Америкчууд Обамагийн шинэчлэлийг эсэргүүцэж байна
АНУ-ын 26 муж улсын эрх баригчид болон Хараат бус бизнесийн Үндэсний холбооноос /National Federation of Independent Business–NFIB/ тус улсын Дээд шүүхэд хандан Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарт явуулж буй шинэчлэлийг зогсоох хүсэлт гаргажээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт хүргүүлсэн уг хүсэлтэд зөвхөн нөхцөл байдал нь маргаантай байгаа салбарт хийж буй хэсэгчилсэн шинэчлэлийг бус харин тухайн шинэчлэлийг бүхэлд нь цуцлахыг шаардсан байна. Түүнээс гадна, уг асуудлыг ирэх оны сонгуулиас өмнө шийдэж өгөхийг хүсчээ.
Дээрх хүсэлтийг Флорида, Алабама, Аляска, Аризона, Колорадо, Жоржи, Айдахо, Индиана, Айова, Канзас, Луизиана, Мэн, Мичиган, Миссисипи, Небраска, Невада, Хойд Дакота, Өмнөд Дакота, Огайо, Пенсильвани, Өмнөд Каролин, Техас, Юта, Вашингтон, Висконсин болон Вайоминг муж улс дэмжсэн байна.
Мөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн Засгийн газар Жоржи муж улсын Атланта хотын Холбооны улсын давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байна. Шүүх “Эрүүл мэндийн тухай” хуулийн үндсэн заалт болох эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй АНУ-ын иргэдэд торгууль ногдуулна гэснийг хуульд харшилсан болохыг тогтоосон шийдвэр гаргажээ. Тухайн журам 2014 оноос хүчин төгөлдөр болох аж.
Эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл нь Барак Обамагийн өмнөө тавьсан гол зорилтуудын нэг юм. Ерөнхийлөгчийг гарын үсэг зурсны дараа уг хуулийн төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард Конгрессын танхим баталсан билээ.
АНУ-ын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстойг хуульчилсан энэ шинэчлэл нь улс төрийн хүрээнд төдийгүй ард иргэдийн дунд санал зөрөлдөөн үүсэхэд хүргэсэн юм. Олон нийт тухайн шинэчлэлийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан бол муж улсуудын шүүхүүд хуулийн дээрх өөрчлөлтүүдийг хууль бус болохыг баталсан шийдвэрийг удаа дараа гаргасаар байна.
Д.Жаргал
URL: