1108 тэмээ уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Монголчууд бид өмнө нь эр бяр, ид хаваа гайхуулсан 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий бийлгээгээ, “Монгол морь-3000” уралдаанд 4279 морьд уралдаж, 10000 морьтон жагсаж Гиннест бичүүлээд байсан дээд амжилтыг нэмж 1108 тэмээ уралдуулж геннисийн номонд бичүүллээ.

Өмнөговь аймаг хоёр бөх тэмээгээрээ Монгол Улсад төдийгүй дэлхийд тэргүүлдэг аймаг. Тэгвэл энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн сонорыг мялаасан сайхан үйл явдал Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо тохиож “Монгол тэмээ 999” арга хэмжээний хүрээнд 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон геннисийн номонд бүртгүүллээ. Монгол тэмээ 999 арга хэмжээнд Монгол Улсын 11 аймаг 30 сумын 2000 гаруй тэмээчин 1600 гаруй тэмээтэйгээ оролцлоо. Мөн гадаад дотоодын гурван мянга гаруй жуулчид иргэд үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн нь Өмнөговь аймгийн хувьд түүхэндээ хамгийн олон оролцогч үзэгчтэй арга хэмжээ болсон юм. Түүхэн арга хэмжээнд мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-н гишүүн Д. Бат-Эрдэнэ Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа төрийн түшээ эрхмүүд оролцсон юм.

Ийнхүү Өмнийнцэнхэр говийн дэнжнээ газар газрын хурдан  1115 тэмээ уралдсанаас Өмнөговь аймгийнхан эхний таван байрыг эзэлжээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б.Баяржаргалын улаан зүсмийн тэмээ түрүүлж, алтан медаль 7 сая төгрөгөөр шагнууллаа. Харин Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б. Түмэнбаярын хонгор зүсмийн тэмээ аман хүзүүдэж мөнгөн медаль 6 сая төгрөгөөр, Цогт-Овоо сумын тэмээчин С.Эрдэнэначины хүрэн зүсмийн тэмээ гурвалж хүрэл медаль 5 сая төгрөгөөр,  Цогт-Овоо сумын тэмээчин Д. Адарсайханы ногоон зүсмийн тэмээ дөрөвт орж хүрэл медаль 4 сая төгрөгөөр мялаалгасан бол Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Т. Дашнамжилийн хөх халзан тэмээ айргийн тавд орж хүрэл медаль 3 сая төгрөгөөр шагнууллаа.

Мөн 1000 тэмээний уралдаанд хурдалсан 6-10-р байрын тэмээчдийг 500,000 мянган төгрөгөөр байлсан бол 11-100-р байрыг тус бүр 200,000 мянган төгрөгөөр 101-300 дугаар байрт шалгарагсдыг 100,000 мянган төгрөгөөр байлж шагнасны зэрэгцээ уралдсан тэмээ бүрийн эздэд “Монгол тэмээ-999″ дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн батламжийг гардуулан өглөө.

Монгол тэмээг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх зорилготой зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр ингэ ботголсон нь хүрэлцэн ирсэн тэмээчин, үзэгч олны мэлмийг баясгасан явдал болсон Монгол түмний тэр дундаа Өмнөговьчуудын тэмээн сүрэг өнө мөнхөд өсөн дэвжихийн бэлгэдэл гэж олон нийт үзэж ихэд бэлгэшээж байлаа.

Дашрамд сонирхуулахад үүнээс өмнө хамгийн дээд тал нь 550 тэмээ Өвөрмонголд уралдаж байжээ.

Өмнөговь аймаг Н. Золбаяр

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих