хөөртэйгөөр энэ жилийн сонгуулиар дахин гарч ирэх бэлтгэлээ базаан суугаа нь лавтай!
Б.Тамир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene bauartsogt uhehdee uher buugaa tabih bailgui dee.