Н.Энхбаярын АТГ-аас жийрхэж буй шалтгаан

c00d58572198eabe00021dff1b69523aМАХН-ын дарга Н.Энхбаяр хууль хүчний байгууллагад харшилтай болсон гэхэд хэлсдэхгүй.  Магадгүй түүний эл харшил АТГ-т очиж мэдүүлэг, тайлбар өгөх үед сэдэрчихгээд байдгийг үгүйсгэхгүй.

Хуулийн байгууллагаас жийрхсэн түүний үйлдлийг “жигшсэн” АТГ-ынхан Төрийн ордонд хүртэл нэвтэрч шаардлага хүргүүлээд амжсан. Гэвч намын нөхөд нь эл асуудлыг улс төржүүлж, АТГ-ын байцаагчдыг хууль бусаар Төрийн ордонд нэвтэрсэн хэмээн үзэж гомдол, санал гаргаад байгааг сануулах нь илүүц биз.

Юутай ч энэ бүх процессийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадагшаа явах эрхээ хасуулсан байх магадлалтай хэмээн хардагдаад байсан Н.Энхбаяр БНСУ-ыг зорьлоо. Сонирхолтой нь түүнийг БНСУ-ыг зорихын өмнө АТГ-ын байцаагчид ордонд нэвтэрч, мөн түүнийг хилээр гарахыг хориглоогүй гэдгийг албан ёсоор зарласан явдал тохиов. Өөрөөр хэлбэл, АТГ-ын шаардлага, мэдэгдлийн дараа Н.Энхбаяр БНСУ-ыг зорьсон нь хардах дуртай олон нийтийн сонирхлыг улам өдөөв.

Нөгөөтэйгүүр олон нийт хардах нь ч аргагүй болоод байна. Учир нь АТГ Н.Энхбаярыг байцаалт өгөхийг нэг, хоёрхон удаа биш бүр зургаан удаа дуудсан гэдгээ тайлбарлаад байгаа. Гэтэл тэрбээр ямар учир шалтгаантайгаар мэдүүлэг өгөхгүй зайлхийгээд яваад байгаа юм бол? Мөн гэнэт яагаад гадагшаа гарав гээд таамаг төдий асуултууд үлдэх шив.

Юутай ч Н.Энхбаяр БНСУ-аас энэ долоо хоногийн сүүлээр эргэж ирнэ гэх мэдээлэл байгаа. Харин тэрбээр БНСУ-ыг зорихынхоо өмнө Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаж хүсэлт гаргачихаад “нисчихжээ”.

Түүний хүсэлтэд АТГ-ыг ГЭТГ буюу “Ганцхан Энхбаяртай тэмцэх газар” гэж нэрлэсэн нь олон хүний сонирхлыг төрүүлж байгаа бололтой.

Мөн өргөдөлдөө “АТГ нь сүүлийн жилүүдэд алхам тутамдаа хууль зөрчиж, улс төрийн захиалгаар миний бие, манай гэр бүл болон надтай хамтран зүтгэгчдийг дарамтлах үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Энэ балмад ажиллагаа нь сонгууль ойртох тусам улам идэвхжэх байдалтай болж байгаа нь АТГ буюу  ГЭТГ “Ганцхан Энхбаяртай тэмцэх газар”-аас явуулж байгаа хууль бус улайрсан үйл ажиллагаанаас харагдаж байна” гэжээ.

Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярт өмгөөлөгч олдохгүй болсоноо уг хүсэлтээрээ дамжуулан уламжлав. Тодруулбал, “АТГ-ын хууль бус үйл ажиллагаа нь өмгөөлөгчдийг болгоомжлон, айлгах байдлыг бий болгож, өмгөөлөгчид надтай хамтран ажиллахаас татгалзаж байна” гэдгийг онцолжээ.

Энэ бүхнээс харахад тэрбээр АТГ-тай харьцахдаа өмгөөлөгчтэй хамт байхыг илүүд үзэж байгаа бололтой. Тиймээс ч өмгөөлөгчдийн холбоонд хандаж эр зориг, ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг гуйжээ.

Энэ талаар олон нийт сошиалд янз бүрийн сэтгэгдэл үлдээж байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Өмгөөлөгч олдохгүй болтлоо дарамттай байна гэдэг Монголын эмгэнэл шүү, инээдэм биш” хэмээн твиттерт байр сууриа илэрхийлжээ.

Д.Ундрах

 

 


URL:

Сэтгэгдэл бичих