Намрын нойтон цас мөрөн дээр хаялахуйд…
Намар орой нойтон цас хаялахад хуучин танилтайгаа уулзсан мэт дотнохон сэтгэгдэл төрдөг буюу. Цаг улирлын хувьсал хүмүүн бидэнд тийм л нандин санагданам билээ. Тэргүүн нь бууралтчихсан уулсыг алсаас ажихуйд уярал, ухаарал төрнө. Ерөөс уулс гэдэг аав шиг минь нөмөр нөөлөгтэйг намрын нойтон цаснаар л илүүтэй мэдэрдэг ажээ.
Зуны халуунд бол тал нутагтайгаа, уултайгаа, хүнтэйгээ, адуу малтайгаа бүгд л нозоорчихдог юм байна. Юуг ч ухаардаггүй, ойлгодоггүй, мэдэрдэггүй. Найр наадам гээд мэдрэх сөхөө ч мөхөс байдаг болов уу. Харин урьхан хонгор салхинд сэтгэл нэгэнтээ гэгэлзэж аваад, анхны цаснаар уярал ухаарлыг олдог байна. Ийм л цагаар бид чинь өөрийгөө илүүтэй мэдэрч, ухаарч, танин мэдэх гэж оролдож, орчлон хорвоогийн аяг аашийг тунгаадаг аж.
Тиймдээ л нойтон цас мөрөн дээр хаялахад хуучин танилтайгаа уулзсан мэт санагддаг биз ээ. “Танилаар дүүрэн хорвоо” гэдэг шиг оройн намрын өдөр хоногуудад хүмүүний сэтгэл түр ч гэсэн амсхийх нь бий. Хөдөөгийнхөн хөхүүрийн ам ч цаашлах дөхлөө дөө гэж айргаа сөгнөөд, ууц нуруу руу нь янхийтэл жаварлах тамын өвлийн тухай хуучилцгаана. Хотынхон бол утааны улирал эхлэх нь дээ гэсэн айдас тээн, нимгэн цувтай эрхэмсэгхэн алхана даа.
URL: